Монгол Улс хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвар ХЭР БОЛ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадвар ХЭР БОЛ?

/2024.5.17/ Сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Энэ жил зөвхөн монголд төдийгүй дэлхийн 64 улсад сонгууль болох юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн хүн амын 49 хувь нь ямар нэгэн төрлийн сонгуульд саналаа өгөх нь. Яг үүнтэй зэрэгцээд технологийн гүйцэгдэшгүй хөгжил, сошиал медиагийн хязгааргүй хэрэглээ нь хуурамч мэдээллийг өдөөж, сонгуульд саналаа өгөх хүмүүст нөлөөлөх вий гэх болгоомжлол төрж байгаа юм.

Тиймээс Английн University College London-д докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа Г.Ганбатыг SpaceTalk ярилцлагад урьлаа. Түүний судалгааны ажлын сэдэв нь “Жижиг орнууд руу чиглэсэн зохион байгуулалттай хуурамч мэдээлэл”.

Судлаач, ярилцлагын зочин Г.Ганбат

-Судалгааны ажил нь хэр амжилттай урагшилж байна?
-Дөнгөж эхлээд л явж байна. Өнгөрөгч аравдугаар сард эхэлсэн. Энэ сэдвээр манай улсыг оруулсан судалгаа бараг алга. Энэ сэдэвт судалгааны орон зай байсан тул орохоор шийдсэн. Ер нь манай улс академик судалгаануудаас нэлээд орхигдсон. Өөрсдөө л хийж, гадны сэтгүүлүүд дээр нийтлүүлж олны хүртээл болгож байхгүй бол үнэндээ тийм ч сонирхолтой улс биш болчихоод байна. Хүн ам цөөн учир дата мэдээлэл бага, байгаа нь монгол хэлээр гэхээр хэцүү болчихоод байгаа юм. Тэгээд монголдоо шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийх гэхээр санхүүжилт дутагдалтай, гэтэл энд бол өөр. Жишээ нь, миний орсон хөтөлбөр Английн Засгийн газрын Инновацид зориулсан сангаас санхүүждэг бөгөөд энэ сангаас их сургуулиуд руу хуваарилж, оюутнуудад тэтгэлэг олгодог.

-Disinformation гэж юуг хэлж байна вэ?
-Хуурамч мэдээлэл (Fake News) гэх малгайн дотор Misinformation, Disinformation, Malinformation гэж хуваагддаг. Эдгээрээс Disinformation гэдгийг олон янзаар тайлбарладаг ч Европын комиссын тайланд “Санаатайгаар, бусдыг хууран мэхлэх зорилготойгоор үүсгэсэн хуурамч мэдээллийг Disinformation гэнэ” гэж тодорхойлсон. Харин Misinformation-ийг санамсаргүйгээр, өөрөө мэдэлгүйгээр түгээсэн хуурамч мэдээлэл гэнэ. Malinformation гэдэг нь үнэн бодит мэдээллийг бусдыг хууран мэхлэх зорилготойгоор тараахыг хэлдэг. Жишээ нь, өөр газарт, аль хэдийнээ болсон дэлбэрэлтийн зургийг яг одоо болж буй мэтээр бусдыг төөрөгдүүлэх зорилгоор ашиглахыг хэлж байгаа хэрэг. Үүнд хүний хувийн мэдээллийг олж авснаар тухайн хүнийг дарамтлах үйл ажиллагаа ч (blackmail) ордог.

Томас Рийд гэх Стэнфордод ажилладаг эрдэмтний бичсэн “Active measures: The Secret History of Disinformation and Political Warfare” гэж ном бий. Энэ номонд Оросын хуурамч мэдээллийг түүхэн цаг үеэр нь дөрөв ангилсан байдаг. Эхний үе шат нь радио түгэн дэлгэрч байсан, хоёрдугаарх нь Дэлхийн II дайнаас хойшх, гурав дах нь 1970-аад оноос хойшх, сүүлийн давалгаа нь 2010 оноос явж байна гэжээ. Энэ үеийн гол онцлог нь мэдээлэл түгэхдээ их хурдан болсон. Өмнө нь мэдээллийг бүтээх, түгээхэд хүн ажилладаг байсан бол одоо тэгэх шаардлагагүй болсон.

-Жижиг улс орнууд руу чиглэсэн хуурамч мэдээлэл гэхээр том гүрнүүдийн аль нь илүү оролцоотой байдаг бол?
-Судлаачдын үзэж байгаагаар улс төрийн зорилготойгоор хуурамч мэдээлэл түгээдэг гурван том тоглогч байна гэж үзэж байгаа юм. Үүнд, ОХУ, Хятад, Иран гурван улсыг нэрлэж байна. Оросын худал мэдээллийн кампанит ажил нь 2016 оноос хойш буюу Д.Трампын сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болон Их Британид болсон Brexit-ийн санал асуулгын дараа халуун сэдэв болсноор судлагдаж эхэлсэн. Түгээж байгаа арга хэлбэр нь сошиал медиа болон уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл.

Ингэхдээ төрийн мэдээллийн хэрэгслээ мөн давхар ашигладаг, тухайлбал, Russia Today, Спутник, Балтньюс, Известия зэрэг. Энэ төрийн мэдлийн агентлагуудаар гарсан мэдээллүүдээ сошиал медиагаар бот, тролл фарм ажиллуулж түгээдэг.

Зөвхөн пост түгээхээс гадна сэтгэгдэл бичих, сошиалд өрнөж байгаа хэлэлцүүлгийг бусниулах, өөр тийш чиглүүлэх зэрэг зорилготой тролл фармууд ажиллана. Хамгийн алдартай тролл фарм нь Вагнер группийн эзэн Евгений Пригожины ажиллуулдаг байсан Санктпетербургт төвтэй, Internet Research agency юм. Судлаачид “St Peterburg Troll factory” гэж нэрлэдэг. Энэ нь 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр идэвхтэй ажилласан байна.

-Хэн рүү чиглүүлж, хэрхэн гаргадаг бол?
-Сошиал медиа дээр янз бүрийн өнцөг гаргадаг, зорилтот бүлгүүдтэй. Жишээ нь, 2016 онд Оросын медиа дээр гарсан мэдээллүүд нь өнгөт арьстай америкчуудыг чиглэж, тэдэнд зориулсан мэдээллийг цацдаг байсан. Твиттер, Реддит зэрэг сайтуудын дата дээр ажилласан олон төрлийн судалгаа байдаг. Эдгээрт зураг, мийм ашигласан, линкүүд хавсаргасан сошиал медиа постууд, хэлэлцүүлгүүд ихээр өрнүүлсэн байна гэдэг. Оросод өрнөсөн ажиллагаа нь Трампыг дэмжсэн өнгө аястай байж. Эсрэгээрээ Иранд болохоор Трампыг эсэргүүцсэн агуулгатай мэдээлэл цацдаг кампанит ажлыг явуулж байжээ гэх судалгаанууд гарсан. Ираных Саудын Араб, Израйлын эсрэг агуулгатай байдаг бол Хятадынх Тайвань руу чиглэсэн, Хонконгын жагсаалын үеэр Хонконг руу чиглэсэн мэдээллүүд гаргажээ гэж үзсэн байна. Хятадын тролл фарм бол 2 сая бодит хүн ажиллуулдаг байсан гэх судалгаа ч харсан.

-Хэрхэн илрүүлж байна вэ?
-Илрүүлж байгаа гол аргууд нь NLP загвар үүсгэж, машин сургана. Ажилладаг гол дата нь Reddit-ийн дата байсан. Энд монгол хүн цөөн, монголын талаарх хэлэлцүүлэг явагддаггүй учир монголчуудыг сонирхохгүй байгаа юм. Өмнө нь Твиттерийн датаг бас ашиглаж, мэдээллийн эх үүсвэрийг таних модель сургадаг байсан. Нэрээ ойр ойрхон сольдог юм байна, бичсэн зүйлсээ устгаад байдаг юм байна зэрэг троллыг таних өгөгдлийг гаргаж байгаад, түүнийхээ дагуу модель сургаж, таньдаг болно гэсэн үг. Харамсалтай нь, твиттерийн эзэн өөрчлөгдсөнөөс хойш дата баазад нэвтрэх эрх нь асар өндөр үнэтэй болсон учир судлаачид тэндээс мэдээлэл авахад төвөгтэй болсон.

-Хуурамч мэдээлэл зөвхөн улс төрийн зорилготой байх уу?
-Улс орнуудаас гадна гэмт хэргийн бүлэглэлүүд бас disinformation-ийг ашиглаж гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдлууд бий. Жишээ нь, хоёрдугаар сард Хонконгод төвтэй, үндэстэн дамнасан том компанийн Санхүү эрхэлсэн захирлын дүрстэй deepfake ашиглаж, видео дуудлага хийсэн байдаг. Тухайн компанийн Санхүү эрхэлсэн захирал нь Англид амьдардаг байсан бөгөөд компанийн удирдлагуудтай видео хурал хийж, улмаар компанийхан нь итгэснээр 25 сая доллараа алдсан тохиолдол гарсан. Тэгэхээр deepfake цаашдаа ч нэлээн асуудал үүсгэх нь. Хувь хүмүүсийн түвшинд ч мөн disinformation буюу хуурамч мэдээллийг зориудаар түгээх ажлыг хийж байна. Шалтгаан нь, хандалт их авбал мөнгө олдог сошиалын бизнес загвар нь хувь хүмүүс хандалт олохын төлөө янз бүрийн бичлэг, хаанаас ч хамаагүй олоод эсвэл хийгээд цацаж, түгээхэд хүргэж байгаа юм. Нэг загвар нь Х-д бас байгааг бид бүхэн мэднэ.

Улстөрийн зорилготой гэвэл Оросын том гүрнүүд рүү чиглэсэн ажиллагаанаас гадна хөрш жижиг улсууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа ч бас явуулдаг. Хамгийн түгээмэл нь Балтийн гурван орон (Эстони, Латви, Литви), Украиныг чиглэсэн ажлууд бий. Сүүлийн үед буюу хоёрдугаар сараас хойш харж байхад Балтийн гурван орон бол дархлаатай болж ирсэн, тийм учир оросын хуурамч мэдээллүүд Герман, Франц руу нэлээн чиглэсэн байна гэж бичих болж. Германд нэлээн том тролл фармыг илрүүлж устгалаа, Францад мөн зуу гаруй хуурамч мэдээллийн сайтыг илрүүллээ гэх мэдээлэл гарсан.

-Ямар үед хуурамч мэдээллийн аян идэвхждэг вэ?
-Сонгууль зэрэг олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээний үеэр идэвхждэг. Мөн дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөний үед. Хүмүүсийн сайн мэдэх нь ковидын үед хуурамч мэдээлэл нэлээд идэвхжсэн. Сэдвийн хувьд эрүүл мэнд, улс төр, санхүүгийн гэх зэргээр хуваагдана.

-Хэрхэн тэмцэж байна вэ?
-Хараат бусаар ажилладаг Баримт шалгах төв-үүд улс бүрт ажиллаж байна. Гэхдээ энэ нь дандаа хуурамч мэдээлэл тарсны дараа хийгдэж байгаа ажил болчихоод байгаа юм. Урьдчилан сэргийлэх ажил явуулахгүй бол нэгэнт хуурамч мэдээлэл тарж, хүмүүс итгэсний дараа үгүйсгэл хэчнээн хийсэн ч үр дүнтэй биш юм байна гэх саналууд гарах болсон.

-Балтын гурван орны хуурамч мэдээллийн эсрэг дархлаа сайжирсан гэж хэллээ. Дархлаа гэж юуг хэлж байна вэ, яаж үүнийг суулгасан байж болох вэ?
-Дархлаа (resilience) гэхээсээ илүүтэй сөрөн тэсвэрлэх чадвар гэж буулгавал зүгээр байх. Ямар байвал сөрөн тэсвэрлэх чадвартай гэж үзэх вэ гэдэг судалгаа байдаг. Тэнд хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадварыг илтгэх зургаан зүйлийг дурдсан байдаг.

  1. Нийгэмд талцал хуваагдал, туйлшрал нь илүү өндөр түвшинд байгаа үед түгдэг. Тэгэхээр нийгмийн талцал ямар түвшинд байна гэдгээс шалтгаална.
  2. Популист коммуникаци буюу шуугиан хөөсөн мэдээлэл тухайн улсад хэр их байдаг, иргэд нь хэр их түүнд автдаг вэ гэдгээс шалтаална.
  3. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэл ямар байна вэ.
  4. Сошиал медиа хэрэглээний түвшин (идэвх),
  5. Үндэсний олон нийтийн хэвлэл мэдээлэл (сурв: Манай улсын хувьд МҮОНТВР) нь хэр хүчирхэг, тусгаар үйл ажиллагаа явуулж байна вэ
  6. Зах зээлийнх нь хэмжээ

Манай улсын хувьд нарийн судлагдаагүй ч, бодоод үзэхээр, сөрөн тэсвэрлэх чадвар сул л харагдаад байгаа юм. Сонгуулийн үед ялангуяа талцал туйлшрал нь нэмэгддэг, сенсааци хөөдөг, хэвлэл мэдээлэлд итгэх итгэл нь сул, сошиал медиад маш их идэвхтэй, амнаас ам дамжсан мэдээлэлд итгэдэг уламжлалт соёлтой зэргээс анзаарвал хуурамч мэдээлэлд эмзэг болж байх шиг. Оросын Балтын гурван оронд явуулж байсан хуурамч мэдээллийн өөр нэг зорилго нь өөрсдийнхөө иргэдийн дунд мөн айдас үүсгэх байсан. Жишээ нь, Латви бил үү Литвад цөмийн зэвсэг байршуулсан байна гэх мэдээлэл гарч байсан. Манай улсын тухайд мөн адил Пентагон биологийн зэвсгийн лабораторийг Монголд байгуулжээ гэж мэдээлж байсныг санаж байгаа байх.

Европ руу чиглэсэн Оросын хуурамч мэдээллийн кампанит ажлуудыг гурав хувааж үзсэн байгаа юм.

  • НАТО, эсвэл Европын холбоо зэрэг эвсэл рүү чиглэсэн хуурамч мэдээллийг түгээх,
  • Улс хооронд үл ойлголцол үүсгэх
  • Улс дотор нь хуваагдал үүсгэх

-Айдас дээр нь суурилж хуурамч мэдээллийг түгээж, илүү хүчтэй болгодог байх нь.
-Тухайн улс үндэстэн, хүмүүсийн өмнө нь байсан итгэл үнэмшил дээр нь дөрөөлж, хуурамч мэдээллийг түгээдэг. Жишээ нь, америкт хар арьст америкчуудын эрх маш ихээр зөрчигдөж байна гэх ч юм уу. Монголд болохоор бидний хувьд “Хятадаас айх айдас” гэдэг сэдэв дээр дөрөөлж хятадаар айлгах бодлого барьдаг. Хэдхэн жилийн өмнө нарийн царигтай төмөр зам барьвал хятадууд ороод ирнэ гэдэг сэдвийг хөндөхөд маш олон хүн итгэж байсан.

Эсвэл “Коммунизмын үед их гоё байсан шүү” гэж хуучнаа санагалзах, өмнөх итгэл үнэмшил дээр нь хуурамч мэдээлэл түгээдэг. Харин Хятадын зүгээс ирж байгаа хуурамч мэдээллүүд нь шашны асуудал дээр илүү байгаа харагддаг. Х Богдын асуудал дээр илүү анзаарагдана.

-Хуурамч мэдээлэлтэй хийх тэмцэлд төрийн оролцоо ямар байж болох вэ?
-Авторитар дэглэмтэй улс орнууд хуурамч мэдээлэлтэй тэмцэж байна гэх нэрийн доор иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах, цензур тогтоох, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хяналтаа тогтоох зорилгоор ашиглаж болзошгүй гэх болгоомжлол байдаг. Саяхан жишээ нь Хүрэлсүх Ерөнхийлөгчийг хятадаар яриулж буй мэт deepfake видео цацагдсан. Түүний дараа УИХ-ын дарга Занданшатарыг мөн испаниар яриулж байгаа видео цацагдсан. Гэтэл Ерөнхийлөгчийн видео хийсэн хүмүүст хариуцлага тооцсон гэж байсан. Тэгэхээр ийм төрлийн видео хийсэн хүн бүхнийг барьж хориод байх ёстой юу, тэр нь зөв үү буруу юу, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн үү биш үү гэсэн хэлэлцүүлгүүд зайлшгүй явагдана. Зарим улс орон бол AI-аар хийсэн бол түүнийхээ тэмдэглэгээг заавал хийнэ гэдэг зохицуулалтыг хийгээд байна. Харин Солонгосын Эрүүгийн хуулиар олны танил хүний царайг ашиглан deepfake порнограф хийвэл ялтай гэж орсон байх шиг байсан.

-За тэгээд сонгуулийн үеэр хуурамч мэдээлэл ашиглаад, өөр орноос манай улсад нөлөөлөх оролдлого хийлээ гэж бодъё. Тэгээд юу гэж?
-Нөлөөллөө тогтоох гэдэг нь өөрийнхөө талын, хожим нь өөрийнх нь хүссэн шийдвэрийг гаргаж байх тийм хүнийг эрх мэдэлд хүргэх зорилготой гэдэг утгаар юм. Түүнээс шууд нөлөөлөл бас биш л дээ.

Ярилцлагыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй
О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.