Хөвсгөлчүүд аутизмтай хүүхдүүдийг ердийн сургуульд сурган, үр дүнд хүрч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлчүүд аутизмтай хүүхдүүдийг ердийн сургуульд сурган, үр дүнд хүрч байна

Тайлбар: Энэхүү зураг нь доорх агуулгатай холбоогүй бөгөөд сошиал орчноос авч ашигласан болно.

/2023.5.16/ Хүүхдийг тэгш хамруулан сургаж байгаа Увс аймгийн Зүүнговь сумынхны амжилттай жишээг бид өчигдөр хүргэсэн.

Тэгвэл өнөөдөр Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ердийн сургуульд хамруулснаар тухайн хүүхдүүдийн суралцах, бие даах, хөгжих чадвар нэмэгдэж байгаа жишээг хүргэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан боловсрол олгоход эцэг эхчүүд илүү оролцоотой байж, хууль эрх зүйн мэдлэгтэй, эрх мэдэлжсэн байх хэрэгтэй бөгөөд үүнд бүх шатны төрийн болон бусад байгууллагууд хамтран ажиллаж үр дүнд хүрэх боломжтой юм.

ХӨВСГӨЛ АЙМАГ: Хүүхдүүд 15-16 насандаа бусдаас
ялгаатай гэдгээ ойлгодог

Ахмад багш Ч.Лхагвасүрэн:

Би Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо (ХБХЭЭХ)-ны Хөвсгөл аймаг дахь салбарын зохицуулагчаар ажилладаг. Тус салбар 2008 оноос эхлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэдний хөгжлийг дэмжих үйлчилгээнд хамруулах ажлыг 14 жил хийсэн.

Энэ үйл ажиллагааг явуулахад их бэрхшээл тулгарч байлаа. Жишээлбэл, хүүхдүүдэд юу зааж, хөгжүүлэх арга зүйг хэрхэн боловсруулах, хүүхдүүдэд өгөх хоол, цайны асуудлыг хэрхэн шийдэх, мэргэжлийн багшийг хаанаас олох, материаллаг орчноо хэрхэн бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаар яаж мэдлэг эзэмших гээд олон зүйл тодорхойгүй байв.

2010 онд аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавтай уулзаж үйл ажиллагаагаа танилцуулсны үр дүнд Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар (ГБХЗХГ)-ын байранд сургалт явуулах шийдвэр гаргаж өгч үйл ажиллагаа явагдах боломжтой болсон юм.

Цаашид ГБХЗХГ-ын дарга, мэргэжилтнүүдэд нөхцөл байдлаа танилцуулснаар тус байгууллагын ивээл дор хамтран ажиллаж, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах боломж бүрдсэн. Мөн Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас хоолны асуудлыг шийдэж, 2 ахмад багш хичээлийн үйл ажиллагааг 9-15 цагт зохион байгуулдаг болов.

Ингээд 2011 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хөгжлийн төв” нэртэйгээр сургалт, нийгэмшихүй, сэргээн засах үйл ажиллагаанд 60 гаруй хүүхдийг хамруулан хөгжлийн дэмжлэг үзүүлжээ.

Тус төвд оюуны хүнд хэлбэрийн бэрхшээлтэй 18 хүүхэд суралцсан. Өөрөөр хэлбэл, аутизм, даун зэрэг танин мэдэхүйн бэрхшээлтэй хүүхдүүд байсан.

Одоо бүгд ердийн сургуульд шилжин суралцаж байна. Эдгээр хүүхдийг цаашдаа тэгш хамруулан сургахад дэмжлэг болох шаардлагатай. Нөгөөтэйгүүр, энэ төвдөө удаан ажилласан учраас эцэг эхчүүд зөвлөгөө авахаар маш их хандаж байна.

Бас нэг шалтгаан нь хүүхдүүд маань ердийн сургуульд үргэлжлүүлэн сурах болоход эцэг эхчүүд 100 хувь хүлээн зөвшөөрч дуугараагүй. Гайхсан, эргэлзсэн, итгэлгүй байсан. Энэ байдлыг арилгахын тулд эцэг эхчүүдийн дунд эрх зүйн орчныг таниулах уулзалтууд зохион байгуулсан.

Тогтвортой хөгжлийн 3 журам, тогтоолыг танилцуулсан. Сургуулиудад очиж нийгмийн ажилтан, багш нартай уулзалт хийсэн, энэ үед эцэг эхчүүд маш их асуулт асуусан. Нийгмийн ажилтан, багш нар хариулж, ердийн сургуульд хүүхдээ сургахын ач холбогдлын талаар сайн тайлбарлаж өгсөн юм. Цаашид хүүхэд МСҮТ болон бусад мэргэжлийн сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийн талаар ч ярив.

Мөн төв дээрээ болон сургуульд очиж 2 удаа тэмцээн зохион байгуулсан. Энэ нь цаагуураа судалгаа хийх, хүүхэд юу чаддаг, юун дээр илүү анхаарч ажиллах ганцаарчилсан төлөвлөгөө гаргах зорилготой байв.

Энэ намар эцэг эхчүүд хүүхдүүддээ сурагчийн шинэ дүрэм хувцас өмсүүлээд сургуульдаа хөтлөөд ирсэн. Хүүхдүүд маань сурагчийн дүрэмт хувцастай бүр царайлаг, хөөрхөн харагдаж байна лээ. Одоо асуудал гараагүй хичээлдээ явцгааж байна.

Энэ төрлийн бэрхшээлтэй хүүхдүүд 15-16 насандаа өөрсдийгөө бусдаас ялгаатай гэдгийг ойлгодог ч өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь их удаан, хүнд процесс байдаг. Гэвч энэ үед эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ сайн ойлгож цаашдаа сурах эсвэл мэргэжлээ сонгоход нь анхаарч туслах нь зөв гэж боддог.

Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхол, юу хийх дуртай талаар, гараараа юм хийх дуртай юу эсвэл хоол хийх дуртай байна уу гэдгийг ажиглаж мэдэж авах нь чухал. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтарч ажиллаад ойлгоод ирэхээрээ янз бүрийн асуулт тавьдаг, мөн бидэнд тэнд ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна, яаж сургалтад хамруулах вэ гэх мэтээр санаа тавьж эхэлдэг.

Хүүхдийнхээ ахиц, хөгжлийг хараад баярлаж урамшиж, оролцохгүй байгаа хүмүүсийг оролцдог болгох талаар санаагаа ярилцаж байгааг харахаар их сайхан санагддаг. Энэ нь хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа гэсэн үг.

Эцэг эхчүүдийг идэвхжүүлэх тал дээр 7 хоногийн баасан гараг бүрт уулзалт зохион байгуулдаг байсан. Хүүхдийнх нь бүтээлийг үзүүлэхэд их баярладаг. Анги цэвэрлэхэд хамт оролцуулна. Хичээлийн хэрэглэгдэхүүнийг хамт хийж хэрэглэгдэхүүнээ яаж хэрэглэх, зурган картан дээр үг наалгаж, уншуулах зэрэг хүүхэдтэйгээ ажиллах арга зүйн зөвлөгөө их өгдөг.

Эцэг эхчүүдэд хүүхдийг нь өөр хүүхэдтэй харьцуулахгүй, өөртэй нь харьцуулж гаргасан ахицыг үзүүлэхэд их урамшдаг. Мөн хоорондоо хүүхэдтэйгээ ажилласан арга барилаа хуваалцах их дуртай. Гэвч 18 эцэг эхээс 5, 6 нь идэвхгүй байх жишээтэй.

Идэвхтэй эцэг эхчүүдээ нэгтгэж эцэг эхчүүдийн хөгжлийн төв байгуулж, төвдөө практик аргаар сургана. Кейс хэлэлцүүлэг хийж шийддэг, эрх зүйн мэдлэгтэй хөтөч эцэг эхчүүдтэй болно. Зөвхөн өөрийнхөө хүүхдийг биш бусдын хүүхдийг ердийн сургуульд сургахад тусалж, зөвлөмж үзүүлэх чадавхтай болоход дэмжлэг үзүүлэх зорилготой эцэг эхчүүдийн хөгжлийн төв байгуулахаар зорьж явна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ердийн сургуульд сурахад нь дэмжих, сургалт нь чанартай байх, эцэг эх нь оролцох эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Эцэг эхчүүд төвдөө ирж асуудлаа ярилцаж, шийдэх арга зүйгээ боловсруулж сургуульд хэрэгжүүлдэг болох зөвлөхийн хэмжээнд ажиллах юм. Энэ ажлаа орон нутгийн засаг захиргаа, БСУГ, ГБХЗХГ-тай хамтран хийж байна.

Миний хувьд хүүхдүүдтэй ажилласнаар тэгш хамруулах асуудлаар багш нарт ч зөвлөгөө өгөх хэмжээнд мэдлэг, арга зүй, туршлага хуримтлуулж байна. Өөрийн мэддэгээ хүмүүст хэлж ярьж өгөхөөр өөрт их санаа төрдөг юм байна. Үүнд мөн аймгийнхаа БСУГ-т 20 гаруй жил арга зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан ажлын туршлага ч их нөлөөлж байна.

Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан боловсрол олгоход эцэг эхчүүд илүү оролцоотой байж, хууль эрх зүйн мэдлэгтэй, эрх мэдэлжсэн байх хэрэгтэй бөгөөд үүн дээр бүх шатны төрийн болон бусад байгууллагууд хамтран ажиллаж үр дүнд хүрэх боломжтой юм.

Эх сурвалж: Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл

ТАНИЛЦ: Энэ жилийн халуун ус хязгаарлах хуваарь
ТАНИЛЦ: Энэ жилийн халуун ус хязгаарлах хуваарь
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.