Д.Сүнжид: ХЭҮК-оос хаалттай хориход буй ялтнуудын ажиллах цагийг багасгах санал гаргасан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сүнжид: ХЭҮК-оос хаалттай хориход буй ялтнуудын ажиллах цагийг багасгах санал гаргасан

Мэдээлийн mpress.mn сайт өнгөрөгч онд НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн тайланг нэг болон хоёрдугаар хэсэг болгон нийтэлсэн билээ.

Хүний эрхийн Үндэсний комиссоос Монгол Улс дахь хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэжээ. Судалгааны үр дүнгийн талаар ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.

-Судалгааны үр дүнгээс танилцуулахгүй юу?
-Хамгийн сүүлд 2016 онд ХЭҮК-оос хоригдлуудын хөдөлмөрлөх нөхцөл байдал ямар байгаа талаар дүн шинжилгээ хийж, нэлээд ноцтой гэсэн дүгнэлт гаргаж байсан. Үүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн эсэхэд дахин судалгаа хийлээ.

2016 онтой харьцуулахад хоригдлуудын хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчин сайжирсан байгаа нь судалгааны үр дүнгээс харагдлаа. Тухайлбал, 2016 онд хуулиараа ял эдэлж буй хүмүүсийг албадан хөдөлмөр эрхлүүлж болдог байсан. Гэхдээ энэ нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцтой нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг тухайн үед гаргаж байсан юм. Үүнээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулж, ХЭҮК-ын зөвлөмжийг авч хэлэлцсэн байна. Ингэснээр ялтны хөдөлмөрийн хөлс, түүнээс доош хийх суутгал, ялтныг аж ахуй нэгжид гэрээгээр ажиллуулах зэрэг асуудалд нэлээд ахиц гарсан гэж хэлж болохоор байна.

-Одоогоор хэчнээн хүн ял эдэлж байна вэ. Судалгаанд хэчнээн хүн хамрагдсан бэ?
-2022 оны байдлаар 4 мянга гаруй хоригдол нээлттэй болон хаалттай хорих ангид ял шийтгэл эдэлж байна. Үүний 71 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. ХЭҮК-оос судалгааг үндэсний хэмжээнд хийж, оролцогчдыг түүврийн аргаар сонгосон байгаа. Бид нийт 11 хорих анги дээр очиж 1,259 хоригдлоос судалгаа авсан. Ингэхэд хоригдлуудын ихэнх нь хөдөлмөрийн гэрээ, нэрийн данс, суутгалтай холбоотой асуултад эерэг хариулт өгч байсан нь нөхцөл байдал хамаагүй дээрдсэнийг илтгэж байна.

-Хөдөлмөрлөх орчин нөхцөлийн хувьд хэр сайжирсан гэж үзэж байна вэ?
-Нээлттэй дэглэмтэй хорих ангид буй хоригдлуудын хувьд аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ байгуулан гадуур хөдөлмөр эрхэлж болдог. Ингэхдээ мэдээж төрийн байгууллагаас хяналт тавина.

Харин хаалттай хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын хувьд гадагшаа гарах боломжгүй, зөвхөн байрандаа ажиллах ёстой байдаг. Тиймээс тэднийг ажлын байраар хангана гэдэг төвөгтэй юм байна лээ. Тиймээс эдгээр хүмүүсийг ажлын байраар хангах тухайд бодлогын түвшинд тодорхой арга хэмжээ авах ёстой гэсэн дүгнэлтийг ХЭҮК гаргасан. Хаалттай хорих ангид ажлын байр маш цөөхөн, хэсэгчилсэн жижиг цехүүд л ажиллах боломжтой байдаг юм байна лээ. Тэгэхээр үүнийг олшруулж, илүү олон хоригдлыг ажлын байраар хангахад зөвхөн хорих ангийн удирдлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биш салбарын дундын уялдаа холбоо маш чухал байна.

-Цалин хөлсний хувьд ямар байдаг вэ?
-Хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна гэж заасан байдаг. Үүнээс өндөр өгдөг тохиолдол цөөхөн юм байна лээ.

-Ажлын хөлсөө өөрсдөө авдаг уу. Эсвэл хуримтлуулж байгаад суллагдахдаа авдаг уу?
-Хуульд заасны дагуу 70 хувийн суутгал хийнэ. Өөрөөр хэлбэл гэм хорын нөхөн төлбөр буюу хохирлын хэмжээг цалингаас нь суутгадаг гэсэн үг юм. Ингэхдээ 70 хувиас илүү хэтэрч болохгүй. 30 хувь нь заавал өөрт нь үлдэх ёстой байдаг. Үлдсэн мөнгөө тухайн хүн ахуйн хэрэгцээндээ зарцуулж болно. Эсвэл ар гэртээ илгээж болно. Заавал суллагдсаны дараа авах албагүй. Өөрийнхөө хүслээр зарцуулах боломжтой байдаг.

-Хэдийгээр гэмт хэрэг хийж, ял шийтгэл авсан ч хүний эрхийн асуудал хөндөгдөх ёстой байх. Хоригдлуудаас ямар гомдол хамгийн их ирж байна вэ?
-Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн талаарх тухайлан ирсэн гомдол байхгүй. Харин эргэлтийн цаг, хоол ундны чанар, эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой гомдлууд их байна. Мөн хамгийн их ирдэг гомдол нь “Хилсээр хэрэг үүрүүлсэн” гэдэг. Зарим тохиолдолд эрүү шүүлттэй холбоотой мэдээлэл ирдэг.

-Сард ажилласан цагийн хэмжээнээс нь хамаарч ял эдлэх хоногоос нь хасдаг шүү дээ. Энэ асуудал хуулийн дагуу мөрдөгдөж чадаж байна уу?
-Сард 160 цаг ажилласан бол ял эдлэх хоногоос хасагддаг. Энэ нь хоригдлуудын хөдөлмөр эрхлэх нэг сэдэл нь болдог. Судалгаанд оролцсон ялтнуудын 93 хувь нь “Хөдөлмөр эрхлэх дуртай, хөдөлмөр эрхлэх талаар боддог” гэж хариулсан. Энэ үр дүнгээс хууль маш сайн мөрдөгдөж байна гэж ойлгож болохоор байна.

Харин нэг анхаарах зүйл байсан нь заавал 160 цаг гэхгүйгээр үүнийг уян хатан болгох хэрэгтэй болгож, зохицуулах хэрэгтэй байна гэж үзсэн. Хэрэв сард 150, 158 цаг ажилласан бол шагналын хоногоо авч чадахгүйд хүрдэг. Тиймээс үүнийг илүү уян хатан болгох шаардлага байна.

-160 цагтаа цагтаа хүрэхгүй байвал хөдөлмөр эрхлэх нөхцөл боломж бага байна гэж үзэж болох уу. Өдөр бүр ажил хийх боломж хэр байдаг вэ?
-Хаалттай хориход байдаг ялтнуудын хувьд сард 160 цаг ажиллаж шагналын хоногоо авна гэдэг хэцүү. Хоригдол хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байлаа ч ажлын байр байдаггүй. Тэд нэхий элдэх, ноос боловсруулах, юм оёх, чулуу бутлах гэсэн цөөхөн хэдэн ажил л хийдэг. Тиймээс хаалттай дэглэмтэй хорих ангид ажлын байр бий болгох шаардлага маш их байна.

-Энэ байдлыг нь хэрхэн дэмжих вэ. Ажлын цагийг нь багасгах уу эсвэл ажлын байртай болгох тал дээр дэмжлэг үзүүлэх үү?
-Хоёуланг нь бодож үзэх хэрэгтэй. Цагийн тухайд заавал 160 цаг гэхгүйгээр багасгах талаар хуульд тусгах боломж байгаа эсэхийг судлах шаардлага байна. Нөгөө талаар ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй.

-Ял эдлээд гарч ирсэн хүмүүсийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломж хэр байдаг вэ. Нийгмийн зүгээс тодорхой хэмжээнд ялгаварлан гадуурхалтад өртөх асуудал байдаг. Үүнд хэрхэн анхаарах вэ?
-Ялтнууд давтан гэмт хэрэг хийх тохиолдол нэлээд байдаг. Тиймээс “Ялтныг нийгэмшүүлэх хөтөлбөрт” бүх хоригдлыг хамруулах шаардлага нэн тэргүүнд тулгарч байна. Үүгээр дамжуулан нийгэмд дасан зохицох, ердийн амьдралдаа эргэн ороход нь туслах хэрэгтэй. Ингэснээр дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж чадна.

Уг нь энэ төрлийн хөтөлбөр байдаг ч маш цөөхөн хоригдлууд хамрагддаг. Түүнчлэн төдийлөн сайн үр дүнд хүрдэггүй. Тиймээс энэ ажлыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран хийх хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Маргааш өдөртөө -19, шөнөдөө -29 градус байна
Маргааш өдөртөө -19, шөнөдөө -29 градус байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.