Улаанбаатар хотод нэмж худаг гаргах зөвшөөрөл олгохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар хотод нэмж худаг гаргах зөвшөөрөл олгохгүй

/2024.04.30/: БОАЖЯ-наас сар бүр хийдэг “Хэвлэлийн бага хурал”-аар дараах асуудлаар мэдээлэл өглөө.

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР

Тус ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд төвлөрсөн 8 байршилд мод тарих үйл ажиллагааг 2024 оны 5 дугаар сарын 11-18-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг 310 орчим байгууллагуудын ажилтан албан хаагчид хамрагдана.

2023 ОНД ТАРЬСАН МОДНЫ УРГАЛТЫН ЯВЦ

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд төвлөрсөн байршилд 2021 оны намрын улирлаас эхлэн таригдсан моддын өвөлжилтийн дараах тооллого, амьдралын хувийг тогтоох, нөхөн тарилтыг зохион байгуулах, тарьсан моддын усалгаа, арчилгааг тарьсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан гүйцэтгэх ажлыг 2024 онд зохион байгуулахаар төлөвлөж байна.

2024 оны төлөвлөгөө – “ОЙЖУУЛАЛТ” хөтөлбөр

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэнэ.

ҮҮНД:

  • Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг ойн нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах ажлыг 2.4 мян.га талбайд явуулж 4 сая мод тарина;
  • Цөлжилтийг сааруулах хамгаалалтын ойн зурвас, агро ойн аж ахуйг 4 байршилд 130 га талбайд байгуулна;
  • Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ;
  • Хөвсгөл, Завхан, Дорнод аймгуудын ойн санг бүртгэх, ой зохион байгуулалтын ажлыг 5 сая га талбайд зохион байгуулна;
  • Ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг 1.3 мян.га талбайд зохион байгуулна;
  • Ойн санг хамгаалах, ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээг 330 мян.га талбайд зохион байгуулан 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс хамгаална;
  • Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 400 км түймрийн зурвасыг шинээр байгуулах, 235 км зурвасыг арчлах ажлыг зохион байгуулна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР

Дөрөвдүгээр сарын 19-ны байдлаар Монгол Улсад 120,250 жуулчин ирсэн байна.

Өвлийн аялал жуулчлалд зориулсан 42 эвент арга хэмжээг БОАЖ-ын зүгээс зохион байгуулжээ.

Хууль эрх зүйн хүрээнд:

"Хил орчмын аялал жуулчлал”- журмыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулав.

Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан Хялганат хээр, Дарьгангын тэгш өндөрлөгийн хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгох Засгийн газрын тогтоол гарлаа.

Монгол Улсын Засгийн газар, Дэ Нэйче консерванси байгууллагатай хамтран уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийг хамгаалах цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийг баталлаа.

“Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтуудыг дэмжих, тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэн тэлж, түүнийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 15 жилийн хугацаанд 198 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгох хэлэлцээрийн түншлэл юм. Одоогоор 71 сая ам.долларыг нь олон улсын хандивлагчдаас бүрдүүлж, “Монголын байгалийн өв” байгаль хамгааллын итгэлцлийн санд төвлөрүүлээд байна. Энэхүү санхүүжилт нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг урт хугацаанд тогтвортой менежментээр хангаж, Монголын ард түмэнд өнөө болон ирээдүйд байгалиа хамгаалах тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоход зохих дэмжлэг, боломжийг бүрдүүлэх юм.

ГАЗАР АШИГЛАХТАЙ ХОЛБООТОЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛЛАА

Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем (www.e-business.mn)-ээр албан хүсэлтийг хүлээн авч эхэлснээс хойш нийт 239 албан хүсэлтийг цахимаар хүлээн авсан бөгөөд материалын бүрдэл хангасан 65 хүсэлтийг “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн байна.

УСНЫ ГАЗАР - УЛААНБААТАР ХОТОД НЭМЖ ХУДАГ ГАРГАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ

Нийслэл хот, зуслан, суурьшлын бүсэд нэгдсэн төлөвлөлтгүйгээр ундны усны зориулалтаар худаг гаргах нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, улмаар хүрээлэн буй орчин, хөрс усны бохирдлыг бий болгож, усны нөөцийг хомстуулах шалтгаан болж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотод худаг гаргах зөвшөөрлийг олгохгүй байх шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Усны тооллогын 2023 оны дүнгээр Улаанбаатар хотын хэмжээнд нийт 17000 худаг, улсын хэмжээнд 70452 худаг байгаа бөгөөд Усны газраас тоолууржуулалтын 2 дугаар аяныг өрнүүлэн, усны нөөцөд тулгуурласан менежментийг хэрэгжүүлж, худгийн зөвшөөрлийг тоолууржуулалтын системтэй уялдуулах нь ус ашиглалтын балансыг нарийвчлан тодорхойлох, усны нөөцийг хэмнэх, улмаар бохирдож, хомстохоос хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх арга замын нэг юм.

КАРБОН МАРКЕТЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС МАЛЧИД АШИГ ХҮРТЭЖ ЭХЭЛЛЭЭ

Одоогийн байдлаар ХасБанк, Клин Энержи Ази ХХК, Монголын бэлчээрийн менежментийн холбоо ТББ нь эрчим хүчний хэмнэлт, газар ашиглалт, бэлчээр, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сайн дурын нүүрстөрөгчийн зах зээлийн шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлсэн байна. Монгол Улсаас Гоулд Стандарт (Gold Standard), Верра (Verra) болон План Виво (Plan Vivo) гэсэн олон улсын сайн дурын нүүрстөрөгчийн зах зээлд тус тус 1 төсөл нийт 3 төсөл бүртгүүлээд байна. Эдгээр төслүүдийн хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлж хүлэмжийн хийн чөлөөт зах зээлээс орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.