/2022.05.02/ Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэлж буй талаар Улсын бүртгэлийн байгууллагаас мэдээлж байна.
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын газрын дарга Д.Дэлгэрсайхан:
-Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар эцэслэн баталж, тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлж байна.
Тоон гарын үсэг олгох ажил гурван үе шаттайгаар хийгдэнэ. Нэгдүгээрт, бүх улсын бүртгэлийн ажилчдаар дамжуулж. Хоёрдугаарт, ухаалаг машин ашиглаж. Гуравдугаарт, гар утасны аппликейшнаар дамжуулан тоон гарын үсэг олгоно. Эхний хоёр ажил өнөөдрөөс бүрэн хэрэгжинэ. Харин гар утасны аппликешныг энэ сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Иргэдэд өнөөдрөөс эхлэн 5 жилийн хугацаатайгаар тоон гарын үсэг олгож байна. Бидний тооцоогоор 16-аас дээш насны 2,2 сая гаруй иргэн тоон гарын үсэг авна.
Тоон гарын үсэг гэдэг нь тухайн иргэнийг зөвхөн цахим орчинд таних боломжийг олгож байгаа учир МУ-д оршин сууж буй иргэдээс гадна гадаадад оршин сууж байгаа Монгол иргэд энэ үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа гэдгээрээ давуу талтай юм гэв.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Тоон гарын үсэг хоёр үндсэн чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, цахим орчинд таныг таних танигдалт болно. Хоёрдугаарт, цахим орчинд таны хийж буй үйлдлийг батлах баталгаажилт болно гэдгийг онцолж хэлмээр байна. Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй бүх үйлчилгээг та цахимаар авах боломжтой болж байна. Харин 4 төрлийн үйлчилгээг заавал өөрийн биеэр авна. Үүнд,
- Гэрлэлт батлуулах, цуцлах,
- Хуулийн хүрээнд тавьсан хориг арга хэмжээ,
- МУ-ын иргэний харьяаллаас гарах, орох,
- Хурууны хээний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой тохиолдолд иргэн өөрийн биеэр очно.
Үүнээс гадна бусад яам, агентлагуудаас үзүүлдэг үйлчилгээг цахим гарын үсгийнхээ тусламжтай цахимаар авах боломжтой. Мөн иргэд хоорондоо иргэний эрхзүйн гэрээ хэлцэл байгуулахад ашиглаж болно.
Тоон гарын үсгийн хууль анх 2011 онд батлагдаж байсан ч өнөөдрийн байдлаар 40 орчим мянган хүн тоон гарын үсэгтэй болсон байна. Үүний цаад шалтгаан нь тоон гарын үсгийг төрийн үйлчилгээ, хуулийн этгээд, иргэдийн хоорондын цахим орчин дахь гэрээ хэлцэл болгох үндсэн баталгаа болгож хуульчлаагүйтэй холбоотой гэж дүгнэдэг. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд тоон гарын үсгийг татварын байгууллагад цахимаар тайлан гаргаж өгөх зорилгоор иргэд ашиглаж ирсэн байна.
Тоон гарын үсгийг 9 дүүрэг 21 аймгийн улсын бүртгэлийн газруудаас очиж авах боломжтой гэлээ.