/2024.12.17/ Дилав Хутагт Данзанламэд Монгол Улсад өнгөрөгч аравдугаар сард болсон "Шашин хоорондын анхдугаар яриа хэлэлцээ"-д оролцсон юм. Энэ үеэр түүнтэй шашны эрх чөлөө сэдвээр ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард болсон Шашин хоорондын анхдугаар яриа хэлэлцээ хуралд оролцсон юм.
Түүний талаар товч танилцуулвал, Дилав хутагт 1972 онд АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфи хотод Халимаг гэр бүлд мэндэлсэн. 1980 онд Өмнөд Энэтхэгийн Дрэпүн Гоман хийдэд шавилж, найман настайд нь Далай лам шинжиж үзээд, Дилав хутагтын VI дүрээр тодруулсан байна. Дилав хутагт 1993 он хүртэл эрдэм номд шамдан, төвөд хэл, түүх, буддын гүн ухаанд суралцжээ.
-Шашнууд энхтайвнаар зэрэгцэн орших боломжтой гэж та боддог уу?
-Бүх шашин энхтайвнаар зэрэгцэн орших боломжтой. Харин энэ боломжийг бий болгох цорын ганц арга зам бол шашин хоорондын яриа хэлэлцээ юм. Гэхдээ яриа хэлэлцээ гэхээр дан ганц албан ёсны харилцааны талаар ойлгож болохгүй. Бид харилцан нэгнээ мэдэхгүй, танихгүй бол эргэлзээ, үл ойлголцол, хардлагыг төрүүлэхээс хэтрэхгүй. Шашин хоорондын яриа хэлэлцээ гэдэг нь харилцан нэгнийгээ танин мэдэх, хүн хоорондын харилцааг хэлж байгаа хэрэг. Нэгнээ танин мэдэж, нөхөрлөх замаар энэ харилцааг илүү ач холбогдолтой болгоно. Ингэж чадвал бид хамтдаа оршин тогтнох боломжийг бий болгож байгаа хэрэг. Жишээлбэл, та бид хоёр өөр орчинд өсч хүмүүжсэн, өөр өөр соёлтой, өөр өөр бодол сэтгэлгээтэй. Хэрэв би чамайг мэдэхгүй бол “Энэ ч тийм байх даа, тэгж л харагдаж байна даа, ийм хувцас өмсөж, тэгж л бодож байгаа байх” гэж таамаглахаас хэтрэхгүй.
Харин нэгнийгээ харилцан мэдсэний дараа илүү хүндэтгэлтэй хандана. Нэгнийгээ ойлгож, хүндэтгэх боломж яриа хэлэлцээ үүсгэсний дараа л бий болно. Та бидэнд санал зөрөлдөх зүйл амьдралд бишгүй таарна. Гэхдээ энэ нь та бид дайсан гэсэн үг биш.
Та сүүтэй цай, харин би кофенд дуртай байлаа гээд бид дайсан болдоггүй биз дээ? Яг үүнтэй адил бидэнд адил төстэй зүйл ч байгаа. Чи аз жаргалтай байх дуртай юу?
-Дуртай байлгүй яахав.
-Би ч бас дуртай. Чи зуны улиралд дуртай юу?
-Тэгэлгүй яахав.
-Би ч ялгаагүй дуртай. Харин би өвлийн улиралд тийм ч дуртай биш. Чи?
-Би дуртай.
-За харав уу? Энэ хэдхэн секунд үргэлжилсэн асуулт, хариултаар чи бид хоёр хэд хэдэн ижил төстэй зүйлд дуртай болохыгоо мэдэж авлаа. Гэхдээ үүнийг бид харилцан ярьж, харилцаж, санаа бодлоо солилцож байж л мэдэж авах боломжтой шүү дээ. Энэ нь зөвхөн хүн хооронд бус дэлхий дахинаар, нийгэм дахинаар, шашин, соёл, эдийн засаг, эрүүл мэнд гээд бүх салбарт л бий болох боломжтой зүйл юм.
-Олон зуун жилийн туршид яагаад энэ яриа хэлэлцээрийг бий болгож болоогүй юм бол оо? Өнөөдрийг хүртэл гарсан олон дайн шашны үл ойлголцлоос үүдэлтэй байх?
-Харамсалтай нь, шашин олон дайн, зөрчлийн эх үүсвэр болж байсан. Гэхдээ бүх дайн, самуун шашнаас болсон уу гэвэл мэдээж үгүй юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Орос-Украины дайн. Бүх шашны сурталчилдаг гол сургаал бол хайр байдаг. Христийн гол номлол Библд, Буддын сургаальд, Исламын шашинд бүгдээрээ хайрыг л номлодог. Жишээ нь, Дээрхийн Гэгээн Далай лам хүний үнэт зүйлийг сургадаг.
-Хүний үнэт зүйл нь тэгвэл юу вэ?
-Хүний үнэт зүйл бол хайр, энэрэнгүй чанар, халамж энхрийлэл, өрөвч зөөлөн сэтгэл юм. Чи шүтлэгтэн байна уу, үгүй юу хамаагүй. Далай лам хүний үнэт зүйлийг сургадаг нь Буддын шашныг шүт гэсэн үг биш, харин хүний үнэт зүйлийг хэн ч байсан ойлгож ухаарахыг л хэлж буй хэрэг. Түүний зорилго нь дэлхий даяараа хайр, өрөвч нинжин сэтгэл, сайхан сэтгэлтэй байхыг л хүсэж буй хэрэг. Харин түүний хоёр дахь хүсэл эрмэлзлэл бол шашин хоорондын яриа хэлэлцээр, эв найрамдлыг бий болгох. Үүний тулд өмнө дурьдсанчлан ярилцаж, харилцаж, харилцан ойлголцож байж бид нэгнийгээ ойлгож, хүндэлж, хамтдаа энх тайвнаар орших болно.
Энэ дэлхийн бүх шашны хэл нь хүний мөн чанарыг илтгэх нэг л хэл юм. Энэ нь аль нэгэн шашны өмч биш. Харин хайр, нинжин сэтгэлийг бий болгох, илэрхийлэх арга зам нь өөр өөр байж болно. Хүн бүхэн өөрсдийн амьдралын нөхцөл байдал, соёлын ялгаатай байдал, амьдарч буй улс орныхоо онцлогоор тэрхүү арга замыг бий болгодог биз ээ.
-Монгол Улсыг шашны эрх чөлөөтэй орон учир шашны эрх чөлөө ярих шаардлагагүй гэж зарим хүн үзэж байна. Харин та юу гэж бодож байна?
-Шашны эрх чөлөө бол хүний язгуур эрх. Бид чөлөөтэй, нээлттэй нийгэмд амьдарч байна. Бид шашныг шүтэх, эс шүтэхээ сонгох боломжтой байна гэдэг хамгийн чухал. Тиймээс шашны эрх чөлөөний талаар ярих нь хэзээ ч буруутахгүй. Яагаад вэ гэвэл зарим улс оронд хүний эрхийг зөрчсөн хууль тогтоомжууд ч байна. Мөн миний юунд итгэх, юунд итгэхгүй байхыг, үзэл бодолтой байх эсэхийг маань заасан, зөрчсөн хуулиуд ч байна. Тиймээс хүний язгуур эрхийн талаарх хэлэлцүүлэг нийгэмд өрнөж л байх ёстой.
-Харин та монголын талаар дурьдсангүй?
-Монгол Улсад шашны эрх чөлөө байгаа юу гэж асуувал би “Тийм бас Үгүй” гэж хариулна. Учир нь, Үндсэн хуульд, зарим хуульд шашны эрх чөлөөний талаар дурьдсан уу гэвэл тийм. Гэвч жишээ нь, Буддын шашинтнуудын хувьд өөрсдийн итгэл үнэмшил, хөгжлийн замналаа сонгох гэтэл гадны улс орны нөлөөлөл энэ боломжийг хязгаарлаж байж болно шүү дээ. Энэ мэт нөлөөлөл бидний шашны эрх чөлөөнд халдаж буй үйлдэлд тооцогдож болно. Ийм тохиолдолд Монгол Улсыг шашны эрх чөлөөтэй бас эрх чөлөөгүй гэж үзэж болох юм. Тиймээс энэ талаар нээлттэй ярилцаж, нийгмийн бүхий л шатанд хэлэлцэх ёстой.
Олон нийт, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд бүгдээрээ хэлэлцэж, гарцаа олох шаардлагатай. Нэг талаараа бид шашны эрх чөлөөтэй. Тэрхүү эрх чөлөөгөө хамгаалах ёстой. Хамгаалахын тулд хэлэлцэх нь зүйтэй юм.
-Шашны эрх чөлөө хувь хүний хувьд яг яагаад чухал юм бэ?
-Хэрэв бид нээлттэй, чөлөөт, ардчилсан улсад амьдарч байгаа бол энэ чухал. Шашин шүтэх, эс шүтэх, шүтэх шашнаа чөлөөтэй сонгох, өөрчлөх нь хүний язгуур эрх гэж өмнө өгүүлсэн. Энэ улсын иргэний хувьд ч, миний хувьд чухал эрх чөлөө. Тиймээс энэ эрх чөлөөгөө хамгаална. Энэ чинь хувь хүний асуудлаас гадна улс орны хөгжил цэцэглэлт, үндэстэн оршин тогтнох ялгаралтай холбоотой асуудал. Чи жишээ нь Монгол хүн гэдгээ яаж тодорхойлох вэ? Монгол гэдгийг цус болон ДНХ шинжилгээнээс гадна илэрхийлэх олон зүйл бий. Чиний сэтгэлгээ, соёл, идэж байгаа хоол, өмсөж зүүх хувцас, шүтдэг шашин гээд олон зүйлийн нийлбэрээр чамайг хэн бэ гэдгийг чинь тодорхойлно. Тэгэхээр хувь хүний чинь, үндэстний чинь ялгааг илэрхийлж, онцлогийг харуулж байгаа бол энэ чухал.
-Буддын шашинд бусад шашинд хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай ямар онцлог байгаа вэ?
-Буддын шашин бусдыг ямар нэгэн зүйлийг хүлээн зөвшөөрөхийг шаарддаггүй. Бид ижил төстэй чанаруудыг хүлээн зөвшөөрч, шашин шүтэгч эс шүтэгч ч бай хүн бүхэн аз жаргалтай, эрүүл энх, эв найрамдалтайгаар эх дэлхийдээ хамт амьдрахыг хүсдэг. Энэ хүсэл нь зөвхөн буддын шашинтнуудад байдаг ч гэж бодохгүй байна. Бусад бүх л шашин хайр, хүндлэл, сайхан өгөөмөр сэтгэлийг сургадаг.
-Буддын шашинтай орнууд ихэнхдээ өндөр хөгжилд хүрээгүй гэдэг. Тэгэхээр буддын шашин нь хөгжилд хүрэхэд тушаа болж байгаа зүйл байж болох уу?
-Хэрэв материаллаг, эдийн засгийн хөгжлийн талаар ярьж байгаа бол буддизм энэ хөгжлийг авчрах бүрэн боломжтой. Буддын шашин бидний соёлын, бидний үнэт зүйлийн, бусдаас ялгагдах ялгарлын нэг хэсэг болж байгаа юм. Яг үүнтэй холбоотойгоор жишээ нь дэлхийн олон орны жуулчид Монгол оронд аялж, Монголчуудын зан заншил, ёс уламжлалтай танилцахыг хүснэ. Энэ нь таны хэлээд байгаа материаллаг хөгжилд тустай. Цаашлаад буддын шинжлэх ухаан гээд ярьвал илүү өргөн хүрээтэй, нарийн зүйлс ярьж болох байх. Ер нь баян гэдэг тодорхойлолтод хоёр асуудлыг авч үзэж болох юм. Нэг нь оюун сэтгэлгээний хувьд баян, нөгөө нь эд материалын хувьд баян. Азийн олон улс орон эдийн засгийн хувьд тийм ч баян биш байж болно. Гэвч сэтгэлгээний хувьд барууны олон орноос хавьгүй урд яваа байж болох юм. Барууны олон жуулчин эдгээр азийн улс оронд очсоныхоо дараа хүмүүс нь хэчнээн сайхан сэтгэлтэй, өгөөмөр, хайраар дүүрэн, бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэлээр баян болохыг гайхан биширч ярьдаг. Тэгэхээр Буддын шашин хөгжлөөс хойш татдаг гэвэл би үгүй гэж хэлнэ. Оюун сэтгэлгээний хувьд харин ч илүү өндөр хөгжсөн байдаг.
-Өөр нэг зүйлийг сонирхмоор байна. Манай улсад байдаг буддын шашны зарим лам нь эд зүйл, өнгө мөнгөнд ихээхэн татагддаг гэж хэлж болохоор. Иргэдээс илүү баян тансаг амьдралтай, эдэлж хэрэглэж буй нь тансаг. Энэ тэгэхээр шашны гүн ухаантай зөрчилдөхгүй юу?
-Далай тэнгист түмэн зүйлийн загас, амьтад бий. Тэдний зарим нь өөрийн төрлийг барьж иддэг, зарим нь ургамлаар хооллодог. Буддын шашин яг түүнтэй адил том эко систем юм. Лам нар дунд ёс зүйтэй ч хүн бий, ёс зүйгүй ч хүн бий. Зөвхөн буддын шашин ч гэлтгүй бүх л шашин, бүх л нийгмийн бүлгүүд сайн, муу төрөл бүрийн хүнээс бүрддэг. Тиймээс ганц нэг нь ёс зүйгүй байлаа гээд түүнийг бүх бурхны шашинтнуудад хамаатуулан ойлгож болохгүй. Хэрэв бид зөвхөн сөрөг зүйл дээр төвлөрөөд байвал бид сайн сайхан зүйлийг олж харж чадахгүй, бусдыг нь таньж мэдэж чадахгүйд хүрнэ.
-Монголын буддын шашинтнууд сүүлийн үед том өөрчлөлтүүдийг хийж байна. Х Богдыг тодрууллаа, Гандантэгчинлэн хийдийн хамба лам шинэчлэгдлээ. Та энэ өөрчлөлтүүдийг хэрхэн харж байна вэ?
-За энэ бол бүхэлдээ та бид хоёрын ярьж буйгаас шал өөр сэдэв болж таарлаа, тийм үү? Тиймээс би их товчхон хариулъя. Юун түрүүнд, бид Х Богдыг албан ёсоор ширээнд нь залаагүй байна.
-Тийм гэж үү? Өнгөрөгч хавар бид чинь Х Богдоо заллаа гээд л ёслол төгөлдөр үйл явдал болоод байсан бус уу?
-Таны хэлж байгаа бол Х Богдыг суудалд нь албан ёсоор залсан ёслолын ажиллагаа биш юм. Монгол Улс албан ёсоор хараахан зарлаагүй байна. Үүнийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой дүйцүүлэн тайлбарлавал илүү ойлгомжтой байх. Сонгуулиар Ерөнхийлөгч Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Гэхдээ одоохондоо тэрбээр Ерөнхийлөгч биш. Харин албан ёсны баримт бичигт гарын үсэг зурж, түүнийг Ерөнхийлөгчөөр зарлах ёслолын ажиллагаа болсны дараа тэрбээр албан ёсоор Ерөнхийлөгч болж, тамгаа гардаж авна. Х Богдын хувьд ч мөн адил жишээ юм. Протоколын дагуу зарлан тунхаглах албан ёсны зарим үйл ажиллагаа Монголд хараахан болоогүй, зарлаагүй байна. Тэгэхээр би ярилцлагын эхэнд Монгол Улс шашны эрх чөлөөтэй юу гэвэл тийм, бас үгүй гэж хариулна гэдгийг утга нь энэ. Тодорхой нөлөөлөл, шалтгаануудын улмаас шашны тэргүүнээ албан ёсоор залаагүй байна гэдгээрбиднийг шашны эрхээ бүрэн эдэлж байна гэж хэлэхэд хэцүү болгож байгаа юм.
Монгол Улс дэлхий дахинд Х Богдоо зарлан тунхаглах үед Монгол дах буддын шашинд ихээхэн тустай зүйл болж, олон эерэг өөрчлөлтүүд бий болно хэмээн итгэж байна. Оюун санааны, эдийн засгийн, түүхийн гэх мэт олон шинэчлэлүүд үүнтэй хамт ирнэ.
-Маш их гайхаж байна.
-Бид хуульд зааснаар, цаасан дээр шашны эрх чөлөөтэй. Харин бодит амьдрал дээр эрх чөлөөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би бодож байна.
-Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Жич: Та бүхэн "Олон янз байдал буюу шашин шүтэх эс шүтэх эрх чөлөө" нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.