Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /НЭМҮТ/-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.
-Бэлгийн замаар дамжих халдварын нөхцөл байдал ямар байна вэ?
Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдвар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого 2030”-д бэлгийн замаар дамжих халдварыг бууруулна гэсэн зорилт тавьсан байдаг. Мөн ДЭМБ-ын 2030 он хүртэлх зорилтод шинэ халдварыг хумих, халдвараас хамааралтай хүндрэлээс сэргийлэх, бэлгийн замын халдвараас үүдэх нас баралтыг бууруулах, ялгаварлан гадуурхалтыг зогсоох зорилт дэвшүүлсэн байгаа.
Үүний тулд бид салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан ажиллах шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарын тухайд хоорондоо маш сайн уялдаж ажиллаж байгаа.
Гэхдээ манай салбар зөвхөн ирсэн хүнээ эмчлээд, халдвартай мөртлөө шинж тэмдэггүй явж байгаа хүмүүсээ эмчилж чадахгүй алдаад байна. Ирж байгаа хүмүүсийн ихэнх нь яалт ч үгүй эдээ бээр гараад, ирэхээс өөр аргагүй болсон тохиолдолд эмнэлэгт ханддаг.
-Энэ сарын 1-нд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын асуудлаарх үндэсний VIII чуулган болсон шүү дээ. Үүнд НЭМҮТ-өөс ямар асуудал дэвшүүлж, илтгэлээ тавьсан бэ?
-Өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн бэлгийн замаар дамжих халдвар нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Харамсалтай нь жил бүр тархалт нь нэмэгдэж байгаа хандлагатай байна. Үүн дотроо залуучуудын эзлэх хувь хамгийн их байгаа юм. Тиймээс салбар хоорондын уялдаа холбоо маш чухал. Тухайлбал, боловсролын салбар, тэр дундаа оюутан залуучуудыг халдвараас сэргийлэх тал дээр эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй. Оюутнууд бол харьцангуй эрүүл, бэлгийн идэвхтэй амьдралтай хүн амын бүлэг. Тэдний хувьд гэрлээгүй болохоор бэлгийн замын халдвар, хүсээгүй жирэмслэлт гэдэг үг хол сонсогддог. Гэхдээ дээр хэлсэнчлэн үргэлж бэлгийн идэвхтэй амьдралтай байдаг. Тиймээс нэгэндээ үргэлж “За” гэж хэлэхэд бэлэн хүмүүс байдаг. Энэ утгаараа энэ жилийн ДОХ-ын чуулганд НЭМҮТ-өөс боловсролын салбар уг асуудалд хэрхэн хамтран ажиллаж болох вэ гэдэг талаас нь илтгэл тавьж оролцлоо.
Хоёрдугаарт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлж, дадал зуршил болгох нь чухал гэсэн агуулгаар өөрсдийн санаа бодлыг холбогдох хүмүүстэй хуваалцлаа. Тухайлбал, Бэлгийн замаар дамжих халдварын дамжих зам нь маш тодорхой. Үүнээс өөрөөр эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүнээр дамждаг. Гэхдээ ихэвчлэн бэлгийн замаар. Тиймээс бид энэ талаарх мэдлэг мэдээллийг хүүхдүүдэд багаас нь өгч байх хэрэгтэй байгаа юм. Учир нь зөвхөн халдвартай хүнээ барьж аваад эмчлээд байх боломжгүй. Нэг хүний ард таван хүн байдаг гэж үздэг. Тэгэхээр үүнийг ургийн мод гэж авч үзвэл маш олон салаа мөчиртэй байхаар байна. Өөрөөр хэлбэл маш олон халдварт өртөж болзошгүй хүн амын бүлэг гарч ирж болзошгүй юм.
Тиймээс үүнээс сэргийлэх, таслан зогсоох ажилд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн төвийн дарга нар маш чухал үүрэгтэй. Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, Боловсрол соёл, урлагийн газар, Нийгмийн хөгжлийн хэлтсүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй юм. Эдгээр газрыг мэдээлэл, мэргэжил арга зүйгээр хангахгүйгээр бид бэлгийн замаар дамжих халдварыг бууруулна гэж яриад хэрэггүй. Тиймээс энэ хүрээнд асуудал дэвшүүлж ярилцлаа.
-Өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын хэдэн тохиолдол бүртгэгдээд байна бэ?
-Манай улс тархалт өндөртэй орны тоонд багтдаг. 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 341 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс нас баралт 57 бүртгэгдсэн. Дээрх тохиолдлуудаас эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. Тодруулбал, 20 эмэгтэй 31 хүүхэд төрүүлснээс 9 эх давтан төрсөн. Бүгд халдваргүй. Тэгэхээр хамгаалж болдог гэдгийг харуулж байна.
Гэхдээ энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэхгүй бол эрүүл мэндийн салбар ганцаараа хүчрэхгүй. Их байгаа нь илрүүлэлт сайн байна гэж хэлж болно. Гэхдээ халдвар дамжих замыг нь зогсоох нь чухал. Нийт тохиолдлын 99 хувь нь бэлгийн замаар дамжсан байна. Дамжих зам нь тодорхой учир иргэд үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг юм. Тухайлбал, бэлгэвч хэрэглэх, аюулгүй бэлгийн хавьтал, “Үгүй” гэж хэлэх гэх мэт.
-НЭМҮТ-өөс халдварт өвчнийг бууруулах, иргэдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах мөнгө байхгүй. Харин оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд дагалдах байдлаар л хийх жишээтэй байдаг. Төсөв, санхүүгүй хүмүүс ажил хийх боломжгүй шүү дээ. Хийсэн ч бага зардлаар чанартай ажил хийх нь учир дутагдалтай. Тиймээс төр засаг, төсөв санхүү барьдаг хүмүүс үүнийг бодох ёстой болов уу. Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарт ногдох мөнгөн дүнг буруулахад ихэвчлэн нийгмийн эрүүл мэндийн салбарын асуудал орхигддог. Тиймээс ихэнхдээ ДЭМБ, Глобал сан гэх мэт донор байгууллагын дэмжлэгээр ажлуудаа явуулдаг. Нэг ёсондоо эдгээр байгууллага байхгүй бол бид юу ч хийж чадахгүй.
Уг нь сэрэмжлүүлэх үйл ажиллагааг тогтмол хийж байх ёстой. Гэвч тийм байж чадахгүй байна. Жилд нэг удаа буюу зөвхөн арванхоёрдугаар сарын 1-ний өдөр л БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаар ярьсан болоод намддаг. Гэхдээ иргэдээ урьдчилан сэргийлье гэвэл тогтмол мэдээлэл өгснөөр сайн үр дүнд хүрнэ. Толгойд нь суутал мэдээлэл өгөх хэрэгтэй юм.
-Энэ жил бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах тал дээр Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хангалттай төсөв тавигдаж чадсан уу?
-ДОХ-ын эмийн эмчилгээ, оношилгоо дандаа донор байгууллагаас ирдэг. Засгийн газраас мөнгө гаргахгүй байгаа гэсэн үг. Үүнд хэчнээн төгрөг зарцуулдаг гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ маш өндөр мөнгөн дүн яригддаг.
Энэ жил ДОХ-ын өдрийг тэмдэглэж өнгөрүүлэх өдөрт манайд нэг ч төгрөгийн төсөв тавигдаагүй. Бид нар үндсэндээ ХӨСҮТ-д дайгдчихсан яваа. ДЭМБ-аас бидэнд жил бүр 3 сая төгрөг өгдөг байсан. Гэхдээ өнгөрсөн жилээс эхлээд өгөөгүй. Учир нь цар тахлын эмчилгээнд зарцуулчихсан гэж хэлээд байгаа. Ковид чухал уу гэвэл чухал. Гэхдээ үндсэн тусламж үйлчилгээгээ тасалдуулж болохгүй.
-Нийгмийн эрүүл мэндийн салбарт яагаад анхаарах ёстой вэ?
-Өвдсөний дараа маш их мөнгө зарж байснаас өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж хамгаалах чиглэлд бага мөнгө зарцуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн боловсрол олгож, дэмжлэгт орчин бүрдүүлж чадвал бага зардал гаргаж, бага эрсдэл, хохирол туулах юм.
Бэлгийн замаар дамжих халдварыг жижиг агуулгаар авч үзвэл тухайн хүний хариуцлагын асуудал. Харин өргөн хүрээндээ юу ч хийхгүй, ямар ч үйл ажиллагаа зохион байгуулахгүй энэ чигээр нь орхивол 2030 онд төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо асар их болж, ХДХВ, бэлгийн замаар дамжих халдвар цар тахал болно. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлж зохих үйл ажиллагааг хийж байх ёстой. Үүний тулд хамгийн түрүүнд эрүүл мэндийн тогтолцооны анхан шатны тусламж үйлчилгээг чадавхжуулах хэрэгтэй юм. Анхан шатны тусламж үйлчилгээ буюу өрх сумын эрүүл мэндийн төвийг сайжруулж, тоног төхөөрөмжөөр хангах. Мөн хувь хүнд чиглэсэн хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээллийг өгөх, бусад салбаруудтай хамтран ажиллах гэх мэт. Зөвхөн эрүүл мэндийн салбар ганцаараа тэмцэх биш ЕБС, Цэцэрлэг, супермаркет, гудамж, айл гэр гээд бүхий л байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ.
-Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд мөнгө зарцуулах нь ямар давуу талтай вэ?
-Нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд их хэмжээний хөрөнгө санхүү шаардагддаггүй. Маш жижиг, зөв зохион байгуулалтад ороод мэргэжил арга зүйн дэмжлэг аваад хийчихэд л болдог.
Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан нэг доллар 7 доллар болж үржигддэг гэсэн үр ашгийн тооцооллыг ДЭМБ-аас гаргасан байдаг. Тухайлбал, та 500 төгрөгөөр амны хаалт авч зүүх нь амьсгалын замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлж байгаа нэг хэлбэр. Хэрэв та томуу, томуу төст өвчнөөр өвдвөл багадаа 220 мянган төгрөгийг эмчилгээнд зарцуулна. Харин амны хаалт өдөрт 2-3 удаа солиход хамгийн ихдээ 2 мянган төгрөг зарцуулах юм. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ маш чухал юм.
Яг үүнтэй ижилхэн бэлгэвчинд зарцуулсан мөнгө болон бэлгийн замаар дамжих халдварыг эмчлэх зардал хоёр асар ялгаатай. Нэг ширхэг бэлгэвч 5 мянган төгрөг. Харин хамгаалалтгүй бэлгийн хавьталд орж халдвар авсан тохиолдолд эмчилгээнд маш их мөнгө зарцуулна.
Бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Харамсалтай нь бид заавал хүндэрснийх нь дараа арга хэмжээ авдаг.