П.Анузаяа: Эмэнд тэсвэртэй сүрьеэг 9 сарын хугацаанд БҮРЭН ЭМЧЛЭХ боломжтой болсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Анузаяа: Эмэнд тэсвэртэй сүрьеэг 9 сарын хугацаанд БҮРЭН ЭМЧЛЭХ боломжтой болсон

Сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, эмчилгээний ололт, амжилт, тулгамдаж буй асуудлын талаар ДЭМБ-ын Халдварт өвчин болон дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяатай ярилцлаа.

-Манайл Улсад сүрьеэгийн тархалт өндөр байгаа шалтгаан юу вэ. Өндөр хөгжилтэй орнуудад сүрьеэгийн тархалт ямар байдаг вэ?

-ДЭМБ-аас гаргасан 2021 оны нэгдсэн тайлангаар Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй 30 орны тоонд багтсан. Үүнд нөлөөлж буй маш олон хүчин зүйл бий. Ялангуяа хувь хүний амьдралын хэв маяг, дадал, нийгмийн амжиргааны түвшин, эдийн засгийн дарамт зэрэг нь ихээхэн нөлөө үзүүлдэг. Нөгөөтээгүүр сүрьеэ өвчин нь зөвхөн эрүүл мэндийн салбар, эрүүл мэндийн тогтолцооноос хамааралтай зүйл биш. Сүрьеэгийн үндсэн тусламж үйлчилгээг зүй зохистой хүргэж, үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч бусад салбарын хамтын оролцоо маш чухал. Ялангуяа төр засгаас энэхүү өвчний эмчилгээ оношилгооны санхүүжилтийг тогтвортойгоор нэмэгдүүлэх шаардлагатай үүснэ байна.

Түүнчлэн олон улсын донор байгууллага, ДОХ, сүрьеэтэй тэмцэх глобал сангийн төслийн санхүүжилтийг зүй зохистой зарцуулж, хүрэх ёстой тусламж, үйлчилгээнд нь хүргэж үр дүнд гаргах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна.

-Эмийн чанар, хүртээмжийн хувьд ямар байна вэ?
-1994 оноос хойш Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Сүрьеэгийн тусламж үйлчилгээний хамгийн чухал зүйл бол хүртээмжтэй, найдвартай, чанартай, аюулгүй эмийн хангамж. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас эмэнд мэдрэг сүрьеэ болон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмүүдийг дэлхийн эмийн ханган нийлүүлэх байгууллагаас нийлүүлж байна.

-Сүүлийн үед сүрьеэ өвчний эмчилгээний ямар шинэ аргууд нэвтэрч байна вэ?
-Эмэнд тэсвэртэй сүрьеэ болон эмэнд мэдрэг сүрьеэг тусгайлсан эмчилгээний горимоор эмчилдэг. Мэдрэг сүрьеэгийн эмчилгээ дунджаар зургаан сар үргэлжилдэг. Харин эмэнд тэсвэртэй сүрьеэг өмнө нь дунджаар 12-24 сар эмчилдэг байсан. Тэгвэл уг сүрьеэгийн эмчилгээний хугацааг 9-12 сарын хугацаанд бүрэн эмчлэх боломжтой болоод байна.

Мөн зөвхөн эмчилгээний хугацааг богиносгохоос гадна хувь хүнд хор хөнөөл бага эмчилгээний арга руу шилжих зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байгаа. Өөрөөр хэлбэл тарилга биш аль болох эмийн аргаар эдгээх чиглэлд анхаарч байна.

-Сүрьеэгийн өвчлөл улирлын чанартай байх магадлал бий юу. Хэрэв тийм бол хаврын улиралд өвчлөл, халдварын тархалт ямар байх вэ?

-Сүрьеэд нөлөөлөх маш олон хүчин зүйл бий. 2015-2016 онд хийсэн судалгааны дүгнэлтээр газар зүйн байршил нөлөөлж байна гэсэн үр дүн гарсан. Сүрьеэгийн өвчлөл төв болон зүүн бүсийн аймгуудад өндөр байна. Үүний шалтгаан нь хүн амын шилжилт хөдөлгөөн, суурин бүсэд амьдрах хүн амын тоо нэмэгдэж буйтай холбоотой. Нөгөө талаар сүрьеэгийн тандалт судалгааны албаны мэргэжилтнүүдийн мэдээлснээр улиралтай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, өвлийн улиралд монголчууд хаалттай битүү орчинд илүү их байдаг. Энэ нь сүрьеэгийн өвчлөлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл байж болно. Гэхдээ энэ бол таамаг. Нөгөөтээгүүр хаврын улиралд бас энэ өвчлөл нэмэгддэг байж болзошгүй. Учир нь сүрьеэ өвчин дархлал суларсан үед тодорхой хүчин зүйлийн нөлөөгөөр идэвхтэй хэлбэрт шилжих магадлал байдаг. Түүнчлэн зөвхөн дархлаа сулрахаас гадна хавсарсан өвчин зэргээс хамаарч сүрьеэгийн идэвхтэй хэлбэрээр өвдөх магадлалтай.

-Сүрьеэтэй амжилттай тэмцэж буй ямар улс орнууд байна вэ?

-Сүрьеэгийн тархалт, өвчлөл бага улсуудад хөгжингүй орнууд багтаж байна. Үүний шалтгаан нь хувь хүний хариуцлага, салбар хоорондын уялдаа холбоо маш сайн байгаатай холбоотой. Зөвхөн эрүүл мэндийн салбараар зогсохгүй бусад салбарын оролцоо, олон нийтийн оролцоо чухал үүрэгтэй байлаг. Хамгийн гол нь хувь хүн өөрөө эрүүл амьдралын хэв маяг, дадал хэвшилтэй байвал үүнээс урьдчилан бүрэн боломжтой.

-Монгол Улсын хувьд эрт илрүүлэх үйл явцад хэрхэн анхаарч байна вэ?
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамгийн гол зорилт бол өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Тиймээс урьдчилан сэргийлэх гэдэг маш чухал. Улс бүр харилцан адилгүй. Манай улсын хувьд өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн эрт илрүүлгийн аян зохион байгуулж буй. Энэ бол маш чухал үйл ажиллагаа. Өвдөж, зовуурь илрэхээс нь өмнө тухайн өвчнийг илрүүлж чадвал оношилгооны дараах эмчилгээний зардалтай харьцуулшгүй. Тухайн иргэн, улсын эдийн засагт асар их хэмнэлтийг авчирна.

МУИС дэргэдээ Багш оюутны хөгжлийн төвтэй боллоо
МУИС дэргэдээ Багш оюутны хөгжлийн төвтэй боллоо
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.