/2022.10.19/ НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг аравдугаар сарын 3-14-ний өдрүүдэд манай улсад ажилласан билээ.
Тэд Монгол Улсын Засгийн газрын урилгаар ирж ажилласан байна.
Ажлын хэсгийг хатагтай Элина Штайнерте, ноён Мэттью Гиллет нар төлөөлөв. Ажлын хэсгийнхэн ажиглалтаа дахин нягталж нэгтгээд Женевт ойрын хугацаанд болох хуралдаанаар хэлэлцүүлэх илтгэл болгон боловсруулах юм. Дараа нь тайлан гаргаж, эцэслэн 2023 оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулганд өргөн барина.
ХААНА АЖИЛЛАСАН БЭ?
Ажлын хэсэг нь Улаанбаатар хот болон Төв аймгийн хорих ангиуд, цагдаагийн хэсгүүд, эрүүлжүүлэх байрууд, түр хамгаалах байрууд, түүнэлчэн Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв, согтуурах, сансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх төв, Ахмадын Үндэсний төв болон Гадаадын иргэдийн саатуулах хэсэг зэрэг нийт 21 газарт урьдчилан мэдэгдэж болон гэнэтийн байдлаар ажиллажээ.
Мөн эрх чөлөө нь хасагдсан 65 орчим хүнтэй хөндлөнгийн хүнгүйгээр ганцаарчлан ярилцлага хийх боломжоор хангагдаж, очих үзэхийг хүссэн бүх газраа аливаа хүндрэл саадгүй, зохих журмын дагуу нэвтэрч байжээ. Ийм бололцоог олгосон Засгийн газарт талархлаа илэрхийлсэн байна.
ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ, САЙН ТУРШЛАГА
Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүдийн тоог нэмж, ажиллах боломжоор хангаж байгааг сайшаалаа. Харин ХЭҮК-ын төсөв нэг жилд дөрвөн тэрбум төгрөг байгаа нь үйл ажиллагаа явуулахад хангалттай бус тул энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдэг зөвлөмжийг өгөв.
Монгол Улс Эрүүдийн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг 2015 онд баталж, УРьдчилан сэргийлэх үндэсний механизм бий болгосныг сайшааж байна. Үүний бүрэн эрхийг ХЭҮК-ын тухайлсан ажлыг хариуцсан комиссар хэрэгжүүлж байна. Энэ комиссарын багт 10 хүн ажиллах ёстой ч төсөв хэмнэх үүднээс 5 хүн ажиллуулж байгаад бидний санаа зовж байна.
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДЫН ТУХАЙД
Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуульд бид сайшаалтай хандаж байна. Гэвч зарим заалт ихээхэн санаа зовоож байна. Тухайлбал:
- 5.1.5 заалт нь хүний эрхийг хамгаалагчид бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэхийг шаарддаг. Мөн 8.1-т үүн дээр нэмээд ажил хүндийн нэр хүндийг гутаахаар халдахыг хориглохоор заажээ. Гэтэл хүний эрхийг хамгаалагчдын хууль ёсны ажил нь тухайн цаг үеийнхээ бодлого, үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, шаардлагатай бол эсэргүүцэх явдал байдаг. Тиймээс энэ заалтууд нь хүний эрхийг хамгаалагчдын амыг таглан, улмаар гэмт хэрэгт тооцож ч болзошгүй юм.
- 7-р зүйлд “үндэсний эв нэгдлийг бусниулах... террорист болон экстремист” үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хүн гэх мэт этгээдээс санхүүжүүлэхийг хориглох замаар хүний эрхийг хамгаалагчдын авч болох нөөцийг хязгаарласан. Энэ заалтыг өргөн хүрээнд авч үзвэл хүний эрхийг хамгаалагчдын амин чухал үйл ажиллагааг санхүүжүүлэх эх үүсвэрийг хязгаарлахад ашиглагдаж, улмаар хүний эрхийг хамгаалагчдын чиг үүрэг хэрэгжүүлэх чадварыг үндсээр нь сулруулж болно.
Хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааг нь үндэслэн цагдан хорьж байгаа нь Түгээмэл тунхаглал, хүний эрхийн пактын “Хуулийн өмнө тэгш эрх байх, хуулиар тэгш хамгаалагдах эрх”-ийг зөрчиж байгааг Ажлын хэсэг анхааруулж байна.
ГЭРЧЭЭР ДУУДЧИХААД СЭЖИГТЭН БОЛГОН БАЙЦААХ ЯВДАЛ ГАЗАР АВЧЭЭ
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга нь сэжигтэн цагдан хорих хугацаа 6 цагаас илүүгүй байна, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах дээд хугацаа 48 цаг байна гэж заасан нь сайшаалтай.
Гэвч цагдаа нар анхнаасаа иргэдийг цагдаагийн хэлтэс рүү гэрчээр дуудах нь хэвийн үзэгдэл бөгөөд дуудагдсан хүмүүс үнэн хэрэгтээ чөлөөтэй явах эрхгүй байдаг тухай Ажлын хэсэг олон хүнээс сонслоо. Ийм нөхцөлд цагдаагийн хэлтэст бүтэн өдрийг өнгөрөөж байсан боловч энэ хугацааг зөвшөөрөгдсөн 6 цаг болон 48 цагт албан ёсоор тооцдоггүй байна. Бодит байдал дээр дийлэнх тохиолдолд цагдаагийн албадан саатуулах хугацаа нь 48 цагаас илт давж байсныг Ажлын хэсэг онцолж байна.
Мөн цагдаа хүмүүсийг гэрчээр мэдүүлэг өгнө үү гэж дуудчихаад сэжигтэн болгох тохиолдол газар авчээ. Үүнээс болж сэжигтэн нь өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг чухал хамгаалалтаа ашиглаж чадахгүйд хүрдэг байж болзошгүй.
Энэ бүхнээс Засгийн газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилтийг яаралтай байдлаар шалгаж үзэхийг Ажлын хэсэг хүсч байна.
БААСАН ГАРАГТ ТҮР СААТУУЛАГДСАН ИРГЭНИЙГ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ХУГАЦАА СУНГАН ХОРЬДГИЙГ НЭН ТЭРГҮҮНД ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Монголын нөхцөлд хэрэв сэжигтэн мэдүүлэг өгөх үйл ажиллагаанаас гарах эрхгүй бол тухайн сэжигтэн цагдаагийн хэлтэс дээр ирж, тухайн мөрдөгчийн хяналтанд орсон мөчөөс саатуулагдсанд тооцно.
Гэтэл сэжигтнүүдээс цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөнд мэдүүлэг авч байгаа тухайд сэжигтнүүд ихэвчлэн мэдүүлэг өгсний дараа явах эрхгүй байдаг талаар Ажлын хэсэг мэдээлэл авсан. Эрх чөлөөгөө хасуулсан хугацаа нь цөөн цаг байсан ч үргэлжлэх хугацаанаас үл хамааран, үүнийг саатуулсанд тооцно.
Хүнийг эрүүлжүүлэх байранд 24 цаг, түр хорих байранд 48 цаг хүртэл саатуулж болдог. Ийм тохиолдолд тухайн хүнийг эрүүлжүүлэх байрнаас цагдаагийн хэлтэс рүү шилжүүлэхдээ хугацааг шинээр тооцдог нь хэвийн үзэгдэл болжээ.
Үүнээс гадна, шүүгчид амралтын өдрүүдээр ажилладаггүй учир хэрэв тухайн этгээд баасан гарагт саатуулагдсан бол 48 цагийн хязгаарлалтыг дагаж мөрдөхөд хүндрэл үүсдэг байна. Энэ байдлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай.
Эрүүлжүүлэх байранд долоо хоног хүртэл үргэлжилдэг тодорхой улсын баяр ёслолын үеэр саатуулагдсан этгээдүүдийг 24 цагаас илүү хугацаанд байлгах, мөн ЛГБТИ хүмүүс хэл ам, бие махбодын хүчирхийлэлд өртөх тохиолдол цөөнгүй гардаг тухай Ажлын хэсэг олж мэдсэн ба үүнд санаа зовж байна.
Эрүүлжүүлэх байрууд шийтгэх арга хэрэглэхээс зайлсхийх нь чухал. Мөн эрүүлжүүлэх байруудад хэл ам, бие махбодын хүчирхийлэл үйлдэхийг бүрмөсөн хориглож, буруутай албан хаагчид хариуцлага тооцдог байх шаардлагатай.
БАРИВЧЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 98,3 ХУВЬ НЬ ШҮҮХИЙН
ШИЙДВЭРГҮЙГЭЭР ХИЙГДЖЭЭ
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тохиолдол нэн өндөр хувьтай байгаад Ажлын хэсэг туйлын ихээр санаа зовж байгаагаа тэмдэглэв.
2020 онд баривчлах үйл ажиллагааны 99,3 хувь нь шүүхийн шийдвэргүйгээр хийгдсэн бол 2021 онд энэ үзүүлэлт 98,3 хувьд хүрчээ.
Баривчлах ажиллагааны маш өндөр хувь нь шүүхийн урьдчилсан хяналтгүйгээр явагдаж байгаа нь олон улсын өмнө Монгол Улсын хүлээсэн хүний эрхийн талаарх үүрэг хариуцлагатай огт нийцэхгүй гэж Ажлын хэсэг үзэж байна.
Хэдийгээр 2017 оны ЭХХШТХ-ийн дагуу ийм тохиолдолд 48 цагийн дотор шүүхээс заавал зөвшөөрөл авахыг шаарддаг ч, баривчлах зохих үндэслэл байгаагүй бол тухайн хүний эрх аль хэдийн хохирсон байх болно.
Ялангуяа, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах явдал газар авч байгаад Ажлын хэсэг онцгойлон санаа зовж байна. Эдгээр байгууллагын мөрдөн байцаалтын ажлын онцлогийг харгалзан үзвэл дийлэнх тохиолдолд шүүхээс зөвшөөрөл авахгүй байх нь ТӨСӨӨЛШГҮЙ юм.
Хүнийг зөвшөөрөлгүйгээр баривчлахыг олон улсын хүний эрхийн хуулийн дагуу зөвхөн онцгой нөхцөлд, тухайлбал сэжигтэн илэрсэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд л зөвшөөрдөг боловч цагдан хорих үйл явцын таамаглалын хэм хэмжээ хэзээ ч, хэрхэвч байж болохгүй.
Үүнийг Засгийн газар яаралтай шийдвэрлэх ёстой.
СЭЖИГТНҮҮДИЙГ ДАРАМТАЛЖ ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙНА
Мөн Монгол Улсад мөрдөн шалгалтын, хяналтын прокурорын, шүүхийн зэрэг бүх шатанд яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх явдал чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг Ажлын хэсэг анзаарлаа.
Жилд 12-13 мянган хэрэг шийдвэрлэгдэж байгаагийн 40 орчим хувьд нь яллагдагч хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Бодитой баримтыг тогтоох зорилгоор зохих мөрдөн шалгах ажиллагаа явуулахын оронд ялтнаар хэргийг хүлээлгэх аргыг байнга ашиглаж болохгүй.
Сэжигтнүүдийг хүсэл зоригийг мохоож, дарамт шахалт үзүүлэн, заналхийлэх, айлган сүрдүүлэх замаар хэрэг хүлээлгүүлэх тохиолдол олон гарч байгаад Ажлыг хэсэг санаа зовж байна.
Мөрдөгчид сэжигтнүүдийг тогтмол дарамталж, айлган сүрдүүлж, гэрчээр өгсөн мэдүүлгийг ашиглан хэрэг хүлээлгэх арга хэрэглэдэг тухай өмгөөлөгчид болон хоригдлууд Ажлын хэсэгт мэдээлсэн. Тиймээс олон хүн өмгөөлөгчтэй уулзахаасаа өмнө хэрэг хүлээдэг байна.
Мөрдөгч өмгөөлөгчийг байлцуулахгүйгээр сэжигтнээр хэргийг нь хүлээлгэсэн тохиолдолд шүүх үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах ёсгүй.
Мөрдөгчид, прокурорууд, шүүгчдийн ажлын ачаалал хэт их байгаагаас хэрэг тус бүрийг нарийвчлан авч үзэх боломж хязгаарлагдмал байна. Гэтэл хянан шийдвэрлэсэн хэргийнх нь тоогоор мөрдөн байцаагч, прокурор нарыг өрсөлдүүлж, сар бүрийн эцэст “ялагч” зарлаж, цалингийн болон бусад урамшуулал өгдөг практик тогтжээ.
Энэ нь ажлын чанарыг мэдэгдэхүйц бууруулахаас гадна, иргэдийн эрх чөлөөг дур мэдэн хасах явдалд хүргэж болзошгүй. Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтийг Засгийн газарт танилцуулсны дараа Улсын Ерөнхий прокурорын газар болон Тагнуулын Ерөнхий газраас энэ “уралдуулдаг” үйл ажиллагааг зогсоосон гэв.
Өмгөөлөгч нар хэрэг прокурорт шилжих өдөр л хавтаст хэрэгтэй танилцах зөвшөөрөл авдаг, тэдгээрт хавтаст хэргийн зургийг авах, хуулбарлах боломж олгодоггүйгээс гараар товчлон бичиж авдаг байна. Өмгөөлөгч шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрхзүйн байдлыг хамгаалах эрх нь хязгаарлагдмал, шүүх хурал нь ихэвчлэн богино хугацаанд болдог байна.
20 хүртэлх жилийн ялтай онц хүнд гэмт хэргийг шүүх хурал ч нэг цаг хүрэхгүй хугацаанд болж өнгөрдөг.
Тиймээс Ажлын хэсэг өмгөөллийн эрхийг зохих ёсоор хангуулах, өмгөөлөгч нар үйлчлүүлэгчээ бодитой төлөөлөхөд нь цаг хугацаа, нөөц бололцоо, ялын үндэслэл бүхий материал олж авах боломж бүрдүүлэхийг Засгийн газраас хүсэж байна.
Энэ бүхэн нь талуудын тэгш байдлын зарчмыг ноцтой зөрчсөн, Иргэни й болон улстөрийн эрхийн тухай олон улсын пактад заасан Монгол Улсын хүлээсэн үүрэгт нийцэхгүй байгаагийн жишээ юм.
Хоёрдугаар хэсгийг ЭНД ДАРЖ уншина уу.