Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой ярилцлаа.
-Шүгэл үлээгч гэдэг нэр томьёоноос ярилцлагаа эхэлье. Хэнийг энэ утгад хамааруулж үзэх вэ?
-Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх хүрээнд хийж буй тодорхой ажлуудын нэг нь эрх зүйн орчны шинэчлэл буюу хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм.
Энэ хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй гэмт хэрэгт оногдуулах ял, шийтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулиар авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэргийг илрүүлэх, энэ үйл ажиллагаанд оролцож буй этгээдийн эрх зүйн байдлыг хамгаалах, дордуулахгүй байхыг зорьж байгаа.
Өөрөөр хэлбэл, нийтийн ашиг сонирхлын төлөө зөрчлийг мэдээлж, олон нийтийн анхааралд оруулж, хууль хяналтын байгууллагад мэдэгдсэнийхээ төлөө тухайн иргэн ямар нэг байдлаар дарамтад өртөж болзошгүй юм. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлж байна.
Хуульд тодорхойлсноор "Нийтийн эрх ашгийн төлөө гэмт хэргийн мэдээллийг илчилж, мэдээлж буй хүнийг шүгэл үлээгч" гэж үзнэ. Тухайлбал, авлига, хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэнд, хэрэг эрхлэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд шүгэл үлээх боломжтой байгаа. Мэдээж хамгийн их тоймлож байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх гэмт хэрэг юм.
-Сэтгүүлчид үүнд хамаарах уу. Эсвэл хэвлэл мэдээллийн байгууллага шүгэл үлээгчийн мэдээллээ ил болгох арга зам, суваг нь байх юм уу?
-Шүгэл үлээгч хэн ч байж болно. Зөрчлийн талаарх мэдээллийг олоод авчихсан, тодорхой хэмжээнд нотлох баримттай байгаа иргэнийг шүгэл үлээгч гэж үзээд байгаа. Тиймээс төрийн алба хаагч эсвэл хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг хүн ч байж болно. Үүнд ямар нэг хязгаарлалт байхгүй.
Харин нэг анхаарах зүйл нь авлига, ашиг сонирхлын зөрчилтэй гэмт хэргээс бусад тохиолдолд төрийн болон албаны нууцтай харилцаж байсан хүн шүгэл үлээх боломжгүй. Нөгөөтээгүүр шүгэл үлээж байгаа хүн маань хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх боломжтой. Энэ тохиолдолд сэтгүүлчийг эх сурвалжаа хэлэхийг шаардахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байгаа.
-Шүгэл үлээгчийг хамгаалах институт нь яг ямар байгууллага байх вэ?
-Дээр дурдсанчлан авлига, хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэнд гэсэн тодорхой чиглэлүүдийн дагуу шүгэл үлээж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн хүрээнд гомдол мэдээлэл хүлээж авах байгууллагууд нь тус тусдаа. Эдгээр байгууллагад Авлигатай тэмцэх газар, ЦЕГ, Улсын ерөнхий прокурорын газар, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ, ХЭҮК багтаж байгаа. Тиймээс шүгэл үлээгч аль ч байгууллагыг сонгоод мэдээллээ илгээх боломжтой. Улмаар дээрх газрууд дундын мэдээллийн сан үүсгээд, тухай бүрт нь мэдээллийг солилцож, шүгэл үлээгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах юм.
Энэ мэдээллийн санг Авлигатай тэмцэх газар хөтөлж явна. Харин нэгдсэн тайланг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлдэг байхаар хуулийн төсөлд тусгаж байгаа. Мэдээж удирдах байгууллагаар Улсын ерөнхий прокурорын газар болон АТГ ажиллана.
-Шүгэл үлээгч гэдэг нэр томьёо өөрөө шинэ үзэгдэл болоод байна. Магадгүй зарим хүмүүс шүгэл үлээгч гэхээр матаач гэж ойлгох гээд байдаг хандлагатай. Тэгэхээр соён гэгээрүүлэх чиглэлийн ямар ажлууд хийгдэх вэ?
-Мэдээж соён гэгээрүүлэх чиглэлийн ажлууд хийгдэнэ. Бид шүгэл үлээж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой шүү дээ. Мөн шүгэл үлээх үйл ажиллагааны талаар олон нийтэд ойлголт өгөх хэрэгтэй.
Хуулийг хэлэлцүүлж байх явцад хуучин цагт байсан шиг хүнийг матах ойлголтоос шүгэл үлээгчийн хууль юугаараа ялгаатай юм бэ гэдэг асуудал хөндөгдсөн. Матаач гэдэг бол хувийн өс хонзон, гол төлөв улс төрийн зорилгоор эсвэл баримт нотолгоогүйгээр хүний нэр төрд халдахыг хэлдэг. Харин шүлэг үлээгч гэдэг бол эсрэгээрээ. Нийтийн эрх ашгийн төлөө, тодорхой баримт нотолгоотойгоор хууль сахиулах байгууллагад хандан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэж байгаа хүн юм.
-Шүгэл үлээгчийн өгч буй мэдээллийг ямар үзүүлэлтээр шаардлага хангасан байна гэж үзэх вэ?
-Хэд хэдэн шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, шүгэл үлээгчийн мэдээлэл анхдагч байх ёстой. Өөрөөр хэлбэл, өмнө нь олон нийтэд хүрээгүй байх шаардлагатай юм. Хоёрдугаарт, аль хэдийнээ нийтэд илэрхий ил болчихсон мэдээллийг шүгэл үлээсэн гэж үзэхгүй. Гуравдугаарт, эрх бүхий байгууллагууд мэдээлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тохиолдолд. Тэгэхээр шүгэл үлээгч тодорхой нотлох баримттай, өмнө нь олон нийтэд ил болоогүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг гаргаж ирэх шаардлагатай юм.
-Магадгүй мэдээллийг нуун дарагдуулж, ашиг хонжоо хайх асуудал гарч болзошгүй шүү дээ. Үүнийг зохицуулсан хуулийн зүйл заалт байгаа юу?
-Хэн нэгнийг шантаажлах, сүрдүүлэх нь өөрөө гэмт хэргийн шинжтэй. Тиймээс хуулийг буруугаар ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлол байгаа. Гэхдээ энэ өөрөө хоёр талтай асуудал юм. Хэрэв үнэхээр хуулийг буруу талаас ашиглаж байвал бидний зүгээс эргээд хариуцлага тооцох асуудал ярих боломжтой.
Үүнтэй холбоотойгоор нэг онцолж хэлэх зүйл нь өөрийн болон хамаарал бүхий этгээддээ давуу тал олгох, хэн нэгнээс өс хонзон авах, харлуулах байдлаар “шүгэл үлээж” буй этгээдийг Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хамгаалахгүй. Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй.
Нөгөө төлөөс бусад оронд шүгэл үлээх ажиллагаагаар дамжуулан тодорхой хэмжээнд санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх бололцоотой байдаг. Ялангуяа татварын чиглэлээр шүгэл үлээхийг илүү их дэмждэг. Тухайлбал, олон нийтэд нээлттэй байдаг томоохон корпорац, компанийн татварын тайланг уншиж, танилцаад буруу тайлагнасан, татвараа төлөөгүй байгаа тохиолдолд үүнийг татварын байгууллагад мэдээлэх боломжтой. Улмаар нөхөн төлүүлсэн татварын орлогоос нь тодорхой хэмжээнд урамшуулал олгодог жишгүүд АНУ, Бүгд Найрамдах Солонгос Улсад байдаг.
-Шүгэл үлээгчийг хамгаалах байгууллагууд төсөв, хүний нөөцийн хувьд хэр боломж, бололцоотой байгаа вэ?
-Тухайн байгууллагууд одоо ч гэсэн иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авч, гэмт хэрэг зөрчлийг шалгаж ажилладаг. Угаасаа л үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байгаа. Цаашид үүнийгээ л хийж, хэрэгжүүлнэ. Тиймээс хүний нөөцийн хувьд ямар ч асуудал байхгүй.
Харин хамгаалалтын арга хэмжээний ажлууд дээр тодорхой хэмжээнд хөрөнгө мөнгө зарцуулагдана. Яг ямар төрлийн арга хэмжээ авах вэ гэдгээс хамаараад тодорхой хэмжээний зардал гарахыг үгүйсгэхгүй.
-Урамшууллын асуудал олны анхаарлыг нэлээд татаж байгаа шүү дээ?
-Тийм ээ. Гэхдээ олон нийтийн зүгээс шүгэл үлээсэн мэдээлэл бүрт урамшуулал олгоно гэж ойлгоод байгаа. Тийм биш. Юуны түрүүнд шүгэл үлээгчээс өгсөн мэдээллийн дагуу тухайн гэмт хэргийг шалгаж, үндэслэлтэй эсэхийг нь тогтоох ёстой. Хэрэв хууль бус хэрэг үйлдсэн, авлигал авсан нь тогтоогдвол хөрөнгийг нь хурааж мөнгө нь улсын төсөвт орж ирсэн байх шаардлагатай. Улмаар шүгэл үлээсэн иргэн хүсэлт гаргавал Мөнгөн урамшууллын зөвлөлөөр хэлэлцэгдэж урамшуулал олгох асуудал шийдвэрлэгдэнэ. Тэгэхээр хэрэг шүүхээр орж эцэслэгдсэний дараагаар урамшууллын асуудал яригдана гэсэн үг юм.
-Шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг нууцлах тал дээр хуулинд ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг маш нууц байлгахаар тусгаж өгсөн байгаа. Нөгөөтээгүүр шалгаж буй хэргийн мэдээллийг олон нийтэд мэдээлэх эсэх нь прокурорын зөвшөөрөлтэй байдаг. Прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй, тодорхой хэмжээнд олон нийтэд мэдээлэл өгч болно гэж үзвэл зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээллийг өгдөг. Хэрэв шүгэл үлээгчийн мэдээллийг санаатайгаар задруулсан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.