Олон янз байдал буюу шашин шүтэх, эс шүтэх ЭРХ ЧӨЛӨӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон янз байдал буюу шашин шүтэх, эс шүтэх ЭРХ ЧӨЛӨӨ

Зургийн эх сурвалж: Pexels.com, Родольф Кликсийн зургийг ашиглав.

/2024.12.16/ Их Монгол Улсын эзэн Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчид аливаа улс орны иргэдийн шашны эрх чөлөөг хангаж, олон шашинтан нэгэн дээвэр дор зөрчилгүй оршин суух боломжийг бий болгож байснаараа дэлхийн түүхэнд тод мөр үлдээсэн юм. Их Эзэн Чингис хаан хүн бүхэн шашин шүтэх, үзэл бодолтой байх эрх нь энх тайван орших, иргэд татвараа төлж, улс орныхоо хөгжилд өөрийн тааваар нэмэр болох нэгэн түлхүүр болохыг ойлгож байжээ.

“1230-1250 онд Монголын эзэнт гүрэн даяар баригдсан шинэ хотууд нь буддын хийд, загалмайтны сүм хийд, исламын сүмүүдээр дүүрэн. Тэдгээр нь хүмүүс бүрэн суурьсшан хотууд байв” гэж Парисын Нантерре Их сургуулийн дэд профессор, Францын Дорнын Археологийн Институтийн гишүүн, ахисан тшүвшний Судалгааны Институтын зочин эрдэмтэн Мари Фавэру өөрийн “Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номондоо бичсэн байдаг.

Харин орчин цагт шашны эрх чөлөө гэвэл хувь хүний шашин шүтэх эс шүтэх талаар уу, шашны байгууллага үйл ажиллагаа явуулах эрх үү, эс бөгөөс улс орны хууль эрх зүйд нь шашны асуудлыг хэрхэн тусгасан бэ гэдгийг хөндөж байна уу гээд хэд хэдэн түвшинд авч үзэж болох юм. Эдгээрээс хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний талаарх танин мэдэхүйн асуудлыг хөндөж байна.

ШАШИН ШҮТЭХ, ЭС ШҮТЭХ НЬ ТАНЫ ҮНДСЭН ЭРХ

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15-т “Монгол Улсын иргэн нь шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй” гэж заасан байдаг. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын (1948 он) 18 дугаар зүйлд “Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана” гэж заажээ.

Энэ мэтээр Иргэний болон Улс төрийн эрхийн тухай пакт (1966 он), Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай пакт (1966 он), Хүүхдийн эрхийн конвенц (1989 он) гээд олон улсын эрх зүйн олон гэрээ конвенцуудад шашин шүтэх, эс шүтэх нь хүний язгуур эрх болох талаар дурьдсан байдаг.

МУИС-ийн Философи шашин судлалын тэнхимээс гаргасан “Монгол Улс дахь шашны төлөв байдал” судалгаанд сүсэгтнүүд, шашны урсгал чиглэлүүдийг үндсэн 5 бүлэгт хуваажээ.

Шашны урсгал чиглэл

Итгэгчдийн хувь

Буддын шашны урсгал чиглэлүүд

70,3%

Христийн шашны урсгал чиглэлүүд

8,2%

Исламын шашин

6,8%

Бөө мөргөл болон тэнгэр шүтлэгийн хэлбэрүүд

11,8%

Шинэ шашин болон нэн шинэ шашин

2,9%

Дээрх шашны урсгал чиглэлүүд нь дотроо мөн олон бүлэгт хуваагдана. Христийн шашин гурван үндсэн чиглэлээс салаалсан 10 гаруй урсгалтай байхад, Буддын шашин Гэлүгва, Шүгдэн, Сажава зэрэг мөн 10 орчим урсгал чиглэлд хуваагдаж байна.

Өөрөөр хэлбэл, шашинд хандах хүмүүсийн хандлага маш олон урсгал чиглэлүүд рүү салаалжээ.

2021 оны “Олон улсын шашны эрх чөлөөний тайлан”-д дурьдсанаар Монгол Улсын 15-аас дээш насны хүн амын 59.4 хувь нь өөрсдийгөө шашин шүтдэг гэж тодорхойлсон бол 40,6 хувь нь ямар нэг шашин шүтдэггүй гэжээ. ШУА-ын Философийн хүрээлэнгээс гаргасан “Шашны нөхцөл байдал” номд дурьдсанаар сүсэг бишрэлийн түвшинг дараах байдлаар ангилжээ.

Гүн сүсэгтэн

Гүн сүсэгтэн шашны итгэл үнэмшил, сүсэг бишрэл тууштай, шашны номлол сургаалын гүнзгий түвшний мэдлэгтэй, зан үйл давтамж тогтмол, шашны нөлөө амьдралын хэв маягт нь чухал нөлөө үзүүлдэг, аливаа асуудалд шашны байр сууринаас ханддаг.

Жирийн сүсэгтэн

Ухамсар, зан байдалд нь сүсэг бишрэлийн шинж тэмдэг тогтвортой, тод илэрдэг, сүсэгтний бүлгийн цөмийг бүрдүүлэгчид

Хэлбэлзэгч сүсэгтэн

Байр суурь нь туйлбаргүй, тогтвортой биш, шашинд хандах хандлага нь тухайн нөхцөл байдлаас хамааралтай, цаг үеийн өнгийг дагаж хувирамтгай.

Шашны бус байр суурьтай хүмүүс

Жирийн үед шашин ба атейзмын аль алинд тал засдаггүй, тэдгээрт ялгаваргүй ханддаг, сүсэгтэй ба сүсэггүй хүмүүсийн дундын, завсрын шинжтэй бөгөөд аль алиных нь бүлгийг нөхөн сэлбэж байдаг, харин амьдралын эгзэгтэй асуудал тулгарах үед байр суурь тодордог.

Тууштай шашингүй үзэлтэй хүмүүс

Сүсэг бишрэлгүй, энэ байр суурь нь тогтвортой, амьдралын аливаа асуудалд өөрийн байр сууринаас ханддаг, бодит арга замуудыг эрэлхийлдэг, атейзмын байр сууринд тууштай зогсдог, энэ ч үүднээсээ шашин, сүм хийдийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг.


Монгол сүсэгтнүүдийн гол цөмийг 30-50 насныхан буюу дунд насныхан эзэлж байгаа бөгөөд нийт шашин шүтэгчдийн 48 хувь нь энэ бүлгийнх байгааг мөн "Монгол Улс дахь шашны төлөв байдал" номонд дурьджээ.

Та сүсэг бишрэлийн хувьд дээрх бүлгүүдийн алинд нь багтаж байна вэ гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Мөн дээрх бүлгүүдээс харвал хүн зөвхөн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй байгаад зогсохгүй шашинд хандах сүсэг бишрэлийн түвшин нь ч янз бүр байдаг ажээ.

ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ОЙЛГОЖ ТАНИХ

“Би олон жил таксины жолооч хийж байна. Ёстой янз бүрийн хүмүүс л суудаг юм. Зарим нь дув дуугүй байхад зарим нь тасралтгүй ярьсаар бууна. Эсвэл уйлж, инээнэ бүр уурлах нь ч бий. Хүмүүс үнэхээр олон янз шүү дээ” гэж инээмсэглэх жолоочийг Мөнхбат гэнэ. Тэрбээр Улаанбаатар хотод 2009 оноос хойш хувийн машинаараа такси үйлчилгээ эрхэлж буй.

Түүний хэлсэн үнэн. Хүмүүс үнэхээр олон янз.

Шашин шүтэх, эс шүтэх эрх нь хүний язгуур эрх бөгөөд харин шашинд хандах сүсэг бишрэл нь янз бүр. Энэ дэлхий дээр амьдрах 8 тэрбум хүн бүгд өөр өөрсдийн гэсэн үзэл бодолтой бөгөөд эртнээс даган ирсэн шашин шүтлэгтэй.

  • Хиндү шашин 4000 жил,
  • Иудейн шашин 3670 жил,
  • Заратуштрын шашин 3000 жил,
  • Буддын шашин 2545 жил,
  • Христийн шашин 2000 жил,
  • Исламын шашин 1521 жил,
  • Бахай Шүтлэг 165 жил оршин сургаал номлолоо хөгжүүлж ирсэн байна.

Буддын шашин 500 гаруй сая, Исламын шашин 1,9 тэрбум, Христийн шашин 2,4 тэрбум гээд бүгд өөр өөрсдийн гэсэн дагагчтай. Мөн л өмнө дурьдсанчлан эдгээр шашин нь дотроо маш олон зуун төрлийн урсгалуудад хуваагддаг.

Ийм олон төрөл зүйлийн шашин шүтлэг, итгэл үнэмшил, бүр огт шашин шүтдэг ч үгүй хүмүүс энэ дэлхий дээр амьдардгийг дээрх тоо өгүүлнэ.

Бусдын ялгаатай байдлыг таньж мэднэ гэдэг өөрийн ертөнцийг үзэх үзлээ баяжуулж, сурч боловсрох их боломжийг өөртөө олгож буй юм. Таксины жолооч Мөнхбатаас “Олон жил таксины жолооч хийгээд таны сурч мэдсэн зүйл юу вэ?” гэж асуухад тэрбээр “Хүмүүс үнэхээр олон янз гэдгийг л мэдсэн дээ” гэж хариулсан юм. “Амьдрал баян” гэж бидний ярьдаг нь худал зүйл биш билээ.

Шашны урсгал чиглэл хэдий олон гэлээ ч бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх, хүндэтгэлтэй хандах, бусдыг сонсох, бусдаас суралцах чухал гэдгийг бүх шашин сургадаг. Тиймээс шашин шүтэх, эсэх шүтэх нь хүний язгуур эрх бөгөөд харин түүнд хандах олон янз байдлыг хүлээн зөвшөөрөх нь амар амгалан амьдрал юм.

Дашрамд өгүүлэхэд, манай улсын судлаачдын олон бүтээл нь ихэнхдээ шашны эрх зүй, байгууллагын түвшинд илүүтэй өгүүлсэн байна. Тиймээс бид дараачийн дугаартаа шашны байгууллагын үйл ажиллагаа явуулах эрхзүйн асуудал ямар байгааг хөндөх болно.

Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.