Харааны бэрхшээлтэй хүүхдүүд: Багш нар заримдаа “Хэн усанд орж байна“ гэж хөшиг сөхөж хардаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүд: Багш нар заримдаа “Хэн усанд орж байна“ гэж хөшиг сөхөж хардаг

/2023.5.16/ Хүний эрхийн Үндэсний комиссоос байгуулагдсан ажлын хэсэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургууль, сургуулийн дотуур байранд энэ сарын эхээр шалгалт хийжээ.

Шалгалтын хүрээнд тус сургуулийн захирал Э.Нүрзэдэд шаардлага хүргүүлснийг бид хүргэж байна.

УЛСАД ЦОР ГАНЦ БАЙХ ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ
ХҮҮХДҮҮДИЙН СУРГУУЛИЙН ТУХАЙ

116 нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог улсын хэмжээний цор ганц сургууль юм. Энэ хичээлийн жилд тус сургуульд нийт 129 хүүхэд суралцаж байгаагаас:

  • Бага ангийн 11 бүлэгт 60,
  • Данд ахлах ангийн 11 бүлэгт 69

Дээрх хүүхдүүдийн 72 нь эрэгтэй, 55 нь эмэгтэй. Улаанбаатар хотоос 89, хөдөө орон нутгаас 40 сурагч суралцаж байна. Мөн 0 хараатай 60, сул хараатай 69 сурагч байна. Харин дотуур байранд нь 55 сурагч амьдардаг ажээ.

Тус сургууль 48 багш, 23 ажилтантай. 1,3 тэрбум төгрөгийн жилийн төсөвтэйгээс 78% нь цалин хөлсөнд зарцуулагддаг. Багш нарын 4 нь харааны бэрхшээлтэй.

ШАЛГАЛТЫН МӨРӨӨР: Сургуулийн манлайллын үр дүнд
Монгол брайль үсгийн стандарт батлагджээ

Сургуулийн захиргаа сүүлийн жилүүдэд өөрсдийн нөөц бололцоондоо түшиглэн орчноо тохижуулж, бусад байгууллагатай хамтран ажиллаж, хүүхдүүдийн дунд дугуйлан секц ажиллуулан идэвх санаачлагатай байгааг шалгалтын хэсгийнхэн дурьдлаа.

Сургуулийн дотуур байр нь тохьтой, дулаан, хүүхэд айдас хүчирхийллээс ангид байх орчныг бүрдүүлсэн байна гэж дүгнэжээ. Мөн сургууль орчны агааржуулалт, камержуулалт, гэрэлтүүлэг зэрэг нь сайн гэв.

Сургачидтай хийсэн ганцаарчилсан ярилцлагаас харвал багш нарын зүгээс хүүхдүүдийг дарамтлах, ялгаварлах ноцтой зөрчил илрээгүй байна.

Сургуулийн манлайллын үр дүнд Монгол брайль үсгийн стандарт боловсруулагдаж, 2019 онд батлагджээ. Ингэснээр хүүхдүүдийн сурч боловсрох, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг эрх хангагдсан гэж шалгалтын хэсэг дүгнэсэн байна.

Харин сургалтын чанарт сургуулийн хүний нөөцийн тогтворгүй байдал нөлөөлж байна гэжээ. Тус сургуулийн багш нарын ажилласан жилийг авч үзвэл:

  • 1-3 жил ажилласан 20 багш ,
  • 4-8 жил ажилласан 20 багш,
  • 10-27 жил ажилласан 12 багш

2018 оноос хойш сургуулийн захирал 5 удаа солигджээ. Хоёр жилийн хугацаанд буюу 2021-2023 онд нийт 36 багш, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байна. Бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын үеэр багш нар “...тайван л ажилламаар байна”, “...хамт олны дунд нөхөрсөг, дулаан уур амьсгал дутагдаж байна” гэж нийтлэг илэрхийлжээ.

ШАЛГАЛТЫН МӨРӨӨР: Тэргэнцэртэй хүүхдүүдийг эрэгтэй багш нар
хуваарь гарган үүрч зөөдөг

Сургуулийн дотоод орчин өнгөний ялгарал, гэрэлтүүлэг сайтай, сул хараатай хүүхдэд илүү нийцтэй боловч сургуулийн орчин бүрэлдээ харааны бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээг хангаж чадахгүй, хүртээмжгүй байна. Тухайлбал, сургуулийн болон дотуур байрны шат, хаалга, анги, танхимд брайл тэмдэглэгээ байхгүй, брайлиар бичигдсэн ханын самбар, хичээлийн хуваарь байхгүй.

Шат, хаалга, бариул, анги, танхим зэрэгт брайл тэмдэглэгээ байхгүй байна. Тухайлбал: номын сан 201 тоот, шат дууслаа, захирлын өрөө гэх мэт брайл тэмдэглэгээ байвал тохиромжтой. Дотуур байранд мөн брайл тэмдэглэгээтэй зүйлс байхгүй байна гэж Шалгалтын Ажлын хэсгийн гишүүн Нийслэлийн номын сангийн ажилтан П.Оюунбаяр тэмдэглэжээ.

Түүнчлэн, тус сургуульд 13 тулгуур эрхтний бэрхшээлтэй, тэргэнцэр ашигладаг хүүхэд суралцдаг боловч сургуулийн орчинд тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд зорчих боломжийг хангаагүйгээс тэдгээр хүүхдүүдийг эрэгтэй алба хаагчид хуваар гарган, анги, танхим хооронд үүрч зөөвөрлөж байна. Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд бие засахад хүндрэлтэй, байн байн 00 өрөө явахгүйн тулд идэх, уух зүйлсээ хязгаарлах нөхцлийг орчны хүртээмжгүй байдал үүсгэдэг байж болзошгүй гэжээ.

2017 онд тус сургуулийн сурагчид харааны бэрхшээлтэй багшийн оролцоо, нөлөөтэйгээр хичээл хаяж, үзэл бодлоо илэрхийлсэн арга хэмжээ хэвлэл, мэдээлэл, олон нийтийн анхаарлыг татсан нь зарим багш, албан хаагчдад түгшүүр төрүүлсэн, энэ үйл явдлын таагүй дурсамж нь өнөөг хүртэл сургуулийн багш, ажилтнуудад үлдсэнээс харааны бэрхшээлтэй болон эрүүл багш нар харилцан үл итгэлцэх, хамтран ажиллахгүй байдал бий болгожээ.

Харааны бэрхшээлтэй багш нарыг анги даалгаж, хүүхэдтэй ойр ажиллуулдаггүй, удирдлага, зохион байгуулалтын ажилд оролцуулдаггүй байна.

ДОТУУР БАЙРНЫ ХҮҮХДҮҮД: Хоолноос мод,
гялгар уут гээд элдэв зүйл гардаг

Дотуур байрын сурагчидтай хийсэн бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагаар хүүхдүүд дараах гомдлыг мэдүүлжээ.

  • "Ямар ч үед дотуур байрны хаалга нээлттэй байхыг шаарддаг. Ялангуяа амьдрах өрөөний хаалгыг нээж унтахад корридорын хурц гэрэл мэдрэгддэг, эмэгтэй дотуур байранд заримдаа эрэгтэй багш нар ямар ч шаардлагагүй орж ирдэг, “сайн байна уу” гэж гэнэт мэндэлдэг,
  • Дотуур байрны багш, асрагч нар “гэрээс чинь юу ирэв, энэ юу юм” гэх зэргээр хувийн орон зайд хэт их халддаг,
  • Зөвхөн Лхагва гарагт болон гадуур арга хэмжээтэй үед усанд орох боломжтой, бусад өдөр хүссэн үедээ усанд орж чаддаггүй,
  • Хоолны хэмжээ хангалтгүй, зарим үед хоолноос элдэв зүйл гардаг, хоолны хэрэгсэл дутагдалтай, бохир гэх нийтлэг дутагдлыг нэрлэж байлаа.

Тухайлбал:

“... Зарим нэг асрагч харилцааны тал дээр доголдолтой байдаг сургалт хиймээр байна. Нэг асрагч эрх мэдлээ урвуулан ашигладаг, биднээр цэвэрлэгээ хийлгэдэг. Цэвэрлэгээ хийгээд сурвал хүүхдүүдийн амьдралд тустай, гэр орноо авч явахад хэрэгтэй гэдэг. Гэхдээ байнга, олон удаа цэвэрлэгээ хийлгэдэг. Цалингаа авч байгаа бол ажлаа хийх хэрэгтэй гэж боддог”

“... Асрагч нар нь багш нараа дуудаж элдэв зүйл хэлдэг, эрэмбэ, дараа гэж байдаггүй. Асрагч нь багш юм уу, багш нь асрагч болох гээд байгаа юм уу бүү мэд”

“... Сүүлийн үед дотуур байрны интернэтийг тасалсан. Хичээл номоо хийх, чөлөөт цагаараа фэйсбүүк, мессенжерээр хоорондоо харилцах гэхээр боломжгүй болсон”

“... Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхэд чөлөөтэй явахад хүндрэлтэй. Усанд орох өрөө, угаалгын өрөөнд тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хананы бариул гэх мэт зүйл байхгүй. Бие засах өрөөний бүх почкины таг байхгүй. Суултуурын ус татах гэж байгаад хүйтэн усанд гараа дүрдэг нь заваан, бас цочдог”

“...Усанд орох өрөө, угаалгын өрөө 2 нэг корридортой тул усанд орж байхад хүүхдүүд, багш нар орж, гарч байгаа нь сонсогддог, зарим тохиолдолд багш нар хэн усанд орж байна гээд өрөөний хөшгийг сөхөж хардаг.”

“...Захирал хөөрхий арга хэмжээ авч байгаа боловч хоолны амт, чанар, хэмжээ муу. Ахлах ангийн сурагчид өлсдөг. Заримдаа хоолноос мод, гялгар уут, бүхэл давс гардаг. Хоолны аяга, халбага заримдаа тостой заваан байдаг. Шинээр хоёр тогооч ирсэн одоо гайгүй болох байх.”

“... Унтаж байхад ч өрөөний хаалга онгорхой байдаг, эрэгтэй, эмэгтэй дотуур байрын багш нар оройдоо 2 давхарт цуглаад инээж, чанга чанга ярьдаг, хажуугаар нь унтлагийн хувцастай явахад хэцүү байдаг.”

КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА БҮРЭН ЭХЭЭРЭЭ

1. Сургуулийн удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, багш нарын хамтын ажиллагаа, ажиллах эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг нийт багш, ажилтнууд, ялангуяа харааны бэрхшээлтэй багш нарын оролцоотой боловсруулж, хэрэгжүүлэх;

2. Багш нарыг ажлын байранд мэргэжүүлэх, дадлагажуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар сургуулиас бие даан хэрэгжүүлэх боломжит арга хэмжээг тодорхойлж, үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах;

3. Сургуулийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүн, ялангуяа харааны бэрхшээлтэй, тэг хараатай хүнд саадгүй зорчих, суралцах орчин бүрдүүлэх зорилгоор орчны үнэлгээ хийлгэх, брайль тэмдэг, тэмдэглэгээ, сул хараатай хүнд зориулсан өнгөт тэмдэглэгээг сайжруулах, сургуулийн орчинд хэрэглэдэг дуу чимээ, дохиог хүүхдэд нийцтэй, ээлтэй болгох;

4. Сургуулийн хүний нөөцийн бодлогод ажил, мэргэжлийн шаардлага хангасан тус сургуулийн төгсөгчдийг нэн тэргүүнд авч ажиллуулах бодлого тусгах, энэ талаар төгсөгчдөд мэдээлэх зэрэг хүний нөөцийг зохистой бүрдүүлэх боломжит арга хэмжээ авах;

5. Сургуулийн болон дотуур байрны орчинтой холбоотой шаардлагад нэрлэсэн зөрчил дутагдлыг арилгах. Үүнд: Дотуур байрны амьдрах өрөөний хаалгыг хүүхэд унтах үед хэвших, бие засах, усанд орох өрөөний тохижилтыг сайжруулах, усанд орох өрөөнд хаалга, суултуурын почк хийх, дотуур байрны сурагчдыг өглөө сэрээхэд ашигладаг дуут дохионоос коронавирусээс хамгаалах арван зүйлт санамжийг хасах, хүүхэд амьдрах өрөөнд ширээ, сандал байрлуулах, дотуур байрны утасгүй интернэт холболтыг журамд заасан унтлагын цаг хүртэл асаалттай байлгаж, сурагч гэрийн даалгавар хийх, гэр бүлтэйгээ саадгүй харилцах, бусад мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, хоолны чанар, хүртээмж, ариун цэврийг дээшлүүлэх, байнгын хяналт тавьж хэвших;

6. Камерын хяналтын үндсэн дэлгэцийг захирлын өрөөнөөс шилжүүлж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлд нийцсэн байдлаар байршуулах; Энэ талаар тус Комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсээс зөвлөгөө авч болно.

Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагын мөрөөр арга хэмжээ авч, баримтын хамт 30 хоногийн дотор ирүүлэх үүрэгтэй.

Та бүхэн хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуульд хийсэн шалгалтын мэдээллийг уншихыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Монгол хэл бичгийн шалгалтын дүн сүүлийн 6 жилтэй харьцуулахад эрс өсжээ
Монгол хэл бичгийн шалгалтын дүн сүүлийн 6 жилтэй харьцуулахад эрс өсжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.