Анх удаа жуулчдад хөтөч хийсэн туршлагаа сийрүүллээ.
Ухаан орохын л сонсож, харж, мэдэрч өссөн биет болон биет бус соёлын өв, газар нутгаа өмнө нь хэзээ ч харж, мэдэрч байгаагүй хүнд тайлбарлан ойлгуулж, аюулгүй байдал, тав тухыг нь хангаж, сэтгэл ханамжтай байлгах гээд хөтөч хүний үүрэг их юм билээ.
АНУ-ын хоёр жуулчинтай Өмнөговь, Хөвсгөл аймгуудаар зочилж, Хустайн нурууны БЦГ, Цонжин Болдог, Чойжин ламын музейгээр хэсэж, арав гаруй хоног соёлын солилцоо хийцгээв.
Соёлын солилцоо гэсний учиг нь бид гурав үзсэн харсан юм болгон дээр үндэслэж хоёр улсынхаа соёл уламжлал, үг хэллэгийг заалцсаар явсан юм.
Эхний өдөр: Чингис хаан нисэх онгоцны буудал
Анхны туршлага учир ихэд хөөрч догдолсоор цэвэр сайхан хувцаслаад, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар онгоцны буудал дээр жуулчдынхаа нэрийг бичсэн самбар бариад хүлээж зогсоно. Шууд нислэггүй учир их холоос ядарч ирэх нь тодорхой тул эхний өдөр шууд зочид буудалд нь байрлууллаа.
Америкчуудын нэг авууштай чанар нь их эелдэг бөгөөд хүний нүд рүү эгцэлж хараад, дандаа сайхан инээмсэглэж харьцана. Японд өндөр зэрэглэлийн ресторанд ажилладаг байхад Америк хүмүүс орж ирэхэд нь их баярладаг байж билээ. Ер нь л нэг инээмсэглэсэн шар нөхөр байвал Америк хүн байна л гэж ойлгоорой кк. Суралцмаар чанар шүү.
Нисэх буудлаас Улаанбаатар орох замд жуулчид маань тал хээр газар, морь мал харсан шигээ явах нь Монголын дүр зургийг сонирхуулах завшаан болоод тун давгүй юм билээ.
Өмнөговь аймаг: Ёлын ам, Баянзаг, Молцог элс
Манай жуулчид говьд ирээд төсөөлснөөс нь шал өөр байсанд ихэд гайхацгаав. Ер нь л дэлхийн ихэнх хүн говийг туулж баршгүй элсэн цөл гэж төсөөлдөг байх.
Гэтэл Монголын говь бол элсэн манхан, өндөр уул нурууд, тал хээр газраас бүрдэнэ. Хоёр бөхт тэмээ, хавтгай, мазаалай, зээр, цоохор ирвэс, гүрвэл зэрэг олон ан амьтан төдийгүй арц, таана, хөмүүл, заг гэх мэт ургамлаар баялаг. Монгол шиг байгалийн олон янз бүтэцтэй, ан амьтан ургамлаар баялаг говь дэлхийн хаана ч байхгүй.
Японд байхад багш нар Монгол юугаараа алдартай вэ гэж байнга асууна. Би “Монголд говь бий” гэж хариулна.
Говь бол Монгол Улсын аялал жуулчлалын салбарын ялгарах онцлог мөнөөс мөн. Өмнөговиос дэлхийн хамгийн анхны үлэг гүрвэлийн өндөг болон үлэг гүрвэлийн яс олдсон түүхтэй.
1920-д оны үед АНУ-ын Байгалийн түүхийн музейн захирал Roy Chapman Andrew эртний хүний мөрөөр Монголын тал нутагт эрэл хайгуул хийж яваад Бээжин буцах замдаа Баянзагийн нутгаас үлэг гүрвэлийн өндөг, яс зэргийг олжээ.
Тэгж л дэлхий нийт тэр аварга амтьныг өндөглөдөг гэдгийг мэдсэн юм гэнэ лээ.
Жуулчдаа дагуулж малчин айлаар оруулж, тэмээ унуулав. Айлын бүсгүй:
-Та нарыг ирэхийн өмнөхөн хоёр удаа бороо орж, нутаг маань сайхан ногоорлоо. Говьд ер нь ганц бороо ороход л өвс ургачихдаг. Гантай жил бол хэцүү. Тэмээнд идэх өвс олдохгүй бид тавьж явуулахаас өөр аргагүй болдог. Тараг тэвээрэг аваагүйгээс болоод бөх нь босч өгөхгүй, өрөвдөлтэй шүү дээ” гэв.
Жуулчид маань үзсэн харсан болгоноо нутагтайгаа харьцуулж бодно. Хэдий АНУ-д говь байдаг ч Монголынх шиг хараа үл хүрэм уудам тал нутаг, онгон зэрлэг байдал үгүйг онцолж байв. Нэг бол байшин барилга, машин техник, өндөр мод харагддаг гэж билээ.
Нээрээ л тэнгэр газар нь нийлсэн хараа бэлчиж үл хүрэм уудам нутагтайдаа баярлаж, цээж дүүрэн амьсгаа авч билээ. Хангайн хүн үзэсгэлэнт сайхан хөндий, уул ус, говийн хүн уудам сайхан тал нутгаа харж сэтгэл тэнийдэг билээ.
Тэгээд дээрээс нь цэлмэг хөх тэнгэр цэлийж, цэнгэг салхи үлээхээр байгаль дэлхий, нутаг усаа хайрлан шүтмээр болно гээч. Монгол хүн бидний сэтгэл засал юм уу даа.
Хөвсгөл аймаг: Буган чулуун хөшөө, Хөвсгөл нуур
Аяллын тав дахь өдрөө бид очих бүрд л хараа булааж, хайр хүндлэл төрүүлдэг Хөвсгөл нуур руугаа зорилоо. Би ч бүр далай ээждээ очно гэхээс догдлоод...
Мөрөнгөөс 50 км зайтай орших Буган чулуун хөшөө үзлээ. НТӨ 1000 жилийн өмнөх үеийн олдвор гэхэд маш сайнаараа хадгалагдан үлджээ. Гэхдээ л зарим чулуу нь нар салхинд элэгдээд зураг нь харагдахгүй болсон байна билээ.
Технологийн шийдэл ашиглаад чулуу бүр дээр ямар зураг байсныг харж болох QR код уншуулах эсвэл VR-аар хардаг бол гоё юм байна хэмээн бид ярилцаж билээ.
Мөрөнгөөс Хатгал орох замд нэг жуулчин маань “Wow, see, hairy cows” гэж авсан. Анх удаа сарлаг харж буй хүн ямар их үстэй үхэр вэ гэж бодох нь аргагүй л дээ. Хөвсгөл нуурыг хараад жуулчид маань төсөөлснөөс бас их том юм гэж уулга алдацгааж байв.
Эхний шөнө тун ширүүн бороо орлоо. Өглөө нь цайлж суухад жуулчид маань “Шөнө цахилгаан цахиад л ёстой янзын сайхан бороо орвоо. гэрт ямар гоё сонсогддог юм бэ. Сонирхолтой, гоё байлаа” гэв.
Гэтэл би шөнөжин “Жанхайн сайр үерлээд, бид эндээ боогдоод, нислэгээсээ хоцрох вий дээ” гэж бодсон бол жолооч маань “Дээд уулаас үерийн ус орж ирээд хамаад авах вий дээ” гэж бодсон байгаа юм кк.
Хөвсгөлд оройн саалийн цагаар малчин айлд зочлов. Ач зээ нар нь ирчихсэн эмээдээ тугал татаж өгөх нь миний бага насыг санагдуулна.
Саваагүй жуулчин маань сарлагийн халуун сүү амталж, айлын эзэнтэй үг солино. “Бүх юм нь ямар гоё жинхнээсээ, үнэнээрээ юм бэ. Ямар ч жүжигчилсэн, хуурамч юм алга” гэцгээнэ. Тэд маань айлаас маш сэтгэл хангалуун буцлаа.
Оройн хоолон дээр жуулчид маань “snowshoe” гэдэг зүйлийн тухайн ярив. АНУ-д тусгай зориулалтын цасанд шигдэж ордоггүй, гутлынхаа гадуур өмсөөд таяг тулаад цастай хэсгээр алхдаг тийм үйлчилгээ байдаг юм байна.
Хөөрхий муу хэдэн байгаль хамгаалагчдын маань идэр есийн хүйтэнд гуяа хүрсэн цас туучиж явдаг зураг санагдаж, “байгаль хамгаалагч нартаа хэдийг хандивлах юм сан” гэтэл үүнийг надад ажил хэрэг болгож өгөхөө амлаад буцсан юм.
Хустайн нуруу: Тахь, тарвага, буга
Одоо дэлхийд үлдсэн цор ганц зэрлэг адуу болох тахийг өсгөн үржүүлж, бэлчээрийг нь хамгаалж, судалгаа хийж, жуулчдад үзүүлдэг МУ-ын тусгай хамгаалалттай газар дундаа хамгийн зөв менежменттэй газар бол Хустайн байгалийн цогцолборт газар билээ.
Зэрлэг амьтдыг харна гэдэг амаргүй. Орой усандаа ирэх цагийг нь дайруулж, харах гэсэн боловч хэт их жуулчин байсан тул бууж ирсэнгүй. Бид ч өглөө эртлэн босч бэлчээртээ явах цагаар нь харъя гэж шийдээд харьлаа. Тэр нь ч зөв болсон. Өглөө нь бид тахь, буга, тарвага, шувууд хүртэл харж билээ.
Жуулчдаа сэтгэл хангалуун байхыг харах нь л хөтөч хүний жаргал юмуу даа кк. Ядрах вий, өлсөх вий, унах вий, уйдах вий гээд ээж нь аятай л байна.
Нөгөө талаар жуулчдын маань үзэж харсан юм болгоноо талархан хүлээн авч, хүндлэх нь надад ч их сайхан санагдаж байлаа. Эх орон, өв уламжлалаа хайрлах сэтгэл маань ч нэмэгдэнэ.
Гэхдээ эх оронч хүн бол байгальдаа хог тарьдаггүй, газар усаа шүтэн дээдэлдэг, амьтдаа хайрлан хамгаалдаг, үүх түүхээ мэддэг байвал зохих юм байна. Ямар их юм мэддэггүй юм бэ гэдгээ л мэдэж ирлээ.
Тэр бүхнийг мэдэх хүсэл тэмүүлэл дүүрэн ирлээ. Гайхуулах юмтай, бахархах зүйлтэй байх чинь хэчнээн сайхан бэ. Одоо үүнийгээ хойч үедээ үлдээхийн төлөө л амьдарвал зохих санагдсан. Ер нь ярьж бичих зүйлс дуусашгүй их ч энд хүрээд жаргаая даа. Бүгдэд баярлалаа.
Эх сурвалж: odntuya.medium.com