Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1386 сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байгаагаас орон нутагт 148, Улаанбаатар хотод 1238 сууц өмчлөгчдийн холбоо байна.
СӨХ-г ЗӨВХӨН СУУЦ ӨМЧЛӨГЧИД БАЙГУУЛНА
Сууц өмчлөгчдийн холбоод нь дараах үүрэг зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:
- нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх,
- тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах,
- сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах,
- орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоо хэрэгжүүлэн оршин суугчдыг тав тухтай, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
Хуульд зааснаар орон сууцны нэг байшинд нэг холбоо байна. Эс бөгөөс зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болдог.
Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна гэж СӨХ-ны Эрхзүйн байдлын тухай хуульд заасан. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцыг барьсан барилгын компани СӨХ байгуулахгүй гэсэн үг.
Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулж болно. Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно.
АНХНЫ ХУРАЛДАА СУУЖ, СӨХ-ны ТӨЛБӨР ЗЭРГИЙГ ТОГТООХ
ДҮРМЭЭ ЗААВАЛ БАТЛАЛЦААРАЙ
Сууц өмчлөгчид хамтран хийх анхны хурал хамгийн чухал. Учир нь энэ хурлаар СӨХ-ны дүрмийг тогтоодог. Дүрэмд дараах чухал заалтууд ордгийг санаарай. Үүнд:
- холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ;
- холбоо болон сууц өмчлөгчдийн эрх, үүрэг;
- дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах журам;
- СӨХ-ийн төлбөр
- холбоог өөрчлөн байгуулах журам
Тэгэхээр эдгээр чухал дүрмийг нэг заачихсан байхад дараа дахин өөрчлөхөд нэлээд төвөгтэй байх болно. Тиймээс эхний хуралдаа оролцож, дүрмийн заалтуудын талаарх хэлэлцүүлэгт дуу хоолойгоо өргөөрэй.
СӨХ-ныхоо УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙГ СОНГОХДОО АНХААРАЛТАЙ БАЙГААРАЙ
СӨХ-нд чухал үүрэгтэй хүмүүс бол Удирдах зөвлөлийн гишүүд болон Гүйцэтгэх захирал. Удирдах зөвлөлийн гишүүнээр тухайн орон сууцны байнгын оршин суугч, орон тооны бусаар сонгогдоно. Тэдгээрийг сууц өмчлөгчдийн олонхоор сонгодог.
Удирдах зөвлөл яагаад чухал вэ гэвэл тэд Гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлдөг. Дундын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эсэхийг шийдвэрлэдэг. Мөн санхүүг хэрхэн захиран зарцуулахыг шийдвэрлэдэг юм. Сууц өмчлөгчдийн хурал боллоо гэхэд тухайн хурлаар ямар асуудал шийдвэрлэх вэ гэдгийг мөн энэ нөхөд шийднэ.
Тэгэхээр чухал байгаа биз?
Гүйцэтгэх захирал мөн адил дундын өмчлөлийг түрээслүүлэх болон хамтрагч компаниудтай хэрхэн ажиллахыг шийддэг.
ЯМАР ТОХИОЛДОЛД СӨХ-г ТАТАН БУУЛГАХ ВЭ?
Сууц өмчлөгчид бусад оршин суугчид шаардлага тавих бүрэн эрхтэй. Түүгээр ч барахгүй өмчлөгчид нь холбооны гишүүнээс гаргах, сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхийг шаардах эрхтэй байдаг.
Мөн СӨХ-роо дамжуулан шүүхэд өгсөн ч болно. Энэ талаар Иргэний хуульд заасан байдаг.
Орон сууцны СӨХ-г татан буулгах: Орон сууц болон бусад эд хөрөнгийн дийлэнх хэсэг нь устаж, гэмтсэн тохиолдолд эвдрэл хохирлыг даатгалаар буюу бусад аргаар арилгах боломжгүй бол сууц өмчлөгчид холбоог татан буулгаж болно гэж Иргэний хуульд заажээ.
Харин СӨХ-ны Эрхзүйн байдлын тухай хуульд зааснаар:
- тухайн орон сууцны байшингийн бүх сууц нэг этгээдийн өмчлөлд шилжсэн;
Дээрх хоёроос бусад тохиолдолд СӨХ-г татан буулгах боломжгүй байна.
Дээрх хуулиуд нь 2003 оны хууль бөгөөд энэ хуулийг өөрчилж, дахин найруулах талаар ярьсаар өдгөө арав гаруй жил өнгөрчээ.