mpress.mn сайт багш нарын ажлын ачаалал, сурагчдын хоцрогдлын талаарх ярилцлагыг цуврал болгон нийтэлж байгаа билээ. Өнөөдөр орон нутгийн, тэр дундаа Өвөрхангай аймгийн нэгэн сумын ерөнхий боловсролын сургуулийн багшийн ярилцлагыг хүргэж байна.
Шаардлагатай зарим шалтгааны улмаас бид ярилцлагын эзний сургууль, нэр зэргийг нууцалж байна.
-Өнгөрсөн хавар цахимаар хичээллэхэд танай сурагчдын хувьд хэр үр дүнтэй байсан бэ?
-Үр дүн багатай байсан. Аав ээж нь хажуудаа суулгаж байгаад хийлгэхгүй л бол хүүхдүүд хичээл хийдэггүй. Өөрсдөө хийхээр зөв буруугаа ч мэдэхгүй хальт үзсэн болоод л орхичихдог. Ер нь танхимаар ордог шиг үр дүнд хүрээгүй.
-Танай анги хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх 33 сурагчтай.
-Онлайн хичээлийн хамрагдалт хэр байсан бэ?
-Тал хувь нь гэж бодохоор 15-18 орчим хүүхэд л хичээлдээ суусан. Зарим хүүхдийн эцэг эх ажилтай байдаг учраас хүүхдүүд нь хичээлдээ хамрагдаж чадахгүй байх тохиолдол гарсан.
-Онлайнаар ороход хүндрэлтэй зүйл юу байсан бэ?
-Цаашид онлайнаар орно гэвэл үнэхээр худлаа. Хичээл орж байхад цаанаас нь сатааруулах, дуу чимээ ихтэй байх зэрэг хүндрэлүүд гардаг. Сурагчдаа заавал микрафоноо хаагаарай, одоо нээгээд хариулаарай гэхээр бэрхшээлтэй байдаг. Тиймээс танхимаар орсон нь хамаагүй амар бас үр дүнтэй.
-Танай ангид эзэмших ёстой мэдлэгээ бүрэн эзэмшсэн хэдэн хүүхэд байгаа вэ?
-Тал хувь нь гэж харж байна. Зарим хүүхдүүд нь хөдөө явчихаар онлайнаар холбогдох боломжгүй байдаг.
-Танай ангийн хувьд хичээлийн хоцрогдол их байгаа юм чинь өмнөх жилийн хичээлийн агуулгаа энэ жил дахиж үзэх үү?
-Тэгнэ. Нэгдүгээр ангийн хичээлийн агуулгаа энэ жил дахиж үзнэ. Шууд хоёрдугаар ангийн хичээл үзэхээр ойлгохгүй учир эхний хэдэн сардаа өмнөх жилийн хөтөлбөрөөрөө орно гэж бодож байна. Зарим сурагч үсгээ ч мэдэхгүй явж байгаа.
Сургуулийн зүгээс ч мөн сурагчдынхаа хоцрогдлыг арилгаж байж дараагийн агуулгаа үз гэж хэлсэн.
-Цаашид цахимаар хичээллэвэл хүүхдүүдэд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Бүх зүйл нь цахимаар учир утас, дэлгэцийн хамааралтай болох сөрөг талтай байна. Хичээл хийх нэрийн дор тоглоом тоглож, янз бүрийн видео үзэх гээд байдаг. Танхимаар хичээллэвэл ядаж л хүүхдүүд хоорондоо харилцаанд орж нээлттэй болж ирдэг. Тэгэхгүй болохоор хүүхэд илүү бүрэг болох магадлалтай.
-Сурагчид маань ТВ хичээл үзэхээс гадна багш нар нь Зүүм /Zoom/-ээр холбогдож хичээлээ заадаг байсан. Тиймээс багш нар маш их ачаалалтай ажиллаж байгаа. Хичээлийн материалаа бэлтгэж оруулах, хүүхдүүдийнхээ даалгаврыг явуулах гэх мэт хүндрэлтэй зүйлүүд их байдаг.
Өмнөх хоёр ярилцлага болох Дугаар сургуулийн багш, Дугаар сургуулийн багш2 цувралыг хавсаргав.