Д.Сарангэрэл гишүүний санаачлагад жил бүр 2 их наяд төгрөг төсөвлөх ШААРДЛАГАТАЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл гишүүний санаачлагад жил бүр 2 их наяд төгрөг төсөвлөх ШААРДЛАГАТАЙ

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд 100 сая төгрөг олгож байх санаачилга гаргасан билээ.

Тэрээр, "Эрүүл мэндийн даатгалаас жилдээ 10 тэрбум төгрөг гаргадаг байвал хүүхэд, том хүнд нэг удаад 100 сая төгрөг өгөөд байх боломжтой. Бүх хагалгаа, эмчилгээг Монголд хийх боломжгүй учраас зарим эмчилгээг гадаадад очиж хийлгэх шаардлага тулгарч байна. Хүүхдээ аварна гээд сошиалаар хандив цуглуулж байгаа хүмүүс их байна. Хэдийд мөнгө нь цугларна гээд иргэдээ гуйлгачин болгоод байж байх билээ" гэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Монголбанкны 2020 онд хийсэн "Гадаад улсад эмчлүүлсэн монгол иргэдийн зардлын судалгаа-2020" судалгаанд тулгуурлан дараах анализыг хийлээ. Судалгаанд 2018-2020 оны хооронд Гадаад улсад эмчилгээ оношилгоо хийлгэсэн 421 иргэний мэдээллийг хамруулсан байна.

МОНГОЛЧУУД 2018-2019 ОНЫ ХООРОНД 204-210 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЖЭЭ

2018 онд манай улсын 20 696, 2019 онд 21 636 иргэн гадаадад эмчлүүлжээ. Тэдний ихэнх нь БНСУ, БНХАУ, Энэтхэг, Тайланд улсад эмчлүүлсэн байна. Ингэхдээ зөвхөн эмчилгээний зардалд 66.9-68.6 сая ам.доллар зарцуулжээ. Үүнийг төгрөгт шилжүүлж үзвэл Монголчууд 204-210 тэрбум төгрөгийн эмчилгээ үйлчилгээг гадаадаас импортолсон гэсэн үг юм. Тус мөнгөн дүн зөвхөн эмчилгээ, оношлогооны төлбөр бөгөөд хамт явсан хүний зардал, байрны түрээс гээд бусад зардлуудаа нэмбэл үүнээс ч их тоо гарах магадлалтай байна.

Дээрх судалгаанд оролцогчдоос гадаадад эмчлүүлэх болсон шалтгааныг асуухад нийт оролцогчдын 53% нь Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй учраас гэж хариулжээ.

Монголд эмчлэгдэх боломжгүй найман чиглэлийн 26 төрлийн өвчин байдаг бөгөөд судалгаанд хамрагдсан иргэдийн ихэнх нь мэс засал, эмчилгээ, оношлогоо хийлгэх зорилгоор гадаадад зорчсон гэж мэдүүлжээ. Эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.

Уг судалгаанаас онцлох нэг зүйл нь Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/ мэдээндээ хилээр гарч буй иргэдийг аяллын зорилгоос нь хамааруулж албан, хувийн, жуулчин, ажиллах, суралцах, байнга оршин суудаг, бусад гэсэн ангиллаар бүртгэдэг бөгөөд “эмчилгээ, оношилгооны зорилгоор” хилээр зорчсон гэсэн ангилал байдаггүй.

Түүнчлэн Эрүүл мэндийн яам, салбарын бусад байгууллагуудад ч гадаадад эмчлүүлэгчдийн тооны албан ёсны статистик байдаггүй байна. Тиймээс жилд яг хэчнээн иргэн гадаадад эмчлүүлж байгаа талаарх баттай тоо баримт манайд байдаггүй ажээ.

ӨНГӨРСӨН ОНД 105 ИРГЭН 500 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ АВЧЭЭ

ЭМЯ-наас Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн иргэдэд эрүүл мэндийн зардлын буцалтгүй тусламж олгодог. Ингэхдээ нийт эмчилгээнд зарцуулсан төлбөрийн таван хувьтай тэнцэх төгрөгийг төрөөс дэмжлэг болгон иргэний дансанд шилжүүлдэг байна.

Тэгвэл ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтохын news.mn мэдээллийн сайтад өгсөн ярилцлагад дурдсанаар Эрүүл мэндийн сайдын багцад жилд 500 сая төгрөг төсөвлөдөг бөгөөд өнгөрсөн онд 105 иргэн гадаадад эмчлүүлсэн төлбөрөө буцаан авчээ. Ингэхдээ мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт, гадаад орны эрүүл мэндийн байгууллагын эмчилгээ хийсэн дүгнэлт, эмчилгээ оношилгооны төлбөрийн баримтад үндэслэн олгодог байна. Тухайн иргэдийн ихэнх нь мэдрэл, хавдар, эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн оношоор дэмжлэг хүсдэг ажээ.

Д.САРАНГЭРЭЛ ГИШҮҮНИЙ САНААЧЛАГАД ЖИЛД 2 ИХ НАЯД ТӨГРӨГ ТӨСӨВЛӨХ ШААРДЛАГАТАЙ

Дээрх тоо баримтуудад үндэслэн жилд дунджаар 20 мянган хүн гадагшаа гарч эмчлүүлдэг гэж тооцвол Д.Сарангэрэл гишүүний яриад байгаа нэг хүнд 100 сая төгрөг олгох санаачилгад жил бүр 2 их наяд төгрөг шаардлагатай болох нь.

Үүний оронд 2 их наяд төгрөгөөр иргэдээ эх орондоо эмчилгээ хийлгэх боломж нөхцлөөр нь хангаж, олон улсын стандартад нийцсэн эмнэлгийнхээ тоог нэгээр ч болтугай нэмсэн нь дээргүй юу. Гадаадад л эмчлэх боломжтой гээд жил бүр энэ хэмжээний мөнгийг улсын төсвөөс урсгаад байвал хэзээнээс эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийхээс гар татдаг Монгол Улсын хувьд эмчлэгдэх боломжгүй өвчний тоогоо бууруулах талаар яриад ч хэрэггүй болов уу.

Томоохон бүтээн байгуулалтуудад Фидик гэрээг нутагшуулна
Томоохон бүтээн байгуулалтуудад Фидик гэрээг нутагшуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.