“D вирүстэй 150 мянган хүнээ төлөөлөөд эм үйлдвэрлэгч компани дээр очоод өгөөч С.Чинзориг сайд аа!!!“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“D вирүстэй 150 мянган хүнээ төлөөлөөд эм үйлдвэрлэгч компани дээр очоод өгөөч С.Чинзориг сайд аа!!!“

Элэгний хорт хавдраар 100000 хүн амд ногдох нас баралтын түвшин, улс орноор

/2023.8.21/ Монгол Улс элэгний хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг.

Харин элэгний хавдрыг үүсгэгч гол хүчин зүйлийн нэг нь В, D вирүс. Манай улсад 150 мянга гаруй хүн D вирүсийн халдвартай.

Дэлхий дахинд энэ вирүсийн эмчилгээний хөгжил, ахиц хэр явж байгаа бол? Хамгийн сүүлд зургаадугаар сард Австрийн Венад болсон “Hepatitis Delta International Network Meeting” олон улсын хуралд оролцсон Элэгний төвийн гүйцэтгэх захирал Д.Наранжаргал доктортой ярилцлаа. Тэрбээр мөн дөрөвдүгээр сард Францад болсон The 18th Global Hepatitis Summit-д оролцсон юм.

D ВИРҮСИЙН ШИНЭ ЭМИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ КОМПАНИ НЬ СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭ
ХУРЛААР ТАНИЛЦУУЛЛАА. ЭНЭ ЭМ НЬ...

Доктор Д.Наранжаргал

-Хурлынхаа сонин сайхнаас хуваалцаач?
-Дэлхий дээр 250 орчим сая хүн В вирүсийн халдвартай. Дельта вирүс нь эдгээр хүмүүсийн 15-20 саяд нь тархсан гэж үздэг. Гэхдээ нарийн судалсан тоо байхгүй, учир нь энэ вирүсээр өвчилсөн хүний тоо цөөн тул судалгаа нь сайн хийгдээгүй. Тэгвэл долдугаар сард болсон олон улсын хурлаар дельта вирүсийг судлах, эмчлэх хөдөлгөөн дэлхий даяар өрнөж эхэлжээ гэдгийг анзаарлаа. Энэ хурлаар анх удаа дэлхий дахинд дельта вирүсийн эмнэлзүйн удирдамжийг гаргаснаа танилцууллаа.

Манай улсын хувьд 250 мянган хүн В вирүсийн халдвартайгаас 150 мянган хүн нь D вирүсийн хавсарсан. Ер нь D буюу дельта вирүс нь дангаар халдварлахгүй бөгөөд В вирүстэй хүнд D вирүс гарах магадлалтай. Хүн амынхаа тоотой харьцуулвал манай улс дэлхий дээр хамгийн олон хүн энэ халдвараар өвчилсөнд тооцогдоно.

Жишээ нь, Европын холбооны улсуудад 150 мянган хүн дельта вирүсийн халдвартай байсан. Европын холбооны улсуудын хүн ам нийтдээ 500 орчим сая гаруй шүү дээ. Гэтэл манай улс 3,4 сая хүн амтай, халдвартай хүний тоо 150 мянга. АНУ гэхэд 300 гаруй сая хүн амтай, мөн халдвар нь 150 мянга орчим. Тэгэхээр өндөр хөгжилтэй орнуудын шинжлэх ухаанд нь “Ховор тохиолдох халдвар” гэдэг тодорхойлолттой болчихож байгаа юм. Ийм учир дээр өгүүлсэнчлэн судалгаа нь удаашралтай байсан.

Манай улсаас өмнө Турк, Итали улсууд халдварын тоогоороо тэргүүлдэг байсан бол В вирүсийн вакциныг шатлалтайгаар хийснээр В вирүсийн халдварын тоо эрс буурч, түүнийгээ дагаад D вирүсийн халдвартай хүний тоо буурчихаж байгаа юм. Шатлал гэдэг нь хүүхдийг дөнгөж төрсний дараа 24 цагийн дотор эхний вакциныг хийж, 12 настайд нь дахин вакцин тарьснаар өндөр үр дүн гарсан. Мөн хөгжилтэй орнуудын хувьд эмийн судалгаа сайн хийгдэж байгаа учир эерэг үр дүн гараад эхэлжээ.

-Хэчнээн төрлийн ямар эмийг дельта вирүсийн эмчилгээнд хэрэглэж байна вэ?
-Дэлхий дахинд одоогоор гурван төрлийн эм дельта вирүсийг эмчлэхэд ашиглаж байна. Европын холбоонд Bulevirtide (Бусад нэршил нь: Hepcludex, Myrcludex) эмийг Эрүүл мэндийн даатгалын системдээ оруулчихсан өргөнөөр хэрэглэж байна. Гэхдээ энэ эм нь АНУ-ын FDA (Хоол хүнсний агентлаг)-ээр батлагдаагүй байгаа. Харин Европын энэ төрлийн байгууллагаар бол батлагдчихсан тул эмчилгээнд орчихсон гэсэн үг. Эмнэлзүйн гурав дах шатлалын судалгаа буюу олон өвчтөнд эмчилгээ хийж үзээд, үр дүнтэй байгаа нь батлагдсан тохиолдолд дээрх байгууллагуудад бүртгэгддэг.

Европын холбоо гурав дах шатлалын судалгаа бүрэн дуусаагүй байхад бүртгэсэн шалтгаан нь дельта вирүсийн халдвартай хүмүүсийн хувьд өөр, илүү сайн эмчилгээ байхгүй, судлагдаж байгаа энэ эмчилгээ нь хамгийн боломжийн байна гэж үзсэн тул бүртгэсэн. Энэ удаагийн олон улсын хуралд Bulevirtide эмийн гурав дах шатлалын судалгааны эхний үр дүнг энэ эмийг үйлдвэрлэгч компаниас танилцууллаа.

Энэ танилцуулгаар эмчилгээ хийгдэж байгаа хүмүүсийн хувьд D вирүс нь сайн дарангуйлагдаж, ALAT/ASAT нь буурсан буюу үр дүн сайтай байна гэж үзжээ. Энэ судалгаа ирэх жил дуусна. Тэгэхээр эмчилгээ нь гурван жил үргэлжилнэ. Bulevirtide нь нэг төрлийн тариа юм. Гурван жилийн турш тухайн өвчтөн өдөр бүр тариулах боловч вирүсийг бүрэн устгахгүй. Гэхдээ вирүсийг дарангуйлна.

-Гурван жил өдөр бүр тариулах юм уу?
-Тэгнэ. Гэхдээ хоруу чанар, сөрөг нөлөөлөл багатай, хүнд мэдэгдэх зовуурь бага. Цөсний хүчил бага зэрэг өсөх боловч хүнд өгөх зовуурьгүй.

Дельта вирүстэй хүмүүсийн хувьд маш их ядардаг. Тэгвэл энэ эмчилгээг хийснээр ядарч сульдах зэрэг зовууриуд багасаж, эерэг өөрчлөлтүүд гарч байна. Урт хугацаандаа хавдар болох магадлал нь ч буурна. Дан В вирүсийн халдвартай хүн, В, D вирүстэй хүнийг харьцуулахад хавсарсан вирүсийн халдвартай хүн нь хамаагүй хурдан хавдар, цирроз болдог. Тэгэхээр өвчнийхөө явцтай харьцуулахад гурван жил тариа хийлгэх нь хамаагүй дээр сонголт болж байгаа юм.

-Манай улсын хувьд энэ эмчилгээг нэвтрүүлэх боломж нь хэр юм бол?
-Манай улсын хувьд санхүүгийн асуудал л яригдана. Гурван жил өдөр бүр тариулна гэж үзвэл санхүүгийн нэлээн том дарамт болох нь. С вирүсийн эмчилгээ гэхэд гурван сарын хугацаанд л эм уугаад бүрэн эдгэчихдэг гэдгийг хүмүүс мэдэх байх. Европын холбоо Эрүүл мэндийн даатгалдаа оруулж байгаа нь өвчтөний тоо нь цөөхөн учир хувь хүндээ, салбартаа ч санхүүгийн дарамт бага байгаа юм. Манай улсын хувьд олон хүн учир Эрүүл мэндийн даатгалд тэр олон хүнийг хамруулах санхүүгийн боломж нь дутмаг байх биз. Гэсэн хэдий ч санхүүгийн хувьд боломжтой хувь хүмүүс өөртөө хийлгэж байх боломжийг нээж өгөх ёстой юм. Заавал ямар нэгэн шийдвэр гаргах ёстой.

-Үнийн хувьд ямаршуу байх бол?
-Улс бүрт янз бүрийн үнэтэй байна. Германд бол нэг сарын хэрэглээ нь 12 мянга орчим евро. ОХУ-д арай хямд, манай мөнгөөр 8 сая орчим төгрөг. Гэхдээ л нэг сарынх нь л хэрэглээ гээд үзэхээр бидний хувьд маш өндөр үнэ болчихож байгаа юм. Манай Элэгний төвөөс “Бага орлоготой” улс гэдэг ангиллаар дурьдсан үнээс арай хямдаар оруулж ирэхээр хөөцөлдөөд л байна.

Одоогоор манай улсад зориулсан үнийг тухайн компаниас нь хэлээгүй. Гэхдээ бид хөөцөлдөж явсаар юутай ч энэ жилийн сүүлээр бидэнд үнээ хэлэх болов уу. Мөн 30 хүний эмчилгээг эхлүүлэхээр яриа тохироо хийгдээд явж байна. Гастроинтропологийн холбооны Д.Даваадорж профессор бид хоёр дөрөвдүгээр сард олон улсын хуралд нөхцөл байдлаа танилцуулсны дараа эхний ээлжинд 30 хүний эмчилгээг энэ жилдээ монголд нэвтрүүлэхээр болсон хэрэг.

Гэхдээ энэ эм ч бас үнэтэй орж ирнэ. Энэ эмийг үйлдвэрлэгч Gilead Sciences, Inc. компанид Засгийн газрыг, 150 мянган вирүстэй хүнээ төлөөлөөд Эрүүл мэндийн сайдыг очиж уулзаасай гэдэг хүсэлтийг ЭМЯ-нд өгчихсөн байгаа. Тухайн орны Засгийн газраас нь төлөөлөл очоод яриа хэлэлцээ хийвэл бас өөр шүү дээ.

PEGINTERFERON ЭМИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛД ХАМРУУЛААЧ ГЭДЭГ ХҮСЭЛТИЙГ ЭМЯ-НД УДАА ДАРАА ӨГСӨН Ч ХАРИУ БАЙХГҮЙ

-Энэ эм бол шинэ төрлийн эм юм байна. Тэгвэл өмнө нь өөр эм хэрэглэж байсан уу?
-Peginterferon эмийг хэрэглэж байгаа. Энэ эмийг манай улсад ч гэсэн хувь хүмүүс өөрсдөө аваад хэрэглэдэг, худалдаанд гарсан. Peginterferon-ий хувьд 100 хүн эмчилгээнд ороход 25-д нь гайгүй үр дүн үзүүлдэг. Гэвч урт хугацаандаа 12 орчим хувьд нь вирүс дахих магадлалтай. Тэгэхээр эмчилгээний үр дүн нь 13 орчим хувьтай. Гэсэн хэдий ч олон улсад энэ эмчилгээг хийснээр цирроз болох явцыг удаашруулж, үр нөлөө сайтай гэж үзэж байгаа. Peginterferon эмчилгээг Bulevirtide эмтэй хавсарч хэрэглэвэл эмчилгээ хийх ёстой гурван жилийн хугацааг богиносгох боломжтой гэж үзэж байна. Тухайн хүний цирроз, өвчлөлийн түвшинг харж байгаад эмч шийдвэрийг гаргана. Ер нь Peginterferon эмийг эрүүл мэндийн даатгалд оруулах зайлшгүй шаардлагатай. “Даатгалд оруулаач” гэдэг бичгийг ЭМЯ, Даатгалын газарт залхтлаа л бичиг өгч байна даа.

-Манай улсад худалдаалагдаж байгаа Peginterferon Alpha эм нь ямар хугацаанд хэрэглэж байж нэг курс болдог бол?
-Энэ эм нь долоо хоногт нэг удаа хийх бөгөөд, 48 долоо хоног хийгдэж байж нэг курс болдог. Нэг тариа нь хамгийн хямддаа 300 мянган төгрөг байгаа. Тэгэхээр жилийн хугацаанд хийлгэж чаддаг хүн цөөхөн. Тийм учир D вирүстэй 150 мянга гаруй хүнийхээ эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд оруулаач гэдэг саналыг элэгний салбарын хоёр мэргэжлийн холбоодоос тавиад байгаа хэрэг. Peginterferon жишээ нь манай улсад бүртгэгдээд зургаан жил гаруй болж байна. Энэ эмийг эрүүл мэндийн даатгалдаа хамруулаад өгөөч гэж би л хувьдаа зургаан жил ярьж байна, сонсдог хүн байхгүй. Бүх сайд нарт хандсан. Хэн нь ч тоогоогүй. Энэ хугацаанд зургаа, долоон сайд ажилласан шүү дээ. Тэр ч бүү хэл D вирүстэй хүмүүс вирүсээ тоолуулахад даатгалаас ямар ч хөнгөлөлт үзүүлдэггүй.

Элэгний эмч нарын мэргэжлийн холбоодоос Дельта вирүсийн эмийг Эрүүл мэндийн даатгалд оруулахыг хүссэн өргөх бичгийг Засгийн газар, Эрүүл мэндийн яаманд есдүгээр сард барихаар төлөвлөж байна.

-Яагаад энэ 150 мянган хүнээ тоодоггүй юм бол оо. Ядаж тэр компани дээр нь Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сайд очоод уулзчихад яадаг байна аа. Ихэнх нь хөдөлмөрийн насныхан байгаа биз дээ?
-В вирүсийн вакциныг хүүхдүүдэд 1992 оноос хойш хийж байгаа болохоор хүүхдүүдийн дунд өвчлөл харьцангуй бага. Ихэнх нь насанд хүрэгчид, хөдөлмөрийн насныхан.

-Манай улсаас олон улсын хурлуудад ямар судалгаанууд танилцуулдаг бол?
-Манай улсын хувьд танилцуулах судалгаа маш цөөн. Судалгаа хийх эдийн засаг болон хүн хүчний боломжтой улс оронд D вирүстэй өвчтөн цөөхөн байдаг бол манай улсын хувьд өвчтөн олон ч судалгаа хийх санхүүгийн болон боловсон хүчний чадавх, боломжгүй. Бидний хувьд зөвхөн PCR тавьж өвчтөнөө оношлохын тулд 140-150 мянган төгрөг шаардагддаг. Харин өвчтөнүүд зургаан сар тутамд үзүүлж, хяналтандаа орж чаддаггүй учир хангалттай дата цугладаггүй. D вирүсийн халдвартай иргэдэд хандсан эрүүл мэндийн даатгалын сангийн ямар нэгэн хөнгөлөлт байхгүй, мөн судалгаанд зориулан улсаас санхүүжилт өгдөг зүйл байхгүй. Манай Элэгний төв-ийн багийн хувьд өвчтөнд үйлчилгээ үзүүлээд олсон ашгаа эргээд судалгаандаа зарцуулдаг.

Сая болсон Европын хуралд гэхэд бид хоёр янзын оношлуур зохион бүтээснээ танилцууллаа. Манай оношлуурыг үзэж танилцсан Германы тал урт хугацаандаа илүү сайн хөгжүүлж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

-Ямар учиртай оношлуур юм бол?
-Хөдөөний хүн D вирүстэй гээд оношлогдох нэг хэрэг. Харин вирүсийн тоо хэд, идэвхжил нь ямар байгааг оношлохын тулд тусгай багаж, боловсон хүчин шаардагддаг. Энэ нөхцлийг арай хялбарчилж, өвчтөний бие дэх вирүсийн идэвхжлийг тодорхойлох боломжтой оношлуурыг зохион бүтээсэн. Судалгаагаа хийж, үр дүнгээ танилцуулахад Германы тал хамтран ажиллая, илүү сайжруулаад үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг бий болгоё гэдэг саналыг тавьсан юм.

ЯМАР ХҮН B, D ВИРҮСИЙН ХАЛДВАРТАЙ Ч ОЛОН ЖИЛ НАСЛААД, ЯМАР ХҮН ХУРДАН ХУГАЦААНД ХАВДАР БОЛООД БАЙГААГ СУДЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

-Хэрэв боломж гараад судалгаа хийнэ гэвэл нэн түрүүнд ямар төрлийн судалгаа хийх шаардлагатай вэ?
-Элэгний салбарт “Элэгний эмч нарын нийгэмлэг”, “Гастроэнтерологийн холбоо” гээд мэргэжлийн хоёр холбоотой. Хоёр холбоо нэгдээд чадах хэмжээгээрээ судалгаануудаа хийгээд явж байгаа ч судалгаа хийх, үр дүнг нь гаргаад хэвлүүлэх зэрэг нь маш олон хүчин зүйлээс хамаардаг. Энэ дээр улсаас өвчтөнүүдээ багахан ч болов дэмжээд, зургаан сар тутамдаа үзүүлэх боломжоор нь хангачихвал судалгаанд шаардлагатай системтэй дата цуглачих юм. Тэгвэл цугласан датандаа анализ хийгээд ажиллах боломж бүрдэнэ. Мөн Дельта вирүс авсан зарим хүн богино хугацаанд элэгний хатуурал, хавдартай болж байхад зарим нь тав, арван жил хэвийн амьдардаг. Ямар хүний бие шууд хатуурал эсвэл хавдар болж, ямар нь хэдэн жил асуудалгүй амьдраад байна вэ гэдгийг судалсан зүйл манай улсад алга.

Ер нь ийм судалгаа дэлхий дахинд бага. Хэрэв ямар хүний хувьд хүндрэл хурдан явагдаад, ямар хүнд удаан байна вэ гэдгийг ялгаад мэдчихвэл эмчилгээгээ хурдан хүндрэх нөхцөлтэй хүмүүстээ эхлээд хиймээр байгаа юм.

-D вирүсийнх нь тоо бага мөртлөө цирроз, эсвэл хавдар болчихсон хүмүүс их бий. Гэтэл вирүсийн тоо нь их хүмүүс ч бий?
-В болон D вирүсийн хавсарсан халдвартай хүмүүсийн ихэнх нь буюу 75 орчим хувьд нь В вирүс маш бага, эсвэл тоологдохгүй байгаа. D вирүс нь илүү өвчин үүсгэгч, дарангуйлагч вирүс юм. Хүнээсээ хамаараад зарим хүний хувьд вирүс авснаасаа хойш тав, зургаахан жилийн дотор хавдартай болчих ч хүн байна, эсвэл зарим нь арав гаруй жил тогтвортой яваад байгаа хүн ч байна. Дээр хэлсэнчлэн нарийн судалж байж л гаргана.

Одоо тогтоогдоод байгаа нь эрэгтэй хүнд өвчин илүү их хурдан явцтай байна гэж үзэж байгаа. Вирүс нь дотроо хоорондоо ялгаатай бөгөөд генотип 1 буюу 3 нь илүү хурдан явцтай гэж үздэг. Харамсалтай нь, манай улсад илүү тархсан нь 1-р генотип. Тэгэхээр манай өвчтөнүүдийн өвчний явц илүү хурдан байх талтай.

Энэ жилийн хувьд Элэгний өвчнийг эмчлэх гарын авлага олон улсын байгууллагаас гаргасан. Энэ удирдамжийг бид орчуулаад есдүгээр сард эмч нартаа өгөх төлөвлөгөөтэй байна. Өвчтөн, эмч аль аль нь нэг ижил мэдээлэлтэй байх нь зүйтэй, өөр өөр зүйл яриад байж таарахгүй. Энэ гарын авлагат дараах тохиолдлууд D вирүстэй хүний өвчний явцыг хурдасгана гэж үзсэн.

D вирүстэй хүний өвчний явцыг хурдасгах хүчин зүйлс:

  • Дельта вирүсийн тоо өндөр байх
  • В вирүс идэвхтэй хэвээр тоологдох
  • С болон бусад вирүсийн халдвартай байх
  • таргалалт,
  • архи, тамхины хэрэглээ
  • Насжилт
  • Хүйс буюу эрэгтэй хүн
  • Алат, Асат өндөр байвал
  • Чихрийн шижин

Цирроз нь хүндрээгүй тохиолдолд Peginterferon-ийг Bulevirtide хавсарч эсвэл дангаар эмчилвэл эмчилгээний хугацаа наашилж, өвчнийг бүрэн эмчлэх төрлийн эмчилгээ байж магадгүй гэж үзэж байгаа. Цирроз нь нэлээн хүндэрсэн тохиолдолд Peginterferon-ийг хийж болохгүй. Bulevirtide-г дангаар хэрэглэнэ. Гэхдээ энэ нь өвчнийг хянах эмчилгээ л болох юм.

-Элгээ солиулчих юм чинь гайгүй биз дээ гэдэг нэг үг бий. Манай улсад элэг солих хагалгаа үнэ төлбөргүй. Та юу гэж бодож байна?
-Асуудал хүндэрсэн тохиолдолд элэг солиулах бол гол эмчилгээний сонголт. Гэхдээ элэг солиход донор гэж том асуудал бий. Хүн бүхэнд донор олдохгүй, донорын хүрэлцээ муутай. Яг цагаа тулахаар хүн бүхэнд бэлэн байж байдаг донор гэж байхгүй. Нэгэнт хүндэрчихсэн тохиолдолд өөр ямар ч аргагүй болсон байна. Тэгэхээр хүндрэлээс өмнө л дээрх эмчилгээг хийх гээд байгаа хэрэг. Манай улс одоогоор жилдээ зуу гаруй хүнд л элэг солих хагалгааг хийж байгаа.

-Гэтэл D вирүсийн халдвартай хүний тоо 150 мянга байдаг.
-Тийм. Тэгэхээр эдийн засгийн хувьд ч, донорын олдоцын хувьд ч боломж муутай. Хэдийгээр үнэгүй гэж байгаа ч эрүүл мэндийн даатгалаас мөнгө гарч байгаа шүү дээ. Тэгэхээр эмчилгээ хийж, амьдралын чанарыг сайжруулж, хүндрэлийг хойшлуулах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай.

В ВИРҮСИЙН ТОО НЬ 2000-с ДЭЭШ БОЛСОН БҮХ ХҮНД ЭМ
УУЛГАХ НЬ ЗӨВ ГЭДЭГ ЗӨВЛӨМЖТЭЙ

-Гэхдээ таны яриаг сонсож байхад манай улсын хувьд D вирүстэй хүмүүс өвчнийхөө явцыг хянаад л явж байхаас өөр арга байхгүй юм байна, тийм үү? Шинжилгээ хийлгээд л, үзүүлээд л явж байх нь ээ?
-Одоогийн байдлаар эмчийн зөвлөснөөр Peginterferon Alpha хийлгэх эмчилгээний сонголт байгаа. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй учир бүгд халааснаас гарна шүү дээ. Тиймээс эдийн засгийн боломжтой хүмүүс бол хийлгэж л байх хэрэгтэй. Сануулахад, нарийн заалтуудтай учир энэ төрлийн эмчилгээ хийлгэх эсэхийг зөвхөн эмч л зөвлөнө. Зарим заалтуудад хийж огт болохгүй. Тийм учир эмч шийднэ. Элэг хатууралтай ч үүргээ гүйцэтгэж байж болно.

Гэтэл хатуурал нь хүндэрч, үе шат нь өөрчлөгдөх үед эмч үе шатыг нь нарийн тодорхойлсны үндсэн дээр Peginterferon хийлгэж болох эсэхийг шийддэг. Peginterferon хийж байж өвчнийх нь явцыг удаашруулах боломжтой.

Өвчтөний байдал хүндэрсэн үед бол энэ эмчилгээг зөвлөх ч шаардлагагүй болно. Манай улсын хувьд тэгэхээр өвчтөн хийлгэхийг хүссэн ч хийлгэж чадахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр эмч В вирүсийн эмийг уулгаад, хяналтандаа байлгах ажлыг л хийж байна.

-Дэлхий дээр D вирүсийн халдвараараа Монгол, Африкийн улс орнууд, Молдав гэсэн цөөн хэдэн улс л тэргүүлээд байдаг. Тэгэхээр анагаах ухаан чихрийн шижин зэрэг олон хүн өвчилсөн өвчнийхөө судалгаа шинжилгээнд илүү их чиглэх нь тодорхой юм байна.
-Дэлхий дээр D вирүсийг судалдаг эрдэмтэд цөөхөн бий. Олон улсын хурал болоход 60-70 хүн л оролцдог. Харин сүүлийн хоёр жилд харьцангуй идэвхжээд, хүний тоо нэмэгдэж 200 орчим хүн цугладаг болсон. Тэгэхээр тэр 200 хүн л судалгаагаа сайн хийж байж энэ асуудал шийдэгдэнэ гэсэн үг дээ. Энэ хүмүүс судалгаагаа сайн хийхийн тулд боломж нөхцөл нь бүрдэх ёстой.

Манай улсын хувьд уг нь өөрсдөө судалгаагаа сайн хийдэг болоод, тухайн асуудлыг шийдвэрлэхэд оролцох ёстой юм. Бид даанч их хоцрогдсон байна л даа.

-Дельта вирүстэй хүн жилдээ хоёр удаа тоолуулахад 240 мянга, В вирүсээ давхар тоолуулна гэвэл 480 мянга тэгээд үүн дээрээ нэмэлт шинжилгээнүүд өгнө гэхээр нөхцөл байдал хүнд л болчихож байгаа юм. Анзаараад байхад, элэгний вирүстэй хүмүүс тэгсгээд хаячихаад байх шиг санагддаг. Тоолууллаа гээд ч яах билээ?
-Гадаргуугийн антигенийг бас тоолуулах ёстой. Бид “Хөнгөлөлт үзүүлээч, Эрүүл мэндийн даатгалдаа хамруулаач” гээд баахан бичиг өгнө, гэтэл тэр бичгийг хардаг хүн байхгүй. Яаман дээрх хэдэн хүнд ойлгуулах гэж баахан ярьж байтал дараагийн хүмүүс нь гараад ирчихнэ. Ажил явуулахад маш төвөгтэй.

Эмч нарын хувьд “В вирүсийн эмээ ууж бай” гэдэг л зөвлөмж өгдөг. Ямар нэгэн эмчилгээ хийлгэх боллоо гэхэд В вирүсийн эмчилгээ суурь нь болдог. Тэгэхгүй бол шууд D вирүсийн эм уухаар, В нь өндөр тоологдоод эхлэх магадлалтай байдаг.

Өмнө нь В вирүсийн эмийг сар бүр бичүүлж авдаг байсан. Тэрийг бид өнгөрөгч жил хөөцөлдсөөр гурван сар тутамд бичүүлдэг болсон. Тэгэхгүй бол хүмүүс эмчилгээгээ тасалдаг. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэд эмээ бичүүлэхийн тулд сар бүр төв бараадаж чадахгүй учир, тэгсгээд хаячихдаг байсан. Хэдий жижиг мэт боловч маш том үр дагавартай асуудлыг шийдүүлж чадсан. Одоо бол иргэдийн эмээ таслахаа больсон, эмч нарт ирдэг хэрэггүй ачаалал буурсан.

-Вирүсийн тоо хэд байх нь хавдар тусах нөлөөтэй болох вэ?
-Хоёр вирүс хоёулаа өсөөд байвал хавдрын магадлал илүү өндөр болох учир хавдраас сэргийлэхийн тулд эм санал болгодог.

Түрүүнд нь В вирүсийн тоо 20 мянгаас дээш байвал В вирүсийн эмийг заавал уулгах нь зөв гэж үздэг байсан бол сүүлийн үед гарч байгаа судалгаагаар В вирүсийн тоо 2000-аас дээш байхад хавдартай болох нөлөөтэй гэж үзэж байгаа. Тийм учир В вирүсийн тоо 2000-с дээш болсон бүх хүнд эм уулгах нь зөв гэдэг зөвлөмжтэй байна. Судалгааны мэдээлэл илүү тодорхой болох тусам эмчилгээний арга барил шинэчлэгдээд л байдаг.

-В, D вирүстэй хяналтанд байдаг хүн жилд ямар ямар шинжилгээнүүдийг өгөх нь зүйтэй вэ?
-Д вирүс нь гадаргуугийн антиген байгаа тохиолдолд үржинэ. Тиймээс энийг үзүүлэх нь чухал. В вирүстэй хүмүүс хяналтын шинжилгээнд:

  • Цусны ерөнхий шинжилгээ,
  • Биохими
  • Гадаргуугийн антиген
  • Эхо
  • Цирроз харуулах (элэгний хатуурлын зэрэг тодорхойлох)
  • Анхны оношлогоонд тоолуулах (Эмчилгээнд орох шаардлагагүй бол жил бүр тоолуулаад байх шаардлагагүй)

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

ШУУД: Хотын дарга 1000 хоногт хийсэн ажлаа тайлагнаж байна
ШУУД: Хотын дарга 1000 хоногт хийсэн ажлаа тайлагнаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.