№2: Халиунаа: Би дээд боловсролтой ч ямар ч амралтгүй бас цалингүйгээр 24 цаг ажилладаг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

№2: Халиунаа: Би дээд боловсролтой ч ямар ч амралтгүй бас цалингүйгээр 24 цаг ажилладаг

Гэрэл зургийг Никола Бартс

/2023.8.3/ Халиунаа хүүхдээ асардаг. Хүү нь 8 настай, хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч заавал хүн хажууд нь байж, асрах шаардлагатай.

Халиунаа нэгэн байгууллагад менежерийн ажил эрхэлж байсан ч хүүгээ харж асрах шаардлагаас үүдэн ажлаа орхисон. Эхлээд сарын чөлөө, дараа нь гурван сарын чөлөө, эцэст нь ажлаасаа гарахаас өөр аргагүй байдалд орж ажлаа өгсөн хэрэг. Нөхөр нь түүнд:

-Чи хүүхдээ харсан нь дээр, ямар би харалтай нь биш. Угаасаа би олигтой харах ч үгүй гэж хэлсэн. “Нээрээ ч тийм дээ” гэж бодон шийдвэр гаргаснаас хойш таван жил болжээ. Одоо түүний ганц орлого нь асаргааны тэтгэмж буюу нэг сарын 84 мянган төгрөг. Нэг уут памперс нь 60 мянган төгрөг байгаа энэ үед энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй зургаа дахин бага мөнгө гээд бодвол хүүхдээ асарч байгаа түүний цаг хугацаа, хичээл зүтгэл, хөдөлмөрийг огт хөдөлмөр гэж үнэлэхгүй байгаагийн нэг илэрхийлэл юм.

Манай улсад байнгын асаргаа шаардлагатай 11 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд (2022 оны нэгдүгээр сарын статистик) мөн энэ тооны ээжүүд хөдөлмөр эрхлэхгүй, эрхэлж буй хөдөлмөрөө огт үнэлүүлэхгүй байгаа хэрэг.

Харин хүүхэд төрүүлсэн ээж хүүхдээ хоёр нас хүртэл нь сард 50 мянган төгрөг авдаг бөгөөд үүнийгээ "Цалинтай ээж" хэмээн нэрийдэж, өөр төрлийн 100 төгрөгийн ч хамаагүй орлого орж ирэх л юм бол түүнийг нь шууд хасдаг талаар бид өмнөх өгүүлэл дээрээ дурьдсан билээ.

Мөн байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарч байгаа 15 мянга гаруй хүнд дээр өгүүлсэн 84 мянган төгрөгийг олгодог юм.

Ээжүүд гэх хэлэх шалтгаан нь асрахуйн ажлын 76,2 хувийг эмэгтэйчүүд ямар ч хөлсгүйгээр хийдэг гэх тоо статистик байдаг. Энэ нь эрчүүдээс гурав дахин илүү үзүүлэлт юм. Ялангуяа, хүүхэд өвдсөн үед асрахуйн ажилд зарцуулах цаг даруй 10 дахин нэмэгддэг гэх тооцоог Азийн сангаас гаргажээ.

Тиймээс эрхэлдэг ажлаа орхихоос аргагүйд хүрдэг. Мөн хүүхдээ асардаг бүсгүй Э:

-Би хүүхдэдээ 24 цаг зарцуулдаг. Ямар ч хөлсгүйгээр. Хэнээсээ ч авах билээ дээ. Ялангуяа өвлийн улиралд хүүхдүүдээ орхих аргагүй, өвөл бүр ханиад хатгаа тусна. Заримдаа эмнэлэгт хэвтэнэ. Зуны улиралд хүүхдүүдээ арчлахын тулд бас л их цаг хугацаа зарцуулдаг. Уг нь би эдийн засгийн чиглэлээр мастерын зэрэгтэй. Гэхдээ одоо ч өнгөрсөн биз дээ хэмээн ярьсан юм.

Азийн хөгжлийн банкнаас “Төрөөс асрахуйн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинг 63,2 хувь хүртэл өсгөх боломжтой. Ингэснээр 2050 он гэхэд Монгол Улсын ДНБ-ийг 16 хувиар өсгөх боломжтой” гэсэн тооцооллыг гаргажээ.

Өөрөөр хэлбэл, Халиунаа шиг хөдөлмөр эрхлэх насны мянга мянган эмэгтэйчүүдийг хөдөлмөрлөх боломжоор хангаснаар Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшинг нэмэгдүүлнэ гэсэн үг. Энэ нь өрхийн эдийн засагт эергээр нөлөөлөөд зогсохгүй, нөгөө талаас ажил олгогч нарт тулгараад буй ажиллах хүчний хомсдлын асуудлыг шийдвэрлэх зэрэг олон талт шийдэл болох юм.

Энэ асуудал цор ганц манай улсад тохиолдоод байгаа зүйл биш. Тиймээс дэлхийн олон улс оронд өөр өөрсдийн шийдлийг гаргасаар байгаа.

Тухайлбал, олон улсын хөгжлийн байгууллагуудаас дараах таван алхмыг нэн түрүүнд авч хэрэгжүүлэх нь асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх боломж хэмээн харж байна.

Тэгвэл энэ таван алхамд юу орж байна вэ?

Ач холбогдол өгөх

Асрахуйн хөдөлмөрт ач холбогдол өгөх, энэ нь ажил хөдөлмөр гэдгийг хүлээн зөвшөөрөх;

Бууруулах

Цалингүй асаргаа, гэрийн ажил хийх цаг, ачааллыг бууруулах бүтээгдэхүүн, санаачилга

Урамшуулах, цалинжуулах

Асран хамгаалагч, гэрийн ажилчдын цалин хөлсийг шударгаар авч, ажил мэргэжлээр нь ахиж, санхүүгийн урамшуулал, аюулгүй байдлыг хангах бүтээгдэхүүн, үйлчилгээ, санаачлага

Дахин хуваарилах

Асран халамжлах ажлыг хувь хүнээс төрийн болон хувийн хэвшилд хуваарилах,

2) Өрхийн асрамж, гэрийн ажлыг дахин хуваарилах үйлчилгээ, санаачилга.

Оролцуулах

1) Асран халамжлах ажлыг хувь хүнээс төрийн болон хувийн хэвшилд хуваарилах,

2) Өрхийн асрамж, гэрийн ажлыг дахин хуваарилах үйлчилгээ, санаачилга.

Дээрх өгүүллийг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-тай хамтран бүтээв.

#Асрахуй, #АсрахуйнЭдийнзасаг

Оросууд довтолсноос хойш Украины 10 мянга гаруй энгийн иргэн амиа алджээ
Оросууд довтолсноос хойш Украины 10 мянга гаруй энгийн иргэн амиа алджээ
 
Био аюулгүйн 3 дугаар зэрэглэлийн лабораторийн нээлтийг хийв
Био аюулгүйн 3 дугаар зэрэглэлийн лабораторийн нээлтийг хийв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.