SpaceTalk#13: PISA үнэлгээний үр дүнд боловсролын салбар ИНГЭЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SpaceTalk#13: PISA үнэлгээний үр дүнд боловсролын салбар ИНГЭЖ ӨӨРЧЛӨГДӨНӨ

/2023.12.25/ Монгол Улс 2022 онд анх удаа PISA олон улсын үнэлгээнд хамрагдаж, анх удаа оролцсон зургаан улс орноос хамгийн өндөр оноог авлаа. Энэ шалгалтад 81 улс орны 15 настнууд хамрагдсан бөгөөд манай улсаас 193 сургуулийн 7276 сурагч орсон юм. Шалгалтын үр дүнтэй ЭНД ДАРЖ танилцаж болно.

Твиттер орчинд болдог SpaceTalk ярилцлагын булангийн 13 дах удаагийн зочноор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцлоо. Түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ твиттерээс сонсох боломжтой.

SpaceTalk ярилцлагын зочин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан

-PISA шалгалтын үр дүн өнөөгийн боловсрол олгож буй монголын системтэй хэр уялдаатай гарсан гэж та бодож байна?
-Манай боловсролын салбарт чанарын үнэлгээ ямар түвшинд байна вэ, сурагч өөрийнхөө авах мэдлэг, чадвараа авч чадаж байна уу гэдгийг бид огт хэмжиж чаддаггүй байсан. Тийм учир боловсролын үнэлгээний тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн байв. Хэмжиж чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг. Тиймээс PISA-д оролцсоноор боловсролын чанарын үнэлгээг хийх тогтолцоог бий болгож, бэхжүүлэхэд маш чухал түлхэц боллоо. Өмнө нь бид дүнгийн тогтолцоотой байсан. Энэ нь багшийн үзэмжээр сурагчдыг анги ахиулдаг, улсын шалгалтын дүн нь бодит байдлаас өөр байдаг дутагдалтай талтай. Багшийн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээтэй харьцуулахад 60-70 хувийн зөрүүтэй явж ирсэн. Харин PISA олон улсын үнэлгээ бодит байдлыг харууллаа.

-Ганц нэг үнэлгээг эс тооцвол манай боловсролын салбар муу дүн авлаа. Хоёр хүүхэд тутмын нэг нь хангалтгүй үнэлгээтэй гэлээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ганц би биш монголын боловсролын салбарынхан бүгдээрээ л санал нийлсэн болов уу. Гэхдээ бидэнд сайн суурь боломжууд байна уу гэвэл байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, бид анх удаа PISA үнэлгээнд оролцохдоо ковидын дараахан орсон. Бидэнтэй хамт 6 улс орон орсон ч манай улс эдгээр орноос үнэлгээний хувьд хамгийн сайн нь байлаа. Ний нуугүй хэлэхэд нэлээн доогуур үнэлэгдэх болов уу гэж бодож байсан. Гэтэл математикийн үнэлгээн дээр гэхэд Болгар, Катар, Тайланд, Саудын Араб, Перу, Колумб гэсэн боловсролын шинэчлэлээ хийгээд удаагүй, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 7-8 хувийг боловсролд зарцуулж байгаа улс орнуудаас дээгүүр оноо авлаа. Монгол Улс математикийн хичээлийн үнэлгээгээр 81 орноос 47-д үнэлэгдлээ. Энэ нь OECD (Эдийн засгийн хамтын ажиллагаа ба Хөгжлийн байгууллагын орнууд) орнуудаас 2,3 жилийн хоцрогдолтой, азийн дунджаас 1,2 жилийн хоцрогдолтой байна. Гэхдээ математикийн масс чанар бас ч гэж уначихаагүй юм байна гэдэг итгэл үнэмшил төрлөө.

Үнэлгээнд хамрагдсан хүүхдүүдийн 170 орчим нь дэлхийн түвшнээс дээд хэмжээний гүйцэтгэлтэй байлаа. Ялангуяа хөдөө орон нутаг, сумаас ийм хэмжээний хүүхдүүд төрж байна гэдэг нь бидэнд сайн бааз суурь байна гэх үзүүлэлт юм. Хоцрогдлоо бид богино хугацаанд нөхөх боломж байна гэсэн үг.

Энэ жилээс Финляндын EduTen гээд математикийн хичээлийн тоглонгоо суралцах хөтөлбөрийг эхлүүллээ.

Унших чадвар дээр 81 орноос 65-д орсон нь олон улсын дунджаас 5 жил, азийн дунджаас 2,5 жилийн хоцрогдолтой гэж гарлаа. Энэ бол бидний хувьд үнэхээр "PISA шок" боллоо. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Энэ бол ЭЕШ-ын оноо биш, TOEFL оноо биш бөгөөд сургуулиас авсан мэдлэгээ ур чадвар болгож чадаж байна уу, бодож байгаа тоогоо үнэхээр ойлгож байна уу, задлан шинжилж, хариуг нь эргэцүүлэн дүгнэж чадаж байна уу гэдэг ур чадварын үнэлгээ юм.

Бид минутанд хэдэн үг унших вэ гээд түргэн уншлага хийлгээд, цээжлүүлээд л байдаг. Энэ бол доод ур чадвар гэж нэрлэгддэг зүйл. Гэтэл хүүхэд уншсан үгээ ойлгодог, эргэцүүлэн боддог, түүн дээр эссе бичиж чаддаг байх гэсэн дээд ур чадвар чухал юм. Тэгэхээр үүн дээр бол бид PISA шок болсноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж бодож байна.

-Монгол Улс боловсролын салбарынхаа үнэлгээг мэдэж авлаа. Одоо ямар арга хэмжээ авах вэ гэдэг нь дараагийн томоохон алхам болох болов уу?
-PISA шалгалтыг 2022 оны хавар буюу ковид дөнгөж дууссаны дараа авсан. OЕCD ч манайхыг математикийн хичээлд Болгарын өмнө орчихно гэж бодоогүй юм билээ. Тийм учир “Ямар хүчин зүйл нөлөөлсөн гэж та үзэж байна” гэж асуусан. Нэгдүгээрт, 2021 оны есдүгээр сард хичээлийн шинэ жилийг шинэ зарчмаар эхлүүлсэн нь тодорхой үр дүнд хүрсэн болов уу. Мөн “Гурван R” буюу “Reopen, Reconnected, Resilience” гэсэн ковидоос үүдсэн хоцрогдлыг нөхөх үндэсний стратеги төлөвлөгөөг Засгийн газраар батлуулж, хоцрогдол нөхөх хөтөлбөрийг явуулсан. Гуравдугаарт, “Мэдлээ” хичээлүүдийг цахимаар явуулсан нь үр дүнд хүрчээ гэж дүгнэсэн. Гэхдээ OЕCD үнэхээр ийм зүйл нөлөөлсөн үү гэдгийг цаашид судлах юм билээ.

Одоо цаашаа яах вэ. Бид саяхан Боловсролын багц хуулийг батлуулсан. Хот хөдөөгийн боловсролын ялгаа гарчээ гэдгийг PISA үнэлгээгээр хүлээн зөвшөөрлөө. Харин хувийн болон улсын сургуулийн ялгаа тийм их биш байна, гэхдээ ялгаа байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Боловсролын багц хуулиар зургаан үндсэн шинэчлэлтийг зарлаж байгаа. Үүнийг PISA-ийн үр дүнгийн дагуу хийх арга хэмжээ гэж ойлгож болно.

Нэгдүгээрт, хөтөлбөрийн шинэчлэлт хийнэ. Доод ур чадваруудыг бий болгоход анхаарч, 21-р зууны зөөлөн ур чадвар, аж үйлдвэрийн IV хувьсгалын үед амьдрах альфа үеийнхэнд бүтээлчээр сэтгэн бодох чадвар, асуудалд шүүмжлэлт сэтгэлгээгээр ханддаг байх зэрэг нь хүүхдэд хэрэгтэй. Одоо үзэж байгаа хичээлүүдийн агуулга хүнд, хичээлийн тоо хэт олон, бага ангийн ачаалал их байна. Манай хөтөлбөр хүүхдийг зөвхөн шалгалтад бэлддэг гэдэг нь PISA үнэлгээгээр харагдлаа. Тийм учир цаашдаа хичээлийн агуулгыг хялбаршуулах, академик мэдлэгийг ур чадвар болгох, ур чадвараа амьдралд хэрэгжихүйц болгохын төлөө хөтөлбөрийн шинэчлэлт зайлшгүй.

Хоёрдугаарт, дүнгийн тогтолцоог халж, түвшин түвшингээрээ ахиц дэвшлийн үнэлгээнд шилжүүлэх явц сүүлийн хоёр жил үргэлжилж байна. Бага ангид дүн тавихаа больсон, дээд ангиудад зөвхөн ахиц дэвшлийн үнэлгээг хийж байгаа. Personalised Learning программ руу шилжиж байна. Хүүхэд 5, 6-р ангид Pearson Platform, 3, 4-р ангид EduTen программ буюу өөрсдийн түвшнээрээ хичээлийг хүлээж авах боломжийг бий болгож байгаа. Нэг ангид 30 хүүхэд байлаа гэхэд бүгд өөр өөр түвшний IQ, EQ үнэлгээтэй байдаг учир хүүхдийг дүн тавьж хооронд нь өрсөлдүүлдэг биш, зөвхөн хүүхдийн өөрийн “Гараа, явц, барианы” үнэлгээ хийдэг үнэлгээний тогтолцоонд шилжиж байна.

Гуравдугаарт, үр дүнд суурилсан санхүүжилт буюу төрийн- хувийн, хот-хөдөөгийн сургуулийн ялгааг арилгахын тулд нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардлуудыг өөр өөр индекстэй болгож байгаа. Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын сургуульд сурч байгаа хүүхдийн сургалтын орчин, багшийн ур чадвар, хүүхдийн суралцаж буй ахиц дэвшлүүдийн нөлөөлөл өөр. Баян-Өлгийн Цэнгэл, Дорнодын Матад, Улаанбаатар хотын 1-р сургуульд суралцаж байгаа хүүхэд тус бүрт ноогдох хувьсах зардлыг сургалтын орчин, багшийн ур чадвар, хүүхдийн сургалтын ахиц дэвшилтэй уялдуулсан санхүүжилтийг хийх шинэчлэлтийг сүүлийн хоёр жилд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд сургуульд нөхөн хангалт, багш нарт хичээл практикийн зардал, датаны зардал олгодог болсон. Мөн багш нар өөрсдийн хэрэгцээнд суурилсан модул сургалтын зардал авдаг болсон. Энэ зардлуудыг нэг хүүхдийг сургах хувьсах зардалд оруулсан. Байгалийн ухааны лабораторитой сургууль, лабораторигүй сургуулиудын ялгааг арилгахын тулд нөхөн хангалтын зардлыг олгож байгаа.

Дөрөвдүгээрт, багшийн хөгжлийн асуудал. Ямар хүүхдийг, ямар хөтөлбөрөөр багш болгож бэлтгэх вэ, багшийн стандарт юу байх юм гэдгийг гаргах болон ажлын байрны тасралтгүй хөгжлийг бий болгохын тулд сургууль бүр дээр суурилсан Кэмбрижийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. Багшийн цалин хөлс, нийгэм дэх багшийн үнэлэмж, мэргэжлийн статусыг өргөх ажлыг хийх ёстой юм гэж харж байгаа. Ер нь багшийн хөгжил, стандартаас сургалтын чанар шууд хамаардаг учир энэ 6 том шинэчлэлтийн хамгийн гол хэсэг гэж ойлгож болно.

Тавдугаарт, сургуулийн менежмент. Бид Кэмбрижтэй хамтарч сургуулийн менежментийг өөрчлөх чиглэл рүү бодлогын арга хэмжээнүүд хийж байна. Сургууль, цэцэрлэгийг улс төрчид биш мэргэжлийн зарчим дээр суурилсан чадварлаг багш нар удирддаг байх, тэдэнд тавих шаардлагуудыг хуулиар тавьж өгсөн. Шатлан дэвшдэг тогтолцоо руу шилжүүлж байна. Энэ жил төрийн өмчийн 860 сургуулийн захирлуудыг аттестатчилах ажлыг эхлүүллээ. Сургуулийн үнэлгээг захирлын ур чадвараар биш хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвар, багшийн хөгжлийг дэмжих, сурагчийн ахиц дэвшлийн үнэлгээнд нөлөөлөл үзүүлж байгаа эсэх, эцэг эх асран хамгаалагчидтай хамтран ажиллаж чадаж байгаа эсэх, сургуулийн орчны ялгааг арилгах тал дээр ажиллаж чадаж байгаа эсэх гэсэн таван том үнэлгээг үүнд хамааруулна.

Эцэст нь хамгийн том асуудал бол цахим шилжилт. Цахим шилжилтийг бага хугацаанд, амжилттай хэрэгжүүлж чадвал ялгааг арилгах маш том боломж бий болох юм. Тиймээс энэ жил Гүүгл компанитай хамтарч бүх багшийг гуравдугаар сарын 1-н гэхэд хромбүүкжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар багш нарын 30 хувийн компьютер шинэчлэгдсэн. Бүх сургууль интернэтийн холболттой, нэг сургууль багадаа 3-4 дижитал ангитай болох Pearson, EduTen, Suraad, Мэдлээ гэсэн онлайн сургуулиудын платформын холболтыг бий болгоно. Мөн есдүгээр сарын 1-нээс Багш платформыг Унгрын компанитай хамтран хийх гэж байна гэх мэт. Энэ зургаан шинэчлэлт бол PISA үр дүнд холбоотой авч буй арга хэмжээ гэж ойлгож болно. Засгийн газрын хуралдаанд PISA үр дүнг танилцуулахад, дараагийн PISA буюу боловсролын чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолыг бэлтгэхээр боллоо.

Мөн “Унших ур чадварыг сайжруулах”, “Хот хөдөөгийн боловсролын ялгааг арилгах” гэсэн хоёр том хөтөлбөрийг зургаан шинэчлэл дээрээ нэмж хэрэгжүүлэхээр боллоо.

- PISA шалгалтын түүврийг сонгохдоо хот хөдөө, хувь улсын сургуулийн хүүхдүүдээс тэнцвэртэй сонгож чадсан болов уу?

-Энэ түүвэр маш тэнцвэртэй сонгогдсон. Нийт 190 гаруй сургууль үүн дотор хот-хөдөө, хувь-улсын сургуулиудын төлөөлөл, 7300 хүүхдийг тэгш хамруулсан. Зарим хувийн сургуулийнхан “Манай сургуулийг оруулаагүй байж” гэж жаахан эмзэглэж байна лээ. Тийм зүйл байхгүй, түүвэр дээр огт эргэлзэх хэрэггүй.

-Уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс хасчихсан учир PISA шалгалт дээр хүүхдүүд муу үнэлгээ авсан гэдэг дээр та тайлбар өгөөч?
-Үнэхээр тийм явдал болсон байна. Сайдын хувьд энэ дээр анхаараагүй юм байна. Өчигдрөөс энэ дүгнэлтүүдийг аваад яам, Боловсролын хүрээлэн, Үнэлгээний төв, Боловсролын ерөнхий газрын албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг гарч байна. Заавал унших байсан хичээлийн цагийг багасгаж, бодлогын алдаа гаргасан байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

-Хувийн болон улсын сургуулиудын хоорондын сургалтын чанарын ялгаа төдий л их гарсангүй. Дэлхий дахин бага, дунд боловсролыг үнэ төлбөргүй болгох чиглэл рүү явж байна. Манай улс энэ дээр ямар бодлого баримтлах вэ? Зургаан настай хүүхэд 30, 50 сая төгрөг төлж нэгдүгээр ангид суралцах нь хэр зөв бэ?
-Боловсрол бол бүх нийтийн үнэт зүйлс, боловсрол бизнес биш гэсэн хандлага дэлхий нийтээр гарч байна. Тийм учир боловсролыг бид бизнес гэж харж болохгүй. Гэхдээ хувийн сургуулиудыг нэг өдөр хаачихна гэдэг ойлголт байхгүй. Эцэг, эх, асран хамгаалагчид өндөр үнэтэй хувийн сургуульд мөнгө төлөөд хүүхдээ сургахад төрийн сургуулиас илүү ахиц дэвшил гарахгүй, сурлагын чанар таны бодсон шиг тийм ч өндөр байж чадахгүй байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

PISA үнэлгээг танилцуулж байхад нэг сонирхолтой судалгаа байсан нь “Дундаж орлоготой өрхийн хүүхдийн хувийн сургуульд сурч байгаа гүйцэтгэл, улсынхаас ялгаагүй. Бараг улсын сургуулийнх нь илүү” гэдэг дүгнэлт байлаа. Унших чадвар дээр хувийн сургуулиуд нэлээд хойгуур орсон.

Энэ дээрээ хувийн сургуулиуд дүгнэлт хийх ёстой болов уу. Цаашдаа бага боловсрол үнэгүй байх ёстой, аль болох энэ салбарт хувийн сургуулийн орон зай аль болох бага байгаасай. Харин ахлах сургууль бол төлбөртэй сургуулийн олон улсын тогтолцоо байдаг. Гэхдээ Финлянд жишээ нь, хувийн сургуулиудыг шахаагүй, харин төрийн сургуулиудынхаа чанарыг дээшлүүлсэн.

Баян, хоосны ялгааг өдөөгч хамгийн гол зүйл бол боловсрол. Манай улс ч ялгаагүй төрийн болон хувийн сургуулийн ялгааг арилгахын тулд төрийн сургуулиа сайжруулах бодлого хэрэгжүүлнэ гэж бодож байна.

-Сайн багш нарыг туршлага солилцуулах ажил хийгддэг үү? Жишээ нь, 1-р сургуулийн мундаг багшийг Баянхошууны нэг сургуульд багшлуулах (Тэр сургуулийн багш нарыг сайн гээд хүүхдүүдээ Баянхошуунаас зөөгөөд байна) , аж ахуйч сайн захирлыг тийм биш захиралтай сольж ажиллуулах гэх мэт?
-Өнгөрсөн жил төрийн өмчийн нийт дунд сургуулиудад үнэлгээ хийхэд хамгийн доод гүйцэтгэлтэй 90 орчим сургууль гарлаа. Энэ сургуулиуд дээр сайн сургуулиудын ментор загварыг хэрэгжүүлж эхэллээ. Жишээ нь, 1-р сургууль бол Улаанбаатар хотын гурван сургуульд ментор, 23, 18 зэрэг сургуулиуд мөн гүйцэтгэл муутай сургуулиудад ментороор ажиллаж байна. Багш нарыг мөн туршлага судлуулах ажлыг хуульд тусгасан. Монгол Улсын зөвлөх багш нарыг гүйцэтгэл муутай сургууль дээр урьж ажиллуулах боломжийг хийж эхэлсэн.

Энэ ажлыг Баян-Өлгий аймгаас эхэлчихсэн, Монгол Улсын Гавъяат багш нарын баг тус аймагт нэг жил ажиллаж байна. Гэх мэтчилэн сайн туршлагууд байгаа учир сургууль, сургуулиасаа, багш багшаасаа суралцах, Кэмбрижийн сургуульд суурилсан багшийн тогтолцоог сургууль бүрт ирэх есдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр Кэмбрижтэй ажиллаж байна.

-Нэг ангид 60 хүүхэд сургаж байгаа багшаас сургалтын чанар нэхэх нь хэр шударга вэ?
-Энэ бол хамгийн шударга бус явдал. Гэхдээ нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд, өнөөдөр Монгол Улсын аль ч сургуульд 60 хүүхэд сурч байгаа анги байхгүй. Одоо 35-45 хүүхдийн ачаалалтай байгаа мянга орчим бүлэг бий. Энэ дээр бүтцийн өөрчлөлтүүд хийж байна. Хамгийн өндөр ачаалалтай байгаа 27 сургуульд шинээр нэгдүгээр ангид бүлэг байгуулахад 45-аас илүү сурагчтай бүлэг байгуулахыг сайдын тушаалаар хориглосон.

45-аас дээш хүүхэдтэй ажиллаж байгаа багш нарт нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар цалин дээр нь нэмэгдэл олгож байна. Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс анги даасан нэмэгдлийг хүүхдийн тооноос шалтгаалж өгдөг зохицуулалт хийнэ.

Мөн бага ангид туслах багшийг ажиллуулж эхэлж байна. Хамгийн олон хүүхэдтэй, гурван ээлжийн эрсдэлд орох гэж байгаа сургууль Монгол Улсын хэмжээнд 67 байна. Эдгээрийн хөрөнгө оруулалтыг 2024 оны төсөвт тусгасан.

2025 оноос Монгол Улсад гурван ээлжийн сургалт гэдэг ойлголт байхгүй болно. Цаашдаа хоёр ээлж гэдэг ойлголтыг ч байхгүй болгох ёстой.

-Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулиудын англи хэлний багш нарын түвшин муу байгааг яаж сайжруулах вэ. Хүүхдүүдэд багш нар нь гологдоод байна?
-Үүний шийдэл бол Pearson программ. Багшийн хүүхдийн ур чадвараас үл шалтгаалж хүүхдүүд өөрсдөө хэлнийхээ чадварыг өндөрт хүргэж байгаа зүйл бол энэ платформ. Тийм учир төрийн өмчийн бүх сургуулиудын 50-60 мянган хүүхдүүдэд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр маш сайн үр дүн гарч байна.

Ирэх жилээс гуравдугаар ангиас англи хэл зааж эхэлнэ. Тийм учир 3-8 дугаар ангид энэ программыг хэрэгжүүлж богино хугацаанд их үр дүн гарна. Цаашдаа бид бүх сургуулиа Кэмбрижийн хөтөлбөртэй болгох гэж байна.

-Дунд сургуулиудад 16-17 хичээл үздэг юм байна. Гэтэл австралид зургаан хичээл л үздэг. Кэмбрижийн сургалт сайн байна гээд байгаа нь тэд илүү дутуу хичээл үзээд байдаггүй. Маш олон хэрэгтэй хэрэггүй хичээл ороод байхаар хүүхдүүдийн анхаарал сарнидаг, үндсэн хичээлдээ төвлөрөх боломжийг хулгайлаад байна гэсэн үг. Монгол хүүхдүүд ийм муу үнэлгээ авсан нь танай яамнаас батлаад байгаа хичээлийн хөтөлбөр биш үү?
-Энэ болно. Битгий их яараарай. Хөтөлбөрийн шинэчлэл, үзэл баримтлалаа Засгийн газраар батлуулах гэж байна. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд 5-6 хөтөлбөрийн шинэчлэлтийг зарлаж, хөтөлбөрөө ч шинэчилж амжаагүй, багшаа бэлтгэж, санхүүжилтийн тогтолцоогоо шинэчилж чадаагүй. Тиймээс шинэ хуулиар хөтөлбөрийг сайд биш Засгийн газар баталдаг болсон. Хөтөлбөр батлагдахаар энэ асуудал тодорхой болно. Өнөөдрийн байдлаар үзэж байгаа хичээлийн агуулга хүнд, хичээлийн тоо их, гэрийн даалгаврын ачаалал их байна гэдэг нь судалгаагаар гарсан, PISA үнэлгээгээр ч тодорхой боллоо. Тиймээс цаашид хөтөлбөрийн шинэчлэлт хийгдэж, хичээлийн тоо цөөрөх боломжууд ойрын 2-3 жилдээ бий болно.

-Түгжрэл сургуулиудтай холбоотой байгааг хэрхэн цэгцэлж болох вэ?
-Өглөө, оройны түгжрэлийн 30-40 хувь нь хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэх гэсэн хүмүүсээс болдог. Өглөө бүр хотын төв рүү 90 мянган хүүхэд зөөж байна. Энэ бол үнэхээр том нүүдэл. Энэ дээр сургуулийн хэв шинжүүдээ эргэж харах шаардлага үүссэн. Маппинг гээд платформыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Сумдад ч хамаатай. Суманд 12 жилийн сургууль байна, үүнийг болиулж сум дундын ахлах сургуулиудыг байгуулах, аймгийн төв мөн адил.

Энэ жилээс зургаан аймагт төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж эхэлсэн. Ингээд цаашдаа Улаанбаатар хотод үргэлжлүүлнэ. Энэ жил Баянзүрх дүүрэгт төрөлжсөн ахлах сургууль байгуулсан. Бага сургуулийг цэцэрлэгээ дагасан цогцолбор, суурь, ахлах боловсролыг төрөлжсөн ахлах сургуулийн тогтолцоонд шилжүүлж байгаа.

Одоо бол 330 суманд 12 жилийн тогтолцоотой, сурагчгүй эсвэл сурагчаасаа олон багштай сургуулиуд байна. Бүр 70 багт хүртэл сургууль байна. Тиймээс эдгээрийг 12 жилийн тогтолцооны сургуулиудад зохицуулалт хийнэ.

-Багш нарын цалинг нэмэх үү?
-Цалин нэмнэ, нэмэгдэж байгаа. Энэ жил Засгийн газраас барьсан төсвийн бодлогоор хөдөөд сайн эмч, багш нар ажиллах боломжийг гаргахын тулд суманд ажиллаж байгаа багшийн хөдөөгийн нэмэгдэл 40%, аймгийн төвд ажиллах багшийн нэмэгдэл 20% болсон. Одоо нэг сайн хандлага гарч эхэлсэн. Улаанбаатар хотоос чадварлаг багш нар аймгийн төв рүү, аймгийн төвд ойрхон сумдад ажиллах сонирхолтой болж эхэллээ. Цалинг массаар нь нэмэхээс илүү чадварлаг багшийн үнэлэмж өндөр байх ёстой.

Тиймээс багш нарын гүйцэтгэлийн үнэлгээн дээр үндэслэж 1-6 түвшинд үнэлж, 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн багш нарын урамшууллыг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлж, 1-р түвшинд үнэлэгдсэн багшийнх 40 хувиар нэмэгдэхээр болсон. Тиймээс цаашид чадварлаг, гүйцэтгэл сайтай багш нар өндөр цалин авах боломж нэмэгдсэн.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Монгол Улсыг олон улсад илэрхийлэх түлхүүр үг “GO MONGOLIA”
Монгол Улсыг олон улсад илэрхийлэх түлхүүр үг “GO MONGOLIA”
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.