Хүн төрөлхтөн бүх л цаг үеийн туршид барилгын бүтээн байгуулалт хийхдээ “том байх тусмаа сайн” гэсэн зарчим баримталж иржээ.
Барилгын бүтээн байгуулалт том байх тусмаа түүний төлөвлөлт, гүйцэтгэлийн шалгуур өндөрсөж, төслийн ард хийгдэж буй тооцоолол нь улам нарийн ээдрээтэй бөгөөд өө сэвгүй болж, өмнөх том том төслүүдийн тогтоосон аливаа хязгаарыг эвдэх оролдлого хийгдсээр байна. Та бүхэнд дэлхийн хамгийн том барилгын төслүүдийг танилцуулъя.
10. Ливи улс дахь хүний гараар бүтээгдэж буй хиймэл мөрөн
“Хиймэл Их Мөрөн” хэмээх төсөл нь 1985 оноос хойш хэрэгжиж буй төсөл юм. Өнөөг хүртэл хүн төрөлхтөний түүхэнд хамгийн томд тооцогдох усалгааны систем бүтээн байгуулж буй тус төсөл хэрэгжиж дуусвал 350 000 акр буюу 141 мянган га газрыг усаар хангах болно. Энэхүү бүтээн байгуулалт нь дан ганц Ливийн фермер, тариаланчидыг усаар хангаад зогсохгүй, тус улсын томоохон хот суурингуудын усан хангамжийн асуудал л давхар шийдэгдэнэ.
Төслийн усны эх үүсвэр нь Нубийн гүний усны сав газар бөгөөд дэлхийн хамгийн том гүний усны сав газарт тооцогддог. Төслийн бүтээн байгуулалт 2030 онд дуусахаар төлөвлөгджээ.
9. Хятад улс, Бээжингийн нисэх буудал
Хятад улс дэлхийд тэргүүлэгч гүрэн болохоор зорьж байгаагаа харуулахын тулд эдийн засаг, бизнесийн олон салбарт давамгайлж, ингэхийн хэрээр Хятадын барилгын төслийн цар хүрээ, далайц нэмэгдсээр байна. Бээжингийн олон улсын нисэх буудал нь төлөвлөгдөж байгаа талбайн хэмжээгээрээ Дубайн Аль Мактум буудлаас төслийн зардал, барилгын талбай, зорчигчдын болон онгоцны тоогоороо давж гарах төлөвтэй байгаа.
Төслийн эхний шат 2008 оны олимпийн үеэр хэрэгжиж дууссан ба дараагийн шат нь 2025 онд хэрэгжихээр төлөвлөгджээ.
8. Chuo Shinkansen, Япон улс
Японы Chuo Shinkansen нэртэй хурдан галт тэрэгний шугам нь зорчигчдыг Токиогоос Нагоя хот хүртэл 286 км зайг 40 орчим минутанд тээвэрлэн хүргэх юм. Уг галт тэрэг нь Японы нэрийн хуудас болсон, дэлхийд алдартай Maglev буюу соронзон түлхэлцэлт системийг ашиглах бөгөөд 313 км/цаг хүртэл хурдална.
Энэхүү шинэ шугамын 86 орчим хувь нь газар доогуур явах учир энэ төслийн бүтээн байгуулалтад олон тооны газар доорх хонгил бий болгох ажил багтаж байгаа. Төсөл 2027 он гэхэд ашиглалтанд орох тооцоотой байгаа ба үүний дараа Осака хот руу уг шугамыг нэмж татах зорилготой байгаа ажээ.
7. Өндөр хурдны төмөр зам, АНУ
Калифорни мужийн хурдан галт тэрэгний сүлжээ 2015 онд анх баригдаж эхэлсэн бөгөөд 2029 онд дуусах төлөвлөгөөтэй байсан ч COVID19-с шалтгаалаад, хугацаа нь хойшлох нь бараг тодорхой болоод байна. Зам баригдаж дууссанаар тус мужийн хамгийн том 10 хотын 8-г нь холбох бөгөөд өмнө зүгт Сан Диего хотоос эхлэн умар зүгт Сан Франциско хүртэл үргэлжлэх юм. Төсөл хоёр үе шаттай бөгөөд эхнийх нь Лос Анжелес болон Сан Франциско хотуудыг холбох бол удаах нь шат нь замаа Сан Диего болон түүнтэй ойролцоох Сакраменто хот хүргэх ажээ.
Энэхүү өндөр хурдны төмөр замын сүлжээ нь баруун эргийн баримталж буй тогтвортой хөгжлийн бодлогын нэг хэсэг болох бөгөөд 200 км/ц хурдтай зорчих галт тэрэг нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчнээс бий болгосон цахилгаан эрчим хүчээр ажиллана.
6. Лондоны метроны өргөтгөл
Лондоны метро нь дэлхийн анхны метронуудын нэг гэдгийг та мэдэх үү? Тэгвэл уг метроны сүлжээ нь улам өргөжин тэлж, 13 жил үргэлжилж буй бүтээн байгуулалтын төгсгөл ойртоход нийт замын урт нь 41 километрээр нэмэгдэж, мөн 40 шинэ буудлыг холбоод байгаа ажээ. Өргөтгөл нь “Элизабетийн шугам” нэртэй бөгөөд төслийн өртөг нь 23 тэрбум ам.доллар юм.
Одоогоор уг өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил нь төгсгөлийн шатандаа ороод байгаа ч COVID19-н нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой хугацаанд сунжирч байгаа хэдий ч төслийн багийнхан метроны нэмэлт шугамыг аль болох түргэн ашиглалтанд оруулж, 2022 онд багтаан зорчигч тээвэрлэх бодолтой байна.
5. Өмнөд-Умардыг холбосон ус дамжуулах төсөл, Хятад улс
Хэрэв та Хятад улсын хүн амын нягтрал болон, усны нөөцийг газрын зураг дээр харьцуулж харах юм бол энэ бүтээн байгуулалт яагаад хийгдэх шаардлагатайг ойлгох биз ээ. Учир нь тус улсын умард хэсгээр хүн амын 50 хувь нь суурьшдаг бол усны нөөцийн ердөө 20 хувь нь л тус бүс нутагт байршдаг аж. Энэ нь усны нөөцийн томоохон тэнцвэргүй байдал үүссэн гэсэн үг.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятадын засгийн газраас аварга том гурван суваг татах төсөл санаачилж, санхүүжилтийг шийджээ. Суваг тус бүр 960 км орчим урттай бөгөөд өмнөд нутгийн томоохон гол мөрний усыг умар зүгт дамжуулна. Төсөл бүрэн хэрэгжиж дуусах хүртэл 50 жилийн хугацаа шааардлагатай бөгөөд үүний дараа жилд 44,6 тэрбум куб метр ус дамжуулах боломжтой болно гэж Хятадын албаны эх сурвалжууд дурджээ.
4. Олон улсын сансрын станц, Задгай сансар
Энэ бүтээн байгуулалт нь дэлхийн хамгийн том гэдэгт хамаарах боловч, нарийн яривал дэлхийгээс “гадна” байршиж байгаа билээ. Олон улсын сансрын станцыг 15 улс, 5 сансрын агентлаг хамтран цогцлоосон бөгөөд ойрын жилүүдэд тус станцад 60 тэрбум ам.долларын засвар, шинэчлэл хийгдэх шаардлагатай байгаа юм.
Гэвч сүүлийн үеийн зарим эх сурвалжийн мэдээллээс үзвэл шинэчлэл, засвар дээрээс нэмэгдээд, тус станцыг өргөтгөх зардал нэмэгдэж, 1 их наяд ам.долларт ч хүрсэн байж болзошгүй байна. Хэрэв олон улсын сансрын станцыг төлөвлөсөн ёсоороо өртгөтгөж чадах юм бол тус станц дээр нэг удаадаа нэг сая хүнийг хүлээн авах боломжтой болох ажээ.
3. Дубайланд, Дубай
Walt Disney World паркт зочилж үзсэн хүн мэдээж олон байгаа. Уг цогцолборыг гурвыг нэг доор нийлүүлсэн мэт том цогцолбор байна гээд төсөөлөөд үзээрэй. Тэгж чадвал Дубайн эрх баригчидын төлөвлөж буй Дубайланд цогцолборын багцаа хэмжээг төсөөлөх боломжтой болно. 278 километр квадрат талбайтай, 64 тэрбум ам.долларын өртөгтэй тус цогцолбор нь эко аялал жуулчлал, эрүүл мэндийн төвүүд, зочид буудлууд, шинжлэх ухааны музей, төвүүд, спорт цогцолборууд, хөгжөөнт тоглоомын паркууд зэрэг үндсэн 6 хэсгээс бүрдэх юм.
Дубайн бүтээн байгуулалтууд дэлхийн дээд амжилтыг үргэлж шинэчилсээр ирсэн байдаг. Дубайланд цогцолборт баригдах 6500 өрөөтэй, 10 сая метр квадрат талбайтай худалдааны төв бүхий нүсэр том зочид буудал ч мөн энэ амжилтыг үргэлжлүүлж, дэлхийн хамгийн том зочид буудал гэсэн тодотголтойгоор нээгдэх төлөвтэй байна.
Гэхдээ энэ бүтээн байгуулалт явагдаж дуусах хугацааг 2025 он гэж тогтоосон юм.
2. Жубайл 2, Саудын Араб
Жубайл 2 хэмээх төсөл бол 30-аад жилийн өмнө эзгүй цөлд аж үйлдвэрийн асар том хот байгуулна гэж амалсан эрх баригчдын санаачилгаар бий болж буй 22 жилийн хугацаатай төсөл юм. Жубайл төслийн 2 дахь шат нь 2014 онд 11 тэрбум ам.долларын нэмэлт төсөвтэйгээр ажлаа эхэлжээ. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 100 гаруй хүнд үйлдвэрийн цогцолбор, 800 000 куб метрийн хүчин чадалтай далайн ус цэвэршүүлэх байгууламж, 850 гаруй километр урт төмөр зам, өдөрт 350 000 баррель нефть боловсруулах үйлдвэр зэрэг асар том цогцолборууд баригдана. Төсөл 2024 онд бүрэн ашиглалтанд орох ба 2026 он гэхэд 50 000 оршин суугч нэмж байрлуулах орон сууцны цогцолборуудыг барьж байгуулах ажээ.
1. Аль Мактум олон улсын нисэх буудал, Дубай
Лондон хотын Хийтроу онгоцны буудлаас хөөрч, бууж, дайран өнгөрч байсан хүмүүс асар том нисэх буудал ямар байдаг талаарх зохих төсөөлөл авсан байдаг гэж найдаж байна. Хийтроу нисэх буудал 4,6 километр квадрат талбайтай бол Аль Мактумын олон улсын нисэх буудал нь нийтдээ 21 километр квадрат талбайг эзлэн сүндэрлэх нь ээ.
Дэлхийд хамгийн томд тооцогдох төлөвтэй байгаа тус нисэх буудал нь нэг доор 200 гаруй том хэмжээний агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай байх бөгөөд нисэх буудлын өргөтгөлийн 2 дахь шат хэрэгжиж дуусахад энэ тоо улам нэмэгдсэн байх болно. Одоогоор төслийн хэрэгжиж дуусах хугацааг зарлаагүй байгаа бөгөөд өртөг зардал нь 32 тэрбум ам.доллар гэж тогтоогдоод байна.
Эх сурвалж: constructiondigital