
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Вашингтонд айлчлахаар ирэхэд нь тус хотын ойролцоох Эндрюсийн хамтарсан цэргийн баазын нисэх буудалд биечлэн угтахаар төлөвлөж байна гэж Reuters агентлагаас мэдээллээ.
АНУ-ын ерөнхийлөгч гадаадын орны төрийн тэргүүнийг нисэх буудал дээр өөрийн биеэр угтах нь ховор тохиолдол гэдгийг онцолсон байна.
Айлчлалын талаар сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр Ши Жиньпиний айлчлалын хүрээнд Цагаан ордонд албан ёсны угтах ёслол зохион байгуулж, Сарнайн цэцэрлэгт хүрээлэнд цэргийн хүндэтгэлийн үзлэг хийхээс гадна төрийн хүндэтгэлийн зоог барих аж.
Тус зоогт технологийн салбарын томоохон компаниудын удирдлагууд оролцохоор төлөвлөж байгаа бөгөөд тэдний дунд "Amazon"-ийг үүсгэн байгуулагч Жефф Безос, "Alphabet"-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичай, "OpenAI"-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман, "Apple"-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк, "Tesla"-ийн гүйцэтгэх захирал Илон Маск, "Nvidia"-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг, "Dell Technologies"-ийн гүйцэтгэх захирал Майкл Делл нар тус тус багтжээ.
Трамп, Ши нарын уулзалтын үеэр худалдаа, газрын ховор элементийн дэлхийн нийлүүлэлт, хиймэл оюун ухаан (AI) зэрэг асуудлыг хэлэлцэх ба тус айлчлал нь АНУ, БНХАУ-ын эдийн засаг, технологийн харилцаанд чухал ач холбогдолтой хэд хэдэн асуудлыг хэлэлцэх өндөр түвшний уулзалт болох төлөвтэй байна гэжээ.
Эх сурвалж: Reuters агентлаг
Б.АМИ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.