MIRA нэртэй мэс заслын роботыг сансарт жингүйдлийн орчинд амжилттай туршлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

MIRA нэртэй мэс заслын роботыг сансарт жингүйдлийн орчинд амжилттай туршлаа

New Era of Surgical Innovation: spaceMIRA Robot Successfully Tested from  Earth

/2024.02.19/: Эрүүл мэндийн технологийн хөгжил эрчимжиж, дараагийн шатандаа гарч байгааг гэрчлэх нэг үйл явдал болсон нь жингүйдлийн буюу сансрын орчинд алсын удирдлагатай робот ашиглан, мэс заслын туршилт хийсэн явдал байлаа.

University of Nebraska–Lincoln (UNL) их сургуулийн эрдэмтэн судлаачдын хөгжүүлсэн уг бяцхан роботыг олон улсын сансрын станц дээр байрлуулж, туршлагатай мэс засалчдын баг дэлхийгээ удирдан ажиллуулсан бөгөөд уг туршилтын үйл явцыг АНУ-ын өнцөг булан бүрт оршин суудаг мэс заслын эмч нарт шууд толилуулжээ.

MIRA (Miniaturized In Vivo Robotic Assistant) нэртэй роботын төслийг Virtual Incision компани санаачилж, хөрөнгө оруулсан ба компанийн үүсгэн байгуулагч, UNL их сургуулийн судлаач Шэйн Фарриторын шууд удирдлага доор MIRA-г бүтээсэн юм. Энэ төхөөрөмж нь хамгийн жижиг хагалгааны робот гэж одоогоор тооцогдож байгаа бөгөөд сансар дахь туршилтыг амжилттай давсан хагалгааны туслагч робот болоод байна.

Innovative Surgical Robot Tested in Zero Gravity Conditions

Туршилтыг эмч нарын баг гардан гүйцэтгэсэн бөгөөд Хьюстон хотод амьдардаг мэс засалч, Линкольн хот дахь Virtual Incision компанийн төв байран дахь консолыг ашиглан, роботын гар хөлийг удирдаж ажиллуулжээ. MIRA-ийн туршилт амжилттай болсон нь жингүйдлийн орчинд ийм роботыг ашиглах бүрэн боломжтойг нотлоод зогсохгүй, дэлхий дээр ч алсын зайнаас хийгдэх мэс заслын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах нь гарцаагүй юм.

Сансарт нисгэсэн анхны мэс заслын роботыг олон улсын сансрын станцад хүргэх зардлыг NASA агентлагийн EPSCoR хөтөлбөрөөс гаргаж, SpaceX компанийн пуужингаар тойрог замд оруулсан. Хагалгааны үеэр UNL их сургуулийн докторант Рэйчел Вагнер NASA-ийн удирдлагын үйл ажиллагааны төвтэй нягт холбоотой ажиллаж, хагалгааны үйл ажиллагаа амжилттай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн ажээ.

Хэдийгээр дэлхийгээс сансарт хүртэл илгээх болон хүлээн авах дохионы хувьд тодорхой хоцрогдол гардаг ч мэс заслын багийнхан SpaceMIRA-г амжилттай удирдаж, хөдөлгөөний нарийвчлал, уян хатан байдлыг бүрэн дүүрэн ашиглаж чадсан байна. Өөр дээрээ камер болон хиймэл гартай роботыг алсыг хөдөлгөх замаар тусгай зориулалтын туршилтын хайрцаг дотор мэс заслын даалгаврыг ямар нэг алдаа эндэгдэлгүй гүйцэтгэжээ.

Ийнхүү дэлхийгээс гадна орчинд анх удаа хагалгааны туршилт амжилттай хийсэн нь олныг гайхшруулсан үйлдэл болсон бол дэлхийн өнцөг булан бүр дэх эрүүлийг хамгаалах чиглэлийн мэргэжилтнүүд энэ мэдээллийг хамгийн ихээр талархан хүлээн авч байна. Учир нь энгийн дизайн, авсаархан бүтэц, хэрэглэхэд хялбар зэрэг давуу талуудтай тул SpaceMIRA-г эрүүл мэндийн төрөлжсөн тусламж үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал бүс нутгуудад хүргэх мэс заслын тусламжийн хүртээмж нэмэгдэх нь дамжиггүй юм.

Энэ үйл ажиллагааны ачаар алсын зайн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах боломж бүрдэж, дэлхий болон сансрын орчныг зааглаж байсан эрүүл мэндийн үйлчилгээний орон зай улам бүр ойртож байна гэсэн үг. Цаашилбал, сансар судлалын агентлагууд болоод эрүүл мэндийн байгууллагуудын шинжлэх ухааны хамтын ажиллагаа ч шинэ түвшинд гарах боломж бүрдэж байгаагийн нэг жишээ нь Virtual Incision компани, UNL их сургууль, NASA агентлагийн дээрх жишээ бүрэн нотлон харуулж байгаа билээ.

MIRA Surgical robot aces zero-gravity challenge in space

SpaceMIRA роботын хагалгааны туршилт нь дан ганц мэс заслын үйл ажиллагаагаар тогтохгүй өөр олон чиглэлийн эмч мэргэжилтнүүд, инженерүүдэд шинэ санаа, урам зориг өгч, цаг хугацаа орон зайн саадтай тулгардаг олон чухал асуудлуудыг инновацийн аргаар шийдвэрлэх түлхэц болно гэж итгэж байна.

Эцэст нь дүгнэхэд энэхүү мэс заслын роботын туршилт амжилттай болсон нь робот ашигласан мэс засал болон зайнаас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр шинэ амжилт тогтоож, дэлхийгээр тогтохгүй сансар огторгуйн уудамд ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, түүн дотроо мэс заслын эмчилгээний практикийг өөрчлөх хэмжээний томоохон үйл явдал боллоо гэж үзэж болох юм.

Эх сурвалж: interestingengineering

“Сэтгэлийн тусгал” малчдад туслах аянд нэгдэхийг УРИАЛЖ байна
“Сэтгэлийн тусгал” малчдад туслах аянд нэгдэхийг УРИАЛЖ байна
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.