/2022.9.7/ Нүүрсний салбарын бүхий л асуудлыг хэлэлцдэг "Coal mongolia-2022" чуулга уулзалт, үзэсгэлэн “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болж байна. Чуулга уулзалтын үеэр "Мера" группийн гүйцэтгэх захирал Н.Түмэндэмбэрэлтэй ярилцлаа. Тэрээр:
-"Нүүрс олборлолтын зардлын 10 хувь нь тэсэлгээ өрөмдөлгөөний хэсэгт зарцуулагддаг. Зөөвөрлөх тээвэрлэх, ачих хэсэгт үлдсэн 80 хувь нь зарцуулагддаг. 80 хувийн зардлыг буулгахад өрөмдөлгөө тэсэлгээний ажил чухал ач холбогдолтой. Өрөмдөлгөө тэсэлгээний ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн тохиолдолд 80 хувийн зардал буурах боломжтой.
Өнөөдөр хэдий баяжуулах үйлдвэр, АМНАТ болон макро түвшний олон асуудал яригдаж байна. Гэтэл хөрсөн дээрээ үүсч байгаа асуудал бол Монгол Улсын уул уурхайн салбар тэсрэх болон тэсэлгээний бодисын хомсдолд орчихоод байна.
Мэргэжлийн уул уурхайн салбар хоёр зүйлээс болж "тэг" зогсолт хийдэг. Дизель түлшний нийлүүлэлт хангалт байхгүй болсон тохиолдолд, хоёрдугаарт тэсрэх материал нийлүүлэгдээгүй тохиолдолд. Олборлолт хийгээд нөөцөө гаргаж ирээд экспортод бэлддэг. Гэтэл тэсэлгээний материал, тэсрэх бодис байхгүй болсон тохиолдолд тэг зогсоно.
БНХАУ 2015 оноос хойш дамжин өнгөрөхөд маш өндөр хяналт тавьдаг болчихсон. Монгол компаниуд оруулж ирэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Үүнээс үүдэн ОХУ Транс -Сибирийн төмөр замаас хараат болсон. Гэтэл ОХУ Украйнд цэргийн тусгай ажиллагаа, дайны нөхцөл байдалтай байгаа үед олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээнүүд бий болсон.
Үүнээс болж Туркээс, Европын холбооны орнуудаас тэсрэх материалуудыг Транс-Сибирийн төмөр замаар дамжуулан оруулж ирнэ гэдэг маш хүндрэлтэй болсон. Тэсрэх бодисын үндсэн түүхий эд нь аммоны нитрат гэж бодис байдаг. Аммоны нитратыг ОХУ дэлхий нийтийн 60 гаруй хувийн хэрэгцээг хангадаг. Гэтэл ОХУ цэргийн ажиллагаатай холбоотойгоор аммоны нитратыг нийлүүлэхгүй гэсэн хориг тогтоох тохиолдлууд гарч байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас энэ оны нэг сар хүртэл аммоны нитратыг хязгаарласан. Манай орон аммоны нитратыг үйлдвэрлэдэггүй. Үүнээс болоод бид тэсрэх бодисын дутагдалтай байдалд орох нөхцөл байдал үүсээд байна.
Мөн логистикийн хүндрэлтэй асуудлууд байгаа учир тэсэлгээний материал үйлдвэрлэдэг компаниуд 100 хувь төлбөрөө төлөхийг шаарддаг.
Бид 100 хувь төлбөрөө төлөөд авдаг. Гэтэл бид эцсийн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэсний дараа буюу 30-240 хоногийн дараа төлбөрөө авдаг. Тэсрэх бодис үйлдвэрлэдэг, нийлүүлдэг компаниудын хувьд санхүүгийн маш том хүндрэлтэй байдал үүсч байна. Үүнийг Засгийн газар,Уул уурхайн яам бодлогын түвшинд анхааралдаа авч, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслүүдийг олон улсаас оруулж ирэхэд бодлогын болон санхүүжилтийн дэмжлэгүүд хэрэгтэй байна" гэлээ.