Намуудын мөрийн хөтөлбөр ЯАГААД ГОЛОГДОВ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намуудын мөрийн хөтөлбөр ЯАГААД ГОЛОГДОВ?

/2024.4.11/ Үндэсний аудитын газарт УИХ-ын сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө илгээсэн 27 нам, 2 эвслийн мөрийн хөтөлбөрт засвар орох шаардлагатай болсон талаар тус газраас мэдээлэв.

Ингээд хууль заасан тав хоногийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө засаж, дахин илгээх шаардлагатай боллоо.

ЯАГААД НАМУУДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ГОЛОГДОВ?

Үндэсний аудитын газраас дараах зөрчлүүдийг намуудын мөрийн хөтөлбөрөөс "илрүүлсэн" гэдгээ мэдээлсэн юм. Үүнд:

  • Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.3-дахь хэсэгт тусгасан сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон асуудлыг тусгасан;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5.3-т заасан Улмын Их Хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон Улсын Их Хурлаас баталсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлээгүй,
  • Санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан зорилт, арга хэмжээ тусгасан ч зардлын дүнг тооцоолж ирүүлээгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагад нийцүүлээгүй гэсэн үндэслэл бүхий дүгнэлт гарган 29 нам, эвсэлд гардуулан өгч, зөрчлийг арилган дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлэх тухай зөвлөсөн байна.

ХУУЛЬД ЮУ ГЭЖ ЗААСАН БЭ?

Намуудын мөрийн хөтөлбөрт дараах зүйлсийг багтаахыг хуулиар хориглодог. Үүнд:

38 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр

38.1.Сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

38.2.Нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:

38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;

38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;

38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.

Түүнчлэн дараах заалтыг тусгасан:

38.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого нь Алсын хараа 2050 хөтөлбөр юм. Энэхүү урт хугацааны бодлогын цөмийг хүн хэмээн тодорхойлсон бөгөөд 9 зорилго, 47 зорилтоос бүтнэ. Ингэхдээ дараах үе шатуудад хөгжлийн бодлогыг тусгасан. Үүнд:

  • 2021-2030
  • 2031-2040
  • 2041-2050 хүртэлх хугацааг хамардаг.

Та бүхэн Алсын хараа 2050 бодлоготой танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Дашрамд сонирхуулахад, Хүний эрхийн Үндэсний комиссоос Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн намуудын удирдлагыг хүлээн авч уулзахдаа манай улсад тулгамдаад буй хүний эрхийн 10 асуудлыг жагсаан, тэдгээрийг шийдвэрлэх бодлогуудыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг зөвлөсөн билээ.

Иргэний биед зөвшөөрөлгүй хүрсэн үйлдлийг шалгаж байна
Иргэний биед зөвшөөрөлгүй хүрсэн үйлдлийг шалгаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.