Боловсролын судлаач, EduCoach төслийг санаачлагч Баатарын Батаатай ярилцлаа.
"PISA-Д НЭГДСЭН НЬ БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙН АЛДААГАА ОЛЖ ХАРАХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА"
-Манай улс энэ оны хавар олон улсын боловсролын үнэлгээний шалгалт болох PISA-д нэгдэн орлоо. Энэ шалгалтад орсноор ямар давуу талууд бий болох вэ?
-PISA шалгалтыг зохион байгуулж буй байгууллага нь Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг юм. Энэ байгууллага нь дэлхийн улс орнуудын хөгжлийг түргэсгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдийн засгийн хөгжил ярихад үндсэн суурь нь боловсрол байдаг. Тиймээс боловсролын хөгжлийг зайлшгүй ярих ёстой болдог. Энэ үүднээс боловсролын чанар улс орнуудад ямар байгааг үнэлэх гэж PISA шалгалтыг зохион байгуулдаг. Шалгалтад есдүгээр ангийн сурагчдыг хамруулдаг. Агуулгын тухайд математик, унших чадвар, байгалийн ухааны нэгдсэн агуулга, глобал чадвар гэсэн дөрвөн төрлөөр шалгалт явагддаг.
Хамгийн гол нь энэ цаг үед ажил олгогч нар боловсролын системээс ямар ур чадвартай хүн бэлтгэсэн байхыг шаардаж байна, энэ ур чадварт нийцсэн мэдлэг, хандлагыг сургалтын үйл ажиллагаагаар өгч чадаж байна уу гэдгийг үнэлж гаргаж ирэх юм.
-Энэхүү шалгалтаас бид юуг хүлээж байна вэ?
-Нэгдүгээрт, бид боловсролын хэрэгцээ шаардлагыг ойлгох үүднээс дэлхий боловсролоос юу хүлээгээд байгааг мэдэх юм. Хоёрдугаарт, бид яг ямар байдлаар сургалтыг явуулж байна, хүлээлтэд хэр нийцэж буйгаа тунгаах боломжтой болно. Гуравдугаарт, дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улс боловсролын чанараараа хаана явж байгаагаа тодорхой болгох юм.
Дэлхийн эдийн засаг өөрөө нэлээд глобал болчихлоо. Өөрөөр хэлбэл, бүгд өрсөлдөөний нэг талбарт байна. Тэгэхээр бид ямар түвшинд байгаагаа мэдэх нь бидний өрсөлдөх чадварын хэмжээг харуулж байгаа хэрэг юм. Мөн боловсролын системийн алдаагаа олох боломжтой. PISA шалгалтын гол онцлог нь энэ юм.
-PISA шалгалтын үнэлгээгээр тэргүүлэгч улс орны тоонд ямар улсууд багтаж байна вэ?
-Шалгалтыг 4 жилд нэг удаа авдаг. Тиймээс шалгалт бүрийн үнэлгээгээр тэргүүлэгч улсууд нь өөр өөр байна. Ерөнхийдөө бидний сайн мэддэг Финлянд, Сингапур, Канад зэрэг улс нэлээд дээгүүрт жагсдаг. Гэхдээ хамгийн сүүлийн шалгалт буюу 2018 оны үзүүлэлтээр Хятад тэргүүлсэн.
-Тэгвэл өнөөдөр Монгол Улсын боловсролын тогтолцоо ямар байна вэ? Судлаач хүний хувьд бид юун дээр алдаад байна гэж та харж байна?
-Юуны түрүүнд бид юуг чухалчилж, сургалтын үйл ажиллагаа, менежментээ хийж явах ёстой вэ гэдгээ ойлгох ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, энэ цаг үеийн шаардлагыг ойлгож байгаа юу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Хэрэв шаардлагаа ойлгож байгаа бол зорилгодоо хүрэхийн тулд одоо хаана байгаагаа мэдэх. Үүний дараагаар ямар арга замаар зорьсон газраа очих вэ гэсэн асуултын хариултыг хайх хэрэгтэй. Ерөнхийдөө энэ гурван зүйлийг учрыг олчихвол болох юм.
Тэгэхээр PISA шалгалтад нэгдэж орсноороо одоо байгаа түвшингээ тодорхойлж, мөн хаашаа зорих ёстойгоо тодорхойлно гэсэн үг юм. Гэхдээ миний бодлоор энэ шалгалт ямар арга замаар явахыг тодорхойлж чадахгүй. Тэгэхээр арга замаа бид өөрсдөө бүтээх ёстой болно.
-Зарим хүмүүс их дээд сургуулийн төлбөрийг хувийн ЕБС-иудын төлбөрөөс бага байна гэж шүүмжилдэг. Эсрэгээрээ их дээд сургуулийн төлбөр өндөр байх ёстой гэдэг хүмүүс ч байдаг. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Боловсрол, хүний хөгжилд аль болох их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байвал өгөөж сайн байх нь ойлгомжтой. Гэхдээ зардлаа бүрдүүлэх чадвар ямар байх билээ гэдгийг бас бодох хэрэгтэй. Улс орны хөгжил, бидний орлогын түвшин ямар байна гэдгээс шалтгаалан тийм хэмжээний зарлага гаргана гэсэн үг юм. Монгол Улс төсвийн нийт орлогынхоо 20 орчим хувийг боловсролд зарцуулдаг. Энэ бол бага тоо биш. Хэрэв боловсролд зарцуулж байгаа зарцуулалт бага байвал бидний орлого бага байна гэсэн үг.
Миний хувьд боловсролд мөнгө зарцуулахдаа үр ашигтай байж чадаж байна уу үгүй юу гэдгийг маш сайн бодох ёстой гэж боддог. Үүний тулд аль болох бага насанд хүүхдийн боловсролд мөнгө зарцуулах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, цэцэрлэг, бага анги, дунд ангид байхад нь илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Яг энэ үед нь хэр үр өгөөжтэй зарцуулалт хийнэ, эргэн төлөгдөх өгөөж нь ч мөн адил асар өндөр байх юм.
Нөгөө талаас бага зардлаар суралцах боломжуудыг нээж гаргаж ирэх ёстой байх. Үүний тулд бид олон улсын туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Гэхдээ бид гадны орны туршлагыг нэвтрүүлэхэд мөнгө төлнө. Авах хэрэгтэй. Гэвч дандаа авах байх нь буруу. Бид өөрсдөө мэдлэг бүтээж, асуудлын учрыг олдог, суралцах чадвар сайн байвал мэдлэгийн сангаа бүтээгээд боловсролын чанараа сайжруулаад явах бололцоотой. Энэ нь бидэнд илүү өгөөжтэй болов уу гэж харж байна.
"БАГА БАЙХААС НЬ ХҮҮХДИЙН ДАДАЛ, ХЭВШИЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ"
-Та хэллээ л дээ. Сургуулийн өмнөх боловсрол, бага дунд ангид нь хүүхдүүдэд маш сайн мөнгө зарцуулах хэрэгтэй гэж. Тэгэхээр бид энэ шатныханд хангалттай хөрөнгө оруулалт хийж чадаж байна гэж харж байна уу?
-Бид боломжоороо зарцуулалт хийж байгаа. Хамгийн гол нь хэрэгжилт нь ямар байна гэдгийг бодох хэрэгтэй. Сургуулийн менежмент, багшийн үйл ажиллагааг дэмжиж буй байдал, сургалтын үйл ажиллагааны процесс зөв байна уу гэдгээс эцсийн үр дүн нь харагдана.
Үүнээс гадна эцэг эхчүүд нь хүүхдийнхээ боловсролыг хэр сайн дэмжиж байгаагаас хамаарах юм. Тухайлбал, гэртээ байхдаа хүүхдийнхээ хичээлд хэр тусалж байна, сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа эсэх, хичээлийг нь таслуулахгүй, багштай нь ярилцаж, хэн хэндээ дэм болж ажиллаж чадаж байна уу гэдгээс шалтгаална.
-Боловсрол гэдэг бол зөвхөн багшаас хамаарахгүй. Эцэг эхчүүдийн үүрэг оролцоо байж байж хүүхдүүд амжилттай сурч чадна гэж хэллээ. Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдүүдээ ямар арга барилаар хүмүүжүүлэх хэрэгтэй вэ?
-Бага байхаас нь хүүхдийн хэвшил, дадалд анхаарах хэрэгтэй юм шиг байгаа юм. Хүүхдийг зөв хэвшилд сургачихвал өөрөө зөв үйлдлүүдэд хөтлөгдөж цаашид амжилттай байх хувь нь нэмэгддэг. Бидний түгээмэл гаргадаг алдаа цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд харагддаг. Хүүхдийг чөлөөтэй, дураараа байг гэдэг. Энэ зөв. Гэхдээ эцэг эхчүүдийн хүмүүжүүлэх, чиглүүлэх, төлөвшүүлэх үйлдэл хаягдчихвал эмх замбараагүй, хариуцлагагүй байдалд хүргэж болзошгүй юм. Хоёр дахь алдаа нь дунд ангиас эхлэлтэй. Энэ ангиас хүүхэд бие хүн гэдгээ мэдрээд өөрөө өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж, ирээдүйнхээ талаар эргэцүүлж байх ёстой. Монголын боловсролын системийн замнал, барууны өндөр хөгжилтэй орнуудын ялгаа үүн дээр анзаарагддаг. Барууны оронд бие даасан, өөрийнхөө талаар эргэцүүлдэг, хариуцлагатай хүнийг төлөвшүүлдэг бол манайд эсрэгээрээ хэн нэгэнд найдсан, маргаашийнхаа талаар боддоггүй иргэдийг бэлтгэдэг. Хамгийн том алдаа үүнд байна. Тиймээс бид одоо шийдэл гарцуудыг олмоор байгаа юм.
-Таны хувьд EduCoach төслийг санаачлан үйл ажиллагаагаа явуулаад нэг жил болж байна гэж сонссон. Төслийнхөө талаар танилцуулахгүй юу?
-Тийм ээ. EduCoach гэж нэрлэсэн шалтгаан нь боловсролд шинэчлэл хэрэгтэй байна гэсэн утгаар өгсөн нэр юм. Үүнд дотроо заах арга зүйн шинэчлэл хийж көүчинг гэдэг ойлголтыг боловсролын системд нэвтрүүлэх зорилготой санаачилсан төсөл. Нөгөө талаас боловсролын салбарынхандаа мэддэг, чаддаг зүйлээрээ туслах зорилготой.
-Шийдлүүдийг бид өөрдөө хайж олох ёстой гэж ярилаа шүү дээ. Үүнд та яг ямар шийдлүүдийг санал болгож байна вэ?
-Сургууль, боловсролын систем маань бүхэлдээ шийдлүүдийг хайж байна. Миний зүгээс тухайн хүнийг бие хүн болж төлөвшихөд хувь хүний хөгжлийн хөтөлбөр байх ёстой гэж үзсэн. Түрүүн хэлсэнчлэн сургуулийн хөтөлбөрөөс гадна нэмэлт хөтөлбөр байдлаар өгөх нь зүйтэй гэж бодож тодорхой оролдлогуудыг хийж байна. Ерөнхийд нь энэ үйл ажиллагааныхаа нэрийг оюуны амин дэм гэж нэрлэсэн.
Энэ хөтөлбөр маань үндсэн гурван том агуулгатай. Эхнийх нь, амжилтын сэтгэлзүй. Би өөрөө тасралтгүй хөгжих ёстой, хөгжил дэвшлийн төлөө хичээдэг байх ёстой гэсэн сэтгэлзүйг суулгах юм. Хоёр дахь нь, 21 зууны чадваруудыг эзэмших. Энэ ур чадваруудыг хэрхэн яаж сайжруулах вэ гэдэг арга зүйг заах юм. Гурав дахь нь, метакогнишн буюу чанад танин мэдэхгүй гэдэг ойлголт. Бид хүрээлэн буй орчин, аливаа зүйлийн талаар маш сайн мэддэг. Харин өөрийгөө танин мэдсэн үү гэвэл үгүй. Ухаантай гээд байгаа хүн төрөлхтөн тархиа ойлгосон, тархиа удирдаж, ажиллуулж чадаж байна уу гэвэл бас асуудалтай. Тиймээс эдгээрийг эргэцүүлэн бодох замаар учрыг нь олох агуулгыг оруулсан.
Гэхдээ үндсэн гурван цөм агуулгатай юм шиг боловч яг хичээлээр нь задалж үзвэл 60 орчим байгаа. Хичээл бүр нь хамгийн багадаа 2-3 цаг. Тэгэхээр урт хугацаанд эдгээр чадваруудыг эзэмшүүлэх хэрэгтэй гэж харж байгаа. Одоогоор дунд ангийнханд зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
"ЗӨВ ЗАМД ЧИГЛҮҮЛЭХ COACH-ТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ"
-Оюуны амин дэм хөтөлбөрийг одоогоор дунд ангийн сурагчдад зориулаад хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгэхээр амьдралын гараагаа тавьж буй оюутан залуусын хувьд хэрхэн яаж хувь хүний хөгжилд анхаарч болох вэ. Таны зүгээс ямар шийдлүүдийг санал болгох вэ?
-Бид боловсролын хөгжлийг ерөнхий ойлгоод байдаг. Боловсрол, хөгжил гэдэг зүйл надаас ангид юм шиг. Энэ бол монголд байдаг нийтлэг хандлагуудын нэг гэж анзаарагддаг. Эсрэгээрээ өндөр хөгжилтэй буюу Европын орны иргэдэд улс орны хөгжил хоёрдогч асуудал. Харин миний хөгжил, миний бодол их чухал гэдэг зүйл нэгдүгээрт тавигддаг. Би хэрхэн яаж амьдрах вэ гэдэг их чухал. Тэгэхээр хувь хүний хөгжил гэдэг нэр томьёо үүнтэй холбогдоно. Би хувь хүнийхээ хувьд сайхан амьдармаар байна. Өндөр бүтээмж, өндөр орлоготой болмоор байна. Бусдад үнэ цэнтэй баймаар байна. Энэ бүхнийг ярихаар бид арай өөрөөр бодож, сэтгэх хэрэгтэй болж байгаа юм. Дээрх хэлсэн дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр үүнд чиглэгдэж байгаа. Гэхдээ энэ нь заавал тухайн ЕБС-ийн сурагчдад зориулагдсан чадварууд биш. Оюутан, насанд хүрэгчид, ажлын байран дээр ажлаа хийж буй ажилтны хувьд ч эзэмших, бодож байх ёстой зүйл.
Тэгэхээр бид одооноос өөртөө зөв асуулт тавьдаг байх хэрэгтэй юм. Тухайлбал, миний хүсэл юу вэ. Миний чадвар юу вэ гэх мэт. Үүний дараагаар одоогийн байгаа түвшнээ тодорхойлж яах вэ гэдгээ эргэцүүлэх ёстой. Хамгийн их бодмоор зүйл нь надад байгаа алдаанууд юу байна, надад байгаа боломжууд байна. Дараагаар нь алдаагаа яаж засах вэ, боломжоо хэрхэн ашиглах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ер нь би өөрөө өөрийнхөө төлөө юу хийх ёстой вэ гэсэн асуултыг тавьдаг, боддог, аргаа мэддэг болчихвол монгол хүн бүр хөгжихөөр байна. Гэтэл одоо байгаа бидний хандлага бол багшдаа, эцэг эх, сургууль, улсдаа найдаад байна. Хүний хөгжил гэдэг бол миний зүйл гэж ханддаг байх хэрэгтэй.
-Таны зүгээс эхлээд өөрийгөө ямар түвшинд байгааг тодорхойлоод мэдчих гэдэг зүйлийг яриад байна шүү дээ. Гэхдээ тэр арга нь юу байх вэ?
-Арга замын тухайд өөрийг тань зөв замд чиглүүлдэг хүн байх хэрэгтэй байгаа юм. Үүнийг бид орчин үеийн нэр томьёогоор көүч, ментор гэж нэрлэдэг. Ментор гэхээр тухайн салбарт амжилттай яваа, нэр хүндэд хүрчихсэн хүнийг хэлээд байна. Ерөнхийдөө заавар, зөвлөгөө өгч чиглүүлэгч юм. Харин көүчинг гэдэг бол тантай ажилладаг, таныг мэдэрч, өөрөөр тань асуудлаа шийдэхэд тусалдаг, хувь хүний хувьд чиглүүлэх зам гаргаад өгдөг хүн юм. Тэгэхээр ийм хүнтэй болбол сайн юм болов уу гэж бодож байна.
Хоёрдугаарт, энэ бол зөвхөн хүнээр шийдэгдэх асуудал биш. Түрүүний хэлсэн 21 дүгээр зууны чадварууд энэ цаг үед хамгийн их шаардлагатай байгаа эзэмшмээр байгаа олон зүйлсийг эзэмшихэд тусалдаг тулгуур чадварууд зайлшгүй эзэмших шаардлагатай байгаа юм. тухайлбал, тунгаан бодох, бүтээлчээр сэтгэх, харилцаа, мэдээлэл авах, өгөх чадварууддаа суралцчихвал дараагийн чадваруудаа эзэмшээд явчих боломжтой. Тэгэхээр өөрийгөө тань гэдэг нь эдгээр чадваруудыг танихыг хэлээд байгаа юм. Өөрийнхөө хандлагыг таних хэрэгтэй байна. Би ямар үзэл бодолтой вэ. Одоо байгаадаа сэтгэл ханасан уу. Хөгжих ёстой гэдгээ мэдэрсэн үү. Үүнийхээ төлөө өөрөө үйлдэл хийдэг болж байгаа юм уу. Хэрэгтэй агуулгаа хайгаад, өөрөө ном уншиж судалж байна уу гээд явбал өөрөө замаа олоод явчих байх.
-Барууныхан болон монголчуудын ялгааг та юу гэж харж байна вэ?
-Бидний бодож сэтгэж буй нь өөр рүүгээ бус, өөрийнхөө амьдралтай наалдахгүй байгаа юм. Үүнийг би монгол хүн прагматик бус байна гэж хэлээд байгаа юм. Барууны боловсролын үндсэн нь нэгдүгээрт хувь хүн өөрийгөө боддог. Би хэн бэ, миний хүсэл юу гэх мэт. Тэрнээс биш манай аав ээжийн хүсэл юу вэ. Манай байгууллага, улс орны хүсэл юу вэ гэдэг бол хоёрдогч асуудал. Өөрийнхөө шийдвэрийг өөрөө гаргаж, эргэцүүлдэг. Тэгэхээр барууныхан бол илүү прагматик байдаг.
Харин монголчуудын тухайд ихэнхдээ өөрт хамааралгүй зүйлийг чухалчилж боддог. Тухайлбал, улс төр. Бид Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийнхөө нэрийг мэдэх ёстой гэж боддог. Тэгээд үүнийгээ цахим сүлжээнд хуваалцаад л. Гэхдээ энэ танд ямар хамаатай юм бэ. Хэрэв та Англи, Америк хүнээс асуух юм бол Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөө ч мэдэхгүй байх.
-Сүүлийн үеийн хүүхдүүд арай өөрөөр сэтгээд байх шиг харагдаж байна. Таны хувьд энэ зүйл ажиглагдаж байна уу.
-Ажиглагдаж байна. Их мундаг байна. Бас их мундаг биш байна. Мундагууд нь аль хэдийнээ өөрийн гэсэн бодолтой, аргаа олчихсон байна.
Харин мундаг бишүүдэд нь гар утас, интернэт, цахим ертөнц сөргөөр нөлөөлж байна. Мэдээллийн технологиос авсан мэдээлэл нь бодит биш. Хийсвэр сэтгээд яваад байна. Жишээлбэл, нүдээ аниад байшин барья гэвэл бүгд маш хурдан 3 давхар байшин барьчихна. Харин амьдрал дээр байшин барина гэдэг их өөр ойлголт. Гэтэл хүүхдүүд ихэвчлэн үзсэн киногоороо бодит байдлыг төсөөлөөд үүнээс үүдэн бодит сэтгэдэггүй байх хандлага орчин үеийн хүүхдүүдэд түгээмэл байна. Тэдэнд амьдрал дээр хуримтлуулсан туршлага бага байна. Тэгэхээр бодит бус үйлдэл гаргаж цаг хугацаа алдаад буруу замаар явах гээд байх эрсдэл өндөр.
Хоёрдугаарт, нийгмээс үзүүлж буй үлгэр дуурайлал. Монголд ажилгүй хүмүүсийн тоо их, зүгээр сууж байгаад амьдраад байдаг учир энэ нь хүүхдүүдэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.
-Ярилцсанд баярлалаа.
ВИДЕО: