Япон улс цөмийн цахилгаан станцуудаа 60-аас дээш жил ашиглах шийдвэр гаргалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улс цөмийн цахилгаан станцуудаа 60-аас дээш жил ашиглах шийдвэр гаргалаа

Japan formally adopts policy of using nuclear reactors beyond 60 yrs

Японд одоогоор мөрдөгдөж байгаа зохицуулалт ёсоор цөмийн цахилгаан станцыг 60-аас дээш жил ашиглахыг хориглодог байсан бол өнгөрсөн баасан гарагт хуралдсан засгийн газрын хуралдаанаар энэ бодлогоосоо татгалзаж, хүлэмжийн хийг бууруулах болон үндэсний эрчим хүчний найдвартай байдлыг хангах үүднээс цөмийн цахилгаан станцуудын ашиглалтын хугацааг уртасгах, шинэ модулиуд ашиглалтад оруулах, хуучирсныг нь шинэчлэх байдлаар ашиглалтыг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргажээ.

Эрх баригчдын энэхүү “ногоон шилжилтийн бодлого” нь цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулах замаар түлхүү ашиглах зорилготой бөгөөд 2011 онд тохиосон Фүкүшимагийн цөмийн станцын ослоос хойш хийж буй бодлогын томоохон өөрчлөлтөд тооцогдож байна. Энэ асуудлаарх анхны хэлэлцүүлэг өнгөрсөн оны 12 дугаар сард кабинетийн түвшинд яригдаж, урьдчилсан байдлаар санал нэгдээд байсан юм.

Эцсийн шийдвэрийг тус улсын парламент гаргах бөгөөд шаардлагатай хуулийн төслүүдийг баасан гарагт засгийн газраас парламентад өргөн барьсан гэжээ.

Мөн Японы засгийн газар ирэх 10 жилийн хугацаанд хүлэмжийн хийг багасгах төслүүдээ санхүүжүүлэхээр засгийн газрын ногоон шилжилтийн бонд гаргаж 152 сая ам.доллар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 913 сая ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөж байгаа юм байна.

Japan's return to nuclear power faces test as new leader Kishida visits  Fukushima | South China Morning Post

Энэхүү шинэчлэлийн хүрээнд одоо ашиглагдаж буй цөмийн цахилгаан станцуудын ашиглагдсан хугацаанаас үзлэг шалгалт хийсэн болон түр унтраасан бүх хугацааг хасч, ашиглалтын хугацааг шинээр тооцоолох гаргалгаа яригджээ. Мөн ашиглалтын хугацаа дуусч байгаа зарим станцуудын бүрэлдэхүүн хэсгүүдийг орчин үеийн дэвшилтэт техникээр орлуулж шинэчлэхийг ч зөвшөөрөх бололтой. Шинэ үеийн цөмийн реакторуудыг эрчим хүчний системд нэвтрүүлэх ажлыг харин 2030 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.

Цөмийн станцуудын ашиглалтын хугацааг сунгах шийдвэр гарснаар цөмийн цахилгаан станцуудын өндөр цацраг идэвхит хаягдлыг булшлах, устгах ажлыг засгийн газар хариуцахаар болж байна. Цөмийн эрчим хүчийг ашиглахтай холбогдон гардаг олны анхаарал татсан чухал асуудал нь үеийн үед цөмийн хорт хаягдал байсаар ирсэн билээ. Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ясутоши Нишимура засгийн газрын хуралдааны дараах хэвлэлийн бага хурал дээр цөмийн хаягдлыг булшлах газрыг сонгох, өргөтгөх асуудлаар анхан шатны судалгаа хийж буй мужуудын тоог нэмэгдүүлэх гэж байгаа гэж мэдэгдсэн юм.

Энэхүү судалгааны ажлыг дэмжин оролцсон мужийн засаг захиргааг улсаас дэмжинэ гэж зарласан бөгөөд судалгаа нь эрдэмтэн судлаачдын цуглуулсан өгөгдөл, судалгаа шинжилгээний бичиг баримтуудаас гадна орон нутгийн иргэдтэй хийх ярилцлага зэргээс бүрдэх юм. Одоогоор Японы хамгийн хойд хэсгийн Хоккайдо арлын хоёр муж судалгаанд хамрагдаад байгаа ажээ.

Fukushima Daiichi Nuclear Power Plant - Wikipedia

2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт болон түүнээс үүдсэн цунами Фүкүшимагийн цөмийн цахилгаан станц доголдож, осол гарахад хүргэсэн нь олон нийтийн дунд цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын талаар томоохон эргэлзээ үүсгэсэн. Тиймээс өнгөрсөн хугацаанд засгийн газраас цөмийн реактор шинээр нэмж барих буюу хуучнаа шинэчлэх ямар нэг алхам хийхгүй гэж амалж ирсэн юм.

Гэвч өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ хөрш Украйн руу зэвсэглэн халдсанаар дэлхийн зах зээл дэх эрчим хүчний үнэ өсөхөд хүргэж, дотооддоо байгалийн нөөц баялаг багатай, гаднаас эрчим хүчний түүхий эд импортолдог Япон улсын хувьд нийлүүлэлтийн тогтвортой байдал алдагдахад хүрсэн нь ийнхүү цөмийн эрчим хүчийг өргөнөөр ашиглахаас өөр аргагүй байдалд хүргэжээ.

Дээрх шалтгааны улмаас өнгөрсөн зун Японы ерөнхий сайд Кишида цөмийн цахилгаан станцуудаа илүү үр ашигтайгаар, бүтээмжтэйгээр ашиглах чиглэлээр судалгаа хийх үүргийг холбогдох яам агентлагуудад өгөөд байсан юм.

Эх сурвалж: kyodonews

Тяньжин хоттой боловсрол, худалдаа, бизнесийн салбарт хамтран ажиллана
Тяньжин хоттой боловсрол, худалдаа, бизнесийн салбарт хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.