№1: Сарнай: Мэдээж би мэргэжлээрээ ажиллаж, амжилт гаргахыг хүсдэг. ГЭХДЭЭ...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

№1: Сарнай: Мэдээж би мэргэжлээрээ ажиллаж, амжилт гаргахыг хүсдэг. ГЭХДЭЭ...

Гэрэл зургийг mikoto.raw

- Асрахуйн эдийн засгийг хөгжүүлснээр Монгол Улс эдийн засгаа тэлэх боломжтой болно-

/2023.7.30/ Сарнайтай хааяахан гудманд таарах найзууд нь “Хүүе ээ, чи яагаад таг болчихов оо? Чи чинь ёстой хүчтэй эмэгтэй шүү дээ, карьераа ингээд дундаас нь орхих гээд байгаа юм уу?” гэнэ.

Эсвэл “Чи ч бусад хүүхнүүдтэй адилхан л буугаад өгчих шив дээ. Хүүхнүүд та нар ч ийм л дээ, тууштай биш” гэх, эсвэл “Яасан дахиад жирэмсэн болчихсон уу” гэж ирээд л шүүмжлэх эрчүүд ч таарна. Сошиал хуудсаа нээх бүрт “Эмэгтэйчүүд хүчтэй, эмэгтэйчүүд ээ манлайлах цаг иржээ” гээд л.

Гэвч яагаад Сарнай чухам ажлынхаа замналыг ид дундаас нь хаяад таг болчихсныг хэн ч үл асууна. Яагаад гэвэл Сарнай хөгшин настай ээжийгээ харж асрах шаардлагатай болсон юм. 81 настай ээжийгээ ганцааранг нь орхичихож болохгүй, асрагч аваад ажиллуулъя гэтэл тогтмол ажиллах хүн ч олдохгүй, хүн олдлоо гэхэд асрагчид өгөх мөнгө нь ажлаасаа авах цалинтай нь тэнцчихнэ. Тиймээс хүүхдүүдээ харангаа, ээжийгээ асрах ачааг тэрбээр үүрсэн.

Тийм ээ, Сарнай карьер хөөмөөр, мэргэжлээрээ ажиллан амжилт гаргамаар байгаа. Гэхдээ тэгэхийн тулд нуруун дээрээ байгаа “ачааллаа” бууруулах шаардлагатай. Тийм боломжоор хангагдах эрхтэй.

Гэтэл гэр бүл, үр хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй нэгнээ асрах “асрахуйн хөдөлмөр” ихэнхдээ эмэгтэйчүүдийн нуруун дээр байгаа тохиолдолд эмэгтэйчүүд нийгэмд амжилттай ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэхгүй байна.

АСРАХУЙН ХӨДӨЛМӨР ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ ВЭ?

Асрахуй гэдэгт дараах төрлийн хөдөлмөр үйлчилгээг багтаадаг. Үүнд:

  • Хүүхэд асрах, түүнтэй холбоотой хөдөлмөр/үйлчилгээ
  • Ахмад настан асрахтай холбоотой
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрахтай холбоотой
  • Гэрийн ажил (хөлстэй болон хөлсгүй)

Үл үзэгддэг, дутуу үнэлэгддэг, цалин хөлсгүй ажлын дийлэнх нь АСРАХУЙН ХӨДӨЛМӨР-т багтаж байна.

Жишээ нь, манай улсад Алдарт эхийн одонтой буюу дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй 11 мянга орчим эмэгтэйчүүд байдаг. Дийлэнх нь 36 орчим насныхан. Гэтэл энэ ээжүүдэд хүүхэд харсны тэтгэмж болгон хоёр нас хүртэл нь сард ердөө 50 мянган төгрөг олгодог. Түүнийгээ “Цалинтай ээж” хэмээн нэрлэсэн. Сард 50 мянган төгрөгөөр цалинжиж байхдаа "халтуур" хийж мөнгө олвол тэр даруй төр таныг "халчихна" гэдгийг дурьдах нь зүй.

Мөн байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асардаг 15 мянга гаруй хүн байна. Тэдгээр иргэд сард ердөө 84 мянган төгрөгийн тэтгэмжтэй.

Мөнгө яриад байгаа шалтгаан нь Асрахуйн эдийн засаг гэх томоохон салбар бий.

АСРАХУЙН ЭДИЙН ЗАСАГ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүн ажил эрхэлснийхээ төлөө хөлс авдаг. Үүнд гайхах зүйл үгүй. Гэтэл асрахуйн хөдөлмөр эрхэлж байгаа хүн “Хөлс авах ёстой” гэхээр бүгдээрээ гайхна. Яагаад? Тэдгээр хүмүүс ч бас хөдөлмөр эрхэлж байгаа шүү дээ.

Тэдний хийж буй ажил хөдөлмөр, зарцуулж буй цаг хугацаа, гаргаж буй хичээл зүтгэл бүхэн ҮЛ ҮЗЭГДЭЖ буй нь гашуун бөгөөд харамсалтай хэрэг.

Жишээ нь, өгүүллийн эзэн болох Сарнай яагаад ганцаараа ээжийгээ харах болсон бэ? Ээж нь таван хүүхэд төрүүлж, өсгөсөн атлаа яагаад ганцхан Сарнай ээжийгээ харахын тулд ажлаа өгч байгаа хэрэг вэ? Шалтгаан нь монгол ахуй, монгол соёлтой холбоотой. Хамгийн бага охиныдоо ийнхүү ээж нь амьдрах бөгөөд бусад нь баяраар ирж золгож үнсүүлэхээс өөр нэмэргүй, тэр байдал нь “Тийм л байх ёстой” гэсэн бодолтой, эсвэл огт тэр талаар боддоггүй биз.

Гэтэл энэ тохиолдолд манай улсад өндөр настнуудын халамжийн төвүүд сонголттойгоор, тогтмолоор ажилладаг байсан бол магадгүй хүүхдүүд нь хамтраад асуудлыг шийдэх гарцыг хайх боломжтой байсан биз. Гэвч тийм зүйл байхгүй болохоор энэ бүх асуудал шийдэгдэхгүй явсаар.

Сарнайгийн ээж энэ жил 89 нас хүрч байгаа бөгөөд ээжийгээ харж асрахад зориулж амьдралынхаа 8 жилийг өнгөрүүлээд байна. Хэрэв манай улсад өндөр настнуудын асрахуйн талаарх бодлого зохицуулалт байсан бол Сарнай 8 жилийг ажил хөдөлмөр эрхлэн өнгөрүүлэх боломжтой байсан.

Дэлхий дээр өдөр бүр Сарнайтай адил хүмүүс 16,4 их наяд цагийн асрахуйн хөлсгүй хөдөлмөр хийгддэг. Энэ нь дэлхийн нийт ДНБ-ий 9 хувь буюу 11 их наяд америк доллартай тэнцэх юм.

Асрахуйн эдийн засгийг хөгжүүлж, хөрөнгө оруулалт хийснээр ядуурлыг бууруулж, жендэрийн тэгш байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Учир нь, асрахуйн ажлын 76,2 хувийг эмэгтэйчүүд, ямар ч хөлсгүйгээр хийдэг юм.

Манай улсын хувьд хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй эмэгтэйчүүдийн цаг эрчүүдийнхээс даруй ГУРАВ ДАХИН ӨНДӨР байгааг дараах зургаас харж болно.


Энэ нь эмэгтэйчүүдийн ажиллах түвшний оролцоог жил ирэх бүр бууруулсаар байгааг дараах хүснэгтээс харж болно.

ТЭГВЭЛ ОДОО ЯАХ ВЭ?

Энэ асуудлыг шийдэх нь ганц талын оролцоотой зүйл биш юм. Тиймээс дараах байдлаар нийгмийн түвшин бүрт анхааран ажиллах нь туйлын чухал байна. Ингэж ажиллаж чадвал 2050 он гэхэд Монгол Улсын ДНБ-ийг 16 хувиар нэмэх боломж байгааг Азийн хөгжлийн банк тодорхойлоод байгаа юм. Талуудын оролцоог дараах байдлаар тусгажээ. Үүнд:

Засгийн газар:

  • Асрахуйн үйлчилгэний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах
  • Албан ёсны статитик, дата бүрдүүлэх, хөлсгүй хөдөлмөрийг эдийн засгийн утгаар үнэлэх механизм бий болгох
  • Нийгэм дэх жендэрийн тэгш бус байдал, хэвшмэл ойлголтыг халах
  • Хувийн хэвшлийн оролцоо, ИНБ-н оролцоог дэмжих, бодлогын зохистой орчин бүрдүүлэх

Иргэний нийгэм:

  • Мэдлэг түгээх кампанит ажлууд
  • Эрэгтэйчүүд, эрэгтэй хүүхдүүдийг татан оролцуулах
  • Мэргэжлийн холбоод болон албан бус нэгдлүүдтэй хамтрах
  • Олон нийтийн оролцоонд суурилсан асрахуйн үйлчилгээ эрхлэх

Хувийн хэвшил:

  • Гэр бүлд ээлтэй хүний нөөцийн бодлого
  • Асрахуйн хөдөлмөрт эрэгтэйчүүдийн оролцоо/ манлайлал
  • Цаг хэмнэсэн, уян хатан технологи
  • Ажлын байрны зохистой стандарт
  • Засгийн газартай хамтран ажиллах
  • Инновацид суурилсан асрахуйн бизнес

Олон улсын байгууллагууд:

  • Асрахуйн хөдөлмөр эрхлэгчдийн эрхийг хамгаалах стандарт тогтоох
  • Суурь санхүүжилтээр хангах
  • Чадавх, дэд бүтцийг бэхжүүлэх
  • Засгийн газруудтай хамтран ажиллах

#асрахуй #асрахуйнэдийн засаг #careeconomy

Холбоотой нийтлэлүүдийг унших:

Би эхнэр авмаар байна, Эмэгтэйчүүдийн мөрөн дээрх үл үзэгдэх хөдөлмөр

Уг нийтлэлийг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-тэй хамтран бүтээв.

О.Амгаланбаатар: Говь-Алтайчууд их түүхээрээ нэгдэж бүрэн бүтэн боллоо. Энэ бол БИДНИЙ БАХДАЛ
О.Амгаланбаатар: Говь-Алтайчууд их түүхээрээ нэгдэж бүрэн бүтэн боллоо. Энэ бол БИДНИЙ БАХДАЛ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.