Augmented Reality (AR) нүдний шил бүтээх зорилготой Project Iris төслийг Google компани зогсоосон талаар мэдээлэл гарч эхэллээ.
Ингэснээр тус компани энэ төрлийн төхөөрөмж бүтээх оролдлогодоо 3 дахь удаагаа бууж өгч байна гэсэн үг юм. Тэд урьд нь Google Glass нэртэй бизнест зориулсан, ажил хэргийн зориулалттай шил гаргаж байсан бол энэ удаагийн төсөл нь ухаалаг нүдний шилийг өргөн хэрэглээний зах зээлд зориулан шинээр бүтээх зорилготой байжээ.
2022 оны нэгдүгээр сард анх The Verge сайт дээр Iris төслийн талаарх анхны мэдээллүүд гарч эхэлсэн ба “төсөлтэй ойр ажилладаг” эх сурвалжаас уг мэдээллийг авсан гэдгээ The Verge мэдээлж байв. Тухайн үеийн мэдээллээр бол Iris төслийн бүтээгдэхүүн нь утасгүй холболт дээр суурилсан, хэд хэдэн камер ашигладаг нүдний шил болох байсан ба график дүрслэлийн үүргийг хүчирхэг график процессорт биш, үүлэн компьютеруудад хариуцуулах учиртай байжээ.
Мөн уг мэдээлэлд Google-ийн шинэ AR нүдний шилийг цанын хамгаалалтын шил шиг загвартай болох нь гэж байсан ч өнгөрсөн даваа гарагт Business Insider мэдээллийн сайт дээрх шинэ мэдээнээс үзвэл энэхүү цанын хамгаалалтын шил шиг загвартай төхөөрөмж нь AR шил биш, харин Google-ийн зүгээс Samsung болон Qualcomm компаниудтай хамтран хөгжүүлж байгаа Mixed Reality (MR) платформын бүтээгдэхүүн байсан гэжээ. Уг төслийн талаар Google 2023 оны 2-р сард маш товчхон мэдээлэл өгч байсан юм.
Даваа гарагт Insider дээр нийтлэгдсэн мэдээллээс үзвэл мөн л уг төсөлд ойр ажилладаг хэн нэгнийг эх сурвалжаа болгосон ба Google компани AR нүдний шилний төслөө олон жил хөгжүүлсний эцэст энэ оны эхээр бүрэн зогсоосон гэжээ. Хэрэв та бүхэн санаж байгаа бол энэ оны хавар тус компанид хэд хэдэн удаагийн цомхотгол хийгдэж, тус компанид 18 жил удирдах алба хашсан Клэй Бавор халагдаж, хиймэл оюун хөгжүүлэлтийн өөр компани руу шилжсэн билээ. Халагдахаасаа өмнө тэрээр Google-ийн AR/VR хэлтсийн ахлагчаар 7 жил ажиллаж, үүний дараа Labs хэлтсийг толгойлж байсан тул түүнийг цомхотголоор оруулсан нь AR төслийн хувь заяа хаашаа шийдэгдсэний нэг нотолгоо байж болох юм.
Inside сайтын мэдээлснээр “Google-ийн дээд удирдлагууд Iris төслийн стратегийг байнга өөрчилдөг байсан нь төслийн багийнхныг байнга чиглэлээ өөрчлөхөд хүргэж, туйлдуулсан байх магадлалтай” ажээ.
Android системд зориулсан AR
Ийнхүү Google компани AR төхөөрөмж бүтээх санаагаа орхисон ч AR программ хангамж хөгжүүлэх ажил нь хэвийн үргэлжилнэ гэсэн үг. Insider дээр гарсан мэдээллээс үзвэл тэд ‘Android for AR’ нэртэй AR программ хангамжийн платформ бүтээх санаатай байгаа ба одоогийн болон ирээдүйн AR төхөөрөмж үйлдвэрлэгчид тэдний программ хангамжийг ашиглахын тулд лицензийн төлбөр төлнө гэсэн үг юм. Уг платформыг одоогоор Betty гэсэн нууц нэрээр нэрлэж байгаа бөгөөд гол хэрэглэгчид нь андройд үйлдлийн систем ашиглагч Samsung тэргүүтэй компаниуд байхаар байна.
Google компанийн хувьд энэ мэтээр төслүүдээ явцын дундаас нь зогсоох, хөгжүүлэлтийн шалтгаанаар өргөн хэрэглээний зах зээлд нийлүүлэхгүй байх зэрэг нь хэвийн үзэгдэл юм. Тэр тусмаа компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай зардал хэмнэх санаачилга гаргаж, зөөврийн компьютер бүтээх хэлтсээ хүртэл татан буулгасан энэ цаг үед Клэй Бавор ажлаа өгсөн нь AR төхөөрөмжийн төслийг цаашид үргэлжлэх боломжгүй болсныг харуулж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдийг өөрийн AR төхөөрөмждөө татаж чадалгүй өдий хүрсэн тэдний хувьд AR программ хангамждаа илүү анхаарах нь хөрөнгө мөнгө хамаагүй бага зарцуулах шийдэл байх талтай.
Танилцуулагдаад удаагүй байгаа Apple компанийн 3500 ам.долларын үнэтэй Vision Pro төхөөрөмж нь VR болон AR-ын нийлбэр буюу Mixed Reality төрлийн төхөөрөмж бөгөөд урьд өмнө энгийн хэрэглэгчдийн гар дээр ийм хүчирхэг төхөөрөмж очиж байсан удаа байхгүй. Гэхдээ энэ төхөөрөмжид зориулсан сайн программ хангамжийн платформ хэрэгтэй гэдгийг Google олж харсан байх учиртай.
Meta компани ч энэ намар гэхэд Quest 3 нэртэй Mixed Reality (MR) төхөөрөмж гаргана гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн үүнээс гадна тус компани MR болон AR орчны хөгжүүлэгчдэд зориулсан AR нүдний шилийг ирэх жил гаргана гэж мэдэгдсэн ч мэргэжилтнүүд энэ шилийг 2027 оноос нааш хэрэглэгчдийн гар дээр ирэхгүй гэж таамаглаж байна.
Нэгэнт эдгээр компаниудын санал болгож байгаагаас илүү сайн, хүчирхэг төхөөрөмж бүтээж чадахгүй бол программ хангамжийг нь бүтээж, хэрэглэгчдийг татах нь Google-ийн хувьд оновчтой сонголт байж болох бөгөөд энгийн хэрэглэгчдээс гадна бизнесүүдэд зориулсан шийдэл ч санал болгож болох юм.
Цаашид юу болох вэ
Дээрх мэдээллүүдээс үзэхэд хэдхэн жилийн өмнө боломжтой мэт санагдаж байсан ухаалаг AR нүдний шил бүтээх тэдний мөрөөдөл унтарч, ахин хэзээ сэргэх нь тун ч тодорхойгүй болж байх шиг байна.
2020 онд Google компани Focals нэртэй AR нүдний шил үйлдвэрлэдэг North компанийг худалдан авч байв. Focals нь гаднаас нь харахад энгийн харааны шил шиг харагддаг байсан нь Google Glass-д байгаагүй давуу тал юм. Тэдний технологийг өөрийн эгнээндээ нэгтгэсэн Google компани өнгөрсөн жил л гэхэд AR шил ашиглан орчуулга хийх, хайлт хийх, Live буюу шууд видео цацах, Maps дээрх байршлын бодит зургийг харах гэх мэт олон боломжууд санал болгож, компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай компанийнхаа AR хөгжүүлэгчдийг магтан сайшааж байсан билээ.
Гэвч энэ оны 3-р сараас эхлэн Google Glass Enterprise Edition-ийг борлуулахаа больсон төдийгүй 2013 онд анхны Google Glass гаргаснаас хойш өргөн хэрэглээний зах зээлд нэг ч төхөөрөмж танилцуулж чадалгүй өдий хүрсэн юм. Цаг үеэсээ арай түрүүлж гаргасан, хэрэглэгчдийг хуйлруулж чадаагүй зэргээс нь болоод Google Glass-ийн борлуулалтыг мөн л 2015 онд зогсоож байв.
Insider сайтад мэдээлснээр нэрээ нууцлахыг хүссэн Google-ийн хоёр ажилтан одоо ч тус компани Iris төслөө буцаан сэргээх боломжтой бөгөөд AR технологийн судалгаа хийж байгаа ажилтнууд үлдсэн гэсэн хэдий ч өмнө нь Iris төсөл дээр ажиллаж байсан олон багуудыг Betty платформын ажил руу шилжүүлсэн, мөн Samsung-тай хамтран хөгжүүлж байгаа Mixed Reality төсөл рүүгээ шилжүүлсэн тул Iris төсөл дахин сэргэх нь эргэлзээтэй хэрэг юм.
Эх сурвалж: arstechnica