2: Амиа хорлох эрсдэлтэй хоригдлуудыг гавладаг болон УЛААН ШУГАМ шийтгэлээ ЯАРАЛТАЙ ЗОГСООНО УУ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2: Амиа хорлох эрсдэлтэй хоригдлуудыг гавладаг болон УЛААН ШУГАМ шийтгэлээ ЯАРАЛТАЙ ЗОГСООНО УУ

/2022.10.20/ НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг аравдугаар сарын 3-14-ний өдрүүдэд манай улсад ажилласан талаар эхний мэдээллийг бид хүргэсэн. “Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах явдал газар авчээ“ гэх эхний мэдээллийг ЭНД ДАРЖ хүлээн авах боломжтой.

Тэд Монгол Улсын Засгийн газрын урилгаар ирж ажилласан байна.

Ажлын хэсгийг хатагтай Элина Штайнерте, ноён Мэттью Гиллет нар төлөөлөв. Ажлын хэсгийнхэн ажиглалтаа дахин нягталж нэгтгээд Женевт ойрын хугацаанд болох хуралдаанаар хэлэлцүүлэх илтгэл болгон боловсруулах юм. Дараа нь тайлан гаргаж, эцэслэн 2023 оны есдүгээр сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулганд өргөн барина.

ХОРИГДЛУУДАД АШИГЛАДАГ УЛААН ШУГАМНЫ ШИЙТГЭЛЭЭ
НЭН ДАРУЙ ХАЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Монгол Улсад ял шийтгүүлсэн хоригдлууд нээлттэй, хаалттай хорих анги, эсвэл улсад ганц байдаг хаалттай гэсэн гурван төрлийн хорих ангид ял эдэлдэг. Ялтнуудыг зөвхөн ял оногдуулсан шүүхийн шийдвэрт үндэслэн хорих анги руу шилжүүлдэг нь сайшаалтай.

Хорих ангийн дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлсэн, өөрийн зан үйл, хувийн байдлаараа эерэг үнэлгээ авсан хоригдлыг урамшуулж байна. Ингэснээр ял эдэлсэн 30 хоног тутам 40 хоногийг ял эдэлсэнд тооцдог “Шагналын хоног” гэж нэрлэгддэг тогтолцоо нь бүр ч сайшаалтай. Улмаар хоригдол нэг жилд 120 хүртэл шагналын хоног хуримтлуулах боломжтой.

Гэсэн хэдий ч шагналын хоногийг дур мэдэн хасах нөхцөл байгааг Ажлын хэсэг ихээхэн санаа зовж байна. Үүнийгээ албан ёсны болгохыг шаардаж байна.

Хоригдлууд маш хатуу дэглэмд захирагддаг байна. Тухайлбал, бүх хорих ангиудад хоригдлууд болон хянагч нарын хоорондын зайг зааглахын тулд ялтны өрөө тус бүрээс нэг метрийн зайтай улаан зураас зурсан байдаг. Хоригдлуудад энэхүү улаан шугам дээр гишгэхийг хориглодог тул тэд үргэлж хана даган алхах ёстой гэсэн үг юм.

Хориглуудад шугам давах тоолонд нь шийтгэл ногдуулахыг байнга сануулдаг, ихэвчлэн хуурамчаар улаан шугам дээр гишгэсэн хэмээн шийтгэх арга болгож ашигладаг талаар олон хоригдол ярьсан. Ажлын хэсгийн гишүүдтэй уулзсаныхаа төлөө шагналын хоногоо хасуулах зэргээс хэлмэгдэхээс болгоомжилж, бидэнтэй уулзахаас татгалзаж байсанд Ажлын хэсэг онцгой санаа зовниж байна. Улаан шугамны шийтгэлийг 7-30 хоног баривчлагдсан хүмүүст ч хэрэглэдэг байна.

Хоригдлуудад улаан шугамыг давж гарахыг хориглодог практикийг нэн даруй халах ёстой. Ажлын хэсэгтэй ярилцсан хоригдлуудаас хэнийг ч хэлмэгдүүлэхгүй байхад хяналт тавихыг Засгийн газарт уриалж байна.

ХОРИГДЛУУДАД ДОЛОО ХОНОГТ 1 Л УДАА МАХАН ХООЛ ӨГЧ БУСАД ҮЕД НЬ
ЦУВДАЙГААР ХООЛЛОДОГ БАЙНА

Мөн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоох механизмын үйл ажиллагаа хаалттай, ил тод бус байгааг өөрчлөхийг сануулъя.

Хорих ангиудад хэрэгжиж буй амиа хорлох явдлыг хянах протокол буюу амиа хорлох эрсдэлтэй хоригдлын гарыг гавлаж байгаа асуудал нь нэн ихээр санаа зовоож байна. Амиа хорлох эрсдэлтэй хоригдлын гарыг гавлаж байлгах хугацаанд дэд хязгаар байхгүй ба хянагчид гарын гавыг 15-20 минутын хугацаатай шалгах үүрэгтэй байна.

Мөн ялтнуудыг хорих ангиудын хооронд шилжүүлэхдээ гав хэрэглэдэг ба тээвэрлэх хугацааг нь бодоод үзвэл бүтэн өдрийг ч зарцуулах нь.

Иймээс ялтнуудыг, насанд хүрээгүй хүүхдүүдийг гавлаж, суудлын бүс зүлгэхгүй тээвэрлэх явцад гэмтэх эрсдэл өндөр байгааг нэн даруй хянаж үзэхийг уриалъя.

Ажлын хэсгийн очиж танилцсан бүх хорих ангид ялтнуудад долоо хоногт нэг удаа л махан хоол өгч, бусад үед нь цувдайгаар хооллодог талаар бидэнд байнга мэдээлж байв. Хоригдлуудад өгч буй хоолны тэжээллэг чанар муу байгаад Ажлын хэсэг санаа зовинож байна.

405 ДУГААР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИ: ЯЛТНУУДТАЙ ШИЙТГЭЛИЙН ЧАНАРТАЙ
ХАРЬЦАЖ БАЙГААД БУХИМДАЖ БАЙНА

Хорих 405-р ангид дараах төрлийн хоригдлууд очиж байна. Үүнд:

  • Бүх насаар хорих ял шийтгүүлсэн
  • Сахилгын зөрчил, хэв журмын зөрчил гаргасны улмаас нэг жилийн хугацаатай ял авсан
  • Бусад хорих ангиас шилжсэн

Энэ хорих ангийн дэглэм онцгой чанга бөгөөд ялтныг ганцаарчилсан тасалгаанд хорьдог. Бүх насаар хорих ял шийтгүүлсэн ялтан энэ дэглэмд хамгийн багадаа 15 жил хоригдох ёстой.

Хэдийгээр олон тооны харуул, төмөр тор, хяналтын камертай ч хоригдлууд гар, хөлний гавгүйгээр хаашаа ч хөдлөх боломжгүй байгаа байдлыг хараад Ажлын хэсгийнхэнд бухимдал төрсөн. Хоригдлууд гэр бүлтэйгээ цахимаар уулзалт хийх өрөө болон номын санд хөлний гавыг шалан дээр бэхэлсэн байхыг олж харсан нь сэтгэл их түгшээлээ.

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооноос Монгол Улсад 2017 онд өгсөн зөвлөмжийг санаж, эдгээр зохицуулалтаа нэн даруй зогсоохыг уриалж байна.

Ерөнхийдөө энэ хорих ангид хоригдож буй ялтнуудад дарамт шахалт үзүүлж, шийтгэлийн чанартай харьцаж байгаад Ажлын хэсэг бухимдаж байна.

ЗАРИМ ҮЙЛДЛИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОЖ БУЙГАА
БОЛИУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Ажлын хэсэг үндэсний хууль тогтоомжийн хэд хэдэн зүйл заалтад хүний эрх чөлөөг дур зоргоороо хязгаарлаж байгаа нь олон улсын эрхзүйн шаардлагад нийцэхгүй байгаа тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан “Хүнийг хүчээр алга болгох” бие даасан гэмт хэргийг оруулж өгснийг сайшааж байна. Гэсэн ч уг гэмт хэргийн тухай ойлголт, тодорхойлолт нь зөвхөн “Хууль бусаар саатуулах” гэсэн утгыг агуулжээ.

Эрүүгийн 19-р зүйлд “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, “Хорлон сүйтгэх гэмт хэрэгт ял шийтгэнэ гэж заасан бол, гүтгэх гэмт хэргийг мөн энэ хуульд оруулжээ. Ажлын хэсэг эдгээр бүх гэмт хэргийг өргөн утгаар нь тайлбарлаж байгаа бөгөөд тухайлбал, хүний эрх хамгаалагчийн хууль ёсны үйлдлийг эсвэл хувь хүмүүсийн хууль ёсны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахад энэ хуулийн заалтуудыг ашиглаж болзошгүй гэж болгоомжилж байна.

Ажлын хэсэг үүнтэй холбогдуулан стратегийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эсэргүүцсэнтэй хоблотой ямар нэгэн заналхийллийн шинжтэй болон эд хөрөнгөд онц ноцтой хохирол учруулаагүй гэмт хэргээр саатуулагдаж байгаа иргэдийн мэдээллийг хүлээн авсан.

Ойлгомжгүй, өргөн утга агуулгатай хуулиуд нь итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, улстөр, олон нийтийн үйл хэрэгт оролцох, ялгаварлан гадуурхахгүй тэгш байдлыг хангах, үндэс угсаа, шашин шүтлэг, хэлний цөөнхөд хамаарах хүмүүсийн эрх чөлөөг дур зоргоороо хязгаарлах зэрэг хүчирхийлэлд өртүүлэх магдаллтай. Тиймээс эдгээр заалтад нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газраас шаардаж байна.

Мөн 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд бүх төрлийн жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлагатай байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилтэд хязгаарлалтын байдлаар ашиглаж болох нь.

Эцэст нь, Монгол Улсад одоогоор хар тамхи мансууруулах бодисыг хувийн хэрэгцээнд ашиглах, хадгалах, хэрэглэхийг гэмт хэрэгт тооцдог. Энэ хандлагаа Засгийн газар эргэн харж хар тамхи, мансууруулах бодистой холбоотой бодлогод зохих мэргэжлийн эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх хандлагыг баримтлахыг зөвлөж байна.

ХҮМҮҮСИЙГ ӨГЛӨӨ ШҮҮХ ХУРАЛТАЙ ГЭЖ ДУУДЧИХААД ХҮЛЭЭЖ
СУУХ ГАЗАР Ч ГАРГАЖ ӨГДӨГГҮЙ

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байхгүйн улмаас зөрчлийн хэрэгт холбогдогч нь эрүүгийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлж байна.

Практикт эрүүгийн шүүх нь эрүүгийн хэргийг түрүүнд нь шийдвэрлэж байгаа учир зөрчилд холбогдогч нь шүүх хурал болох хүртэл дунджаар 4 цаг орчим хүлээх шаардлагатай болж байна.

Хүмүүсийг өглөө шүүх хуралдаантай гэж дуудчихаад, хүлээж суух газар ч гаргаж өгөхгүйгээр үдээс хойш хүртэл шүүх хуралдаан нь болохгүй хүлээлгэх нь хэвийн үзэгдэл болжээ. Гэтэл зөрчлийн хэрэг шүүх хуралдаан нь маш богино буюу 15-20 минут л үргэлжилдэг.

Холбогдогч хууль зүйн туслалцаа авах эрхтэй хэдий ч энэ нь үнэ төлбөргүй биш учир шүүх хуралдаанд ихэвчлэн хууль зүйн туслалцаа авалгүйгээр оролцож байна.

Эцэст нь дурьдахад, баривчлагдсан этгээд эдгээр баривчлах байранд саатуулагдах хугацаандаа өдрийн 3800 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээж байна. Зарим баривчлагдсан этгээд баривчлах байранд засвар үйлчилгээний ажил хийгээд, ажил хийсэн хугацаандаа баривчлах байрны төлбөрөөс чөлөөлөгдөж байна.

Ажлын хэсэг, хүний эрх чөлөөг хасах нь хамгийн эцсийн шатанд авах арга хэмжээ байх ёстой гэдгийг сануулж байна. Мөн баривчлагдсан этгээд нь баривчлах байранд саатуулагдсаныхаа төлөө ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй байх нь зүйтэй.

Өсвөр насныхны дагнасан шүүх байхгүй. Цагдан хорих барйанд саатуулагдсан хүүхдэд боловсрол олгох үйл ажиллагаа явуулахгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатай.

Харин хорих ял эдэлж буй хүүхдүүдийн хувьд нөхцөл байдал өөр бөгөөд Улаанбаатар дахь сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хоригдон, сургалт боловсролын үйл ажиллагаанд хамрагдаж байна. Тухайн тусгай байгууллагад хоригдож багйаа хүүхдүүд сургуулийн дүрэмт хувцас өмсч, сурч боловсрох их хүсэл тэмүүлэлтэй байгаа нь харагдсан.

Ш.Адьшаа: Шүгэл үлээгчдэд мөнгөн урамшуулал олгох тохиолдолд эдийн засгийн боломж хомс байна
Ш.Адьшаа: Шүгэл үлээгчдэд мөнгөн урамшуулал олгох тохиолдолд эдийн засгийн боломж хомс байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.