С.Баяр: Амьдралынхаа 33 жилийг хуучин нийгэмд өнгөрүүлж, 33 жилийг ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Баяр: Амьдралынхаа 33 жилийг хуучин нийгэмд өнгөрүүлж, 33 жилийг ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн

Конрад Аденауэрийн сангийн Монгол Улс дахь салбар байгуулагдсаны 30 жилийн ой өнгөрөгч долоо хоногт боллоо.

Энэ ойн хүрээнд Ардчиллын VII чуулганыг "Монголын ардчилал: Өчигдөр & Өнөөдөр" сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм. Чуулганы илтгэлийг Ерөнхий сайд асан С.Баяр эхлүүлэв. Түүний илтгэлээс тоймлон хүргэе.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр:

Ардчиллын VII чуулганд намайг урьж оролцуулан, "Монголын ардчилал: Өчигдөр & Өнөөдөр" сэдвийн хүрээнд саналаа хэлээч гэж урьсанд их баярлаж байна. Монголын ардчилал сэдвийг богино хугацаанд багтааж ярих боломжгүй юм. Гэхдээ Монголын ардчиллын тухай өөрийн саналаа хэлье гэж бодлоо. Би өнөөдөр 66 настай. Амьдралынхаа 33 жилийг хуучин нийгэмд, дараагийн 33 жилийг ардчилсан нийгэмд гээд шилжилтийн үед амьдарч байгаа хүн. Тийм учир энэ талаар ярих хүн мөн гэж өөрийгөө бодож байгаа юм.

Монголын ардчиллын өчигдөр гэж ямар хугацааг хэлж байна вэ? Ардчиллын талаар монголчууд ХХ зууны сүүлээр л үзэж сонссон юм уу, эсвэл урд нь мэдэж байсан юм уу гэх сонирхолтой асуулт урган гарна. Ийм асуултад хариулт өгсөн эрдэм шинжилгээний олон сайхан бүтээл бий. Жишээ нь, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн доктор, профессор Ж.Төртогтох нарын судалгаанд дэлхийн ардчиллын гурван давалгаа байдгийг дурдаад эхний давалгаа 1828-1926 он, дараагийн давлагаа 1943-1963 он, гурав 1974-1990 онд болсон гэж тодорхойлжээ. Энэхүү судалгаанд манай улсыг сүүлийн давалгаанд багтаж, ардчилсан улсын тоог нэгээр нэмсэн гэж дүгнэсэн.

Миний хувьд манай улс ардчиллаа богино хугацаанд эрчимтэй, идэвхтэй эхлүүлсэн гэж боддог. Ингэснээр манай нийгмийн хэд хэдэн онцлогт нөлөөлсөн болов уу.

Жишээ нь, газарзүйн байршлын хувьд бид Ази тивд байршилтай, энэ тивийнхээ өнө эртний улсуудын нэг. ХХ зуунд улс төр, эдийн засаг, бусад хамаарлын хувьд зөвлөлтийн нэг хэсэг, социалист лагерын салшгүй хэсэгт болсон байсан. Тэр утгаар авч үзвэл Ази номхон далайн бүс нутгийн улсуудынхаа амьдрал харилцаа, хамаарлаас харьцангуй хол явж ирсэн. Харин ЗХУ, зүүн Европын улс төр, нийгмийн үйл явцад ойр бөгөөд сайн, муу нөлөөлөлд өртөмхий байлаа. Иймд тухайн бүс нутагт өрнөж байсан үйл явдлууд манай нийгэмд дам бус шууд нөлөө үзүүлж байсан.

Манай хүн амын 70 орчим хувь нь 35-аас доош насныхан. Залуус аливааг шинэ соргогоор хүлээж авдаг онцлогтой. Тэр тусмаа 1950-аад оноос хойш ЗХУ болон зүүн Европ руу залуусыг сургахаар илгээсэн. Тэд мэргэжил эзэмшихээс гадна олон үйл явдлын гэрч болсон. 1956 оны Унгрын бослого, 1968 оны ЗХУ-ын цэрэг Чехсловак улс руу дайран орсон, 90 оны перестройка гэх мэт. Энэ мэт зүйлс монголчууд ардчиллаа эрчимтэй эхлүүлэх нэг хөшүүрэг болсон юм. Үүний үр дүнд Монгол Улс Ази тивийн социалист орнуудаас анх удаа олон намын тогтолцоотой, чөлөөт сонгууль, эрхзүйт төр, эрх мэдлийн хуваарилалттай ардчилсан улс болсон.

Том гүрэнтэй хил залгаа байршлаасаа болж хавчигдсан байдалтай явж ирсэн бидний хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал гэдэг чухал байсаар ирсэн. Одоо ч хэвээрээ. Монголчуудын эрх чөлөөгөө эрэлхийлсэн үндэсний сэтгэлгээ болов уу гэж боддог.

Бид нүүдэлчин уламжлалтай. Олон мянган жилийн турш нүүдэлчид байгалийн хуулиас өөр хуульд, дээрээс эсвэл гаднаас тулгасан зохион байгуулалтыг хүлээн зөвшөөрөх тун дургүй ард түмэн байсан. Монголын нүүдэлчид овог аймгийнхаа хүрээнд ах захаа дээдэлж амьдраад асуудлаа олноороо цуглан хэлэлцдэг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу Их Монгол улсаа байгуулж, Эзэн Чингис хаанаа сонгон өргөмжилж байсан түүхтэй. Орчин цагийн хэлээр хэлбэл, 800 жилийн тэртээ монголчууд бүх үндэстнийхээ хэмжээнд хуралдаж, төрийн тэргүүнээ сонгож байсан гэсэн үг.

Ард олны, иргэдийн төлөөллийг хангах, төрийн тэргүүнээ сонгуулийн аргаар тодруулах, өнөөдөр бидний ярьж буй ардчилсан үзэл санаа, ёс журам, суурь зарчим, чухал элементэд нийцнэ. Ингэж хэлснээрээ би Чингис хааныг ардчилсан үзэлтэй байсан гэж нотлохыг хүсэхгүй. Гэхдээ өнөөдөр дэлхий дээр хүлээн зөвшөөрч буй төлөөллийн зарчим, сонгууль өвөрмөц хэлбэрээр хэрэгжиж байсан нь түүхэн үнэн.

Нүүдэлчид прагматик хандлагатай, сэтгэлгээтэй. Ахуйд нь юу хэрэгтэй байна, түүнийг авч хэрэглэнэ. Өргөн уудам тал нутгийг нэгтгэн захирах их хааныг цэрэг зэвсгийн хүчээр эсвэл түрэмгийллээр тохоон томилж байсан удаа бий. Гэвч тэгж байгуулсан төр засаг удаан насалдаггүй байсан.

Хоорондын ашиг сонирхлоос болж бие биенээ хядах, бусдын идэш болж ирснийг түүх гэрчилнэ. Тийм ч учраас тогтвортой, зохион байгуулалттай төр засгийг хүчээр бус эвээр, дарангуйллаар биш зөвшилцлөөр, тулгалтаар биш сонгуулиар байгуулах ёстой гэдгийг талын нүүдэлчид эрт дээр үеэс мах цусандаа шингэтэл ойлгосон юм болов уу гэж ойлгодог.

Конрад Аденауэрийн сангийн дэмжлэгтэйгээр хийсэн өөр нэг судалгааны бүтээлээс иш татъя. Олон зуун жил оршин тогтносон эзэнт гүрнүүд ардчилсан шинжтэй байсан эсэх асуудал тавигддаг.

Асуудлыг олноороо хэлэлцэн шийдвэрлэдэг нүүдэлчдийн арга, зарчим бол өнөөгийн Монгол Улсад ардчиллыг тогтоон хэвшүүлэхэд түүхэн чухал суурь болсон. Энэ бол монголын ардчиллын онцлог.

Өнөөгийн Монгол Улс ардчилсан реформыг амжилттай эхлүүлсэн, өргөжүүлж байна.

Монгол Улсын хүн ам Конрад Аденауэрийн санг Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа нээж байхад 2.2 сая хүн амтай байлаа. 30 жилийн дотор 3.5 сая хүнтэй боллоо. Нэг хүнд ногдох ДНБ 1993 онд 366 доллар байлаа. Харин 2022 оны байдлаар 5033 доллар болж өслөө.

Ийм сайны жишээ байгаа ч муугийн жишээ бий. Шинэ Монголын ардчилсан үйл явц авлига, хээл хахууль, ажилгүйдэл, хавтгайрсан халамж, архидалт, шударга бус шүүх гээд олон бэрхшээлтэй тулгарсаар ирсэн, одоо ч тулгарсаар байна.

Ж.Сүхбаатар: Автомашинаас татгалзах олон төрлийн сонголт бий болгохоор ажиллаж байна.
Ж.Сүхбаатар: Автомашинаас татгалзах олон төрлийн сонголт бий болгохоор ажиллаж байна.
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.