/2024.04.08/: “Төрийн бүтээмжийн сэргэлт- эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтын үдээс өмнөх хуралдааны дараа зөвлөлдөх уулзалтын гол илтгэлийг танилцуулсан эрхмүүд болон оролцогчдын төлөөллөөс эрүүл мэндийн салбарын цахимжилтын талаар байр суурийг нь сонслоо.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Дэлхийн банкны дэмжлэгээр эрүүл мэндийн салбарт хэрэгжих цахим эрүүл мэнд төсөл 19,5 сая ам.долларын санхүүжилтээр эхэлсэн ч ач холбогдол, үнэ цэнийг нь иргэд мэдрээгүй. Хөндлөнгийн аудитын дүгнэлтээр 34 хувийн хэрэгжилттэй гэж гараад Дэлхийн банк энэ төслийг зогсоосон.
Ерөнхий сайд захирамж гаргаж ажлын хэсэг байгуулан надаар ахлуулж иргэдэд саад болоод байгаа гацааг гаргах үүрэг өгсөн. Энэ дагуу Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой хамтарч Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, И монгол, Үндэсний дата төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, хувийн хэвшлийн цахим хөгжүүлэлт хийж буй байгууллагуудыг нэгтгэсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулснаар гурван сарын хугацаанд үр дүн гарч байна.
Хувийн эмнэлгүүд дээр очиход бүгд цахимжсан, хоорондоо мэдээллээ солилцоод байдаг ч “Хур” системтэй холбоогүй. Мэдээлэл солилцох журам байхгүй. Олон жил хэрэгжүүлээд явчихсан системд нь огт өөр шинийг оруулж ирээд дага гээд тулгачихаар гацаа үүссэн.
Тиймээс Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжлийн сайд хамтраад мэдээлэл солилцох журмыг батлах, тухайн системд тавигдах шаардлагыг батлах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж Засгийн газраас шийдвэр гаргуулсны үр дүнд 800 гаруй эмнэлэг хоорондоо бүгд холбогддог болсон. Эхний үр дүн эмийн жор И Монголд орж, “Хур”-д холбогдсоноор бүх байгууллага хэрэглээд эхэллээ. Эмийн жор орно гэдэг хуурамч эмээс сэргийлэх, гаж нөлөө, үйлчилгээний талаар мэддэг болох гээд олон давуу талтай. Өнөөдрөөс шинжилгээний хариу, дүрс оношлогооны дүгнэлтийг оруулдаг болох гэж байна. Аль ч эмнэлэгт очсон өөрийнхөө өгсөн шинжилгээг мэдээллийн системээс татуулаад ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Дээр нь жирэмсний хяналтын карт, эх хүүхдийн дэвтэр, вакцины картыг “Хур”-тай холбож байна. Ингэснээр хамгийн наад зах нь хүүхдийнхээ вакциныг хийлгэх хугацааны тухай мэдээллийг гар утсаараа хүлээж авна.
Нэг үгээр цахимжилт нь эрүүл мэндийн салбарын хүнд суртлыг арилгахад том нөлөө үзүүлж байгаа төдийгүй ямар программ ашиглаж буйгаас үл хамааран программ хоорондын интеграц хийгдээд ирэхээр эрүүл мэндийн салбарт эрх чөлөөг олгож байгаа юм.
Амаргүй ажил байлаа. Гэхдээ ЭМЯ маш сайн дэмжсэнээр бид богино хугацаанд үр дүн гаргаж чадаж байна.
С.ЭНХБОЛД: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АШИГЛАЖ БУЙ 37 ПРОГРАММЫГ ХООРОНД НЬ ИНТЕГРАЦ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:
-Эрүүл мэндийн салбарт 21 аж ахуйн нэгжийн 37 программ ашиглаж байсан. Эмнэлэг бүр өөр дээрээ сервертэй, өөрийн датаг үүсгэдэг байсныг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг ажиллаж, 37 программыг хооронд нь интеграц хийх боломжийг бүрдүүллээ.
Эмнэлгээр үйлчлүүлсэн хүн өгсөн шинжилгээнийхээ хариуг ч юм уу, эмчийн магадалгаа зэргийг И Монголд оруулсан 35 нэр төрлийн үйлчилгээний дагуу гар утсан дээрээ татаж авах боломжтой болж байна.
Интеграц хийхэд цаг хугацаа орно, 37 төрлийн программыг холбон, тэнд үүссэн мэдээллийг нэгтгэж “Хур” системд холбоход сервер, дэд бүтцийн асуудал яригдана. Энэ бүгдийг үе шаттайгаар хийж өнөөдрийн байдлаар 706 эрүүл мэндийн байгууллага хоорондоо мэдээллээ солилцдог боллоо.
Амбулаторийн карт цахим болж байгаагаар иргэд эмнэлгийн картууд, шинжилгээний хариу гээд бөөн цаасыг авч яваад байх хэрэггүйгээр лавлагаа шатлалын эмнэлэг дээр ирэхэд мэдээллийг нь цахимаас буюу нэгдсэн системээс авах боломжтой.
С.НАРАНТУЯА:МЭДЭЭЛЛЭЭ ХУРДТАЙГААР СОЛИЛЦОЖ ЧАДАХ НЬ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ТУСТАЙ
АШУҮИС-ийн төв эмнэлгийн менежер С.Нарантуяа
-Салбарын цахимжилт техник технологи, ажиллах хурд, мэргэжлийн ур чадвараас ихээхэн хамаарч байгаа. Эмч нарын хувьд сүүлийн үед хүчин чадал сайтай компьютерүүдтэй болсон. Мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулж байгаа учраас цаашдаа улам үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.
Намайг орон нутагт ажиллаж байхад манайх Люксембургийн зүрх судасны болон эх нярайн төслийг хэрэгжүүлж байлаа. Энэ үед мэрэгжилтнүүд бүгд цахимаар мэдээллээ солилцоод маш үр дүнтэй ажилласан.
Өнөөдрийн байдлаар миний ажиллаж байгаа АШУҮИС-ийн эмнэлэг бүрэн цахимжсан. Эмч нар мэдээллээ маш хурдтайгаар солилцож тэр хэрээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчлэхэд ихээхэн тустай байгаа.
Эмийн жор цахимжсанаас гадна Эрүүл мэндийн даатгалаас тусламж үйлчилгээний чанар үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилт цахимжсан нь үйл ажиллагаанд томоохон дэвшил авчирч байгаа юм.
Эх сурвалж: ЭМЯ