/2023.5.25/ Боловсролын зээлийн сангийн асуудал сүүлийн үед ихээр шуугиан татаж байна. Тиймээс хуульч Б.Пүрэвсүрэнгийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
1. Зээл үү, тэтгэлэг үү гэдгээ ялгаж салгаж ойлгох. Тэтгэлэг гэж зарлаад зээл олгох, зээл олгосон боловч тэтгэлэг болгон өөрчлөх зэргээр завхралын үндэс энэхүү хоёр үгнээс эхлэн үүсэж байна.
2. Шалгуур хангаагүй тохиолдолд хэнбугай нь ч авах боломжгүй.
(хэлний оноо, топ 100 их сургууль, эрэлттэй мэргэжлээс авхуулаад засгийн газар хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр гэх зэргээр үргэлжилнэ)
3. Топ 100-д багтдаггүй өчнөөн олон сургуулийн нэрс өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа харагдах юм. Энэ тохиолдолд шалгуур шаардахгүйгээр, "хүчинд"-жээ л гэж ойлгох нь зөв. Авсан нь ч, өгсөн нь ч асуудал үүснэ. Авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаал гээд олон зүйл яригдах боломжтой. Гэмт хэргийн зүйлчлэл бүр өөр.
Мөн Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities сайтуудаар ороод сургуулийнх нь эрэмбэтэй танилцаад шалгахад гэмгүй.
4. Аав нь сайд байхдаа хүүхдэдээ боловсролын зээлийн сангаас санхүүжилт олгож болохгүй ээ. Үүнийг хэн ч ярихгүй байна. 2012 оны Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль үйлчлэх ёстой. Цаашилбал, төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд байж боломгүй ёс зүйгээ үйлдэл.
5. Баримт материал устсан байх ямар ч боломжгүй. Хэт яарсан, нэг талыг барьсан болгоомжгүй мэдэгдэл хийв. Барьцаа хөрөнгийн талаарх мэдээллийг улсын бүртгэлээс гаргуулах, мөнгө шилжүүлсэн гүйлгээний хуулга, харилцах банк, дансны мэдээлэлтэй танилцах боломж нээлттэй. Хулгай хар мөртэйн учиг ийм.
6. Боловсролын зээлийн сантай холбоотой төрд учруулсан хохирлыг гаргуулахаар Прокурорын байгууллагаас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хуулиар бий. Үүнийг шаардах нь зөв. Дан ганц АТГ, Цагдаагийн байгууллага мэдээлэл хийсэн болоод ажлын хэсэг байгуулагдсан гээд өнгөрөөх асуудал биш.
7. Боловсролын зээлийн сангаас зээл олгосонтой адил зээлээс чөлөөлсөн, тэглэсэн үе үеийн БШУЯ-ны сайдын тушаалыг эргэн харах. Үндэслэлгүй нөхдийг ч тэглэж, чөлөөлж дураар аашилсан байх магадлалтай.
8. Боловсролын зээлийн сан мөсөн уулын орой хэсэг. Гэтэл цаана нь ИНЕГ, АМГТГ, Монгол банк, Эрдэнэт үйлдвэр, МИАТ, Эрдэнэс Монгол гэх зэрэг төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрын зардлаар гадаад оронд суралцагчдын мэдээлэл одоо ч ил болоогүй байна. Үүний мөрөөр нэг ороод үзвэл ч...
9. Боловсролын зээлийн сан дотроо Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, Дэлхийн шилдэг их сургуулиуд, Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гээд хэд хэдэн төрөл бий. Үүнийг хооронд нь хольж ойлгоод. Ном журмынх нь дагуу тэнцээд, "яваад" ирсэн хүмүүсээ буруутгах өнгө аяс цухалзаж байгаа харагдана. Тус бүрдээ шалгуур, шаардлага нь өөр л дөө.
10. Үнэ төлбөргүй сургуулийн сургалтын зардал, амьжиргааны зардал гаргуулсан, өөрийн дансаар авсан, үндэслэлгүй өндөр үнийн дүн бүхий тохиолдлуудыг онцгойлон авч үзэх нь зүйтэй. Сургалтын төлбөрийн зээл нэрийн дор энэ бүх асуудлаа шийдүүлж суралцсан байх вий. Түүнээс биш төрийн албанд ажилдаг хүн бүрийг хардаад байх нь ач холбогдол багатай. Хүн аав ээж, хамаатан саднаа сонгож төрөхгүй.
Эцэст нь, эдгээр мэдээлэл ил болж буйн ач гавьяа 2022.05.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиас эхлэлтэй юм. Түүнээс биш, Засгийн газрын шувуу, шувуухай ажиллагаа, улс төрчдийн бие биеэ намнах гэсэн зорилго, мөрөөдөл, амбицтай ямар ч холбоогүй. Сайн хууль батлаад хэрэгжүүлж чадвал саар олон асуудлыг илчилж, шийдвэрлэж болдгийн нэгээхэн жишээ болон бидэнд үлдээсэй.