/2023.5.26/ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалын хэлэлцэх асуудлын жагсаалтад газрын ховор ашигт малтмалын хүртээмж, ОХУ-ын Украины эсрэг дайны асуудал багтжээ.
Гэхдээ уулзалтын үеэр гаргасан хамтарсан тунхаглалд Франц улс цөмийн реакторууддаа ураны өөр эх үүсвэр олох оролдлогыг мөн онцолсон юм.
Одоогийн байдлаар Франц улс Баруун Африкийн уранаас ихээхэн хамааралтай байгаа. Гэсэн хэдий ч бүс нутгийн нийгэм, улс төрийн эмх замбараагүй байдлын улмаас энэ нийлүүлэлтийн сүлжээ аюулд өртөж байна.
Монгол Улсад айлчлах үеэр гаргасан 18 зүйл бүхий хамтарсан тунхагт "Улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх"-ээс гадна хоёр улс эрчим хүчний салбарт ч хамтран ажиллах болно гэж тэмдэглэжээ.
Уг тунхаглалыг ухаж үзвэл, 12 дугаар зүйлд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Зөөвч-Овоо хамтарсан төсөл"-ийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг намар дуусгах зорилготойгоор "түргэсгэнэ" гэж тэмдэглэсэн байна.
Тодруулбал, Францын Орано групп (хуучнаар Арева) болон Монголын Монатом компанийн хамтран хэрэгжүүлдэг “Бадрах Энержи” компанийн уран олборлох төслийг дурджээ.
Франц-Монголын хамтарсан мэдэгдэлд цөмийн хамтын ажиллагааны тухай өгүүлсэн хэсэг харьцангуй бага байр суурьтай байгаа нь ач холбогдлыг багасгаж байна.
Францад одоогоор 56 реактор бүхий 18 атомын цахилгаан станц бий. Энэ тоо ойрын жилүүдэд мэдэгдэхүйц нэмэгдэхийн зэрэгцээ ураны хэрэгцээ ч нэмэгдэх нь мэдээж.
Чулуужсан түлшний хэрэглээг багасгаж, гадаад эрчим хүчнээс хараат байдлаа бууруулах шаардлагатай байгаагийн хариуд Макрон 2022 оны хоёрдугаар сард Франц улс 28 жилийн хугацаанд дахин 14 цөмийн реактор барихад 51.7 тэрбум евро зарцуулна гэж мэдэгдэж байсан.
Шинэ реактор хэрэгтэй болсны тухайд Орос Украин руу довтолж, түүнээс үүдэлтэй эрчим хүчний хангамжийн асуудал болгон онцолж байв.
Францын Экологийн шилжилтийн яамны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, эрчим хүчний хэрэглээний 40 хувийг цөмийн эрчим хүч, 28.1 хувийг бензин, 15.8 хувийг байгалийн хий, 12.9 хувийг салхи, усан цахилгаан станц зэрэг өөр эх үүсвэрээс бүрдүүлдэг байна.
Францын цахилгаан эрчим хүчний компани болох EDF-ийн тоо баримтаас харахад тус улсын цахилгаан эрчим хүчний дийлэнх хувийг цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг: 70.6 хувь нь усан цахилгаан станц, 11.2 хувь нь усан цахилгаан станц, 6.3 хувь нь салхи, 2.2 хувь нь нарны эрчим хүч үйлдвэрлэдэг.
Үүний үр дүнд Францын ураны хараат байдал ойрын жилүүдэд мэдэгдэхүйц өсөх хандлагатай байна.
Өнөөгийн цөмийн түлшний хэрэгцээгээ хангахын тулд Францад жилд 8000-9000 тонн уран хэрэгтэй гэж Connaissance des Énergies портал мэдээлэв.
ОУАЭА болон ЭЗХАХБ-ын Цөмийн энергийн агентлаг (NEA) хамтран нийтэлсэн 563 хуудас бүхий "Уран 2022 нөөц, үйлдвэрлэл, эрэлт" тайланд дэлхийн ураны үйлдвэрлэлийн гуравны хоёр орчим нь Казахстан (39.4 хувь), Канад (39.4 хувь)-аас бүрддэг гэж нэмж бичжээ. Бусад үйлдвэрлэгчид нь Нигер, Намиби, Орос, Узбекистан, Монгол зэрэг орно.
Франц улс өөрийн гэсэн ураны ордгүй учраас импортод түшиглэхээс өөр арга байхгүй.
Дөрөвдүгээр сарын 23-нд Францын Daily Le Monde сонинд Нигер дэх Ораногийн ураны аварга уурхайд жихадистуудын халдлагаас эхлээд олон аюул заналхийлж байгаа талаар бичжээ.
Үнэн хэрэгтээ ураны ордууд нь "Францын эрчим хүчний тусгаар тогтнолын стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг" болсон гэж тус сонинд тэмдэглэжээ. Гэвч урсгал эргэж байна.
1971 онд Нигерт нээгдсэн хоёр уурхайгаас Сомайр дахь нэг уурхай л үлджээ. Акута Майнинг компани (Коминак) 2021 оны гуравдугаар сард нөөц дууссан учир хаагдсан.
Гэхдээ хамгийн том асуудал бол бүс нутгийн тогтворгүй байдал бөгөөд Франц улс мөн л уранаар хангадаг хөрш Буркина Фасо болон Мали улсыг орхихоос өөр аргагүйд хүрчээ.
Орано Нигерт байр сууриа хадгалахыг хүсч, тавдугаар сарын 4-нд Ниамейтэй ерөнхий түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. "Orano Mining" компанийн гүйцэтгэх захирал Николас Мэйсийн хэлснээр, "Энэхүү гэрээ нь Нигер улс дэлхийн ураны салбарт томоохон үүрэг гүйцэтгэж байгааг баталж байгаа хэдий ч үймээн самуун маш их байгаас нөхцөл байдал тогтворгүй байна гэжээ.
Одоогийн байдлаар Францын цэргүүд Нигерт байсаар байгаа бөгөөд тус улс дахь Францын арми татан буугдсанаас хойш хөрш Мали, Буркина Фасо дахь үйл ажиллагааг хянах зорилгоор "Алмахау ажиллагаа"-ны нэг хэсэг болгон Нигерийн армитай хилийн бүсэд хамтран эргүүл хийж байна.
Ораногийн 2021 онд нийтэлсэн инфографаас харахад Францын ураны импорт Нигерээс аажмаар холдож байна. "Бялуу"-ныхаа дийлэнх нь Казахстанаас (2840 тонн) авч байгаа бол Нигерийн Сомайр (1996 тонн) хоёр дахь нийлүүлэгч болжээ. Харин Канадын McLean Lake Mill дахь Cigar lake уурхай мөн 1788 тонн уран олборлодог.
Гэсэн хэдий ч бүс нутагт тогтворгүй байдал нэмэгдэж байгаа тул өөр хувилбарууд зайлшгүй шаардлагатай болж байна.
Монголын үүрэг
Франц-Монголын ураны хамтын ажиллагаа шинэ зүйл биш. “Арева Майнз” компани Дорноговь аймагт 1997 оноос хойш хайгуулын ажилд оролцож байгаа бөгөөд "Зөөвч овоо" ордыг 54 мянга гаруй тонн ураны нөөцтэй гэж Дэлхийн цөмийн холбооноос мэдэгджээ.
2015 онд Франц, Монгол хоёр улсын цөмийн хамтын ажиллагаа нэг алхам урагшилж, “Бадрах энержи” хамтарсан компанийг Ораногийн охин компани Арева Монгол (66 хувь), Мон атом охин компаниараа дамжуулан “Эрдэнэс Монгол” 34 хувийг эзэмшин байгуулсан.
“Эрдэнэс Монгол” компани 22 жилийн хугацаанд нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум евро байх бол орлого нь 5,5 тэрбум евро байхаар төлөвлөжээ. Ораногийн танилцуулгад 2021 онд ашиглалтад орсон шинэ олборлолтын туршилтын гэрээг хоёр жилийн хугацаатай хийснээр 20 тонн уран гаргана гэж бичсэн байна.
Макрон одоо намар бүрэн үйлдвэрлэлээ эхлүүлж, улам бүр өлсөж буй Францын цөмийн реакторуудад үзүүлэх дарамтыг багасгахын тулд энэ бичиг баримтын ажлыг хурдасгана гэж найдаж байна.
Эх сурвалж: Франс Пресс