Японы гэрэл зурагчин Тэцүро Шимизү 1997 онд Монгол Улсад анх удаа ирж байжээ. Тэр үед Монгол Улс ардчилсан, чөлөөт эдийн засагтай, нээлттэй улс болоод дөнгөж таван жил болж байлаа.
“Тухайн үед Улаанбаатар хотод машин тэрэг ховор, дэлгүүрүүд нь барааны хомсдолтой, үе үе цахилгаан тасардаг, Лениний болон танктай хөшөө, хуучны орон сууцууд сонирхолтой санагдсан ч монголчуудын нүүр царайд ирээдүйд итгэх итгэл найдвар дүүрэн харагдаж байв. Ийм ч учраас энэ улс ӨӨРЧЛӨГДӨНӨ гэж өөртөө хэлж байсан” хэмээн Тэцүро Шимизү Монголд анх ирж байсан сэтгэгдлээ хуваалцсан юм.
Яг энэ үед л тэрээр хоёр нийгмийн шилжилтийн үед хот хөдөөгийн хүмүүсийн амьдрал өөрчлөлтийг харуулсан анхны гэрэл зургуудаа авч эхэлжээ. Өөрчлөн шинэчлэгдэж буй монголчуудын тухай “Change” нэртэй цомгоо 2012 онд Монголд хэвлүүлж байсан байна. Энэ альбомд түүний 15 жилийн хөдөлмөр шингэжээ. “Change” цомог тухайн үед хар цагаан гэрэл зурагтай, 264 хуудастай, 500 ширхэг хэвлэгдсэн байна. Харин цомгийн нүүр хавтсыг 25 жилийн өмнө авсан “Монгол охин”-ы гэрэл зургаар чимжээ.
“Би монголд ирэх бүртээ энэ жижигхэн охиныг олж уулзах юмсан гэж боддог байлаа. Удтал хайсны эцэст олж уулзсандаа үнэхээр баяртай байна” хэмээн Тэцүро Шимизү ярьж байв.
Түүний цомгийн гол дүр болох Б.Батболор:
-Би найзынхаа унаганы тамганы найран дээр уригдаж ирээд байтал найзын маань эгч өөрийн утсан дээрээ миний багын зургийг үзүүлсэн. Тэр үед би 14,5 настай л байсан байх. Зуныхаа амралтаар нагац ахындаа очиж гэрийнх нь ажилд тусалдаг байсан юм. Энэ алдартай гэрэл зурагчны цомгийн нүүрэнд миний зураг хэвлэгдсэн байсан нь надад үнэхээр сонин санагдлаа. Үнэхээр их баяртай байна. Миний найзууд намайг “мод” гэж шоолдог байсан юм. Гэтэл би чинь “од” юм байна шүү дээ” хэмээн инээн ярьж байлаа.
Тэцүро Шимизү ч мөн дараа хавар ирж, Б.Батболортой дахин хамтран ажиллаж, зураг авах болсондоо баяртай байна гэж байсан юм.
Японы нэрт гэрэл зурагчин Тэцүро Шимизү нь Монголын тухай хоёр гэрэл зургийн цомог хэвлүүлж, олны хүртээл болгожээ. Тодруулбал, “Change” нэртэй цомгоо 2012 онд, үүний дараа 2015 онд “New Type” цомгоо гаргажээ. Шимизү уг хоёр цомгоо бүтээхдээ зөвхөн “Olympus” гэрэл зургийн аппарат ашигласан бөгөөд Монгол Улсад 25 жилийн хугацаанд 53 удаа ирж гэрэл зураг авчээ.
Тэрээр дээрх түүхийг Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Хөх тэнгэрт мандсан нар” үзэсгэлэнгийн үеэр ярьсан юм. Мөн энэ үеэр “Монгол охин”-ы гэрэл зургийг томоор хэвлүүлэн нийтэд хүргэжээ.
Бэлтгэсэн: Амо