Уяачдын Их хурлын төлөөлөгчдөд дайх 5 САНАЛ
Шуурхай мэдээ
 

Уяачдын Их хурлын төлөөлөгчдөд дайх 5 САНАЛ

Морины салбар хороонд 40 гаруй жил ажилласан Д.Самданжамц

Үндэсний Их баяр наадмын Морины салбар хороонд 40 гаруй жил ажилласан Д.Самданжамцын Уяачдын Их хурлын төлөөлөгчдөд дайх таван санааг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Миний хувьд өмнө нь ММСУХ-ны зургаан удаагийн Их хуралд төлөөлөгчөөр суусан. Тус холбооны VIIIих хурал арванхоёрдугаар сарын эхээр болж, тэргүүнээ сонгон, дүрэмтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэх гэж байна. Тиймээс хурлын төлөөлөгчдөд хандан, өөрийн бодож явдаг дараах 5 санааг дайж хэлье".

НЭГ. ЭРЛИЙЗ АДУУ УРАЛДУУЛАХЫГ ХОРИГЛОЖ,
ИМПОРТЫГ НЬ ЗОГСООЁ

Монгол адууны гол онцлог нь байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд маш сайн дасан зохицсон, өвс тэжээлээ өөрөө олоод идчихдэг, нөөцөө өөрөө хуримтлуулан зарцуулдаг, өвчлөмтгий биш. Энэ чанарууд нь бусад ямар ч үүлдрийн адуунд байхгүй. Сүүлийн үед ямар ч тооцоо судалгаагүй, шинжлэх ухааны үндэслэлгүйгээр адууг хавтгайруулан эрлийзжүүлснээр морио ч уралдуулж чадахаа байлаа. Жилийн дөрвөн улиралд тэжээж, бэлтгэгдсэн, эм тариагаар тэтгэгдсэн адуутай жирийн уяачийн уясан морь уралдах боломжгүй. Эрлийз адуу уяхад жилд 3 сая төгрөгийн зардал гаргаж байгаа бол жирийн малчдад ийм боломж байхгүй.

Тэгэхээр, уралдаанд зөвхөн монгол морио уралдуулаач ээ. 2003 оны Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Зөвхөн 6 насны монгол морь уралдана” гээд заачихсан. Энэ зургаан насны монгол адууг уралдуулж, эрлийз адууг уралдуулахыг болих хэрэгтэй. Зургаан насны морь уралдуулахад MNS-40992020 гэсэн монгол адууны стандартыг баримтална. Монгол адууны үс зүс, гадаад галбир, шүдэлгээ гээд олон жилийн судалгаан дээр үндэслэсэн заалтууд энэ стандартад байдаг.

Засгийн газарт адуу импортлохыг зогсоох санал гаргамаар байна. Монголд адуу импортлох ямар ч шаардлагагүй. Нийлүүлгийн өвчин, цус багадах, халдварт ханиад гэх мэт адууны халдварт өвчнүүд импортын адуунаас тарж байна. Импортын адууг хорих зуурт морин тойруулгаа байгуулж, дараа нь тэндээ эрлийз адуугаа уралдуулдаг болох хэрэгтэй.

ХОЁР. БҮСИЙН УРАЛДААНУУДЫГ ЦЭГЦЭЛЖ, БҮСИЙН УРАЛДААНААС
УЛСЫН ЦОЛ ОЛГОДГИЙГ ЗОГСООЁ

Бүсийн уралдаан хийж бололгүй яахав, гэхдээ зохион байгуулалттай болгох шаардлагатай. Бүсийн уралдаан жил бүр 5-6 болж байна. Тиймээс цэгцэлж, гурван бүсийн уралдааныг хоёр жил тутамд зохион байгуулвал монгол морьдын уралдааны нэр хүнд өсөж, чанаржина.

Бүсийн уралдаанд уяачдад улсын цол олгодог байдлыг зогсоох хэрэгтэй. Улсын цолыг зөвхөн улсын баяр наадамд айрагдсан морьдын уяачдад өгөхөд л болох юм. Одоо гэхэд Улсын Тод манлай уяач 60, Манлай уяач 80 гаруй, бусад улсын цолтой уяач гээд 600 гаруй болоод байна.

ГУРАВ. УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН ЭРХИЙН АСУУДЛЫГ
ДҮРЭМДЭЭ ТУСГААЧ ЭЭ

Унаач хүүхдүүдийг анхаарах цаг болжээ. Хүүхдүүдийг дагуулж явсаар сургуульгүй болгох нь ч их байна. Хүүхдийн олон байгууллага байдаг ч улсын баяр наадам болохоор л гарч ирж, хүүхдийн эрх хамгаалах нэрийн доор малгай зарж, даатгал бичих юм. Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд Уяачдын холбоотой хамтран ажиллаж, сургалт семинарт хамруулах хэрэгтэй байна. Энэ асуудлыг бүсчлэн зохион байгуулж болно. Хүүхдэдээ өгч байгаа урамшуулал бас тааруу. Үндэсний их баяр наадамд шагналын 30 хувийг унаач хүүхдэд өгөх хуулийн дагуу шууд хуваарилдаг. Харин бусад наадамд уяачдын үзэмжээр хандаж байна.

ДӨРӨВ. УЯАЧДЫН ХОЛБОО НИЙТ УЯАЧДЫНХАА ЭРХ АШГИЙГ
ХАМГААЛАХ ЦАГ БОЛЖЭЭ

Уяачдын холбоо уяачдын эрх ашгийг хамгаалах ёстой Төрийн бус байгууллага. Гэвч уяачдынхаа эрх ашгийг хамгаалсан ажлыг олигтой хийдэггүй. Хэдэн цолтой уяачидтайгаа л харьцана. Хөдөөний олон уяачдад хүрч ажиллаж байгаа зүйлгүй. Залуу уяачдад сургалт семинар зохион байгуулах хэрэгтэй. Хэрэв адуу нь монгол өв соёл, үндэсний бахархал мөн бол түүнийг өвлүүлэх нь зайлшгүй биз? Уяачдын холбоо бүх аймаг, сумдад төлөөлөлтэй ийм том байгууллага. Монгол Улс хоёрхон өдөр 170 орчим мянган адуу уралддаг ийм улс. Гэтэл энэ тоо жилээс жилд буурсаар, өнгөрөгч жил 80 орчим мянга болж цөөрсөн байна.

Одоо бол энэ холбоо хэдэн цол л өгдөг байх. Малын генетик нөөцийн тухай хууль байдаг. Энэ хуулийн дагуу адуугаа бүртгэлжүүлэх ажлыг хийх болсон. Хоёр жил сүрхий хийсэн боловч орхигдсон байна. Одоо энэ ажлаа сэргээж хийх хэрэгтэй.

ТАВ. МОРИНЫ САЛБАР ХОРООГ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭР
БҮРДҮҮЛЬЕ

Морины салбар хороо гэж байдаг. Энд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахгүй бол морио шүдэлж мэддэггүй. Эрлийзийг нь монгол байна гэж оруулж, монголыг нь эрлийз байна гэж хасдаг.

Энэ жилээс бүх аймгийн уралдаан зохион байгуулдаг хүмүүсийг цуглуулж, адуун дээр нь үзүүлэх сургалт хийж “Ийм стандарт хангасан адууг монгол адуу гэж үзнэ, ингэж шүдэлнэ” гэх мэтээр ойлголтоо улс даяар нэг болгох хэрэгтэй юм. Тэгэхгүй бол энд хасагдсан адуу тэнд тэнцээд байдаг ийм хэрүүл маргаантай, учир нь үл ойлгогдох нөхцөл байдал үүсээд байна.

Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.