Коронавирусын эсрэг тэмцэлд амжилтаараа дэлхийд тэргүүлж буй Шинэ Зеланд улс пүрэв гаригт хилээ дахин нээх төлөвлөгөөг танилцуулж, коронавирусын халдварыг тоог тэг хэвээр хадгалах зорилготой байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд Жакинда Ардерн хэлэхдээ, "Шинэ Зеланд улсын хилийн хязгаарлалтыг ирэх оны эхэн үеэс эхлэн болиулж, эрсдэл багатай орнуудаас вакцинд хамрагдсан аялагчдыг хорио цээрийн дэглэмгүйгээр оруулах боломжтой болно" гэжээ. Тус улсын хил 2020 оны 3-р сараас хойш бараг бүх гадаадын аялагчдад хаалттай байсан.
Аравдугаар сараас эхлэн хэрэгжих гэж буй шинэ хөтөлбөрт эх орондоо буцаж ирсэн вакцинжуулалтад хамрагдсан Шинэ Зеландын иргэдийг одоогийн хэрэгжиж буй журмын дагуу гэртээ эсвэл 14 хоног зочид буудалд тусгаарлаж болох юм байна.
Хатагтай Ардерн хэрвээ зорчигчид вакцинжуулалт, шинжилгээний шаардлага хангаагүй тохиолдолд тус улсын хилийг цар тахлын өмнөх үетэй адил чөлөөтэй зорчих боломжгүйг сануулав. "Ковидын дараа хил хязгаар хэзээ ч өмнөх шигээ болохгүй. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж болно. Нөхцөл байдал эргэн хэвийн болох хүртэл бид дасан зохицож амьдрах болно” гэж хэлжээ.
Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, таван сая орчим хүн амтай, газарзүйн хувьд тусгаарлагдсан Шинэ Зеланд улс нь тахлын үед нилээд амжилттай ажиллаж ердөө 2,905 халдварын тохиолдол бүртгэгдэж, 26 хүн вирусын улмаас нас баржээ.
Шинэ Зеланд улс хилээ эрт хаахаас гадна дэлхийн хамгийн хатуу хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлж, вирусын тархалтыг хязгаарлсан юм. Үүний дараа тэд бараг бүх хязгаарлалт, хөл хориог зогсоож, халдварын тохиодол бүртгэгдэхэд хатуу хөл хорио тогтоох арга хэмжээ цаг тухайд нь авч байжээ.
Тус улсын хатуу хандлага нь тахлын үед илүү хохирол амссан хамгийн ойрын холбоотнуудтайгаа зөрчилдөхөд хүргэсэн юм. Саяхан болтол "Ковидын нэг ч тохиолдлын" бүртгэлгүй байсан Австрали одоо Дельта хувилбарын тархалттай тэмцэж байгаа тул Шинэ Зеланд хоёр улсын хооронд хорио цээргүй зорчих шийдвэрийг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.
Хатагтай Ардерн хэвлэлийн бага хурал дээр "Хэрэв бид тусгаарлалтаа эрт зогсоочихвол буцах зам байхгүй болно. Зарим улс орнууд вакцинжуулалтаа дөнгөж эхэлмэгц хилээ нээснээр томоохон тэгдэлтэд өртсөнийг бид мэднэ" гэж хэлжээ
Шинэ Зеланд вакцинжуулалтын ажлаа харьцангуй эрт эхлүүлсэн бөгөөд зөвхөн Pfizer-BioNTech вакциныг ашиглаж байгаа ба насанд хүрэгчдийн ердөө 29 орчим хувь нь л вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 17 хувь нь бүрэн тун хийлгэсэн байна. Тус улс ирэх долоо хоногуудад вакцинжуулалтын хурдасгах бодолтой байгаа бөгөөд 16-аас дээш насны бүх иргэд 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн бүртгүүлэн вакцинд хамрагдах боломжтой болох юм байна.
Эх сурвалж: nytimes.com