Урт наслах нууцын эрэлд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урт наслах нууцын эрэлд

The Secret of Longevity - World Mission Society Church of God

Эрт цагаас л хүн төрөлхтөн урт удаан амьдрал бүр мөнхийн амьдралыг эрж хайсан билээ.

Үүнтэй холбоотой үлгэр домог туульс хүртэл байдаг ба одоогоор бид мөнхийн худгийг ч тэр хөгшрөлтийг зогсоох аргыг ч тэр олж чадаагүй билээ. Ер нь хөгшрөлтийг удаашруулах, хөгшрөлтийн процессыг урвуугаар нь явуулах, хүмүүс илүү урт удаан амьдрах боломжтой болов уу?

Боломжтой гэж итгэдэг олон арван эрдэмтэд байдгаас биоанагаах ухааны геронтологич доктор Обри де Грей нь бидний дунд 1000 настай хүн байгаа гэж итгэдэг байна. Түүний үзэл санааны гол нь ирээдүйд бид ямар эм тариа хэрэглэхээс хамаарч хүн төрөлхтөнд амьдрахад хязгаар байхгүй. Өөрөөр хэлбэл хүмүүсийг эрүүл байлгаж чадвал хүн хэд ч наслах боломжтой гэж үздэг байна. “Хэзээ нэгэн цагт хөгшрөлтийн эсрэг эмүүд биеийн цагийг дахин тохируулах эсвэл ухраах замаар биеийн гэмтлийг арилгах болно” гэж хэлжээ. Доктор Грейгийн үзэл онолын хувьд тийм ч хол зөрүүтэй биш юм.

The "Immortal" Jellyfish That Resets When Damaged | AMNH

Turritopsis dohrnii буюу далайн залхаг нь мөнх гэж хэлж болохуйц амьдралын ороомогтой. Хөгшрөлтийн процессыг шууд утгаараа эсрэгээр нь явуулж чаддаг цорын ганц амьтан бөгөөд өлссөн, гэмтсэн эсвэл аюулд орсон үедээ залуу үе буюу polyp үедээ очиж чаддаг байна.

Tardigrades: nature's great survivors | Biology | The Guardian

Мөн усны баавгай гэдэг нэрээрээ хүмүүст танигдсан бичил биет Tardigrade нь бараг бүхий л зүйлд дархлаатай бөгөөд шаардлагатай үед бодисын солилцоогоо бүрэн зогсоож чаддаг тул сансарт хүртэл амьдралаа хязгааргүй уртасгаж байх чадвартай.

Далайн гүний шүр(deep-sea coral) нь 11000 жил амьдрах чадвартай амьтан юм. Хэдийгээр ургамал шиг харагдах хэдий ч амьтны аймагт багтдаг бөгөөд тэдний бусад амьтдаас хамаагүй урт удаан амьдардаг нууц нь тэд аюулгүй газар байрлаж хоол хүнс нь өөрөө ирэхийг хүлээдэгт оршино. Мөн далайн гүний шүр нь яг ижил хэсгүүдээс бүрддэг учир зарим хэсэг нэгжүүд нь үхвэл яг ижилхэн нэгжүүд оронд нь байрласнаар төгсөлгүй мөнхийн амьдралын циклд орно.

Гэх мэт өнөөдрийн байдлаар олон арван төрлийн урт удаан амьдардаг амьтдыг судалсан бөгөөд тэднээс хөгшрөлтийн эсрэг арга зам хайсан байдаг. Амьтдын төрөл зүйлсийн наслалтыг хооронд нь харьцуулбал дэндүү өөр эрс тэс амьдрах настай байдаг. Зарим төрлийн ялаа 10 орчим минут буюу үржилд ороход хангалттай хугацаанд амьдардаг байхад далайн залхаг нь мөнх гэж хэлж болохоор өөрийгөө үргэлж залуужуулж чаддаг нь гайхалтай. Хоёр өөр төрөл зүйлсийн амьтадыг хооронд нь харьцуулах мэдээж утгагүй бөгөөд авцалдаагүй гэж хэлж болно. Гэсэн хэдий ч маш ойрын төрөл зүйлийн амьтад хүртэл хоорондоо өөр амьдрах настай байдаг нь хачирхалтай.

Жишээ нь хүмүүс бид шимпанзе сармагчинтай 99 хувийн ДНХ таарцтай ижил байдаг ч бид тэднээс дор хаяж хоёр дахин урт насалдаг. Энэ мэтчилэн ойр төрөл зүйлийн амьтад хүртэл хоорондоо ижил бус насалдаг нь удамшил болон бодисын солилцооны хэд хэдэн заль мэхнээс үүдэлтэй. Гэсэн хэдий ч бид амьтдаас яг хүссэн хариултаа одоогоор эс олов.

Харин зарим эрдэмтэн судлаачид олон арван жилийн турш геном судалж, сүүлийн үед хиймэл оюун ухааныг хүртэл ашиглан хөгшрөлтийг удаашруулах, бүр хөгшрөлтийн процессыг урвуугаар явуулах арга зам эрж хайж байна. Үүнд зарцуулагдах мөнгөний хэмжээ ч жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд Их Британид гэхэд одоогоор энэ салбар 110 тэрбум долларын өртөгтэй байгаа бол 2025 он гэхэд 610 тэрбум болно гэж тооцоологдсон.

Эдгээр судалгаануудаас дурдвал:

“Тогтмол буюу хувирдаггүй хөгшрөлтийн хурд” гэсэн таамаглалыг батлахаар Оксфордын Их Сургуулийн мэргэжилтнүүдийг оруулаад дэлхийн 14 улсын эрдэмтдийн хамтарсан судалгаа хийсэн байна. Энэ таамаглал нь тухайн амьтны төрөл зүйл нь насанд хүрсэн цагаасаа эхлээд тогтмол хөгшрөх хурдтай байдаг гэсэн санаа юм. Тэд өнгөрсөн хоёр зууны мэдээллийн бааз дээр хүнийг оролцуулаад нийт 39 төрлийн примат судалсан юм.

Хүмүүс залуу насандаа нас барах нь багассан учир дундаж наслалт уртассан” гэж Оксфордын Их Сургуулийн Леверхулме дахь хүн ам зүйн шинжлэх ухааны ажилтан Хосе Мануэль Абурто өөрийн судалгааны үр дүнгийн дүгнэлтээ хэлсэн байна. Тэрээр мөн “Бид хүн болон хүн бус приматуудын төрөлт, үхлийн мэдээллийг харьцуулж үзээд эдгээрийн нас баралтын ерөнхий хэв маяг бүгд ижил байгааг олж мэдсэн. Энэ нь хүрээлэн буй орчны хүчин зүйлээс илүүтэйгээр биологийн хүчин зүйл эцсийн дүндээ урт наслалтыг хянадаг болохыг харуулж байна.” гэж нэмж дурдсан.

Судалгааны статистик мэдээллээс харахад эрүүл мэнд, амьдралын нөхцөл сайжрах тусам хүмүүс урт насалдаг бөгөөд энэ нь нийт хүн амын урт наслалтыг нэмэгдүүлж буй мэт харагдуулдаг. Гэсэн хэдий ч бүхий л төрлийн амьтад ялгаагүй нас ахих тусам нас баралтын түвшин огцом нэмэгдэж байдаг. Цуглуулсан мэдээллийн баазаас харахад амьтны төрөл зүйлээс үл хамаараад бүгд ижил бөгөөд, нялх балчир үедээ эндэх магадлал өндөр байгаад хүүхэд нас болон өсвөр нас хүртлээ эндэх магадлал буурсаар залуу үе хүртлээ хамгийн бага байж байгаад хөгшрөх тусам нас барах, эндэх магадлал ихэсдэг байна. Тийм ч учир түүхэн олдвор мэдээллүүдээс харахад дундаж наслалт бага байсан нь залуу насандаа их энддэг байсантай нь холбоотой аж.

Харин анагаах ухаан, нийгэм, байгаль орчны нөхцөл сайжирснаар дундаж наслалт нэмэгдсэн байна. Амьдрах нөхцөл сайжирч маш олон хүний дундаж наслалт нэмэгдсэн хэдий ч өтөл насандаа нас барах магадлал/зам нь өөрчлөгдөөгүй гэж судалгаанд дүгнэжээ. Тэдний судалгаа нь “тогтмол хөгшрөлтийн хурд” гэсэн таамаглалыг дэмжсэн бөгөөд анагаах ухааны хөгжил дэвшил нь биологийн энэ хязгаарыг давж хувьслын хүрч чадаагүй зүйлд хүрч чадах эсэхийг харах л үлдлээ гэж судалгааны дүгнэлтэд бичсэн байна.

5 Ways to Alter Your Elderly Loved One's Bad Habits

Мөн өөр бүлэг эрдэмтэд элдэв архаг өвчингүй мөртөө элдэв хорт муу зуршилтай өндөр настнуудыг судалж байна. Тэдгээр өндөр буюу зуун настнуудын эрүүл бөгөөд өндөр наслалтын нууцыг олж тайлснаар тэдний ДНХ-г дуурайлган зорилтот генийн эмчилгээ хийх замыг нээж магадгүй гэж найдаж байгаа. Өвчин тус бүрийг эмчилсэн ч эцэст нь хөгшрөлтөөс үүдэж нас барах эрсдэл нэмэгдэх нь зайлшгүй учир өндөр настнуудын ДНХ-г дуурайлгасан генийн эмчилгээ хийх нь хамаагүй үр дүнтэй арга байна гэсэн эрдэмтдийн хандлага байдаг.

Metformin: Anti-Aging Drug Dosage for Longevity - Life Extension

Харин тодорхой нэг өвчнийг эмчлэх байдлаар хөгшрөлтөөс зайлсхийх боломжтой гэж үздэг эрдэмтэд ч бий.

Жишээлбэл ТАМЕ (метаморфинийг ашиглан хөгшрөлтийг онилох) судалгаа нь чихрийн шижин өвчнийг эмчлэхэд хямд бөгөөд өргөн хэрэглэгддэг эм болох метформин нь хөгшрөлтийн эсрэг үрэл байж болохыг нотлон харуулах зорилготой юм. Энэхүү судалгаа нь хэдэн арван жил үргэлжилж байгаа бөгөөд тун удалгүй үр дүнгээ харуулна гэж найдаж байгаа талаар ТАМЕ судалгааны ахлах эрдэм шинжилгээний ажилтан Нир Барзилай хэлсэн.

TAME судалгаа нь одоогоор III-р шатанд явж байгаа буюу АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA) худалдаанд гаргахыг зөвшөөрөхөөс өмнөх сүүлийн судалгааны шат юм. Метформин нь зүрхний өвчин, сэтгэцийн олдмол өвчин, альцгеймер зэрэг насжилттай холбоотой өвчний тохиолдлыг бууруулахад тусалдаг.

Олон төрлийн хорт хавдрын эрсдэлийг бууруулж, амьд үлдэх боломжийг нэмэгдүүлдэг. COVID-19 тахлын эхэн үеэс эхлэн хийсэн ажиглалтаас үзэхэд метформин ууж байхдаа вирус авсан хүмүүс эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах магадлал багатай байгааг харуулж байсан байна. Гэхдээ метформин нь яг хэрхэн ажилладаг нь тодорхойгүй байна. Энэ нэгдэл нь дундад зууны үеэс эм болгон ашигладаг олон наст ургамал болох ямааны өвс гэгддэг Galega officinalis-аас гаралтай.

Хэдийгээр энэ салбарын эрдэмтэн судлаачид нэгдсэн байр сууринд хүрээгүй хуваагдчихсан байгаа ч гэсэн зарим ойлголтууд дээр нэгдмэл гэж хэлж болохоор зүйлс бий. Эдгээрт нь та урт наслахыг хүсвэл эрүүл хооллож, зөв амьдралын хэв маягаар амьдрах буюу амьдралын чанараа сайжруулах хэрэгтэй. Австралийн хоол тэжээлийн мэргэжилтэн Нгер Хоббинс болон Бостоны Их Сургуулийн клиникийн профессор, хоол тэжээлийн мэргэжилтэн Жоан Салге Блэйк нарын урт удаан хугацаанд илүү сайн амьдрахад туслах зөвлөмжийг хуваалцаж байна.

Хооллолт болгондоо уураг оруулах. Хөгшрөх тусам бидний тестороны хэмжээ багасаж мөн хөдөлгөөний дутагдлаас болоод булчингийн массаа алддаг. Булчин нь таны биеийг хүчирхэг байлгах, тэнцвэрээ хадгалах, хөгшрөлтийн үед хөдөлгөөнтэй байлгахад чухал үүрэгтэй. Тийм учир хоол хүнсээр тогтмол уураг авах нь чухал. Мах, сүү цагаан идээ, өндөг, самар, үр болон буурцагт ургамлаас уургаа та авах боломжтой учир өдөр тутмын хооллолтдоо нэмж хялбар байдлаар нөхөх боломжтой. Анхаарах зүйл нь нэг дор их хэмжээгээр уураг авахын оронд бүтэн өдрийн турш жигд байдлаар нь авах нь дээр гэж зөвлөсөн байна.

Үрэвслийн эсрэг болон антиоксидантаар баялаг хоолны дэглэмтэй болох. Хоолоо аль болох олон өнгөөр алаглуулах буюу олон төрлийн жимс ногоогоор бүрдүүлбэл антиоксидант биедээ сайн авч чадна. Хүний биеийн эсүүд нь байгалиасаа исэлдэх процесст ордог бөгөөд үүний үр дүнд чөлөөт радикалууд үүсдэг. Харин чөлөөт радикалууд нь товчхондоо биеийг гэмтээдэг. Харин антиоксидант энэ бүхнээс хамгаалдаг. Маш олон төрлийн антиоксидант байдаг бөгөөд аль болох олон төрлийн антиоксидант биедээ авах хэрэгтэйг шинжлэх ухааны судалгаа харуулдаг. Гэхдээ антиоксидант баялаг хоол хүнс хэрэглэхдээ давхар үрэвслийн эсрэг биеийг хамгаалж байх нь чухал. Үрэвсэл нь хөгшрөлтийн үйл явцыг илүү өдөөж хурдасгаж өгдөг. Бие махбодод үрэвсэл үүсэх өөр хүчин зүйлүүд байдаг нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, тамхи татах, илүүдэл жин гэх мэт юм. Үрэвсэлтэй тэмцэхийн тулд омега-3-аар баялаг хоол хүнс хэрэглэх нь чухал. Омега 3-г загасны тос, үр тариа болон самрын тос мөн олон олон төрлийн/солонгон хоол хүнснээс авах боломжтойгоос гадна дасгал хөдөлгөөн хийх нь үрэвслийн дарахад маш сайн тусалдаг.

Маш хурдан турж/жин хаяж болохгүй! Өмнө нь дурдсанчлан биед булчингийн масс байх нь чухал. Тийм учир хоолны дэглэмээр ч бай өвчин зовлонгоос болсон ч бай нэг дор их хэмжээгээр жин хаяхгүй байх хэрэгтэй. Аль болох булчингийн массыг тогтвортой байлгах нь чухал бөгөөд бага зэрэг өөх тос нь үрчлээгүй байлгахад тусалдаг. Мэдээж өвчин үүсгэж буй илүүдэл жингээс салах хэрэгтэй бөгөөд үүнийг дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолттой хослуулж хийх хэрэгтэй.

Гэдэс ходоодны эрүүл мэндийг дэмжих. Шинээр гарч ирж буй судалгаанаас харахад эрүүл гэдэс нь биед гайхалтай нөлөө үзүүлдэг байна. Эрүүл гэдэстэй байхад пробиотикоор баялаг, эслэг ихтэй, таргаар хооллоход л биеийг бүхэлд нь эрүүлжүүлэхэд тусалдаг гэсэн байна. Эслэгт хүнсний ногоо буурцагт ургамлаас гадна кимчи, даршилсан байцаа зэрэг исгэсэн хоол хүнс нь гэдсэнд сайн. Эдгээр хоол хүнсийг аль болох бага боловсруулсан буюу байгалийн хэлбэрээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй гэжээ.

Бие дэх витамины/эрдэс бодисын хэмжээндээ анхаарах. Хөгшрөх тусам арьс нимгэрч хуурайшиж мөн уян хатан чанараа алдаж гэх мэт өч төчнөөн шинж чанар байдаг. Эдгээрийн зарим нь витамин буюу эрдэс бодисын дутагдлаас болж үүсдэг. Үүндээ анхаарч нөхөх нь эрүүл мэнд бодисын солилцоонд чухал ач холбогдолтой.

Товчхондоо зөв хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх буюу эрүүл амьдралын хэв маяг нь одоогоор хүн төрөлхтний мэдэх урт наслалтын гол арга мэх юм.

“Төрийн өмчит их, дээд сургуулиудын ТӨЛБӨРИЙГ НЭМЭХГҮЙ байх тал дээр зохицуулалтууд хийж байна“
“Төрийн өмчит их, дээд сургуулиудын ТӨЛБӨРИЙГ НЭМЭХГҮЙ байх тал дээр зохицуулалтууд хийж байна“
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.