“Түрээсийн орон сууцны нөхцөл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ХҮНДДЭЖ байна“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Түрээсийн орон сууцны нөхцөл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ХҮНДДЭЖ байна“

"Түгээмэл хөгжил төв" ТББ-аас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны эрх”-ийн чиглэлээр мониторинг хийжээ. Тус мониторингоор хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээнд нийцсэн орон сууцны асуудал, бие даан амьдрах боломжийг бүрдүүлж буй байдал, хот төлөвлөлт, менежментэд гар бие оролцох эрхийг хангаж буй зэрэг асуудлыг хөндсөн байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНТЭЙ 94 МЯНГАН ӨРХ БАЙНА

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 106 мянга гаруй иргэн байдаг. Үүнийг нийт хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй амьдардаг айл өрхийн тоогоор авч үзвэл:

  • Хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнтэй 84,965
  • Хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүнтэй 8,409
  • Хөгжлийн бэрхшээлтэй 3 ба түүнээс олон хүнтэй 663 өрх байгаа юм. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй нийт 94 мянган өрх байна.

Дээрх өрхүүдийн амжиргааны түвшинг хувиар илэрхийлбэл дараах байдалтай байгаа юм. Хүснэгтээс харвал нийт өрхийн ихэнх хувийг дундаж болон дунджаас доогуур өрх эзэлж байна. Харин боломжийн амьдралтай айл өрх хоёрхон хувийг эзэлж байна.

Түүнчлэн эдгээр өрхийн 80.4 хувь нь зөөврийн устай, халуун усгүй, боловсон ариун цэврийн өрөөгүй амьдарч байгааг мониторингийн явцад тогтоожээ.

Харин доорх хүснэгтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдарч буй сууцны төрлийг дэлгэрэнгүй харуулжээ. Хүснэгтээс 10 жилийн хугацаанд тухайн иргэдийн амьдардаг сууц хэрхэн өөрчлөгдсөнгийг харж болохоор байна.

Дээрх хүснэгтээс харвал 2010 онд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй амьдардаг 47,442 өрх гэрт амьдардаг байсан бол 2020 онд 41,384 болж буурчээ. Мөн орон сууцанд амьдардаг өрхийн тоо 12,968 байсан бол 18,060 болж өссөн байна.

Сүүлийн жилүүдэд төрөөс иргэдийг орон сууцжуулах хэд хэдэн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Гэсэн ч хөгжлийн бэрхшээлтэй хүн ипотекийн зээлд хэрхэн хамрагдах, ямар хөнгөлөлт авах нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм. Мөн энэ талаарх тодорхой эрх зүйн заалт ч байдаггүй байна. Нөгөө талаар ипотекийн зээлийн шалгуурууд байдаг хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүн хангаж чадахааргүй нөхцлүүдтэй байдаг байна.

Энэ талаар "Түгээмэл хөгжил төв" ТББ-ын тэргүүн Я.Авирмэд:

-Түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны нөхцөл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүнддэж байна. Зарим хүмүүс орж чадсан ч түрээсээ төлж чадахгүй эргээд гарах асуудал гардаг. Тиймээс энэ асуудалд анхаарах хэрэгцээ шаардлага байна гэсэн юм.

Өнгөрсөн хугацаанд түрээсийн орон сууцад хамрагдсан нийт 1,512 өрхийн 59 нь хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй өрх байна. Өөрөөр хэлбэл нийт орон сууцад орсон өрхийн 7 хувийг л эзэлж байгаа юм.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ОРОН БАЙРНЫ ХЭЛБЭР

Доорх хүснэгтэд хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны хэлбэрийг харуулжээ. Нийт 238 хүнийг хамруулсан түүвэр судалгаагаар 32,9 хувь нь өөрийн гэр оронтой бол бусад нь эцэг эхийндээ, хамаатныхаа айлд гэх мэтээр амьдарч байна.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХЭРЭГЦЭЭНД ТОХИРСОН ОРОН СУУЦ МОНГОЛД "RIVER GARDEN"-ААС ӨӨР БАЙХГҮЙ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд нийцсэн орон сууц Монгол Улсад маш цөөн. Өнөөдөр шинээр баригдаж буй орон сууцнууд дунд ч тэдэнд нийцсэн барилгууд бараг байхгүйтэй ижил. Хэдийгээр ихэнх барилгын гадна налуу зам барьсан байдаг ч ихэнх нь тэргэнцэртэй хүн гарч чадахааргүй хийгдсэн байдаг. Мөн стандартад нийцсэн налуу замтай байлаа ч дотогш ороод шатаар явахаас өөр аргагүй байдаг.

Тиймээс мониторинг хийх явцад хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээнд тохирсон орон сууц "River garden" тансаг зэрэглэлийн сууцаас өөр байгаагүй талаар судалгааны үр дүнг танилцуулах үеэр ярьсан юм.

Иймд төрийн бодлогын баримт бичгүүдийг олон улсын баримт бичгүүдтэй нэг утгатай хэрэгжүүлэх үүднээс орон сууцны бодлого, хэрэгжилтийн асуудлыг шинэчлэх шаардлага байна гэсэн мониторингийн дүгнэлт гарчээ. Үүний тулд урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлого барьж, дүрэм журмыг тодорхой болгох хэрэгтэй юм.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад чиглэсэн ямар ч бодлого байдаггүй гэсэн үр дүн гарчээ. Харин хот төлөвлөлт, менежментэд ямар нэг хэмжээгээр оролцуулдаг гэсэн дүгнэлт гарсан байна. Гэсэн хэдий ч тэдний оролцоог илүү нэмэгдүүлэх шаардлага байгаа хэлж байлаа.

Мах, махан бүтээгдэхүүнийг нэг цонхны бодлогоор экспортлох талаар хэлэлцлээ
Мах, махан бүтээгдэхүүнийг нэг цонхны бодлогоор экспортлох талаар хэлэлцлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.