/2024.05.18/ Парламентад суудалтай намууд зөвшилцөж Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөн гишүүдийн тоогоо нэмсэн анхны сонгууль удахгүй болох гэж байна. Сүүлийн сар орчим горилогчид ээлж дараалан албан бус сонгуулийн сурталчилгаа “сунгаа” хийлээ. УИХ-ын гишүүд үүнийг ажлаа тайлагнаж байна гэж нэрлэсэн бол албан тушаалгүй горилогчид тэдний суганд хавчуулагдаж ажиллаа. Тэр ч бүү хэл гишүүдийн хэт их сурталчилгаанд “шатсан” Соёлын сайд Ч.Номин тэдэнтэй зэрэгцэн тайлан гаргаж горилж буй тойрогтоо тараасан хэрэг гарав. Бүсчилсэн тойргоор сонгууль явах болсон нь бүх намуудыг дээр дооргүй сандаргасан нь энэ. Бүсэд хуваагдсан гурван аймгийн сонгогчдод, дээд тал нь хагас сая шахам хүнтэй дүүргийн иргэд сонгогчидтой 14 хоногт хэрхэн уулзах вэ? гэдэг энэ улсын зовлон, горилогчдын толгойны өвчин болов.
Сонгуулийн сурталчилгааны хугацаа хэт богино байгаа нь эрх баригчдад одоогийн Улсын Их хурлын гишүүдэд ээлтэй боловч улс төрд салхи оруулах шинэ залуучуудад ямар ч боломж гарахгүй нь тодорхой болов.
УИХ дах чинээлэг гишүүд хүртэл зөвхөн ажлын тайлангаа тавих гэж нисдэг тэрэг хөлөглөжээ. Сонгуулийн зардал, жагсаалтад орох ханш хэд дахин өссөн байна. Мэдлэг, чадвар, туршлага биш мөнгө хамгийн чухал хүчин зүйл болов. Үүнийг баталж УИХ дах туршлагатай гишүүдийн нэг Н.Энхболд намын жагсаалтаар нэр дэвших эрх олон тэрбумд хүрч сонгуулийг сайхан болгоно гэж баталсан хууль нь мөнгөний сонгууль болж эхэлсэн тухай мэдэгджээ. Харин үүний хариуд Хуульзүйн сайд Б.Энхбаяр зарим намын жагсаалтад орох ханш 15 тэрбумд хүрсэнийг мэдээлэв. Тогтолцоог өөрчилж гишүүдийн тоог нэмсэн ч мөнгөний, мэдэх эрхийг хангаж чадахгүй сонгууль болох гээд байгааг сая л эрх баригчид анзаарсан бололтой. УИХ-ын гишүүн болох ханш нэмэгдэж, улс төрчдийн зодоон илтэд гаарч, намуудын дотоод өрсөлдөөн ширүүсэв.
Хамгийн эв нэгдэлтэй гэх Монгол Ардын Нам хэдэн фракцад хуваагдан ээлж дараалан сүржин мэдэгдэл хийх боллоо. Угаас тархай бутархай байсан Ардчилсан нам учраа олохгүй хэвээр.
Том тойрогт хамгийн бага хугацаанд хүрэх нь санхүүгийн чадавхитай шууд холбогддог. Тэгэхээр 126 гишүүнтэй шинэ парламентад мөнгөтэй эсвэл хуучин танигдсан гишүүд л дахин сонгогдох бололтой. Иргэдийн хувьд хуучин улстөрчдөөс нэгийг нь дугуйлахаас өөр аргагүй бололтой. Намын жагсаалтын гишүүд харин удирдлагуудынхаа хармаанд хэдийг шургуулж байгааг таашгүй.