/2023.5.11/ Аюулгүй байдлын судалгааны The Center for Naval Analyses (CNA) байгууллага ОХУ-ын хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтийн төлөв байдал болон бие даан шийдвэр гаргагч хиймэл оюуны хөгжүүлэлтийн талаар судалж, судалгааны тайлангаа 2021 онд олны хүртээл болгожээ.
285 нүүр бүхий энэхүү тайлан нь ОХУ-ын төр засгаас хиймэл оюуны (AI) технологийн талаар баримталж буй бодлого, судалгаа хөгжүүлэлтийн төлөв байдал, батлан хамгаалахын салбарт AI-г хэрхэн ашиглаж буй талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Бид энэ удаад тайлангаас сонирхол татсан хэсгүүдийг түүвэрлэн, товч мэдээлэл байдлаар хүргэж байна.
ОХУ-ын төрийн бодлого ба AI технологи
Сүүлийн жилүүдэд Оросын эрх баригчид хиймэл оюуныг богино хугацаанд, амжилттай хөгжүүлэх зорилт тавих болсон. Энэ салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, засаглалын баримт бичгүүдийг боловсруулсан гаргасан байдаг.
Засгийн газраас үндэсний хэмжээнд AI хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, шинэ хуулиуд батлан гаргаж, энэ чухал салбарын хөгжлийг бусад технологийн салбаруудын амсдаг уламжлалт хүнд суртал, саад тотгороос ангид байлгах эрх зүйн болон төсөв санхүүгийн зохицуулалтыг тодорхой хэмжээнд шийдвэрлэж өгчээ.
Гэсэн хэдий ч тус улсын ард иргэдийн дунд AI технологийн хөгжүүлэлттэй холбоотой эргэлзээ, шүүмжлэл байсаар байна. Тэдний ихэнх нь иргэдийн хувийн мэдээллийн аюулгүй байдал зөрчигдөх магадлалтайн дээр эрх баригчид энэ технологийг ёс зүйтэйгээр ашиглах эсэх дээр эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ эргэлзээг бататгах зарим нэг тохиолдол гарснаас дурдвал Оросын мэдээллийн технологийн хамгийн том компаниудын нэг Yandex-ийн үйл ажиллагаа эрх баригчдад таалагдаагүйн улмаас үндэсний AI хөтөлбөрийн хөгжүүлэлтээс хасагдсан юм.
Улмаар энэ хөтөлбөрийн гол цөм болсон судалгаа, хөгжүүлэлтүүдийн дийлэнх нь төрийн өмчит компаниудын хүрээнд өрнөж буй явдал юм.
Гэхдээ уг үйл ажиллагааг төр засаг дангаар хариуцалгүй, Huawei болон Samsung компаниудаар дамжуулан, Хятад, Өмнөд Солонгос улсуудтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, зарим нэг чиглэлээр тохиролцоо хийгдээд байгаа ажээ.
Тус улсын ерөнхийлөгч В. Путин хиймэл оюуны хөгжүүлэлтийн талаар байр сууриа илэрхийлэхдээ, "Анагаах ухааны салбарт AI технологи ашиглах нь онцгой ач холбогдолтой" гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр, энэ технологийн хөгжлийг түргэсгэхийн сацуу цаашид батлан хамгаалах салбар, үндэсний аюулгүй байдал, хуульт ёс, ёс зүйн чиглэлээр үүсч бий болж болзошгүй аливаа аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалтуудыг маш нарийн боловсруулах шаардлагатай гэсэн юм.
Мөн олон улсын хэмжээнд хиймэл оюуны хөгжүүлэлтийн чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, энэ технологийн салбар дахь ёс зүйтэй манлайлагч байхыг Орос улс зорьж байгаа гэсэн мессежийг ч мөн түгээж байв.
AI технологийн судалгаа ба санхүүжилт
ОХУ-д AI салбарын ихэнх судалгаа, хөгжүүлэлт төрийн өмчит компаниудын мэдэлд явагдаж байгааг дээр дурдсан. Энэ нь эрх баригчдын зүгээс хиймэл оюуны хөгжүүлэлтийг ойрын хяналтандаа байлгах, үүний тулд судалгаа, хөгжүүлэлтийг итгэл даахуйц төрийн мэдлийн компаниудад хариуцуулах бодлого баримталж байгаатай холбоотой юм.
Технологийн судалгааны санхүүжилт нь төрийн мэдлийн эх сурвалжуудаас гарч, судалгааны Сколково инновацийн сангаар дамжин, түүний салбар хүрээлэнгүүд, холбоотой байгууллагууд, сангаас судалгааны санхүүжилт авахаар шалгарсан бусад байгууллага руу шилжих замаар явагдаж байна.
Хувийн хэвшлийн дунд ч мөн AI технологийн шийдлүүд өндөр эрэлттэй болж байгаа бөгөөд эх хэлний боловсруулалт (NLP) төрлийн болон бусад автоматжуулсан өгөгдлийн анализ зэрэг судалгаа хөгжүүлэлт давамгайлсан шинжтэй байна.
Мөн үүний зэрэгцээ дүрс таних, боловсруулах технологийн судалгаа ч сүүлийн үед эрчимтэй хийгдэж байгаа ажээ.
Гэсэн ч хувийн сектор дахь AI судалгаа шинжилгээ нь төрөөс ихээхэн хамааралтай байж, засгийн газраас зарласан төсөл хөтөлбөрт оролцох буюу засгийн газрын мэдлийн судалгааны хүрээлэнгүүдийн захиалга, дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа юм.
ОХУ-ын засгийн газраас зарласан “Цахим Эдийн засаг”-ийн үндэсний стратегийн хүрээнд эдгээр судалгаа шинжилгээ хийгдэж, тус улсын AI технологийн хөгжүүлэлтийг дараагийн түвшинд гаргах учиртай гэжээ. Гарааны бизнесүүдийн хувьд санхүүжилт олдох бололцоо тааруу байдаг ч тэд хурдтай, бүтээлч байдлынхаа ачаар цахим өөрчлөлтийг түүчээлж, зарим нэг судалгаа, хөгжүүлэлтийн тал дээр хөрөнгө мөнгөтэй төрийн мэдлийн компаниудаас түрүүлж алхсан байдалтай байгааг мөн тайлан дурдсан байна.
Үргэлжлэл бий.