/2023.12.24/ Монгол Улсыг олон улсад илэрхийлэх түлхүүр үгийг “GO MONGOLIA” хэмээн тодорхойлж өнөөдөр зарлалаа. Энэхүү үг нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг багтаасан. Олон улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаасан энгийн, оновчтой түлхүүр үг болсныг хамтарсан судалгааны багийнхан танилцууллаа. “Go Mongolia” түлхүүр үгийг “Mongolia.Always.Moving” гэх уриа үгс дагалдах бөгөөд зогсолтгүй шинэчлэгдэх, сэтгэл хөдөлгөм гэсэн агуулгыг илэрхийлж байгаа юм байна.
Нийт 14 сарын туршид Монгол Улсын тэргүүлэх бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбар болон эрдэмтэн судлаачид, улс төрч, сэтгүүлч, соёл урлагийн салбарын төлөөллийг хамруулсан судалгааны баг ажиллаж тодорхойлжээ.