С.Одхүү: Нийслэлийн 1,6 сая иргэн Богд уулынхаа ядаж нэг амыг ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одхүү: Нийслэлийн 1,6 сая иргэн Богд уулынхаа ядаж нэг амыг ЭЗЭМШИХ ЭРХТЭЙ

/2022.6.13/ Богдхан уул бол дархан цаазат газар. Нийт 40 амтай, 56 зүйлийн хөхтөн амьтан, 194 зүйлийн жигүүртэн шувуутай, 587 зүйлийн ургамалтай БАЙСАН.

Зайсангийн аманд Энигма компанийн эзэмшлийн амралтын газар байх бөгөөд тийш иргэд явган алхаж, ууланд авирч, хүүхдүүддээ салхилуулна. Үүдэнд нь 5000 төгрөг хураалгаад, нурсан балгас, овоолсон шороо, бутарсан цемент, ёрдойсон төмөр дундуур зүтгэсээр уулын аманд очдог байв.

Энигма компани Богдхан ууланд 41 га газар эзэмших бөгөөд аль 2017 онд л БОАЖЯ-наас тус газрыг олон нийтийн газар болгох захирамжийг гаргасан ч тус компани биелүүлдэггүй. МҮИС-ийн оюутнуудаа жагсааж, сүр дуулиан болсоор дийлдэг уламжлалтай.

Энэ удаад Нийслэлээс мөн тус газрыг олон нийтийн мэдэлд аваачихаар ажилласан боловч “Энигма” компани мөн л “уран аргаа” хэрэглэсээр байна. Манай редакцид Зайсангийн амны маргаантай холбоотойгоор архитектор С.Одхүү өөрийн гаргасан төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрээр Богдхан уулын ядаж нэг амыг 1,6 сая хүн хүртэх эрхтэй талаар ярьсан юм. С.Одхүү:

-Богдхан уулынхаа бүх амыг эрх мэдэлтнүүд нь, мөнгөтэй хүмүүст зарчихсан. Тэгээд хашаа хатгаад, хүн явахын аргагүй болчихсон.

Одоо ядаж ганц амыг нь 1,6 сая хүнийхээ мэдэлд өгмөөр байна, бид ингэж шаардах хэрэгтэй. Аливаа улс орнуудад үндэсний парк гэж байдаг. Гадныхан дархан цаазат газраа ашиглалттайгаар хамгаалдаг. Ашиглангаа хамгаална гэсэн үг.

Олон улсад байдаг Deer park-ын нэг жишээ. Богд уулын нэг ам нь ядаж ийм болвол ГОЁ оо.

Дээр үеийн арга нь “Хэнийг ч явуулахгүй” гээд бүрэн хорьчихдог байсан. Энэ бол буруу юм байна гэдгийг дэлхий дахинаараа ойлгоод, иргэдийг байгаль экологит нь ойр байлгаж, өөрсдөөр нь хамгаалуулж, мэдлэг олгож хамгаалах нь зүйтэй гэдэг бодлого руу шилжчихээд байна. Манай улс энэ туршлагаар ажиллах шаардлагатай болжээ. Тиймээс Зайсангийн амыг хэрхэн тохижуулж болох вэ гэдэг төлөвлөгөөг гаргасан юм. Энэ төлөвлөгөөний дагуу нийт 56 га газрыг тохижуулах шаардлагатай.

-Ерөнхий зураг дотор нь нуур байна уу даа?
-Зайсангийн аманд сая нураасан тэр том гэр байна шүү дээ. Тэр орчимд хиймэл нуур байгуулах шаардлагатай. Уулын горхи урсаж, гол руу цутгадаг учир энд хиймэл нуур байгуулах бүрэн боломжтой.

Энэ нь тухайн орчинд амьтдыг ундаалах, зэрлэг амьтдын орчныг бүрдүүлэх, шувууд цуглах, агаарын чийгшлийг бий болгох зэрэг хэд хэдэн давуу талтай. Мөн Богдхан ууланд гал гарлаа гэхэд хамгийн ойр бөгөөд, хурдан аргаар ус авах боломж буюу түймрийн менежментийг хийх ашигтай.

Нисдэг тэргээр голоос ус авахад хүчтэй урсгал нь боломжгүй, харин нуураас авахад тохиромжтой байдаг. Тиймээс гал түймрийн аюулын үед хамгийн ойрын усан сан гэсэн үг. Зөвхөн энэ аманд ч биш гол урсдаг ам бүрт нь ийм нуур байгуулах шаардлагатай.

-Тоглоомын талбайг хаахна байгуулах боломжтой байх вэ?
-Гэрүүд болон хауснуудыг буулгачих юм бол тэгшилсэн газрыг нь ашиглаад хүүхдийн тоглоомын талбай, биеийн тамир спортын талбайд байгуулах боломжтой. Барилга бол огт байхгүй, ногоон зүлгээрээ л байна. Хамгийн гол байгууламж нь хиймэл нуур юм.

-Нийт 56 га-г тохижуулах шаардлагатай гэлээ. Яагаад тийм том талбайг хамрах шаардлагатай вэ?
-Тэнд 1-5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусууд байгаа. Эдгээр нь олон хууль зөрчиж баригдсан. Хэрэв нураахгүйгээр олон нийтийн талбай байгуулж, хажууд нь нуур хийснээр эдгээр хаусуудын үнийг л нэмэгдүүлж, орчин нь маш гоё болж бараг 50 тэрбум болгох биз ээ. Айлын гадаах орчныг л бид татварын мөнгөөрөө тохижуулна гэсэн үг. Тэгж болохгүй л дээ.

-Энэ нураасан гэрүүдийн дээр байгаа хаусууд ямар компанийх вэ?
-Энэ Дэжид гэж хүний нэр дээр байж байгаад, Дэжид гэж компани болж өөрчлөгдөн, энэ хаус хорооллыг барьсан. Энэ нь Ойн сангийн тухай хууль буюу ойн сан газраас 100 метрийн зайд байх ёстойг зөрчсөн, Тусгай хамгаалалттай газар нутгийн газар ашиглах зориулалтыг зөрчсөн.

МҮИС нь энэ амыг тэр чигт нь авсан байдаг. Тэгээд МҮИС буюу Энигма компани энэ компаниудад эдгээр газрыг зарсан байж болзошгүй.

-Яагаад зарсан байж болзошгүй гэж хардаж байгаа юм бэ?
-Кадастрын хөдөлгөөнөөр нь хараад ингэж зардаг байж болзошгүй гэж хардаж байгаа юм. Энд энэ компанийн 11 хаус байдаг. Богдхан уулын дархан цааз болиогүй байгаа л бол энд хаус хороолол баригдах ёсгүй. Уг нь саяын нураадаг хэдэн гэр бол зориулалтынх нь дагуу ашиглаж байсан газар. Энийг Нийслэлээс нураах ёсгүй харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нураах ёстой байсан.

-Гэтэл МХЕГ нь огт хөдлөхгүй байсан л даа.
-Тийм учир Нийслэл орж ирсэн болов уу. Уг нь Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Энэ амралтын газар нь зориулалтынхаа дагуу газрыг ашиглаж байгаа” гэдгийг илэрхийлээд, харин эсрэгээрээ энэ орчны хаусуудыг нураах ёстой гэх байсан. Тэгэхээр нь МХЕГ нь "Энигма компани зориулалтаар нь газраа ашиглаж байгаа боловч зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй, шаардлага хангахгүй байгаа" гэдгээр нь нураах ёстой ажил. Энэ бүх ажил дууссаны дараа Нийслэлээс “Энэ газрыг нийслэлчүүдэд зориулж ингэж тохижуулъя” гэж ажиллаж болох юм. Шударга дараалал нь энэ л дээ.

-Ер нь яагаад заавал Зайсангийн амыг иргэдэд зориулж тохижуулах ёстой юм бэ?
-Яагаад гэвэл УБ хотын төвөөс хамгийн ойр нь. Шууд автозамтай. Тэгэхгүй Налайх зэрэг газарт тохижуулвал хэн ч очихгүй.

Архитектор С.Одхүү ийнхүү ярьсан юм. Түүний ярьсанчлан үнэхээр Богдхан уулын байгаль орчин, ан амьтдаа хайрлан хамгаалж, ширхэг дутах вий хэмээн тоолж суух ёстой нь Нийслэл биш Байгаль орчны яам. Энэ яам ядаж л "Хаус хороолол барьсан Богдхан уулын амуудад зэрлэг амьтдын шилжин явах коридорыг бий болгоё" гэж ярих ёстой байв. Ингэснээр Богдхан уулын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломжтой байлаа.

Гэтэл БОАЖЯ эсрэгээрээ “Дархан цаазат амуудыг тохижуулна” гэх. Тохижуулах амууд, тэдгээрийн орчныг нь харваас байгаль орчноо хамгаалсан бус харин ч эсрэгээрээ тэр орчинд байх хаус хорооллынхны тохижилтыг хийж өгөх гэж байгаа мэт харагдана. ЭНД ДАРЖ видеог үзвэл та ойлгох болно.

Архитектор С.Одхүү "Хэрэв нийслэлчүүд бүгдээрээ дуу нэгтэйгээр Богдхан уулынхаа ядаж нэг амыг мэдэлдээ авч, олон нийтэд зориулан тохижуулахыг шаардах юм бол биелэх боломжтой" гэдгийг хэлж байлаа.

МИАТ: БНСУ-ыг зорих зорчигчдын анхааралд
МИАТ: БНСУ-ыг зорих зорчигчдын анхааралд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.