/2023.10.31/: 2007 онд ЖАЙКА олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар Улаанбаатарчуудын 60 орчим хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол өнөөдөр иргэдийн 24-25 хувь нь л зорчиж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, яамд, төрийн байгууллагууд, их, дээд сургууль, томоохон эмнэлэг, үзвэр үйлчилгээний байгууллагууд Их тойруу буюу 50 га талбай дотор байрлаж байна. Улаанбаатар хотын таван том байршлаас Их тойруу орчим руу чиглэсэн хөдөлгөөн өглөөний 07:00 цагаас эхэлдэг. Энэ бол түгжрэлийн гол шалтгаан. Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх шаардлага бий.
Иргэд Улаанбаатар хотын гэр хорооллын өндөр дэнжүүдээс бууж ирэхдээ ойролцоогоор гурваас дээш километр алхаж байж нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Тиймээс гэр хорооллын дэнжүүдийг авто замын сүлжээнд холбох, холбогдсон замуудад богино эргэлтийн дунд оврын автобуснуудыг явуулахаар төлөвлөж байгаа. Мөн нийтийн тээврийн нэгдүгээр эгнээг өргөсгөн, чөлөөлснөөр нийтийн тээврийн хөдөлгөөний эрчим, дундаж хурд нэмэгдэх боломжтой.
Төлбөртэй бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар хөнгөлнө
Төлбөртэй бүсийн зохицуулалтын талаар ташаа ойлголтууд байна. Энэ хууль батлагдсанаар төлбөртэй бүсийн тарифыг шууд тогтоохгүй. Харин нийтийн тээврийн тээвэр зохицуулалтыг хийж, хүртээмжийг нэмэгдүүлэн, уялдаа холбоог сайжруулсны дараа төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ-д олгох зохицуулалтыг хуульд тусгасан. Хэрэв төлбөртэй бүс тогтоохоор болбол 0-27,000 төгрөг байна. Магадгүй 2000, 5000, 10000 төгрөг ч байж болно.
Дэлхийн олон хот авто замын түгжрэлийг бууруулахын тулд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж ирсэн. Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд, төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар тухайн бүс доторх хөдөлгөөний эрчим 30 хувиар буурдаг гэсэн статистик бий. Эхний ээлжид Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны өргөн чөлөө хүртэлх бүсийг төлбөртэй бүсээр тогтоохоор төлөвлөсөн.
Энэ бүс рүү орж ирэхээс өмнө хотын төвөөс 800 метр орчим дахь төлбөргүй зогсоолуудад автомашинаа тавиад, алхах, дугуй унах, скүүтэрээр явах зэрэг боломжийг бүрдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Харин тухайн бүс дотор амьдарч байгаа иргэдийг тогтоосон тарифаас 90 хүртэл хувиар, албан ёсны такси үйлчилгээг 50 хувь хөнгөлнө.
Эх сурвалж: НЗДТГ