Харвардын эдийн засаг, түүх, засаглалын багш, профессор Жэймс Робинсоны TedX “Яагаад үндэстнүүд унан доройтдог вэ” лекцээс орчуулан хүргэж байна.
Гэхдээ энэ лекц нь 2014 оны аравдугаар сарын 8-ны өдрийнх гэдгийг та бүхэнд сануулъя. Хэдийгээр ном нь хэвлэгдээд удсан, энэ лекц Youtube хуудаст байршаад олон жил болсон ч агуулгын хувьд яг л одоо бидэнд хэрэгтэй мэт санагдсан тул ийнхүү нийтэлж байгааг болгооно уу.
Жэймс Робинсон хөгжиж буй улс орнуудын эдийн засгийн талаарх судалгааг хийдэг. Тэрээр Латин Америк болон Африкийн улс орнуудаар аялж, зуны амралтаараа Боготагийн их сургуульд багшилдаг байжээ. 2007 онд Жэймс Робинсон Дэрон Акемоглутай хамтран “Ардчилсан болон ардчилсан бус улс орнуудын эдийн засаг” номыг хэвлүүлсэн нь ихээхэн амжилт олсон юм. 2012 онд Вашингтон постын шилдэг 10 номын нэгээр мөн энэ хоёр хүний “Яагаад үндэстнүүд унан доройтдог вэ” ном шалгарч байлаа.
ЯАГААД УЛС ҮНДЭСТНҮҮД УНАН ДОРОЙТДОГ ВЭ
Яагаад зарим улс орнууд ядуу, харин зарим нь хөгжилтэй байна вэ? Энэ асуултад хариулахын тулд Хойд Солонгос болон Өмнөд Солонгос улс орнууд шөнийн цагаар хэрхэн харагддагийг харцгаая.
Өмнөд Солонгос маш их гэрэл гэгээтэй (цахилгаантай) харагдах бол харин Хойд Солонгост ганцхан газар гэрэлтэй байна. Тэр ганц цахилгаантай газар нь Пьёнян дахь тус улсын Ерөнхийлөгчийн ордон байх л даа.
Яагаад Хойд солонгос шөнийн цагаар хав харанхуй байдаг хэд хэдэн шалтгаан бий. Магадгүй тэд лаа барих нь романтик гэж боддог байж болох юм. Эсвэл тэд цахилгаан хангалттай ч харин нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахын тулд ийнхүү харанхуй суудаг ч байж болно. Гэхдээ надад илүү дээр тайлбар байна. Хойд Солонгост Өмнөд Солонгосынх шиг цахилгааныг үйлдвэрлэх технологи, шаардлагатай хөгжил байхгүй болов уу. Энэ нь тухайн улс орны эдийн засгийн чадавхаас шууд хамааралтай.
Тэгэхээр ядуу орнууд баян орноос ялгаатай нь технологийн чадавх нь муу байдаг байх нь. Дахиад өөр баян болон ядуу улс орнуудыг харьцуулцгаая.
Ядуу улс орнуудын боловсролтой иргэдийн тоо баян улс орныхоос хавьгүй цөөн. Эрүүл хүмүүсийн тоо нь ч мөн адил цөөхөн. Тиймээс тэд баян орны иргэдийг бодвол богино насалдаг.
Ядуу улс орнуудын төрийн үйлчилгээ муу, дэд бүтэц нь хөгжөөгүй байдаг. Жишээ нь, дараах зураг бол Конго улсын иргэд улс хоорондын замаараа зорчиж буй байдал.
Элсэнд сууж, машинаа татаж гаргах гэж маш их цаг зарцуулна. Энэ бол хуурай улирал нь, борооны улиралд энэ замаар явах талаар дурсах ч хэрэггүй.
Эндээс ядуу улс орнуудын дэд бүтэц маш муу байдаг болохыг харж болно. Гэхдээ яагаад ядуу улс орнуудын дэд бүтэц, боловсрол, төрийн үйлчилгээ муу байдаг юм бэ? Зарим хүн “Энэ чинь ядуу улс орон учраас л замаа барих мөнгө байхгүй, орчин үеийн технологийн хэрэглэх боломжгүй, цахилгааны хэрэглээ муу байгаа юм шүү дээ” гэж хариулах байх. Гэхдээ би тэгж бодохгүй байна.
Миний судалгаагаар ихэнх ядуу улс орнууд үр ашиггүй зарцуулж байгаа зүйлсээ хэмнэвэл тэдэнд маш их боломж байгаа нь харагддаг. Нэг жишээ хэлье л дээ.
Та бүхэн энэ жентельменийг мэдэх байх, түүнийг Роберт Мугабе гэдэг. Тэр Зимбабве улсын Ерөнхийлөгч (2014 он гэдгийг дахин сануулъя). Мугабе Зимбабвегийн ерөнхийлөгчөөр 34 жилийн турш ажилласан. Зарим нь түүнийг ийм олон жил төр барьсан болохоор сайн улстөрч гэдгээр нь мэдэх байх. Харин та бүхэн түүнийг маш азтай эр гэдгээр нь сайн мэдэхгүй л болов уу. Яагаад гээч, яагаад гэвэл тэр сугалаанд хожсон юм шүү дээ (Сурв: 2000 онд Зимбабвегийн Банкны холбооны зохион байгуулсан нэгэн үйл ажиллагааны нээлт дээр Ерөнхийлөгч Мугабег 100 мянган долларын жакпот хожлоо хэмээн зарласан юм).
Хүмүүс “Тэгээд юу гэж, сайн улстөрч бас сугалаанд хождог азтай эр л байна шд” гэх байх. “Грек ч бас яг л ийм улстөрчидтэй шүү дээ”. Гэхдээ Их Британид ийм улстөрч нэг ч байхгүй шүү.
Тэгэхээр ядуу орнуудад улстөрч баян болохын тулд тэгж их хүч хөдөлмөр гаргаад байх шаардлагагүй юм байна гэх тайлбар гарна. Ядуу болон баян улс орнууд зохион байгуулалтын өөр өөрсдийн өвөрмөц арга хэлбэртэй байх нь. Баян орнуудын хувьд бүх нийтэд боломж олгох, урамшуулах зохион байгуулалт нь ижил тэгш байдаг байх нь. Харин ядуу орнуудын хувьд тийм биш.
Ихэнх ядуу улс орнуудын хувьд иргэддээ ямар нэгэн боломжийг олгодоггүй. Тэдэнд урамшуулал олгох систем нь ч мөн энгийн иргэдээ блоклохоор зохион байгуулагдсан байдаг. Яг энэ иргэдийнхээ боломж бололцоог хаадаг систем нь улс орнуудыг ядууруулдаг байх нь.
Боломж гэдэг дээр та бүхэнд нэгэн жишээ хэлье л дээ. Гэрлийн чийдэнг 1880 онд зохион бүтээсэн Томас Эдисоныг та бүхэн мэднэ. Эдисон чийдэн зохион бүтээлээ, дараа нь тэр яасан бэ? Тэр патент авсан. Энэ патент нь түүний оюуны өмчийг хамгаалж, бусад хүн түүний санааг хуулбарлан түгээхийг зогсоож чадаж байгаа юм. Энэ бол зохион бүтээгчдэд төрөөс өгч буй урамшуулал. Энэ хамгаалалт нь 19-р зууны АНУ-ын зохион бүтээгчдийн хувьд маш том урам зориг, аливааг санаачлан зохион бүтээх өдөөлт болсон юм.
Патентын системийн талаар дахиад нэг жишээ. АНУ-д патентын анхны хууль 1790 онд батлагдсан. Энэ бол АНУ-ын ерөнхийлөгч Томас Жефферсоны боловсруулсан “Мэдлэгийг бүх нийтэд түгээх хуулийн төсөл”-өөс үүдэлтэй. Энэ хамгаалалтын систем бүх хүнд нээлттэй. Чиний хэн байх, хаана байхаас үл хамаараад АНУ-ын Засгийн газар чиний оюуны өмчийг хамгаална гэсэн үг. Энэ бол маш чухал зүйл. Эдийн засагчдын үзэж буйгаар баян орныг ядуу орнуудаас ялгаруулах хамгийн чухал зүйл нь шинийг санаачлагчид, болон технологийн өөрчлөлт, хөгжил дэвшил.
Боломжийг нийгэм даяар ижил тэгш нөхцлийг бий болгодог эдийн засгийн энэ институц туйлын чухал. Энэ системийг би “боломжийн тэгш хуваарилалт” гэж нэрлэж байгаа юм. Хэн ч тэр боломжийг хүртэх эрхтэй байна гэдэг тэгш хуваарилалт гэсэн үг. Чиний баян, ядуу байх, элит элит биш байх, хөдөөний малчин, урлагийн хүн, өндөр боловсролтой хүн, бага боловсролтой хүн байх чинь чухал биш. Шинэлэг санаа, авъяас, ур чадвар, бүтээлч байдал, интерпренёр байх чинь л чухал.
Харин Зимбабве эсвэл Конго, Хойд Солонгосын боломжийн тэгш хуваарилалт, шударга байдлын системийн ажилладаг зарчим нь маш өөр.
Яагаад дөнгөж хил залгаа улсууд мөртлөө Мексик болон АНУ-ын хөгжлийн ялгаа тийм их байна вэ? Үүнийг ярихын тулд дэлхийн хоёр баян хүнийг харьцуулъя л даа. АНУ-ын иргэн Билл Гейтс болон Мексикийн иргэн Карлос Слим. Энэ хоёр хүн хэрхэн “мөнгө хийдэг” вэ гэдэг нь үнэхээр сонирхолтой. Билл Гейтс шинийг санаачлагч бөгөөд компьютер технологийн салбарт ихийг хийсэн. Харин Карлос Слим бол харилцаа холбооны салбарт улсдаа монополь тогтоосон хүн. Эдийн засгийн харилцаа, хөгжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар Карлос Слимийн монопольчлол нь улсынхаа орлогыг 2 хувиар бууруулжээ.
Ингэснээр 2005-2009 онд Мексикийн орлого 130 тэрбум доллараар буурсан байна. Монопольчлол бол бусад хүмүүсийн, байгуулагын боломжийг хааж боогдуулдаг.
Олон хүний тэгш боломжийн төлөө батлагдсан, хэрэгждэг хууль тогтоомж нийгэмд баялгийг бий болгодог. Харин цөөн хүний төлөө хэрэгждэг хууль тогтоомж нийгмийн бусад хэсгийн боломжийг үгүй хийж, нийгэм бүхэлдээ ядуурч, цөөн хүн баяжхад хүргэдэг. Энэ бол баян болон ядуу улс орнуудын үндсэн ялгаа юм.
Патентын системийн тэгээд нууц нь юу юм бэ гэх байх. Үүний ард улстөр байдаг. Буцаад 1790 он руу очицгооё л доо. АНУ бүх хүнд патентын хуулийг ижил тэгш мөрдүүлснээр ямар утга учиртай юм? Жишээ нь, тэр үед Томас Жеффорсон “Чи патент авч болно, харин ч чи болохгүй. Чамд өгнө, чамд өгөхгүй чи их сонин царайтай юм” гэж шийдэж болох байв. Учир нь тухайн үед АНУ-д улстөр маш өндөр нөлөөтэй байлаа. Мөн мужуудад хуулийн систем хүчтэй үйлчилж байсан юм.
Хэрэв тухайн үед Томас Эдисон “Би ерөнхийлөгч болмоор байна аа. Хэрэв чи намайг дэмжвэл би чамд патентыг чинь өгье” гэсэн бол эсвэл “Би чамд патент өгнө чи надад таалагдаж байна, харин чамд өгөхгүй” гэдэг системээр явсан бол өнөөдөр АНУ эдийн засгийн хувьд ингэж хөгжихгүй байлаа.
Харин Карлос Слим яаж монопольчлол тогтоож чадав? 1920 оноос хойш Байгууллын хувьсгалт нам гэх нэг намын ноёрхол тогтсон улс бол Мексик. 1990 оноос хувьчлал бий болох үед Карлос Слим монополь болжээ. Мексик ч гэсэн адилхан л хуультай. Бүр тун дажгүй хуулиудтай. Гэхдээ яагаад хэрэгждэггүй юм бэ? Яагаад гэвэл төр нь хуулиа хэрэгжүүлэх чадавхгүй, сул дорой байгаа юм.
Улстөрөөс хэт хамааралтай бодлого, улстөрийн үйл явц дээр тулгуурласан эдийн засгийн бодлого нь улс орон унан доройтох үндэс болдог. Хэрэв төр нийтийн сайн сайхны төлөө ажиллах биш харин аль нэгэн хувийн хэвшлийн эрх ашигт, хэн нэгэн хүний эрх ашигт үйлчилж эхэлвэл бүх буруутны үндэс болно. Төсвийн бодлого нь гамшиг болж, өрөнд баригдана.
Үүнээс гарах гарц нь юу байж болох вэ? Төсвийн хэмнэлт бол биш шүү. Төсвийн хэмнэлт Германд хэрэгтэй зүйл байж болох юм. Харин нэгэнт буруудсан төр улсад энэ онош, эмчилгээ биш. Гол учир зангилаа нь улстөрд байгаа юм. Бүх нийтэд хүртээмжтэй улстөрийн институцийг бий болгох нь чухал. Клиентелизмээс ангид байх улстөрийг бий болгох хэрэгтэй.
Сурв: Клиентелизм гэдэг нь авлигад суурилсан (авах, өгөх) улстөрчид тэдэнд үйлчлэгсдийн систем юм.