Атомын бөмбөгийн эцэг - Опенхаймер гэж хэн бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Атомын бөмбөгийн эцэг - Опенхаймер гэж хэн бэ

Өнөөдрөөс эхлэн кино найруулагч Кристофер Ноланы ээлжит бүтээл болох ‘Oppenheimer’ кино дэлхий даяар нээлтээ хийж, кино театруудаар олны хүртээл болж байгаа билээ.

Тэгвэл Киллиан Мёрфи жүжигчин дүрийг нь бүтээсэн Роберт Ж. Опенхаймер гэж хэн бэ, тэр юугаар түүхэнд нэрээ мөнхөлсөн бэ?

Роберт Ж. Опенхаймер нь Дэлхийн 2-р дайны үр дүнг өөрчилж чадахуйц зэвсэг бүтээх даалгавартай эрдэмтдийн багийг ахалж байсан хүн юм. Тэдний бүтээсэн зүйл дайныг дуусгаж, дэлхий ертөнцийг тэр чигт нь өөрчилж, өнөөдөр 21-р зуунд ч дэлхийн геополитикийг тодорхойлсоор байна.

“Атомын бөмбөгийн эцэг” хэмээн нэр нь дэлхий даяар түгсэн энэ эрхэм хар багаасаа л эрдэм чадал нь тодорсон шилдэг онолын физикч байсан ба мэргэжлийнхээ талбарт өндөр амжилт гаргасан ч бүтээсэн бүтээлийнхээ улмаас АНУ-ын зэвсэгт хүчин, төр засагтай хүчтэй сөргөлдөж явсан ээдрээтэй намтартай ажээ.

1904 оны дөрөвдүгээр сарын 22-нд Нью Йорк хотноо Германаас цагаачилж ирсэн еврей гэр бүлд төрсөн Опенхаймер нь шинжлэх ухааны салбарт цахиур хагалах нь багаасаа тодорсон хүүхэд байв. Тэрээр багаасаа эрдэс чулуулаг сонирхож, улмаар Нью Йорк хотын Минерал судлалын клубт элсэн, тэмдэглэл, бичвэрээ илгээдэг байжээ. Клубын гишүүд түүнийг илтгэл тавиулахаар урьтал өнөөх нь 12 настай хүүхэд байсанд цочирдон гайхаж байсан гэдэг.

The Eccentricities of J. Robert Oppenheimer

1922 онд Опенхаймер Харвардын их сургуульд химийн чиглэлээр суралцахаар элсэв. Үүнээс хойш 3 жилийн дотор тэрээр ангийнхнаа сурлагаараа тэргүүлэн, сургуулиа дүүргэсэн ч физикт илүү сонирхолтой байсны учир химийн шинжлэх ухааны салбараас зам салжээ.

Ийнхүү Опенхаймер физикийн чиглэлээр ахисан түвшинд суралцахаар Оксфордын их сургуульд элсэж, Их Британийг зорив. Тэнд очоод “электрон”-ыг олж илрүүлэн, Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн Ж.Ж.Томсоны удирдлага доор Кавендиш Лабораторит ажиллах болж, удалгүй атомын чиглэлээрх өөрийн судалгааг эхлүүлсэн байна.

Гэвч нэг жилийн дараа тэрээр Оксфордыг орхин, тухайн үедээ дэлхийн онолын физикийн төв гэгдэж байсан Германы Гёттингений их сургуульд суралцах болсон байна. Түүнийг Онолын физикийн хүрээлэнгийн захирал Макс Борны урилгаар очсон гэдэг. Опенхаймерыг тус хүрээлэнд очиход тэнд удахгүй дэлхийд нэрээ цуурайтуулах олон эрдэмтэд эрдэм мэдлэгт шамдан, судалгаа шинжилгээ хийж байжээ.

Германд байх хугацаандаа Опенхаймер тухайн үедээ судалгааны цоо шинэ талбар болох квантын физикийн чиглэлээр олон судалгааны өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Тэдгээрийн дундаас шинжлэх ухааны ертөнцөд түүнийг алдаршуулсан нэг судалгааны бүтээл нь Борн-Опенхаймерын хамтарсан “Молекулын долгионы функцийн тойм” нэртэй судалгаа юм.

1927 он гэхэд Опенхаймер докторын зэрэг хамгаалаад зогсохгүй, Калифорнийн Беркли их сургууль, болон Калифорнийн Технологийн дээд сургуульд профессорын алба хаших болсон байлаа. Үүнээс хойшхи 13 жилийн турш тэрээр дээрх хоёр сургуулийн хооронд тасралтгүй явж, цөмийн физик, квантын онол, астрофизикийн салбарын олон чухал судалгаа туршилтуудыг хийж гүйцэтгэжээ.

1939 онд өөрийн судалгааны шавь Хартланд Снайдерийн хамтаар хар нүх байж болох талаарх таамаглал дэвшүүлсэн судалгааны өгүүллээ хэвлүүлсэн байна. Энэ судалгаа болон Борн-Опенхаймерын тойм өгүүлэл нэртэй бүтээлүүд нь хожмоо судалгааны хүрээнд хамгийн олон удаа ишлэгдсэн бүтээлүүд нь болжээ. Түүнийг Нобелийн шагналд 3 удаа нэр дэвшүүлж байсан ч харамсалтай нь хүртэж чадаагүй байдаг.

1930-аад оноос Опенхаймер улс төр идэвхитэй сонирхох болж, нацистын Герман улс дэлхийн хамгийн анхны цөмийн зэвсгийг бүтээх өндөр магадлалтай болсныг ойлгожээ. 1939 онд Европ тивд дайн дэгдэж, АНУ болж өрнөж буй үйл явдлыг сэтгэл түгшин ажиглаж байсан бол Опенхаймерын хувьд тус улсын цөмийн зэвсэг бүтээх санаачилгад дуртайяа нэгдэн орсон байна.

Улмаар 1942 онд АНУ-ын зэвсэгт хүчний генерал Лесли Грөвс АНУ-ын атомын бөмбөг бүтээх маш нууцын зэрэглэлтэй Манхэттэн төслийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн удирдагчаар ажиллах саналыг Опенхаймерт тавилаа. Тэрээр энэ саналыг хүлээн авч, туршилт судалгааны байршил болгон Нью Мексик мужийн Лос Аламосыг сонгосноор зэвсэгт хүчнийхэн тэнд олон тооны лабораториудыг барьж байгуулжээ.

Америкийн хамаг л шилдэг физикчдийг цуглуулж, урьд өмнө хэн ч бүтээж байгаагүй шинэ бөмбөг бүтээх даалгавар өгөв. Хэдэн зуун хүний бүрэлдэхүүнтэй байсан Опенхаймерын баг төд удалгүй хэдэн мянган ажилтантай болж, Америкийн татвар төлөгчдийн мөнгө энэ аварга төсөл рүү үлэмж хэмжээгээр урсаж эхэллээ. Хэдийгээр Опенхаймерт ийм хэмжээний том төсөл удирдах туршлага огт байгаагүй ч тэрээр хурдан суралцаж, генерал Грөвсийн итгэлийг алдаж байсангүй.

Баг бүрдэж, туршилт судалгаа хийгдэж эхэлснээс ердөө 3 жилийн дараа буюу 1945 оны долоодугаар сарын 16-нд тэд Тринити нэртэй анхны бөмбөгний туршилтаа хийхэд бэлэн болсон байлаа. Нью Мексик мужийн Аламагордо хотын ойролцоох хамгаалалтын нуувчнаас сэтгэл түгшин ажиглаж суусан Опенхаймерын нүдний өмнө ийнхүү атомын бөмбөгний дэлбэрэлт явагдаж, нүд сохлом хурц гэрэл гялбасны дараа тэрээр гүнзгий амьсгал авч, туршилт амжилттай болж, төслийн даалгавар амжилттай биелсэнд санаа нь амарчээ.

Trinity Site - White Sands National Park (U.S. National Park Service)

Энэ үйл явдлаас сар ч хүрэхгүй хугацааны дотор АНУ Японы Хирошима, Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаяснаар Япон улс бууж өгч, Дэлхийн хоёрдугаар дайныг дуусгахаас өөр аргагүй болсон юм. Опенхаймер атомын бөмбөгийг хоёр удаа хэрэглэсэнд ундууцаж, дайн дуусгахын тулд нэг л удаа бөмбөг хаяхад хангалттай байсан гэж мэдэгдэж байв.

Японд атомын бөмбөг хаяснаас хэдхэн өдрийн дараа Опенхаймер ерөнхийлөгч Трумэнтэй уулзахдаа Нагасаки хот дээр бөмбөг хаях шаардлага огт байгаагүй. Энэ бүхний дараа бодоход өөрийгөө хамгийн их нүгэл үйлдэж, гараа цустсан хүн болсонд сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнд дургүйцсэн ерөнхийлөгч Трумэн уулзалтын дараа туслахууддаа “Энэ гонгиносон новшийг Цагаан ордны босгоор дахиж бүү алхуулаарай” гэж хэлсэн түүхтэй.

Дайны дараа түүний алдар нэр дэлхий даяар түгж, Life, Time зэрэг сэтгүүлүүдийн нүүрэнд зураг хөрөг нь нийтлэгдэж байв. 1947 онд Опенхаймер АНУ-ын Атомын Энергийн комиссын ерөнхий зөвлөх хорооны тэргүүн болж, тэнд ажиллах хугацаандаа атомын бөмбөгнөөс хавьгүй хүчтэй устөрөгчийн бөмбөг бүтээх ажлыг эсэргүүцсэн нь тухайн үеийн Хүйтэн дайны нөхцөл байдал, ЗХУ-АНУ-ын дайсагнал эрчимжсэн үетэй давхцаж, Зөвлөлтийн эсрэг үзэл бодолтой хүн бүрийн дайсан болж хувирчээ.

Америк даяар коммунистуудыг агнах кампанит ажил явагдаж, нөлөө бүхий улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдийн дургүйг хүргэсэн Опенхаймер энэ ажиллагааны хохирогч болсон билээ. Түүнийг коммунизмыг талархагч хэмээн цоллож, 1954 онд Атомын Энергийн комиссын албан тушаалаас нь зайлуулж, нууц материалуудад хандах эрхийг нь цуцалснаар улс төрийн нөлөөллөө ч алдав. Энэ үйл явдал Америкийн шинжлэх ухааны хүрээллийнхэнд томоохон цохилт болсон ба 10 гаруй жилийн дараа л уур амьсгал зөөлөрч, төр засгийн хатуу хандлага намжсан байна.

Jumbo | The Trinity Test

1963 онд ерөнхийлөгч Жон Кеннеди Опенхаймерыг шинжлэх ухаанд өндөр гавъяа байгуулсан эрдэмтдэд олгодог Энрико Фермийн нэрэмжит шагналаар шагнах шийдвэр гаргасан ч Кеннеди ерөнхийлөгч бусдын гарт амь насаа алдсанаар удаах ерөнхийлөгч Линдон Жонсон уг шагналыг гардуулжээ. Энэ шагнал нь төр засаг түүнийг хэлмэгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн агуулгатайн дээр алдарт эрдэмтнийг нэр төрийг нь эргүүлэн сэргээж байгаагаа зарласан үйл явдал байлаа.

Амьдралынхаа үлдсэн он жилүүдийг тэрээр олон улсын тавцанд цөмийн зэвсэг, атомын энергийг хянаж, хязгаарлах чиглэлээр лобби хийсээр байв. Роберт Ж. Опенхаймер тэтгэвэрт гарснаасаа хойш дөнгөж жил ч хүрэлгүй 1967 оны 2-р сарын 18-нд улаан хоолойн хорт хавдар өвчний улмаас өөд болжээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр зогсоолын менежментийг сайжруулна
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр зогсоолын менежментийг сайжруулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.