/2023.6.9/ Дэлхийн аль ч улс орны сүм хийдүүд ариун ордон гэгдэх бөгөөд тусгай дүрэм журамтай, хэдий мөнгө олох ч жуулчдыг заавал тухайн дүрэм журмаа барихыг хатуу шаардсан байдаг.
Энэ нь тухайн улс орны иргэдийнхээ шүтлэг сэтгэлд хүндэтгэлтэй хандаж буй хэрэг биз ээ.
Харин манай улсын хувьд Төв Гандан хийдээс гадна олны дунд "догшин" газар хэмээн эмээн хүндэлдэг газар бол Чойжин ламын сүм музей. Сүм нь 1908 онд байгуулагдаж, "Төрийн Чойжин Лувсанхайдавын сүм", "Нууц тарнийн сүм" хэмээн нэрлэгдэж байжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үеэр ч тус сүмд гар хүрээгүй гэдэг. Анхнаасаа "Монгол төрийн хамгаалагч" ч гэдэг.
Энэ сүмд Их Чойжин Лувсанхайдавын чандрыг шавартай хольж барьсан баримал ч бий. Ер нь энэ сүмийн үзмэрүүд 16-18-р зууны үед бүтээгдсэн байдаг.
Харин тус сүмийн удирдлагууд сүүлийн жилүүдэд сүмийг хэт бизнесийн зорилгоор ашиглах болжээ. Зуны улиралд элдэв тоглолт зохиох нь ч их болов. Хамгийн сүүлд гэхэд Говь компанийн шоу болжээ. Соёл уламжлалаа сахин хамгаалахын оронд худалдаж суудаг аюумшиггүй удирдлагууд уу?
Энэ зун дахиад хэчнээн шоу тоглолт болохыг таашгүй.
Ийнхүү догшин сүм, сүсэгтэн олныхоо хүндэтгэлийг зоосны нүхээр бултайлгах Чойжин ламын сүмийн удирдлагууд айж эмээдэггүй, хүндэтгэл ёс жудаг гэж байдаггүй хүмүүс бололтой. Энэ бүхнээс харахад саяхан газар дээрээ тус сүмийн сүр барааг дарахуйц барилга бариулах гэснийг шуугиантайгаар болиулсан нь ч болж гэх сэтгэгдэл төрлөө.
ЖИЧ: Чойжин ламын сүм музейн учир утгын талаар тайлбарлагч Л.Бадамтуяагийн ярилцлагыг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.