Эмэгтэйчүүдийн мөрөн дээрх “ҮЛ ҮЗЭГДЭХ ХӨДӨЛМӨР“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмэгтэйчүүдийн мөрөн дээрх “ҮЛ ҮЗЭГДЭХ ХӨДӨЛМӨР“

Гэрэл зургийг: Каролина Грабовска

#АСРАХУЙ 2

/2023.7.29/ Гэрийн ажлаа аль болох тэнцүү хуваарилдаг эрх тэгш гэр бүлд ч “бодох ажил” буюу сэтгэл зүйн ачааллыг нэг хүн илүү үүрэх нь уламжлал мэт хадгалагдсан хэвээр л байна.

Сэтгэлзүйн ачаалал гэдэгт өрх, гэр бүлийн өдөр тутмын амьдралд хамааралтай үл үзэгдэх хөдөлмөрийг хэлж байгаа бөгөөд энэ нь дийлэнхдээ эмэгтэйчүүдийн нуруун дээр унадаг. Өөрөөр хэлбэл үүнийг “санаа зовох ажил”, “сэтгэн бодох хөдөлмөр” гэж тодорхойлох ба энэ нь гэр бүл доторх бүхий л ажил үүргийг ерөнхийд нь анхаарч санаагаа чилээх тухай ойлголт юм.

Ахуйн хүрээнд хийх ажлын дуусашгүй жагсаалтаа байнга толгойдоо хадгалж, юуг, хэзээ хийх ёстойг төлөвлөж, гэр бүлийн бусад гишүүдийн ажил үүргийг хуваарилаж, хийгдсэн эсэхийг шалгадаг хөдөлмөр эмэгтэйчүүдэд л хамааралтай мэт.

Америкийн Sociological Review-д хэвлэгдсэн нэгэн судалгаанд энэ тухай тодорхойлохдоо сэтгэл зүйн ачаалал гэдэг нь “хэрэгцээг тодорхойлж, тэдгээрийг биелүүлэх хувилбаруудыг олох, шийдвэр гаргах, үйл явцыг хянах” үүрэг хэмээжээ. Харин Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус Bright Horizons сэтгэлзүйн ачааллын тухай ойлголтыг дараах байдлаар тайлбарлажээ.

Хүүхдийг сургуульд зөөнө гэдэг нь зөвхөн хүргэж өгөх, буцаж авах бие махбодын ажил төдий зүйл биш юм. Эрт тарах өдөр, машинаар зөөх ээлж, эмчийн үзлэгтэй өдөр, тоглох өдөр, тусгай арга хэмжээ зохион байгуулагдах өдөр, аялал, ангийн үдэшлэг, шинжлэх ухааны үзэсгэлэн үзэх, багшийн өгсөн даалгавар юу билээ, өмсөх хувцас юу бэлтгэх вэ зэрэг маш олон ажлыг байнга марталгүй санаж байх зэрэг асар ихээр сэтгэл зүйн анхаарал шаардсан ажил билээ.

Эдгээр ажлын зарим нь л гэр бүлийн бусад гишүүдийн ажил үүрэгт хамаардаг хэдий ч үндсэн ажлаа хийж буй ээжийн сэтгэл зүйн анхаарлыг өдөр бүр, цаг минут тутамд байнга давхар шаарддаг.

СЭТГЭЛЗҮЙН АЧААЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ? Сэтгэлзүйн ачаалал эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Оклахома Их Сургуулийн сэтгэл судлаач, доктор Люсиа Сициолагийн тодорхойлсноор сэтгэлзүйн ачаалал бол хоол хийх, угааж арчих зэрэг бие махбодийн хөдөлмөрөөс ялгаатай бөгөөд тодорхойлоход нилээд төвөгтэй төрлийн хөдөлмөр юм.

Мөн түүнчлэн энэхүү үл үзэгдэх хөдөлмөр нь тухайн хүний цагийг үрж, эрч хүчийг сордогийн зэрэгцээ үүнийг эмэгтэйчүүдэд хамаатуулж, эмэгтэйчүүдийн хийх ёстой ажил мэтээр ойлгодог. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд эдгээр ажлыг хийсээр ирсэн, хийсээр байгааг анзаардаггүй анзаарсан ч үнэлдэггүй.

“Миний бодлоор, сүүлийн жилүүдэд энэ сэдэв их яригдаж байна. Эрчүүд хүүхэд харах, угаалга хийх зэрэг гэрийн ажилд илүү их оролцдог болж байгаа хэдий ч “угаалгын нунтаг дуусчихаагүй байгаа, бүх бохир хувцас угаагдаж уу, цэвэрхэн алчуур байна уу, хүүхдүүд цэвэрхэн оймстой байна уу” гэх мэт бүгдийг тооцоолох үүрэг эмэгтэйчүүдэд илүү хамаатай байгааг мэдэрсээр байна” гэж Люсиа Сициола тайлбарлажээ.

Сициола болон түүний багийн хийсэн судалгаагаар сэтгэлзүйн ачаалал нь эмэгтэй хүний биеийн эрүүл мэнд, цаашлаад аливаа харилцаандаа сэтгэл ханамж тааруу байх эсэхэд нь нөлөөлдөг гэдгийг тодорхойлжээ. Албан ёсоор гэрлэлтээ батлуулсан 10 эмэгтэй тутмын 9 нь гэр бүл доторх аливаа төлөвлөгөөг ганцаараа хариуцаж буй мэдрэмжийг мэдэрдэг бөгөөд сэтгэлзүйн ачаалал нь эмэгтэйчүүдэд дарамттай, ядарсан, өөртөө анхаарах орон зай байхгүй мэт сэтгэлзүйг бий болгодог байна.

Bright Horizons-ийн судалгаанд дурьдсанаар тогтмол ажил эрхэлдэг ээжүүдийн 72% нь хүүхдийнхээ хичээлийн хуваарийг сайн мэддэг байх нь “ээжийн ажил” гэж мэдэрдэг бол, 52% нь энэ үүргээсээ болж туйлддаг гэжээ.

“Чи асуух хэрэгтэй байсан юм, би туслах л байсан”…..

Сэтгэлзүйн ачааллын түгээмэл жишээнүүдийн нэг бол, оройн хоол бэлдэх, хүүхдээ усанд оруулах, бусад гэр ахуйн ажил аль хэдийн хийгдэж дууссаны дараа хамтрагч нь “Тусламж хэрэгтэй бол хэлээрэй” гэж хэлэх явдал юм.

Эсвэл гэрийн ажилд дарагдаж ядарч байгаагаа илэрхийлэх, гэр доторх бүхий л ажлаа ганцаараа зохицуулсаар байгаагаа хэлэхэд хамтрагч нь “Чи асуух хэрэгтэй байсан юм, би туслах л байсан” гэж хэлэх нь түгээмэл байдаг.

Эмэгтэйчүүдийг "Юу хийх хэрэгтэйг хэлээд өг" гэж байгаа нь мөн чанартаа сэтгэлзүйн ачааллаас хуваалцахаас татгалзаж эмэгтэйчүүдэд л үлдээж буй хэлбэр юм.

Эмэгтэйчүүд гэрийн бүхий л ажилд нэг бүрчлэн оролцох албагүй. Түүнчлэн хэн, юуг хийсэн байх ёстойг мэддэг, өөрийн үүргээ биелүүлж байгаа эсэхийг нь шалгадаг үүргээс бүрэн чөлөөлөгдөх эрхтэй. Зохион байгуулах, төлөвлөх, хянах зэрэг нь хийснийхээ төлөө “цалин” авдаг бүтэн цагийн ажил шүү дээ. Та төслийн менежер гэж сонсож л байсан биз дээ?

Хамтрагчдаа сэтгэлзүйн ачааллын тухай хэрхэн ойлгуулах вэ?

Photo credit: Rachel Levit Ruiz


1. Энэ нийтлэлийг хамтрагчтайгаа хуваалцаарай.
Жинхнээсээ, хамтрагчаа линкээр галла. Сэтгэлзүйн ачааллын талаар тайлбарласан бүхий л бичвэр бусад контентыг хуваалц. Сэтгэлзүйн ачааллыг маш сайн тайлбарлаж, ойлгоход энгийн, хялбар жишээнүүдтэй комикууд олон байдаг. Жэмма Хартли сэтгэлзүйн ачааллын нэлээд туйлдам хэцүү талуудыг харуулсан маш хэрэгтэй, нүд нээхүйц бичвэр олныг гаргасан байдаг. Линк явуулсныхаа дараа үзээд төрсөн сэтгэгдлийг нь хуваалцаарай.

2. Сэтгэлзүйн ачаалал чиний амьдралд яаж харагдаж, яаж мэдрэгдэж байгаа тухай жишээгээр тайлбарлаарай.
Чиний хариуцаж байгаа сэтгэлзүйн, сэтгэл хөдлөлийн, үл үзэгдэх ямар ажил үүрэг, даалгаврууд байна вэ? Амралтын өдөр хийх зүйл, аялалд явах хугацаа, санхүүгийн төлбөр тооцоо хийх зэргийг төлөвлөх нь чиний үүрэг байдаг уу? Гэрийн ажлаа хуваарилах, чухал тэмдэглэлт өдөр, болзоо зэргээ санах, дээрээс нь нэмээд юу бэлдэх хэрэгтэйгээ хэн төлөвлөдөг вэ? Хүүхдүүдийн амьдралд юу өрнөж, юу тохиолдож байгаад хэн анхаарал хандуулдаг вэ? Эдгээрийг өөрийн өдөр тутмын амьдралтай холбон тайлбарлаарай.

“Хямралын үе: Гэрлэсэн хосууд ажилгүйдэлтэй хэрхэн тулдаг вэ” номын зохиолч, социологич, доктор Алияа Хамид нэгэн жишээг хуваалцсан юм.

Нөхөр нь цалингүй ажил (гэрийн ажил, хүүхдээ харах гэх мэт) хийхдээ ч эхнэрээсээ юу хийх, хэзээ хийх нь хамааралтай байдаг. Жишээ нь нөхөр нь гэрийнхээ хүнсийг цуглуулахаар явлаа гэж бодъё. Гэхдээ хөргөгч, шүүгээгээ хараад ямар хүнс авах ёстойг, дараа долоо хоногт гэрт юу хэрэгтэй байгааг бодох, жагсаалт гаргах үүрэг эхнэрт ноогддог. Нөхөр нь дэлгүүр лүү яваад хэрэгтэй зүйлээ олж чадахгүй бол тусламж авахын тулд эхнэр лүүгээ залгах нь бидний дундах нийтлэг төрх ажээ.

3. Зөвхөн гэрийн ажлыг биш, зохион байгуулах ажлыг хуваалцмаар байгаагаа ойлгуулаарай.
Мөн чанартаа энэ бол эрэгтэйчүүдэд өгч буй нэмэлт ажил биш хамтрагч чинь гэр бүлийн гишүүнийхээ хувьд үүргээ биелүүлж байна уу гэдэг ойлголт гэдгийг санаарай. Гэр бүлийн гишүүд чиний үгийг хүлээгээд суух биш, өөрсдөө түрүүлж хөдөлдөг санаачлагатай байхыг хэн бүхэн хүсдэг. Ямар ажил хийхээ заавал чамаас асуух биш, чамтай л адил гэр бүлийн ажилд оролцоотой байж, юу хийхээ мэддэг байх хэрэгтэй.

Эмнэл зүйн сэтгэл судлаач, доктор Лина Перл хамтрагчдаа ингэж хэлэхийг зөвлөжээ: Гэр ахуйн ажил хэргээ хариуцаж, ар даах надад төвөгтэй байна, менежер байна гэдэг том ажил шүү. Юу хийх хэрэгтэйг хамтдаа харж, яаж хуваарилахаа хамтдаа шийддэг баймаар байна. Байнга бусдад үглэж байгаа юм шиг мэдрэмж авмааргүй байна.

4. “Хэтэрхий их санаа зовох” нь чиний хувь хүний асуудал биш гэдгийг хэлээрэй.
Эмэгтэйчүүд гэрт болон хүүхдэд хийх ёстой зүйлсийг байнга санах нь ямар хэцүү байгаа талаар хамтрагчиддаа хэлэхэд зарим хамтрагч “хэтэрхий их санаа зовохоо боль” гэж хэлдэг.

Магадгүй, чи маш их санаа зовдог байж болно. Гэхдээ гол асуудал нь энэ биш.

Хийх ёстой ажлууд гэрт байсаар л байна. Хэн нэгэн тэр ажлуудад байнга санаа зовоод, анхаарал хандуулаад байгаа бол өөрөө л хийхгүй бол тэр ажлууд хийгдэхгүй гэдгийг ухаарсан байна гэсэн үг.

Орныхоо даавууг солих ёстой гэдгээ санаад гэртээ ортол нөхөр нь аль хэдийн сольчихсон байх, дуусч байгаа гэдгийг анзаараачгүй байтал нөхөр нь “өндөг, сүү авах хэрэгтэй, би ирэх замдаа хүнсний дэлгүүр орчихъё” гэж хэлэх нь гэр бүлийн бүх гишүүдийн сэтгэл санааг хэр өөр болгохыг төсөөлөөд үз дээ. Сайхан биш гэж үү? Яг ийм үеүд олон давтагдаж байж эмэгтэйчүүд бага санаа зовох чадамжтай болно.

“Санаа зовох хэрэггүй” гэдэг үг биш, үйл хөдлөл үүнд тусалдаг гэдгийг санаарай.

Сэтгэлзүйн ачааллыг хэрхэн хуваалцах вэ?

1. Хэл хэл бас дахин хэл.
Сэтгэлзүйн ачаалал гэж юу болох, чамд хэрхэн нөлөөлж байгаа, яагаад үүнийг өөрчилмөөр байгаагаа нээлттэй ярилцаарай. Энэ талаар бүрэн дүүрэн, тухтай ярилцах хэрэгтэй. Зүгээр л дурдаад өнгөрөх биш, тэвчээр тасарсан үедээ л уйлж дуулж биш. Хамтрагч чинь жинхнээсээ өөрчлөгдөхийн тулд сэтгэлзүйн ачаалал гэж юу болох, чамд хэрхэн нөлөөлөөд байгааг чин үнэнээр нь чин сэтгэлээсээ ойлгох ёстой.

2. Гэрийн ажлуудыг хуваахдаа төлөвлөх, зохион байгуулах ажлуудыг ч оролцуул.
Зарим хос гэрийн ажлыг тэнцүү хуваахаар хичээсэн ч хэн нэгэн нь илүү дарамттай, илүү ажилласан мэдрэмж авсаар л байдаг. Учир нь нүдэнд харагдах ажил тэнцүү хуваарилагдсан хэдий ч нэг хүн нь сэтгэлзүйн ачаалал илүү авч байгаа.

Гэрийн ажлыг хуваахдаа хоол хийх, цэвэрлэх, хүүхдүүдээ унтуулах гэх мэт зөвхөн биет ажлыг хувааж болохгүй. Төлөвлөх, зохицуулах, хуваарь гаргах, ямар нэг чухал зүйлийг санах, бие биедээ хариуцлагатай хандах зэрэг сэтгэлзүйн даалгаврыг ч тооцоолж үүнийг хамтдаа хуваалцах хэрэгтэй.

Сэтгэл зүйн, үл үзэгдэх эдгээр ажлыг яг нарийн хуваах нь мэдээж хэрэг хэцүү. Хамгийн чухал нь хоёр хүн ижил тэгш оролцдог байх нь чухал юм. Хэрвээ таны хамтрагч сэтгэлзүйн ачааллын ихэнх хэсгийг үүрч байгаа бол яг одооноос алхам хийж, тэнцвэртэй харилцааг бүрдүүлэх нь гэр бүлийн сайн сайхан байдалд шууд нөлөөтэй байдгийг санаарай. Бие биедээ ямар мэдрэмж төрж байгааг байнга анзаараарай. Аажим аажмаар бүх ажил та хоёрын дунд тэгш хуваарилагдаж таатай уур амьсгал бүрдэхийг аяндаа мэдрэх болно.

3. Хяналтаа багасга.
Хамгийн хачирхалтай нь эмэгтэйчүүд хостойгоо хамт амьдрахаараа ганцаараа амьдарч байснаасаа ч илүү их гэрийн ажил хийх хандлагатай байдаг. Уг судалгааг хийсэн судлаачдын дүгнэснээр эмэгтэйчүүд хэн нэгэнтэй хамт амьдархаараа эмэгтэй хүйсийн үүрэг биелүүлэх дарамт мэдэрдэг байна. Эмэгтэйчүүд дийлэнхдээ өөрийн амьдрал, гэр бүл нь ямар байх талаар урьдчилсан хүлээлт үүсгэсэн байдаг ба санаа зовох хэрэггүй гэж хэллээ ч сайн ээж, үлгэр жишээ гэр бүл байх талаарх нийгмийн хүлээлтийг тоохгүй орхих хэцүү байдаг байна.

Сэтгэлзүйн ачааллыг хуваалцах тухай асуудал нь эмэгтэйчүүдэд ч гэсэн өөрчлөлт шаардана гэсэн үг. Жишээлбэл, эмэгтэйчүүд гэрийн ажлын хүрээнд хянаж, шүүмжилж, хамтрагчийнхаа хийсэн ажлыг засах зуршилд амархан автдаг. Энэ нь цаашлаад нөхрөө бүрэн дүүрэн оролцох урамгүй болгодог байна.

Юуны түрүүнд таны хамтрагч тухайн ажлыг хийж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Ямар нэг ажлыг яг нэг аргаар эсвэл таны хүссэн байдлаар хийлгэхийг хүсч байгаа бол яагаад тэр нь чухал болохыг тайлбарлаж өгөх нь чухал.

4. Нөхцөл байдлаа тогтмол шалга.
Энэ бүхнийг ганц удаагийн харилцан ярианаас ойлгохгүй гэдгийг онцолж хэлье. Сэтгэлзүйн ачааллыг хуваалцаж сурах нь маш их цаг, харилцан яриа, өөрчлөлт шаардана. Мэдээж энэ бол гарцаагүй зүйл. Тийм учраас бие биедээ тэвчээртэй хандаарай. Үл үзэгдэх хөдөлмөрийг ижил тэгш хуваарилдаг болохын төлөөх энэ үйл явцад ямар ажил нь амжилттай хэрэгжиж, аль хэсэг нь амжилтгүй байгааг тасралтгүй шалгаж байгаарай. Сэтгэлзүйн ажлыг хамтарч хийх нь юмсыг шударга болгоход, үгүй юм гэхэд ядаж л хуваалцаж хийхэд тус болдог” гэж Сициола зөвлөж байна.

Энэхүү нийтлэлийг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-тай хамтран бүтээв.

Эх сурвалж: https://www.mindbodygreen.com

Англи хэлнээс орчуулсан: Ё.Нямдулам

#Асрахуй 1 #АсрахуйнЭдийнзасаг

Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчилна
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.