ТОХИОЛДОЛ: Ахынхаа морийг унаж яваад тархиндаа гэмтэл авч, нэлээд удаан эмнэлгээр явсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОХИОЛДОЛ: Ахынхаа морийг унаж яваад тархиндаа гэмтэл авч, нэлээд удаан эмнэлгээр явсан

УИХ-ын чуулганы өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор ХЭҮК-ээс гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлээс зарим тоо баримтыг хүргэж байна.

УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН 80.6 ХУВЬ НЬ ӨӨРИЙГӨӨ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ ЧАДВАР СУЛ БУЮУ 7-10 НАСНЫХАН БАЙНА

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн сан”-гийн Хурдан морины уралдааны мэдээллийн дэд санд байгаа статистик мэдээллээс үзэхэд 2018-2020 онд нийт 671 уралдаан зохион байгуулагдсанаас аймаг, сумдад 647, нийслэлд 24 уралдаан зохион байгуулагдаж, 165 хүүхэд ямар нэгэн бэртэл гэмтэл авчээ.

2015 оны байдлаар давхардсан тоогоор хурдан морь унадаг 40 орчим мянган хүүхэд байдаг гэсэн судалгаа гарч байжээ. Тэдний ихэнх нь буюу 80.6 хувь нь өөрийгөө эрсдэлээс хамгаалах, гэнэтийн аюултай нөхцөл байдлыг даван туулах чадвар сул, бие бялдар, оюун ухааны хувьд төлөвших болоогүй насны буюу 7-10 насны хүүхдүүд байжээ.

УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХЭД УЯАЧИД БОЛОН ЭЦЭГ ЭХЧҮҮД ИХЭЭР ХАЛДДАГ

Хурдан морь унаач хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг уяачид болон эцэг эхчүүд ихээр зөрчдөг байна. Тухайлбал, хичээлийн жил дуусаагүй байхад буюу дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдүүдийг сургуулиас нь нууцаар авч явах тохиолдол элбэг байдаг ажээ.

Үүний улмаас тухайн хүүхэд 14,15 нас хүрч уралдааны морь унах нас нь дууссан тохиолдолд системтэй мэдлэг олж авч чадаагүйгээс анги дэвшин суралцах боломжгүй болж энэ наснаасаа бүрэн бус дунд боловсрол эзэмшин цаашдаа тухайн уяач, эздийнхээ туслах уяач болох, морь малын бусад ажлыг нь хийж өгөх зэргээр бусдаас хараат байдлаар морь уях, мал маллахаас өөр сонголтгүйгээр ажил, амьдралаа үргэлжлүүлхээр болдог байна.

Тохиолдол 3.30 …Долдугаар ангийн нэг хүүхэд байсан. Самбо, жудогоор хичээллэдэг, зүүн бүсийн аварга, улсын аваргад байр эзэлж байсан. Өөрөө жижигхэн биетэй. Ахынхаа морийг унаж яваад мориноосоо уначихсан. Одоо тэр хүүхэд морь ч унаж чадахгүй, барилдаж чадахгүй болчихсон. Тархиндаа гэмтэл авсны улмаас нэлээд удаан эмнэлгээр явсан.../Сургуулийн нийгмийн ажилтнуудтай хийсэн фокус бүлгийн ярилцлагын тэмдэглэлээс/

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хурдан мориноос унаж эндэх, хүнд гэмтэж бэртэх тохиолдлууд нэлээд гарч байв.

Тохиолдол 1: Архангай аймагт морины сунгаанд оролцсон 6 настай хүү мориноос унаж, нас баржээ. Тодруулбал, долдугаар сарын 1-ний өдөр тус аймгийн Өлзийт сумын нутагт орших Зодохын хөндий гэх газарт морины сунгаа болсон бөгөөд энэ үеэр зургаан настай хүүхэд мориноос унаж, энджээ... /Эх сурвалж: ikon.mn 2021.07.02/

Тохиолдол 2: Зургаадугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Мөрөн суманд орших Чандганы уурхайн ойролцоо Дорнод аймгийн Матад сумын харьяат 14 настай унаач хүү мориноос унаж хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ. Тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд, ухаангүй байна гэдгийг эх сурвалжууд хэлж байна... /Эх сурвалж: ikon.mn 2021.07.02/

Монголын хурдан морины уралдааны дүрмийн 29.6Хурдан морийг 7 ба түүнээс дээш насны, морь унаж уралдах дадал сурсан, эрүүл чийрэг хүүхдээр унуулах, сургаж дадлагажуулах, бэлдэх гэж заасан байдаг. Тэгвэл шинэчилсэн найруулгаар 8 ба түүнээс дээш насны хүүхдийг хурдан морь унуулж болно гэж хуульчилж өгч байгаа юм. Гэвч "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл"-д дурдсанаар 12 хүртэлх насны унаач хүүхдүүд морины амыг татаж дийлэхгүйгээс эсвэл бороонд морь халтирах зэргээс болж унаж гэмтэх, уралдааны үед бусдад ташуурдуулах, үеийн хүүхдүүдэд дээрэлхүүлэх, архи уусан том хүмүүстэй харьцахаас айх, уралдаанд хоцрох, түрүүлэхгүй байх зэрэг айдас, түгшүүрээс, мөн гомдсон, гэрээ санасан тохиолдолд уяаны галаас зугтах тохиолдол ч цөөнгүй гардаг байна. Харин 13 ба түүнээс дээш насны унаач хүүхдүүд мориноос хүчтэй унах, зодуулж шийтгүүлэхээс айх, завгүй ажиллахаас халшрах, цалингаа авч чадаагүй тохиолдолд том хүнээс нэхэж авахаас айх зэрэг айдас, түгшүүрээ илэрхийлсэн байна.

Самсунгийг усны хамгаалалтын талаар төөрөгдүүлсэн хэмээн торголоо
Самсунгийг усны хамгаалалтын талаар төөрөгдүүлсэн хэмээн торголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.