ДЭМБ-тай 2024-2028 онд хамтран ажиллах стратегийн баримт бичиг байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ-тай 2024-2028 онд хамтран ажиллах стратегийн баримт бичиг байгууллаа

/2024.05.01/: Монгол Улсад 2024-2028 онд хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны стратегийн баримт бичиг байгуулах арга хэмжээг өчигдөр ЭМЯ-нд зохион байгуулав.

Уг баримт бичигт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Сайа Ма’у Пиукала нар гарын үсэг зурж баталгаажууллаа.



Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДЭМБ нь хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх замаар улс орны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг чухалчилж байгааг онцлоод “Улс орныг дэмжих хамтын ажиллагааны энэхүү стратегийн баримт бичгээр дамжуулан ДЭМБ-аас Монгол Улсын Засгийн газарт таван тэргүүлэх чиглэлийн хүрээнд дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Тухайлбал, бүх нийтийн хамралтад хүрэх, улмаар эрүүл, аюулгүй, чанартай амьдралыг цогцлоох зорилтыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
Цаашлаад ДЭМБ-ын үйл ажиллагааны 14 дүгээр ерөнхий хөтөлбөрийн үзэл санаа, агуулгын хүрээнд өөрчлөгдөн буй дэлхий ертөнцийн нөхцөл байдал, түүнээс хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг сөрөн тэсвэрлэж, өөрчлөлтөд соргог байж, сорилтыг боломж болгон өөрчлөх чадавхийг бий болгох замаар эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаараа энэ удаагийн Стратегийн баримт бичиг онцлогтой” хэмээсэн юм.



ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоорондын 2024-2028 оны хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх үндсэн чиглэлийг танилцуулсан. Тухайлбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах өндөр гүйцэтгэлтэй тогтолцоог бий болгох, монгол хүн бүрийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ирээдүйд соргог шуурхай байх чадварыг бий болгох болон эрүүл мэндийн төлөөх дэлхий дахины болон бүс нутгийн түншлэлийг өргөжүүлэх асуудлууд багтаж буйг танилцуулсан.
Тэрбээр “Стратегийн баримт бичгийн гол зорилго нь Монгол Улсад дундаж наслалтыг нэмэгдүүлсэн ахиц дэвшлээ тууштай хадгалах, цаашид эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэх, энэ талбар дахь тэгш бус байдлыг арилгах, эрсдэлт хүчин зүйлсийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэв.



1991 оноос хойш дэлхий нийтээрээ дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талын арга хэмжээ авч үр дүнд хүрч буй ч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт ялгаатай хэвээрээ байгаа. Тиймээс уг асуудлыг шийдэхэд ДЭМБ туслалцаа үзүүлэхээр зорьж байгаа юм байна.
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др Сайа Ма’у Пиукала өнгөрсөн жил Ази, Номхон далайн бүсийн парламентчдын чуулга уулзалтад оролцсон талаараа дурдаад “Тухайн үед Монголд анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан малчдад хэрхэн хүргэж байгааг харсан учраас тус технологийн дэвшлийг ирэх дөрвөн жилд үйл ажиллагаандаа түлхүү нэвтрүүлэх нь зүйтэй юм.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын асуудлыг бусад салбар, түншүүдийн оролцоогүйгээр шийдэх боломжгүй. Тиймээс ДЭМБ нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Суурин төлөөлөгчийн газар болон ЭМЯ, бусад салбар, түншүүдтэй хамтын ажиллагаагаа уялдуулахыг чухалчилж байгаа” гэдгийг онцоллоо.

Шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлтээ илэрхийллээ
Шүдний эмч, шүдний эрүүл ахуйч бэлтгэхэд хамтрах хүсэлтээ илэрхийллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.