
Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсад хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, холбогдох бодлогын шинэчлэлийг дэмжих зорилгоор 3 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ.
Уг санхүүжилтийн 1 сая ам.долларыг Азийн хөгжлийн сан (ADF), 2 сая ам.долларыг Японы Засгийн газраас АХБ-аар дамжуулан санхүүжүүлдэг "Японы цэцэглэн хөгжсөн, тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийн сан" (JFPR) гаргах юм. Үүн дээр Монгол Улсын Засгийн газраас 1 сая ам.долларын санхүүжилт нэмж олгоно гэжээ.
“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнд хариу арга хэмжээ авах” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулан нийт 19,500 орчим сурагчийн суралцах орчны аюулгүй байдлыг сайжруулна. Тодруулбал, дөрвөн сургуулийн дотуур байрыг аюулгүй байдал, хамгаалалт, гамшигт тэсвэртэй байдлыг хангасан шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр төлөвлөсөн байна.
Мөн 12 сургуульд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлж, сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх, багш ажилтнуудыг чадавхжуулах, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийг цахим орчинд хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөр нь сургууль болон цахим орчинд гарч буй хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлтийг бууруулахад чиглэх юм.
Монгол Улсад холбогдох хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд тодорхой ахиц гарч байгаа ч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл ноцтой асуудал хэвээр байгааг Азийн хөгжлийн банкнаас мэдээлэв.
Тус банкны мэдээлснээр, 15-64 насны эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь дотно хамтрагчийн хүчирхийлэлд өртөж байна. Гэвч нийгмийн хэвшмэл ойлголт, хандлагаас шалтгаалан хүчирхийлэлд өртсөн олон хүн, ялангуяа хөдөө орон нутагт, зөрчлийн талаар мэдээлэх, шаардлагатай тусламж үйлчилгээ авахад бэрхшээлтэй хэвээр байна.
Үүний зэрэгцээ сургуулийн орчин дахь хүчирхийлэл, цахим дээрэлхэлт, цахим дарамт нь хүүхэд, залуучуудын аюулгүй байдалд улам бүр эрсдэл учруулж буйг онцолжээ.
Төслийн хүрээнд хүчирхийлэлд өртсөн иргэд болон эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхэд, залуучуудад зориулсан нөхөн сэргээх, сэргээн засах, чадавхжуулах үйлчилгээ, хөтөлбөрийг өргөжүүлнэ. Үүний зэрэгцээ багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон хүчирхийллийн хохирогч, эрсдэлт бүлгийн хүмүүстэй шууд ажилладаг бусад мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх юм.
Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнд хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх зорилгоор бодлого, институцийн шинэчлэлийг дэмжинэ. Үүнд цахим орчинд үйлдэгдэх болсон хүчирхийллийн шинэ хэлбэрүүдтэй тэмцэх арга хэмжээ багтана.
Эх сурвалж: adb.org | Азийн хөгжлийн банкны албан ёсны сайт
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.